Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 29

 

 

 

           

 

 

 

 

 

 

Б.В-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар шийдвэртэй, Хонхшууд овогт Б.В-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Завхан сумын дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 870.928 төгрөг гаргуулах, нийгмийн  болон  эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирал М.Энхтуяагийн 2017 оны 6 дугаар сард гаргасан Б/5 дугаар тушаалаар миний бие Б.В үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалаа 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр М.Энхтуяа захирлаас өрөөнд нь хүлээж авсан. Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь миний өмнө нь хийж байсан биеийн тамирын арга зүйчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцаж байгаа юм. Ерөнхийдөө нэршил нь өөрчлөгдсөн. Захирлын тушаал гарсан өдрийн тоо нь тодорхой биш, ойлгомжгүй, 6 дугаар сарын 02, 6 дугаар сарын 05-ны өдрийн аль нь болох нь ойлгомжгүй байна. Эсхүл 6 дугаар сарын 25-ны өдөр шиг харагдаж байна. Захирлын тушаал илт хууль бус акт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 42.1-д заасны дагуу надад дор хаяж 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх ёстой. Гэтэл захирал М.Энхтуяа нь тушаал гаргахдаа тэтгэмжийн талаар огт дурдаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж байна. Намайг Өргөдлөө бичиж өг, ямар утгатай вэ гэвэл бие жоохон өвдөөд байна гэсэн утгатай өргөдөл бич, нэг их хүнд битгий хэлээрэй... гэж хэлсэн. Би захирал М.Энхтуяад Өргөдлөө бичиж өгөхгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл чиний 1 сарын тэтгэмж өгч чадахгүй гэсэн. Иймд Завхан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан тус сургуулийн Биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 870.928 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү ” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 66.1.7-д  зааснаар тухайн жилд ажиллах сургуулийн бүтэц орон тоог сумын Засаг дарга баталдаг. 2017 онд сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар биеийн тамирын арга зүйчийн албан тушаал хасагдсан байсан тул ажилтан Б.Вд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар сургуулийн бүтэц орон тоонд Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байр шинээр батлагдсан тул Засаг дарга Б.Пүрэвгончигтой зөвшилцөн Сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/4 дүгээр тушаалаар С.Энхцацралыг томилон ажиллуулж байна. Энэ ажлын байрны тодорхойлолт нь Биеийн тамирын арга зүйчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцахгүй байгаа болно. Цомхотголд орсон ажилтан Б.Вд 1 сарын тэтгэмж өгөх гэсэн боловч цалингийн сан хүрэлцэхгүй байсан тул олгогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Завхан сумын Дунд сургуульд холбогдох, Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/5 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 870.928 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.Вийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Буянжаргал ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Вийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.453 /хорин таван мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүхээс  нээхэмжлэлийн  шаардлагыг тодруулах  ажиллагаа явуулаагүй. Мөн Гэр бүл хүүхэд  залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдсон С.Энхцацралыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдээр хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Тус шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 “...нэхэмжлэгч Б.Буянжаргал...” гэж нэхэмжлэгчийн хууль ёсны нэрийг буруу бичжээ. Иймд Увс аймаг  дахь сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  08 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө  үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл журмаар явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.В шүүхэд “Увс аймгийн Завхан сумын дунд сургуульд биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байгаад Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/5 тоот захирамжаар орон тоо хасагдсан үндэслэлээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, 2 сар 18 хоног ажилгүй байсан хугацааны олговор 870.928 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагчийн төлөөлөгч М.Энхтуяа эс зөвшөөрч “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр  захирамжаар батлагдсан тус сургуулийн бүтэц, орон тоонд биеийн тамирын арга зүйчийн орон тоо хасагдсан тул Б.Вд Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн”  /хх 16 дугаар тал/ гэж маргажээ.

Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн захирлын 2015 оны 07 дугаар 10-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Б.В биеийн тамирын арга зүйчийн  ажилд  томилогдож /хх 38 дугаар тал/, мөн сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар /хх 68 дугаар тал/  түүнийг үүрэгт  ажлаас нь чөлөөлжээ. 

Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2017 оны сарын 05 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар батлагдсан бүтэц орон тоог үндэслэн тус сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай  мэдэгдэх хуудсыг /хх 39 дүгээр тал/ 2017 оны 04 дүгээр сарын 24-нд Б.Вд гардуулж, 40 хоногийн дараа ажлаас  чөлөөлжээ.   

Увс аймгийн Завхан сумын засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтанд /хх 22 дугаар тал/ Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн захиргаа, аж ахуйн бүтцийг баталсан байх ба биеийн тамирын багшийн 1 орон тоог тогтоож биеийн тамирын арга зүйчийн орон тоо хасагджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Энхцацралыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд ямар нэхэмжлэл гаргах, түүний хэмжээг ихэсгэх багасгах зэрэг нь диспозитив зарчмын хүрээнд хэрэгжих зөвхөн нэхэмжлэгчид олгосон эрх байдаг бөгөөд тэрээр шүүхэд ямар нэхэмжлэл гаргасан нь  утга агуулгын болоод хууль зүйн хувьд  ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүхээс түүнийг тодруулах арга хэмжээ авах үүрэгтэй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэргээс үзвэл  “Увс аймгийн  Завхан сумын Ахлах сургуулийн биеийн  тамирын арга зүйчийн орон тоонд томилуулах” гэж тодорхой тусгасан  байх тул анхан  шатны  шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг  тодруулаагүй, хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Мөн Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг уг этгээдийн өөрийнх нь  болон зохигчдын хүсэлтээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох бөгөөд М.Энхцацрал болон нэхэмжлэгч, хариуцагч талын аль  нь ч энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүх М.Энхцацралыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Втэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  ажил олгогч нь дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, “Биеийн тамирын арга зүйч болон гэр бүл хүүхэд залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, зорилго үйл ажиллагааны чиглэл өөр өөр байна.” гэж анхан  шатны шүүхээс дүгнэснийг үгүйсгэсэн баримтууд хэрэгт авагдаагүй тул тус шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2.-т зааснаар түүнд буцаан олгохыг  дурдаж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 42 дугаар зүйлийн 42.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Вд буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН