Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/01386

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/01386

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, зайсан стадион оргил 32а-5 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж-1, өөрийн байранд байрлах, “Витафит” ХХК /Регистрийн дугаар:5833388/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 60В, 25 тоотод байрлах, “Мөнх замбала корпораци” ХХК /Регистрийн дугаар:5070562/-д холбогдох

Гэрээний үүрэгт 42,716,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, М.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:                            

                                                                  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Витафит” ХХК нь “Витафит групп” ХХК-ийн борлуулалтын компани бөгөөд Монгол Улсын  бүхий л нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй зах бааний төвүүд, дэлгүүрт захиалгын дагуу нэрийн бүтээгдэхүүн болох ундаа, ус, сүү зэрэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.   “Мөнх Замбала Корпораци” ХХК-тай олон жилийн турш хамтран ажиллаж байна. 2012 онд хамтран ажиллах талаар хоёр байгууллага гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ч дахин сунгаагүй.  Хариуцагч компани өөрөө гэрээнд төлөөлж зурах хүн алга гэх мэт тайлбар хэлсээр шинэ гэрээг байгуулаагүй ч бид тогтсон хэлбэрээр бараагаа нийлүүлсээр ирсэн. 2015 оны 2 дугаар сар хүртэл хэвийн үйл ажиллагаатай явж байгаад 2015 оны 3 дугаар сараас эхлэн төлбөрийн үлдэгдэлтэй болж эхэлсэн. 2015 оны 3 дугаар сард тооцоо нийлэхэд 44,516,720 төгрөгний авлагатай байсан. 2016 оны 6 дугаар сард 500,000 төгрөгөөр 2 удаа, 7 дугаар сард 500,000 төгрөгний төлөлт хийсэн. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд үлдэгдэл 42,716,720 төгрөг гарсан. Хариуцагч компани төлбөрийг төлөх талаар маргадаггүй, төлнө гэдэг ч өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд төлж дуусгах боломжийг олгон харсан боловч бүрэн барагдуулж дуусгаагүй байна. Иймд “Мөнх Замбала Корпораци” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл болох 42,716,720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

       

             Хариуцагч “Мөнх Замбала Корпораци” ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Витафит” ХХК нь хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 42,716,720 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Витафит” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хооронд “Мөнхзамбала корпораци” ХХК-ийн дэлгүүрүүдэд ундаа, сүү, ус гэх мэт бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгч байсан болох нь хэрэгт авагдсан тус хоёр байгууллагын  удаа дараагийн зарлагын баримтуудаар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар дээрх бүтээгдэхүүнүүдийг хариуцагч байгууллага шилжүүлэн авснаар талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ. /хх 5-62 дах хуудас/

Түүнчлэн талууд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгөлцөж авалцсан бараа материалаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж, улмаар хариуцагч “Мөнх замбала Корпораци” ХХК-г 42,716,720 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ./хх-63/

Уг тооцоо нийлсэн акт нь зохигч байгууллагуудын санхүүгийн ажилтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байхаас гадна хариуцагч нь мэтгэлцэх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх барааг хүлээн аваагүй, төлбөрийн үлдэгдэл зөрүүтэй эсэх талаар шүүхэд маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдан авагч нь худалдан авсан зүйлийн үнийг төлөх үүрэгтэй тул “Мөнх замбала корпораци” ХХК-иас 42,716,720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

Мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Мөнх замбала Корпораци” ХХК-иас 42,716,720 /дөчин хоёр сая долоон зуун арван зургаан мянга долоон зуун хорин/ төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч “Витафит” ХХК-д олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 371,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ