Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 22

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Т.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******ын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Политехник коллежид нягтлан бодогчоор 2001 оноос хойш тасралтгүй 17 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж, ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02-р сарын сарын 08-ны өдрийн А/30 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалын аль алинд нь миний орон тоо байсаар байтал намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02-р сарын 04-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/30 дугаар тушаал хүчингүй болж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн. Шинээр бүтэц орон тоо хасагдаж ирсэн 2 нягтлан бодогчид Захирлын зөвлөлийн 2017 оны 02-р сарын 10-ны өдрийн №03 хурлаар мэдэгдэх хуудас өгөх шийдвэр гарсан.

Захирлын зөвлөлийн 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн №04 хурлаар 2 нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт мэргэжил, мэргэшил, боловсролын бичиг баримт, ажлын ур чадварыг харгалзан сонгон шалгаруулах шийдвэр гарч нягтлан бодогчийг шалгаруулах ажлын хэсэг захирлын тушаалаар томилогдож сонгон шалгаруулалтыг 2017 оны 03-р сарын 13-нд явуулсан. Ажлын хэсгийн шалгуур үнэлгээгээр одоо *****-оор ажиллаж байгаа Ж.Б 33 оноо, Б.Ц 26 оноо авч *****-ийн ажлын байран дээр Ж.Б ажиллахаар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д заасны дагуу Б.Ц-д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон.

Иймд тус ажлын байрны орон тоо хасагдасан Б.Ц-ийг ажиллуулах боломжгүй болсон тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ****** гэсэн ажлын байран дээр ажиллаж байсан юм. Тэгээд ажлаасаа халагдсан юм. Би энэ байгууллагад 17 жил ажиллаж байна. ******-ийн ажлыг 6 жил хийж байна. Ажлаас халагдахдаа ****** гэсэн орон тоонд дээр ажиллаж байсан. Энэ ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот тушаалаар ******* Ц-ийг ажлаас чөлөөлсөн. Энэ чөлөөлөх болсон тушаалын гол үндэслэл нь орон тооны цомхтгол гэсэн үндэслэл байгаа. Гэтэл хавтаст хэрэгт 2017 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал байгаа. Тухайн тушаал дээр нягтлан бодогчийн ажлын байрыг цомхтгосон зүйл байхгүй. Дээд газраас баталж өгсөн орон тоогоор нягтлан бодогч гэсэн орон тоог цомхтгоогүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн орон тоог цомхтгогдсон байсан ажлын байр нь  3 сарын дотор бий болгосон бол орон тооны цомхтгол гэж үзэхгүй гэсэн заалт байгаа. *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа. Гэтэл тухайн тушаал дээр Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болгосон байсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах л асуудал яригдана. Иймд дээрх хууль зүйн үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 сарын 26-ны өдөр Завхан аймгийн Политехникийн коллежийн бүтэц өөрчлөгдөж ирсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөр хэд хэдэн хүний ажлын байрны бүтэцэд өөрчлөлт орсон. Үүний дотор ******* Ц, Б 2-ын асуудал үүссэн. Б нь ерөнхий нягтлан бодогч нөгөөх нь тооцооны нягтлан бодогч гэсэн орон тоон дээр ажиллаж байсан. Шинэ бүтцээр 1 нягтлан бодогч ажиллах ёстой байсан. Энэ асуудал дээр захирлын дэргэдэх зөвлөл хуралдсан. Энэ хуралдаанаас эдгээр 2 хүний бичиг баримтын сонгон шалгаруулалт хийе. Тэгээд шаардлага хангаж байгаа, аль өндөр оноо авсан хүнийг ****-оор үлдээе гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гараад тэр ажлын хэсэг шалгаруулах журмаа боловсруулаад шалгаруулсан. Тэр шалгаруулалтад ерөнхий *******оор ажиллаж байсан Б өндөр оноо авсан учраас ажлын байран дээр хэвээр үлдээгээд тооцооны *****оор ажиллаж байсан Ц-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож  тушаал гаргасан юм. Ц нь 2011 онд ****-оор ажилд анх томилогдсон.  2011 оноос өмнө манай байгууллага 1 ****-той байж байгаад хүүхдийн 70000 төгрөг өгч эхэлсэнтэй холбоотойгоор тооцооны ********* гэсэн орон тоог босгож нярваар ажиллаж байсан Ц-г томилсон. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор Д.******* гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан ******* өндөр насны тэтгэвэрт гараад Ж.Б-ыг 2014 онд ажилд авсан юм байна лээ. Энэ хүн нь Мэргэжлийн хяналтын байгууллага болон Баялаг ХК-д санхүүгийн чиглэлээр олон жил ажилласан мэргэшсэн нягтлан бодогч, аудитор гээд санхүүгийн чиглэлийн бүх шаардлагыг хангасан хүн байсан учраас энэ хүнийг ажилд авсан юм байна лээ. Энэ 2 хүнийг шалгаруулахдаа мэргэжил, мэргэшил зэргээр шалгаруулсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь Политехник коллежид холбогдуулан гаргасан тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б овогтой Ц миний бие Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 301 тоот шийдвэрийгхүлээн авч эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Би Завхан аймаг дахь Полетехникийн коллежид 2001 оноос хойш тасралтгүй 17 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад, 2017 оны 03 дугаар сарын 15-ны Б/22-р тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Миний орон тоо нягтлан бодогчийн орон тоо байсаар байтал намайг ажлаас халсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд өргөдөл гаргасан. Анхан шатны шүүхэд Т.******* шүүгч дээр байсан. Т.******* шүүгч хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан Энэ нь шүүх хуралдаанаас өмнө эвлэрүүлэх уулзалтанд оролцуулахад Шүүгч Т.******* Сургуулийн захирал Т.******* нь сургуулийн Аж ахуйн дарга Л.Ч-ыг дагуулж ирэн намайг нийлж ярилцах биш сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулсан. Тэгэх ч бүү хэл Шүүгч Т.******* нь миний санаж бодоогүй зүйлийг хэлсэн. Та түр орлон болохоор өөр ажилд оруулж өгөөч гэж гуйсангүй гэж загнасан. Би түр орлон гэдэг үгийг 1-рт санаагүй, 2-рт өөр ажилд аваач гэж гуйж болох үгүйгээ ч мэдэхгүй байсан, 3-рт миний ажил нягтлан бодогчийн орон тоо байгаа болохоор тийм зүйл бодоогүй ингэж хэлж хүнд байдалд оруулж байсан. Мөн уулзалтанд нэмэлт хүн Л.Ч-ыг оруулж намайг дээрлэхүүлсэн болохоор Шүүгч Т.*******ыг хэт нэг талд үйлчилж буруу шийдвэр гаргалаа гэж үзэн давах шатанд өргөдөл гаргаж байгаа бөгөөд энэ захиралын яриад байгаа сонгон шалгаруулалтыг надад хэлээгүй би мэдээ ч үгүй ядаж ур чадварын шалгалт аваагүй шалгалт болсон мөн оноо өгсөн талаар шүүх дээр мэдсэн. Шинэ болон хуучин бүтцэд нягтлан бодогч миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэтэл энэ орон тоо дээр шинээр хүн авсан нь үндэслэлгүй юм. Мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад ижил төсөөтэй мэргэжлийн сургуулиудад мэргэшсэн нягтлан байхыг шаарддаггүй. Захирал өөрийн авах гэж байгаа хүндээ тааруулж шалгуур гаргасан гэж би бодож байна. Хэрвээ шударга шалгаруулалт явуулсан бол ур чадварын шалгаруулалт явуулахаар байсан бол ур чадварын шалгаруулалт авч 2 жил ажилласан хүнээ авах уу? 17 жил ажилласан хүнээ үлдээх үү гэдэг нь хууль ёсных болно. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.******* миний бие Б.Ц-ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехниктийн коллежид холбогдох иргэний хэрэгт хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 301 дүгээр шийдвэрийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн аваад уг шийдвэрийг эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд:Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн тул хууль ёсны нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас халах мэдэгдэл тушаалдаа нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд хариуцагч байгууллагын бүтэцийг Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар уг байгууллагад мөн нягтлан бодогч гэсэн орон тоо нь хадгалагдан үлдсэн болно. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчийн ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан нягтлан бодогчийг ажлаас чөлөөлчихөөд дахин нягтлан бодогчийг томилон авсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т заасан нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй юм.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 301 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан давж, заалдах гомдлоо дэмжиж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Гол асуудал нь болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байгаа. 2017 оны орон тоонд нягтлан бодогчийн орон тоо байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Ажил олгогч Завхан аймгийн Политехникийн коллеж нь тус сургуультай Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ****** Б.Ц байгуулсан Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн агуулга болон журмыг зөрчсөн байна.

Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хариуцагч тал орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж энэ талаар харьяалах дээд газрын шийдвэрийг шүүхэд баримтаар ирүүлжээ.

Хэргийн 66-67-р хуудсанд авагдсан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн батлаж ирүүлснийг судалвал нягтлан бодогчийн орон тоо 1 байхаар тогтоожээ.

Ажил олгогч орон тоонд нийцүүлэн ажилтныг тоог цөөрүүлэхдээ орон тоо нь хэвээр хадгалагдан үлдээгүй ажилтнуудын хувьд ерөнхий нягтлан бодогч гэдэгт ажил байдлын тодорхойлолтын хувьд хэнийг хэлэхийг үндэслэлтэйгээр тогтооож, ажиллагсадын ажилласан жил болон мэргэжил ур чадвар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан тус байгууллагад мөрдөгдөх журамд нийцүүлэн хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Хэрэгт энэ байдал тогтоогдоогүй, орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн нягтлан бодогчийг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халж шийдвэрлэсэн байна.

Ажил олгогчийн дээрх шийдвэр нь иргэний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон зөвхөн Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн ажилтныг ажлаас халах эрхийг хөндсөн хууль бус эрхийн акт юм.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь тус сургуулийн нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй байхад орон тоо нь хасагдсан ерөнхий нягтлан бодогчтой харьцуулан тэдний дунд бичиг баримтын сонгон шалгаруулалт явуулан ерөнхий нягтлан бодогчид давуу байдал бий болгож, нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ц-ийг ажлаас чөлөөлж, ерөнхий нягтлан бодогч Б-ыг нягтлан бодогч болгон албан тушаалын нэрийг өөрчилсөн байдал тогтоогдож байгаа нь ажил олгогч нь шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгч Б.Ц-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2.608.032 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жавран овогт Б-ийн Ц-ийг Завхан аймгийн Политехникийн коллежийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 2.608.032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2.608.032 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Политехникийн коллежид үүрэг болгосугай.

3. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөлөгддөг болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР