Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 570

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, ОГ86031711 регистртэй, Хонхшууд овогт Баяртогтохын Ванчин-Эрдэний нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын дунд сургуульд холбогдох,

           Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/5 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ванчин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, хариуцагч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.Ванчин-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Завхан сумын Дунд сургуульд Биеийн тамирын арга зүйчийн албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр томилогдон 2 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан. Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирал М.Энхтуяагийн 2017 оны 6 дугаар сард гаргасан Б/5 дугаар тушаалаар миний бие Б.Ванчин-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалаа 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр М.Энхтуяа захирлаас өрөөнд нь хүлээж авсан. Маамуу багш энэ талаар сайн мэдэж байгаа. Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь миний өмнө нь хийж байсан биеийн тамирын арга зүйчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцаж байгаа юм. Ерөнхийдөө нэршил нь өөрчлөгдсөн болно. Захирлын тушаал гарсан өдрийн тоо нь тодорхой биш, ойлгомжгүй, 6 дугаар сарын 02, 6 дугаар сарын 05-ны өдрийн аль нь болох нь ойлгомжгүй байна. Эсхүл 6 дугаар сарын 25-ны өдөр шиг харагдаж байна. Захирлын тушаал илт хууль бус акт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл тоог цөөрүүлсэн, 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд.... гэж заасан байна. 42 дугаар зүйлийн 42.1-т Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 42.1-д заасны дагуу надад дор хаяж 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх ёстой. Гэтэл захирал М.Энхтуяа нь тушаал гаргахдаа тэтгэмжийн талаар огт дурдаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж байна. Захирал М.Энхтуяа надад “...Чиний ажлын орон тоо байхгүй болж байгаа, чиний цалингийн орон тоонд гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн ажиллана, би бол чамайг ажиллуулмаар байна. Гэтэл дээрээс өөр хүн ав гээд шахаад байна. Би бас амьдарлаа бодмоор байна. Чамайг Ардчилсан намын хүн учраас ажлаас чөлөөлж байна. Чи өөрөө өргөдлөө өгөөд гарах юм бол чамд нэг сарын цалинтай тэнцэх хэжээний мөнгөн тэтгэмж өгнө, чи манай ажилчдад битгий хэлээрэй” гэсэн. Мөн тэр үед хамт сургуулийн нийгмийн ажилтан Шагжсүрэн байсан. Шагжсүрэнд бас “Хүнд битгий хэлээрэй” гэсэн. Намайг “Өргөдлөө бичиж өг, ямар утгатай вэ гэвэл бие жоохон өвдөөд байна гэсэн утгатай өргөдөл бич, нэг их хүнд битгий хэлээрэй...” гэж хэлсэн. Би захирал М.Энхтуяад “Өргөдлөө бичиж өгөхгүй” гэдгээ хэлсэн. “Тэгвэл чиний 1 сарын тэтгэмж өгч чадахгүй” гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг ажлаас чөлөөлсөн Завхан сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн Биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье. Мөн би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: Ажилгүй байсан хугацааны цалин 870.928 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.    

        Хариуцагч Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн захирал М.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монгол улсын Төсвийн тухай хуулийн 66.1.7 дахь заалтаар тухайн жилд ажиллах сургуулийн бүтэц орон тоог сумын Засаг дарга баталдаг. 2015 онд ажиллах сургуулийн бүтэц орон тоог сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/06 дугаар захирамжаар 29 орон тоотойгоор баталж өгсөн. Тухайн онд сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Санхүүгийн алба байгуулагдаж сургуулийн нягтлан бодогч нь сумын Засаг даргын Тамгын газарт шилжсэн юм. Нягтлан бодогч сумын Засаг даргын Тамгын газар луу шилжсэнтэй холбогдуулан тухайн үеийн сумын Засаг дарга Ц.Лхагважавын санал болгосноор Б.Ванчин-Эрдэнийг сургуулийн биеийн тамирын арга зүйчээр 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. /Тухайн үед сургуулийн бүтэц орон тоонд Биеийн тамирын арга зүйчийн ажлын байр байхгүй байсан боловч сургуулийн нягтлан бодогчийн цалингийн сан байсан юм./ Дараа нь сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/107 дугаар захирамжаар сургуулийн бүтэц орон тоог батлахад биеийн тамирын арга зүйчийн ажлын байр хэвээр батлагдсан байсан. 2017 онд сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар биеийн тамирын арга зүйчийн албан тушаал хасагдсан байсан тул ажилтан Б.Ванчин-Эрдэнэд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн болно. Энэ асуудлаар 2017 оны 5 дугаар сарын 22-нд ажилтан Б.Ванчин-Эрдэнэ, сургуулийн насан туршийн боловсролын багш О.Отгончимэг нарыг байлцуулан санал сонсож тэмдэглэл хөтөлсөн. Сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажилтан Б.Ванчин-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Тушаалыг гаргадаг өдөр ажилтан Б.Ванчин-Эрдэнэ ажилдаа ирээгүй бөгөөд  2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тушаалыг өөрийн биеэр авч энэ өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн актанд гарын үсэг зурсан болно. Сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар сургуулийн бүтэц орон тоонд Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байр шинээр батлагдсан тул Засаг дарга Б.Пүрэвгончигтой зөвшилцөн Сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн Б/4 дүгээр тушаалаар С.Энхцацралыг томилон ажиллуулж байна. Энэ ажлын байрны тодорхойлолт нь Биеийн тамирын арга зүйчийн ажлын байрны чиг үүрэгтэй давхцахгүй байгаа болно. Цомхотголд орсон ажилтан Б.Ванчин-Эрдэнэд 1 сарын тэтгэмж өгөх гэсэн боловч цалингийн сан хүрэлцэхгүй байсан тул олгогдоогүй болно. Ажилтан Б.Ванчин-Эрдэнийг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн бөгөөд ямар нэг улс төрийн шалтгаан байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Ванчин-Эрдэнэ нь хариуцагч Увс аймгийн Завхан сумын Дунд сургуульд холбогдуулан, “Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/5 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “Ажилгүй байсан хугацааны цалин 870.928 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага гаргажээ.

     Хариуцагч “Орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

         Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирал 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б/5 тоот /хх-68/ тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дүгээр захирамжийг тус тус үндэслэн сургуулийн бүтэц, орон тооноос Биеийн тамирын арга зүйчийн албан тушаал хасагдсан тул Б.Ванчин-Эрдэнийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

         Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/06, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/107, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/04 тоот захирамжаар 2015 болон 2016 оны төсвийн жилд ажиллах сургуулийн бүтэц, орон тоог батлахдаа “Биеийн тамирын арга зүйч”-ийн орон тоог баталж байсан боловч тус сумын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/31 тоот захирамжаар 2017 оны төсвийн жилд ажиллах сургуулийн бүтэц, орон тоог батлахдаа “Биеийн тамирын арга зүйч”-ийн ажлыг байрыг хасч, түүний оронд “Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн”-ний ажлыг байрыг баталж /хх-22-26/, улмаар Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, уг орон тоонд өөр хүнийг авч ажиллуулж байгаа талаар талууд маргаагүй болно.

       Өөрөөр хэлбэл, Завхан сумын Дунд сургуулийн захирал сумын Засаг даргын 2017 оны А/31 тоот захирамжийг үндэслэн “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Биеийн тамирын арга зүйч Б.Ванчин-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн байна.

       Гэтэл нэхэмжлэгч нь “Миний ажлын байр байгаа, миний орон тоонд Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан ажилтанг томилон ажиллуулж байгаа ч тэрээр миний хийдэг бүх ажлыг хийж байгаа” гэх боловч хэрэгт авагдсан “Биеийн тамирын арга зүйч”, “Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн”-гийн ажлын байрны тодорхойлолтуудыг /хх-20-21, 64-67/ үзэхэд тухайн ажлын байрны зорилго, үйл ажиллагааны чиглэл өөр өөрөөр тодорхойлогдсон байна.

         Түүнчлэн нэхэмжлэгч Б.Ванчин-Эрдэнэ нь “Сургуулийн Биеийн тамирын арга зүйчийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2017 оны А/31 тоот захирамжаар тухайн орон тоо хасагдсан, мөн уг Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Б.Ванчин-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

        Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Завхан сумын Дунд сургуульд холбогдох, “Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/5 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 870.928 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгч Б.Ванчин-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Ванчин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Завхан сумын Дунд сургуульд холбогдох, “Увс аймгийн Завхан сумын Дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/5 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 870.928 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгч Б.Ванчин-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Буянжаргал “ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Ванчин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.453 /хорин таван мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА