Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00221

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00643 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаар магадлалтай,

И.Б-ийн нэхэмжлэлтэй,

ГТХЗНТ- УТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б-, өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Г.И, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч И.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ГТХЗНТ- УТҮГ-т Захиргаа санхүү хэлтсийн даргын ажилд томилогдон орж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага дэг журмыг баримталж ажиллаж ирсэн. Гэтэл захирал н.Ариунбаатар шалтгаан үндэслэлгүйгээр ажлаа өг гэж дарамтлан хууль бус шаардлага тавих болж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захирлын Б/04 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1 дэх заалт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Хариуцагчаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг боловч ажлаас халах тушаал дээр талууд тохиролцсон гэх үндэслэл заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль нэг үндэслэлийг дурдах ёстой боловч дурдаагүй. Өөрөө хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн ч байгуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүй. Мөн Б/05 тоот тушаал буюу Хос зам сургалтын төвийн албан тушаалд хууль бусаар томилж, 1-3 сар цалин шилжүүлсэн гэхдээ миний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн нөхөн төлөлт хийгээгүй, зөвхөн мөнгө шилжүүлээд намайг ажлаас гаргасан. Иймд захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргаа санхүү хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны 7.396.011 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны 1.643.558 төгрөг гаргуулж, өмгөөлөгчид өгсөн 3.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...И.Б- нь тус үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар туршилтын хугацаа дууссаны дараагаар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б/31 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Нэхэмжлэгчийн ажлаа өг гэж дарамтлан хууль бус шаардлага тавих болсон гэсэн нь үндэслэлгүй. Учир нь И.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасныг үндэслэсэн бөгөөд түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний Б/04 дүгээр тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 тушаалаар Хос зам сургалтын төвийн захирлаар томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хугацаанд нь бичилтийг хийж байна. Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 09-нийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага, дэг журмыг баримталж ажиллаж ирсэн гэж дурдсан ч нийт ажилтнуудын хагас жил, 3 дугаар улирал, бүтэн жилийн тайлан хамгаалалтад ямар нэг байдлаар шалтаг гаргаж, оролцоогүй. Хагас жилийн тайлан хамгаалалтад ажлын байрандаа байсан боловч бэлдээгүй гэх шалтгаанаар ирээгүй, бүтэн жилийн хамгаалалтаар тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтаг гаргаж ажил албан үүрэгтээ хайнга хандсан. Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөнө гэж тусгасны дагуу ажилтан энэ журмын 8.2-т заасан цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилд ирэх, үдийн цайны завсарлага эхлэх, үдийн цайны завсарлага дуусах, ажил дуусах цагуудыг бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 сараас хойш удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авалгүй ажилд ирэх, дуусах цагт бүртгүүлээгүй. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан 7/35 тоот хөдөлмөрийн гэрээний 15.ё-д дараалан ажлын 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсныг ноцтой зөрчилд тооцохоор тусгасан. И.Б-ийг ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Ж.Гантөмөрийн шахалтаар томилсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т үйлдвэрийн газрын, албан тушаалтныг томилох, чөлөөлөх гэж захирлын эрхийг тодорхой заасан байхад Ж.Гантөмөр нь заавал томил гэж шахаж, эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд тус төвийн дүрэмд хууль бус нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүрмийн 6.6.5-д Бүтцийн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан газартай зөвшилцөж шийдвэрлэнэ гэж шинээр нэмэгдсэн. Ийнхүү дүрэмд өөрчлөлт оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасантай зөрчилдөж байна. ГТХЗНТ-ийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/32 тоот бичгээр И.Б-ийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлэхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/2086 тоотоор Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод эрх зүйч, төмөр замын ашиглалтын инженер төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан байхад И.Б- нь шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу гэсэн. Дүрэм, зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан АТГ руу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 05/3169 тоот албан бичгийг хавсралттай нь явуулахад 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мөн шаардлагыг хангаагүй талаар анхааруулсан. Дээрх зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон гэж дүгнэсэн. Энэ талаар И.Б- мэдэж байсан, ажлын байрны шаардлага хангахааргүй хүн гэдэг нь АТГ-ын албан бичгээр нотлогдоно. Тухайн хүний мэргэжил таарахгүй, төрийн алба мэргэшсэн байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал ба Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан хохирол гэдэгт хамаарахгүй тул өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өмгөөллийн хөлсийг ямар ч нөхцөлд хохиролд тооцохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00643 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагын захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Голынх овогтой И-ын Б-ийг /РД:********/ ГТХЗНТ- улсын төсөвт үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11 796 907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны оны 4 дүгээр сараас хойшхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 222 586 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 203 700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-т “талууд харилцан тохирсон;” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчтай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж И.Б- нь ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд тухайн өдрөө орсон байдаг. Анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ “Харилцан тохиролцсон гэдгийг талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байх, уг тохиролцооны дагуу ажил олгогч шийдвэр гаргахыг ойлгох ба хариуцагчаас энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ нотлохгүй байна” гэсэн өөрт олгогдоогүй эрх хэмжээгээр хуулийг тайлбарлаж, зөвлөсөн шинжтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 1999 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д “талууд харилцан тохирсон,” гэж хуульчилсанаас өөрөөр талууд бичгээр болон бичгээр хийхгүй байхаар тохиролцох, эсхүл бичгээр харилцан тохиролцсоныг л зөвшөөрөхөөр зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт, тайлбар, зөвлөмж байхгүй. Учир нь дээрх зохицуулалт шууд утгаараа талуудад харилцан тохирсон, тохироогүй гэдгээ бичгээр болон үйлдлээр нотлох, үгүйсгэх боломжийг олгосон зохицуулалт юм. Анхан шатны шүүх энэхүү зохицуулалтыг 2 талын хүсэл зориг гэдгийг анхаарч үзээгүй, хэргийн үйл баримт, цаг хугацаа зэрэгт бодитоор үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж давж заалдах шатны шүүх энэхүү асуудалд мөн эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Нэхэмжлэгч И.Б- нь хариуцагчтай харилцан тохиролцсон гэдэг нь түүний хэд хэдэн үйлдэлээр тогтоогддог. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос 2 хоногийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ГТХЗНТ- УТҮГ-т огт ирээгүй, холбоо бариагүй, өөрөө ирж тушаалаа аваагүй хүн ирүүлж авсан, хариуцагчийн томилсон “Хос Зам” сургалтын төвийн захирлаар шинэ ажилд орсон, тухайн ажлынхаа цалин хөлсийг авч байсан, цалин хөлсөө зарцуулсан тухай өөрийнх нь тайлбар зэргээр хангалттай нотлогддог. Энэ тухайд ч нэхэмжлэгч маргаддаггүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.11.06-ны өдрийн 001/ХТ2018/01604 дугаар тогтоолд “Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалд “ажилтантай харилцан тохиролцсон” гэх үндэслэлийн талаар талууд нотолсон болон үгүйсгэсэн баримтыг хангалттай гаргаагүй байгаа нь учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй.” гэж үзэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх нь дээрх 2016.11.06-ны өдрийн Дээд шүүхийн тогтоолд дурдагдсан анхаарвал зохих асуудлыг тодруулалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар шаардлага үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл түүнийг нотлох баримтыг нэхэмжлэгч нь нотолсон эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбар болон татгалзлаа нотлох баримтаар гаргаагүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч И.Б- нь хариуцагчтай харилцан тохиролцоогүй гэдгээ илэрхийлсэн санал хүсэлт гомдол, тодорхой үйлдэл зэргийг хийлгүйгээр тодорхой хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гэж маргадаг. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл түүний ажилдаа огт ирээгүй, өөр ажилд томилогдсон, тухайн ажлынхаа цалин хөлсийг авч захиран зарцуулсан зэрэг өөрийнх нь тайлбараар бүхэлдээ няцаагддаг. Энд ажил олгогчийн санаачилгаар бус хөдөлмөрийн гэрээний хоёр талын хүсэл зоригийн илэрхийллээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар анхан шатны шүүх дүгнэж чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай харилцан тохиролцоогүйг нотлох бичгийн болон бусад арга хэрэгсэлээр олж авсан үйл баримт хэрэгт тогтоогдоггүй. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт ч байдаггүй. Учир нь анхнаасаа талууд харилцан тохиролцсон учраас нэхэмжлэгч ийм баримт ч гаргаж өгөх боломжгүй. Харин хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгч И.Б-ийн тайлбар, үйлдэл зэргээр хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж харилцан тохиролцоогүй гэж маргаж байгаад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, харилцан тохиролцоогүй гэдгийг нь тогтоолгүй бусад нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д “талууд харилцан тохирсон” гэж заасан зохицуулалтыг анхан шатны шүүх заавал бичгээр тохиролцсон байх гэж тайлбарласан талаар магадлалдаа няцаасан болон дэмжсэн талаар тусгаагүйг дурдах нь зүйтэй. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И.Б-, ГТХЗНТ- УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлс гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч И.Б- хөдөлмөрийн гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хариуцагч ГТХЗНТ- УТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Б/04 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “талууд харилцан тохиролцон” хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх үндэслэлийг заасан хэдий ч зохигч хэн алины хүсэл зориг илэрхийлэгдэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор урьдчилан тохиролцсон нь нотлогдоогүй байна. Иймд ажил олгогчийн тушаалын үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байна.

И.Б-ийг ажлаас чөлөөлсөн өдрөө ГТХЗНТ- УТҮГ-ын захирал Б/05 тоот тушаал гаргаж, түүнийг Хос зам сургалтын төв хариуцсан захирлаар томилсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүйгээс уг ажлыг эрхлээгүй  талаар зохигч маргаагүй байна.

Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан бөгөөд И.Б- Б/05 тоот тушаалын дагуу ажил эрхлээгүй байхад ГТХЗНТ- УТҮГ нь цалин гэсэн утгаар  И.Б-ийн дансанд мөнгө шилжүүлсэн нь хариуцагчийн “...харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өөр ажилд томилж, цалин олгосон” тухай татгалзлын үндэслэлийг нотлохгүй юм.

Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа, И.Б- эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, анхнаасаа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Ж.Г-ийн заавал ажилд томил гэж шахаж, энэхүү эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд тус төвийн дүрэмд хууль бус “бүтцийн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан газартай зөвшилцөж шийдвэрлэнэ” гэсэн заалт шинээр нэмж, улмаар өөрийн сонгосон хүнээ буюу И.Б-ийг томилуулсан, Авилгатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг явуулахад 2 удаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн, түүнчлэн И.Б- тайлан хамгаалалтад оролцоогүй, ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж, энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар ГТХЗНТ- УТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинээр баталсан баримт, ГТХЗНТ-ийн 2017.02.06-ны болон 2017.03.17-ны албан бичгийн хариу болгосон Авилгатай тэмцэх газрын 2017.02.22-ны өдрийн 05/2086 тоот, 2017.04.05-ны өдрийн 05/3169 тоот албан бичгүүдэд ...И.Б-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй гэжээ.

Гэсэн хэдий ч хариуцагч байгууллагын захирал нь И.Б-ийг ажилд томилох тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан учир анх ажилд авсан шалтгаанаа зааж нэхэмжлэлээс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн И.Б-ийг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцласан талаар тушаалд заагаагүй тул тайлан хамгаалалтад оролцоогүй, ажил тасалсан гэх хариуцагчийн тайлбарын талаар шүүх дүгнэлт хийхгүй.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00643 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 203.700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ