Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1837

 

 “Витафит” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Витафит” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 42 716 720 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: "Витафит" ХХК нь "Витафитгрупп" ХХК-ийн борлуулалтын компани юм. "Мөнх Замбала Корпораци" ХХК-тай олон жилийн турш хамтран ажиллаж байна. 2012 онд хамтран ажиллах талаар хоёр байгууллага гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ч дахин сунгаагүй. Хариуцагч компани өөрөө гэрээнд төлөөлж зурах хүн алга гэх мэт тайлбар хэлсээр шинэ гэрээг байгуулаагүй ч бид тогтсон хэлбэрээр бараагаа нийлүүлсээр ирсэн. 2015 оны 2 дугаар cap хүртэл хэвийн үйл ажиллагаатай явж байгаад 2015 оны 3 дугаар сараас эхлэн төлбөрийн үлдэгдэлтэй болж эхэлсэн. 2015 оны 3 дугаар сард тооцоо нийлэхэд 44 516 720 төгрөгний авлагатай байсан. 2016 оны 6 дугаар сард 500 000 төгрөгөөр 2 удаа, 7 дугаар сард 500 000 төгрөгний төлөлт хийсэн. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд үлдэгдэл 42 716 720 төгрөг гарсан. Хариуцагч компани төлбөрийг төлөх талаар маргадаггүй. Иймд "Мөнх Замбала Корпораци" ХХК-иас төлбөрийн үлдэгдэл болох 42 716 720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар "Мөнх замбала Корпораци" ХХК-иас 42 716 720 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч "Витафит" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтиин хураамжид 371 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01386 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт: "Мөнх замбала корпораци" ХХК-иас 42 716 720 төгрөгийг гяргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дугнэв" гэжээ. Гэтэл тус үнийн дүн дээр 310 000 төгрөгийн зөрүү гарсан бөгөөд тус үнийн дүнг хасаж тооцоогуй байна. Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01386 дугаартай шийдвэрт өөрчлөлт өгөхийг хүсье гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Витафит” ХХК нь хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 42 716 720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагт шүүх хуралдааныг хийхээр товлосон боловч зохигчдын хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 22, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байх боловч энэ өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл мөн тул энэ өдөр шүүх хуралдааныг явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.  

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Дээрх зөрчлийг залруулалгүйгээр маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                           ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ