Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2017/00229/И |
Дугаар | 23 |
Огноо | 2017-09-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 23
Дарив-Эрдэнэ ХХК нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: М.Мэдээхүү
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч: Ю.Ч
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Б.Алтангэрэл
Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Мэдээхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Мэдээхүү анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манайх 2015 оны 04-р сард Арвай архины гэрээт борлуулагчаар ажилласан юм. 2015 оны 08-р сарын 01-нд иргэн Ю.Ч-ыг Арвай архины худалдааны төлөөлөгчөөр ажилд авсан. Ю.Ч нь 6 сар ажиллахдаа 48,778,980 төгрөгийн борлуулалт хийснээс 30,056,820 төгрөгийг Аврай архины борлуулалтын дансанд хийсэн. Одоо 12,251,000 төгрөг хүмүүсийн гар дээр байгаа. Үүнээс бензин шатахууны үнийг хасаад 3,080,700 төгрөгийн дутагдал гаргасан. Мөн хүмүүсийн гар дээр байгаа 12,251,000 төгрөгийн өрнөөсөө 909,940 төгрөгийг өөрөө хэрэглэсэн буюу дутаасан. Нийт 3,990,640 төгрөгийн дутагдалтай байна. Иймд Ю.Ч-аас 3,990,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан, Алдархаан, Өгөөмөр багийн иргэн Ю.Ч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2015.08.01-н арвайн архины худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 6 сар ажиллах хугацаандаа 48,778,900 төгрөгийн борлуулалт хийсэн. 3,990,940 төгрөгийн дутагдал мөнгийг хүлээхгүй. Авлага цуглуулах явцдаа гаргасан 909,940 мөнгийг хүлээж байна. Мөн жолооч машинтай холбоотой 248,000 төгрөгийг дутагдлыг хүлээхгүй гэжээ.
Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.Мэдээхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 оны 04 сарын 28-ны өдөр Арвай компаний Завхан аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллахаар гэрээ байгуулсан. Арвай компаний зүгээс надад худалдааны төлөөлөгч, жолооч 2-ыг хүлээлгэж өгсөн. Гэрээндээ жолоочийн цалинг Арвай компани өгөхөөр заасан байсан. Хамгийн гол нь танай компани төлөвлөгөөгөө биелүүлэх ёстой. Төлөвлөгөө 50 хувь л биелүүлсэн байхад машины бинзений зардал болох 180000 төгрөг танай компаний дансанд орно гэдэг байдлаар гэрээ хийсэн юм. Ч-ын өмнөх худалдааны төлөөлөгч нь Ч-аас арай дээр хүн байсан юм. Тэгээд тэр хүний ар гэрт нь ажил явдал гараад тэр хүнийг сольсон юм. 7 сарын 29-нд Арвай компаний баруун бүс хариуцсан захирал Бат-Энэрэл Ч-ыг дагуулаад 1 диплом барьж ирээд энэ дипломийг өөр дээрээ хадгал дээрээс нь нэмээд 1,000,000 төгрөг аваарай. Тэр нь барьцаа юм шүү гэж хэлсэн. Тэгээд Ч бараагаа хүлээж аваад ажлаа эхэлсэн. Би Ч-ыг хөдөө борлуулалт хийгээд ир гээд явуулдаг байсан. Ч 1,000,000, 2,000,000 төгрөгийн борлуулалт хийж байсан. Чулуунбаатарын байгаа байдал хүнтэй харьцаж байгаа харьцаа зэрэг нь нээлттэй биш. Дэлгүүрүүдийн хүмүүстэй харьцаж бараа бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Тэр байдал нь надад өр болж байгаа юм. Би 8 сард Бат-Энэрэл рүү чиний олж ирсэн жолооч, худалдааны төлөөлөгч 2 намайг өрд оруулах нь ээ, би гэрээт борлуулагч байхаа больё гэж хэлсэн. Тэгэхэд за болох байхаа гэж хэлсэн. Би үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавиад гэрээт борлуулагч гэдэг үүрэг авсан. Чулуунбаатар 10 сард Улаанбаатар хот руу Арвай компаний сургалтанд суусан. Тэгээд 1 сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцээд Бат-Энэрэлд бүх бараагаа падаанаар хүлээлгэж өгсөн. Ч-ын тооцоонд өмнөх борлуулагч байсан Пүрэвдоржийн өрийг тусгаагүй байсан. Тэгэж тооцоо хийхэд 2,978,000 төгрөг дутсан. Энэ тооцоог бид 2 удаа бодсон. Тэгээд энэ тооцоон дээр бид 2 Бат-Энэрэлийг байхад гарын үсэг зураад 12,251,000 төгрөгийг хүмүүсээс авах авлага байгаа гэж бодоод би Арвай компанид 33,000,000 төгрөгийн өртэй гэж гарын үсэг зураад ДарвиЭрдэнэ компани Арвай компаний гэрээт борлуулагч байхаа больж би өртэй хоцорсон. Тэгээд 4 сард Арвай компаниас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт ирсэн. Тэгэхэд Ч 5,410,000 төгрөгийн борлуулалт Арвай компаний дансанд хийсэн байсан. 6,500,000 төгрөгийн борлуулалт байхгүй, хийгээгүй байсан. Тэгээд тэр үлдэгдэл өрийг би хүмүүсээс авч цуглуулая гээд эхнээс нь хүмүүс рүү ярьж эхэлсэн. 906940 төгрөгийн өрийг Ч өөрөө хариуцна. Миний ойр дотно найз нөхөдийн өгөх ёстой мөнгө байгаа юм аа гэж хэлсэн. Тэгээд Арвай компани надаас мөнгөө авахын тулд шахаж эхэлсэн. Тиймээс би Ч-аас мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Учир нь Арвайн үндэсийн барааг манай Дарви-Эрдэнэ ХХК худалдан борлуулах гэрээ хийсэн. Дарви-Эрдэнэ ХХК-ны хувьд банк дээр нэгдүгээр гарын үсэг зурж мөнгө авдаг хүн нь би учраас ингэж үзэж байна. Тиймээс Чулуунбаатараас 3,990,640 төгрөгийг нэхэмжилж байна.
Ч-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Арвайн үндэс компаний төлөөлөгч БатЭнэрэл гэдэг хүн телевизэд зар өгсөн байсан. Тэр зарын дагуу Загасан нүд ресторанд Бат-Энэрэлтэй Ч уулзаад худалдааны төлөөлөгчийн ажилд орсон. Сард 400000 төгрөгийн цалин өгнө гэж хэлснийг мэдэхгүй. Ажилд орж цалин авах тухай хэлцлийг Ч Арвайн үндэс компанитай хийсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Арвайн үндэс худалдааны борлуулагчаар ажилд авах зар явуулж байгаа нь хэлцэл хийхийг урьж байгаа гэж ойлгоно. Тиймээс Чулуунбаатар Арвайн үндэс компаниас цалин нэхэмжлэх эрхтэй. Арвайн үндэс болон Дарви-Эрдэнэ компаний хооронд хийгдсэн гэрээнд бол компаний зүгээс гаргах зардлуудыг заасан байгаа. Тэр зардал дотор худалдааны төлөөлөгчийн цалин, урамшуулалыг Арвайн үндэс компани хариуцна гэж заасан байна. Надаас 200000 төгрөгийн цалин авсан гэдэг нь үнэн. Энэ талаар Дарви-Эрдэнэ компаний диспозиц дансны хуулгыг гаргуулж авсан. Энэ баримтыг шүүгээд үзэхэд Арвайн үндэс компаниас 7 удаагийн гүйлгээ хийгдэж мөнгө орсон байна. Дээрх 7 шилжүүлэг хийсний нэг дээр нь цалин гэж орж ирсэн байгаа. 2015 оны 10 сарын 09-ний өдөр 385000 төгрөгийн гүйлгээний цалин гэж Арвайн үндэс ХХК-аас орж ирсэн. Бусад нь дандаа агуулахын түрээс гэж орж ирсэн. Арвайн үндэс компани болон Дарви-Эрдэнэ компаний хооронд байгуулсан гэрээн дээр худалдааны төлөөлөгчийн мэдээ, борлуулалтын хувь төлөвлөгөөг харгалзаад төлөвлөгөөний урамшуулал бусад зардлыг Дарви-Эрдэнэ компаний дансанд шилжүүлнэ гэж заасан байгаа. Тийм учраас би энэ хүний нэхэмжлээд байгаа цалинг өгөх боломжгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ю.Ч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 7 сарын 30-ны өдөр зарын дагуу Дарви-Эрдэнэ компанид ажилд орсон. Бат-Энэрэл гэдэг хүн намайг дагуулж очоод цаашдаа энэ хүнтэй хамтарч ажиллана гээд урд талын Хайрхан дэлгүүр дээр авч очсон. Түүнээс хойш би өөрийнхөө чадах хэмжээгээр ажилласан. Арвай архи маш чанаргүй архи учраас борлогддоггүй. Тэгээд дэлгүүрүүдээр борлуулах гээд очихоор мөнгө төгрөг нь удаан гарна тиймээс зээлээр л авах боломжтой гэдэг. Отгон сум руу очиход архийг нь голоод авдаггүй байсан. Өмнөх сард өгсөн архи нь хэвээрээ байж байна бараг энэ архиа буцаагаад аваад яв гэдэг байсан. Иймд надаас нэхэмжилсэн 3,990,640 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн би 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл Дарви-Эрдэнэ компанид ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаандаа 200000 төгрөгийн цалин нэг удаа авсан. Түүнээс хойш ямар ч цалин мөнгө аваагүй. Иймд би М.Мэдээхүүгээс цалингаа нэхэмжилж байна. Анх намайг ажилд ороход сарын 400000 төгрөгийн цалин өгнө гэж амаар хэлсэн. Тиймээс ажилгүй байсан хугацаан цалин 4,334,843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арвайн үндэс компанитай Дарви-Эрдэнэ компани гэрээ байгуулаад үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад Арвайн үндэс компаний бараа бүтээгдэхүүнийг өөрийнхөө компаний өмчлөлд шилжүүлсэн байна. Захиран зарцуулах эрх нь Дарви-Эрдэнэ компанид шилжсэн байсан байна. Тиймээс Чулуунбаатараас нэхэмжлэх эрхтэй байна. Мэдээхүү гэдэг хүн Дарви-Эрдэнэ компаний нэрийн өмнөөс тухайн компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй. Компанийг хуульд зааснаар төлөөлөх, итгэмжлэлээр төлөөлөх гэж байгаа. Мэдээхүү нь Дарви-Эрдэнэ компаний захирал мөн, нэгдүгээр гарын үсэг зурдаг гэсэн баримтаа гаргаж өгсөн байгаа учраас хуульд зааснаар төлөөлж байгаа юм. Хариуцагч Чулуунбаатараас 3990640 төгрөг нэхэмжилж байгаа юм. Дарви-Эрдэнэ компани яагаад Чулуунбаатараас нэхэмжилээд байгаа юм бэ? гэхээр Арвайн үндэс компаниас зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу аваад агуулахдаа хадгалчихсан. Тэрийг нь Дарви-Эрдэнэ компаний няраваас Чулуунбаатар өдөр бүр тоолж хүлээж авдаг.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд ажилд авах санал тавихдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зар өгч байгаа нь олон нийтэд хэлцэл хийх санал тавьж байна гэж ойлгож байна. Тиймээс энэ хэлцэл хийх саналыг Арвайн үндэс компаний ажилтан Бат-Энэрэл Air1 телевизээр зар явуулсны дагуу Бат-Энэрэл гэдэг хүнтэй уулзаад сарын 400000 төгрөгийн цалин авахаар тохиролцоод ажилд орсон. Хэрвээ Дарви-Эрдэнэ компаний худалдааны төлөөлөгчөөр ажиллах гэж байсан бол Бат-Энэрэл гэдэг хүн дундуур нь орж ирээд цалин мөнгөний талаар ярилцаад байх боломжгүй. Гэрээний хавсралт дээр цалин мөнгийг хэн олгохыг тодорхой заасан байгаа. Хариуцагч Чулуунбаатар нь ажлаа Арвайн үндэс компаний өмнө тайлагнадаг гэдгээ дурдсан. Тэр мэдээ тайланг нь үндэслэж Арвайн үндэс компани төлөвлөгөөний биелэлтийг нь хувилж бодоод гаргадаг. Гаргасан төлөвлөгөөний биелэлт нь Чулуунбаатарыг ажиллаж байх хугацаанд 50-аас дээш хувь нэг ч удаа биелүүлж байгаагүй учраас цалин олгоогүй байдаг. 1 удаа цалин орсон нь Дарви-Эрдэнэ компаний дансаар дамжиж орж ирсэн байдаг. Гэрээний 2.2 дахь хэсэгт худалдааны төлөөлөгчийн цалинг гэрээт борлуулагчийн дансанд хийхээр заасан байгаа. Тиймээс Дарви-Эрдэнэ компани цалинг хариуцахгүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Мэдээхүү нь хариуцагч Чулуунбаатараас 3990640 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь хөлсөөр ажиллах гэрээний явцад Чулуунбаатар байгууллагын эд хөрөнгө дутаасан асуудал гаргасан гэж үзсэн. Эд хөрөнгө дутаасан асуудал нь тодорхойгүй байна. Хэрэгт нотлох баримтаар өгсөн тооцоо нийлсэн акт нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг шалгах хэрэгтэй байна. Тэгвэл нэхэмжлэлийн мөнгөн дүн өөрчлөгдөх байх гэж бодож байна. Итгэмжлэлийн асуудал яригдаж байна. Энэ нэхэмжлэлийг гаргаагүй гэж үзэж байна. Учир нь гэрээ байгуулсан 2 компаний хоорондох эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байна. Ийм учраас Дарви-Эрдэнэ ХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч Чулуунбаатар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж үзэж байгаа учраас цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Чулуунбаатарыг 6 сарын хугацаагаар авч ажиллуулсан гэж ярьж байгаа энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Арвайн үндэс компаний ажилтан гэсэн орон нутгийн албаны ажилтан биш хүнд хамаатуулж ойлгох боломжгүй. Чулуунбаатар ажил хийж ажлын үр дүн гарсан учраас цалин хөлс нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Учир нь 48000000 төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар М.Мэдээхүүгийн нэхэмжлэлтэй Ю.Чулуунбаатарт хобогдох 3,990,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг нэхэмжлэгч М.Мэдээхүүд буцааж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Ю.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй М.Мэдээхүүд холбогдох 4,334,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мэдээхүүгийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 79290 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ю.Чулуунбаатарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 84467 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч наршийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.Мэдээхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Ю.Чулуунбаатараас 3.990.940 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч М.Мэдээхүү би тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.16-ны өдрийн 299 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь нэхэмжлэгч миний зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Арвайн үндэс ХХК болон Ю.Чулуунбаатартай нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү нотлох баримтаас хариуцагчийн төлөх ёстой үлдэгдэл мөнгө харагдаж байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Ю.Чулуунбаатарыг нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн барааг дутаасан гэх үндэслэл тогтоогүй байна... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүйболгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч миний зүгээс Ю.Чулуунбаатарыг манай компанийн ажилтан биш , Арвайн үндэсХХК-ийн ажилтан гэж, харин Ю.Чулуунбаатар өөрийгөө Дарив-Эрдэнэ ХХК-ийн ажилтан мөн гэж маргаж, мэтгэлцэж байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Ю.Чулуунбаатар нь Дарив-Эрдэнэ ХХК-д... ажиллаж байсан нь талуудын шүүхэдгаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрүүгүй байгаа.. гэж дүгнэсийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Ю.Чулуунбаатарын зардлын тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагчийн тооцооны жагсаалт, хариуцагчаас авах авлагын баримт, зардлын баримтууд, Ю.Чулуунбаатарын ажилласан хугацааны тайлан мэдээ өгөлтийн баримт, гэрээтээс авч зарсан нийт барааны тооцоо,тооцооны үлдэгдлийн баталгаа гэх мэт нотлох баримтуудыг гарган өгсөн атал эдгээр нотлох баримтууд дээр дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.16-ны өдрийн 299 тоот шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.Алтангэрэл миний бие Дарив-Эрдэнэ ХХК-ний нэхэмжлэлтэй Ю.Чулуунбаатарт холбогдох төлбөр гаргуулах, Ю.Чулуунбаатарын сөрөг нэхэмжлэлтэй Дарив-Эрдэнэ ХХК-д холбогдох цалин ажлын хөлс гаргуулах тухай иргэний хэрэгт хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээний дагуу хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ю.Чулуунбаатарын өмгөөлөгчөөр оролцож байна.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн аваад уг шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.
Үүнд:
Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй тул хууль ёсны нотлох баримтанд үндэслэсэн шийдвэр байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч байгууллага болон түүний төлөөлөгч нь Ю.Чулуунбаатарыг нэхэмжлэл гаргахдаа болон шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үед, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хүртэл ажиллуулсан гэж хүлээн зөвшөөрч байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...Дарив-Эрдэнэ ХХК-д ажиллаж байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрүүгүй байгаа хэдий ч Ю.Чулуунбаатар хичээн төгрөгийн цалин, хөлс, урамшуулал авдаг байсан талаараа нотлох баримтаар нотлож чадахгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Дарив-Эрдэнэ ХХК, Арвайн үндэс ХХК нарын хооронд 2015 оны04 сард байгуулсан бүтээгдэхүүн зээлээр худалданборлуулах гэрээний хавсралтад үндсэн цалин ажлын хөлс сарын 400000, урамшуулал 150000 гэж заасан байхад
Мөн 2015 оны 9 сард Ю.Чулуунбаатарт Дарив-Эрдэнэ ХХК-ний төлөөлөгч М.Мэдээхүү нь 8 сарын эхний хагасийн ажлынхөлс гэж 200000 төгрөг өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд тайлбарласан байдаг. Үүнийг хэн ч үгүйсгээгүй маргаагүй.
Гэтэл анхан шатны шүүхээс хэчнээн төгрөгийн цалин авдаг байснаа нотлож чадаагүй гэж дүгнэсэн Ю.Чулуунбаатарыг тогтмол хугацаанд заавал цалин хөлс авсан байхыг шаардсан шийдвэр болоод байна.
Иймд Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.Мэдээхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ю.Чулуунбаатараас 3990940 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Мэдээхүү би Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч миний зүгээс Ю.Чулуунбаатарыг манай компанийн ажилтан биш, Арвайн үндэс ХХК-ийн ажилтан гэж, харин Ю.Чулуунбаатар өөрийгөө Дарив-Эрдэнэ ХХК-ийн ажилтан мөн гэж маргаж, мэтгэлцэж байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Ю.Чулуунбаатар нь Дарив-ЭрдэнэХХК-д ажиллаж байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрүүгүй байгаа гэж дүгнэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 04 сарын 30-нд Дарив-Эрдэнэ ХХК, Арвайн үндэс ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж байсан. Дарив-Эрдэнэ ХХК нь Арвайн үндэс ХХК-ийн архины борлуулалтыг хийхээр ажиллаж эхэлсэн. Энэ үед 2016 оны 08 дугаар сарын 01-нд Арвайн үндэс ХХК-ийн худалдааны төлөөлөгчийг сольж, Улаанбаатараас худалдааны баруун бүс хариуцсан менежер н.Бат-Энэрэл ирж Айр 1 телевизээр зар явуулж Ю.Чулуунбаатар гэж хүнийг над дээр авч ирээд, манай компаний ажилтан танай ажиллуулах ёстой гээд диплом аваад ирсэн. Тэгээд 08 сарын 01-нээс эхлэн Ю.Чулуунбаатар нь үйл ажиллагаагаа эхлэж, түгээлтэнд явж эхлэсэн. 2016 оны 10 сарын эхээр Дарив-Эрдэнэ компаний дансанд Арвайн үндэс компаниас Ю.Чулуунбаатарын цалин гээд 200000 төгрөгний цалин орж ирсэн. Тэр нь ямар учиртай юм бэ? гэхээр Арвайн үндэс компани төлөвлөгөө өгсөн байдаг. 20000000 төгрөг, 25000000 төгрөг гээд Ю.Чулуунбаатар нь төлөвлөгөөгөө биелүүлээгүй учраас 8 сар, 9 сард цалин аваагүй 10 сард 200000 төгрөгийн цалинг Дарив-Эрдэнэ компани дансаар жолооч, Ю.Чулуунбаатар 2-ын цалин дамжин оруулж ирсэн байдаг. Бид нарын маргааны гол агууллага нь миний зүгээс Ю.Чулуунбаатарыг манай компанийн ажилтан биш Арвайн үндэс ХХК-ийн ажилтан гэж, харин Ю.Чулуунбаатар өөрийгөө Дарив-Эрдэнэ ХХК-ийн ажилтан мөн гэж маргаад байдаг. Ю.Чулуунбаатарыг Арвайн үндэс ХХК-ийн баруун бүс хариуцсан менежер н.Бат-Энэрэл нь Ю.Чулуунбаатарыг ажилд авсан. 2017 оны 01 сарын 25-нд гэрээт борлуулагч байхаа больж, тооцоогоо хийхэд Арвай үндэс компаний ажилтан н.Бат-Энэрэлийг ирэхэд Ю.Чулуунбаатар нь өөрийн тайлан тооцоогоо өгсөн байдаг. Сар бүр Ю.Чулуунбаатар нь мэдээгээ Дарив-Эрдэнэ компанид биш Арвайн үндэс компанид өгдөг байсан. Арвай үндэс компани тэндээс борлуулалт хэрхэн хийгдэж байгаа талаар мэдээлэл авч цалинг нь бодож олгож байсан. Манай компани агуулахаас бараагаа падаанаар авч борлуулалт хийдэг байсан. Ю.Чулуунбаатар нь хөдөө явж сумуудаар борлуулалт хийхээрээ ор хоногийн мөнгөө өөрөө авдаг. Машины бинзенийг Дарив-Эрдэнэ ХХК-аас гаргаж өгдөг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Ю.Чулуунбаатарын зардлын тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагчийн тооцооны жагсаалт, хариуцагчдаас авах авлагын баримт, зардлын баримтууд, Ю.Чулуунбаатарын ажилласан хугацааны тайлан мэдээ өгөлтийн баримт, гэрээтээс авч зарсан нийт барааны тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх мэт нотлох баримтуудыг гарган өгсөн атал эдгээр нотлох баримтууд дээр дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна гэв.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан байгаа. Нэхэмжлэл гаргахдаа иргэн М.Мэдээхүү гэдгээрээ нэхэмжлэл гаргаагүй. Дарив-Эрдэнэ ХХК-ийн төлөөлөгч гэдгээрээ нэхэмжлэл гаргасан байдаг. 2017 оны 07 сараас 01 сарын 25-ны өдрийн хүртлэх хугацаанд энэ хүн ажиллахдаа ийм бараа, бүтээгдэхүүн дутаасан гэж хэлж хамгийн гол нь нэхэмжлэл дээр тэгэж бичиж оруулж ирж байгаа нь өөрөө Ю.Чулуунбаатар гэдэг хүнийг ажиллуулж байсан тухайгаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. 7 сарын хугацаанд манай байгууллагад ажиллахдаа ийм ийм зүйл архи дутаасан гэж анхан шатны шүүх дээр ярьж байсан талаар би тод санаж байна. Энэ хүн хамгийн гол нь өөрөө энэ тухай үгүйсгэхгүй байгаа нь ажиллаагүй гэж ерөөс хэлэхгүй ажиллаж байх хугацаандаа гэж яриад байсан учраас анхан шатны шүүхээс ажиллаж байсан байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ асуудал дээр хөдөлмөрийн харилцаа явагдсан уу? гэж үзэхээр бас эргэлзээтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Зөвхөн машины түрээсийн гэрээ байдаг. Энэ компаниас архи бараа, бараа бүтээгдэхүүнийг авч худалдан борлуулалт хийдэг байсан тухай асуудал байдаг. 2016 оны 01 сарын 25-наас 04 сарын 05-ныг хүртэл борлуулалт хийгээд 7 сарын хугацаанд үүссэн хохиролоо барагдуулахыг шаардсан байсан. Тэгээд 7 сарыг хүртлэх өрөө цуглуулаад тодорхой хэмжээний үлдэгдэл гарсан байгаа тэр үлдэглийг болохоор Энэ хүний ярьсан тайлбар дээр залруулага хийгээд тайлбараад явья гээд Ю.Чулуунбаатар анх орохдоо н.Пүрэвдорж гэж хүнээс 3 сая гаруй төгрөгийн зээлтэй байсан байгаа юм.Тэгээд авсаар байгаад 1 сая гаруй төгрөгийн өр үлдсэн байгааг М.Мэдээхүү гэж хүн Ю.Чулуунбаатараас нэхээд байгаа юм. Энэ хүнд та өөрөө н.Пүрэвдоржоос нэхэмжлэх бүрэн эрхтэй юм байна гэхээр энэ хүний найз нь архи авсан биз дээ гээд байгаа. Ю.Чулуунбаатар нь Арвайн үндэс ХХК-ийн архийг найз нартаа өгсөн байгаа өгөхдөө зээлээр өгсөн тэгээд тэрийгээ авч чадахгүй ийм асуудал гарсан байна. Тооцоо нийлсэн акт дээр хүлээж авсан Дарив-Эрдэнэ ХХК, хүлээлгэн өгсөн нь Арвайн үндэс ХХК гэж байдаг. Ю.Чулуунбаатарыг манай ажилтан биш гэж маргаж байна. Энэ хүнийг 7 сарын хугацаанд ажиллуулаад 200000 төгрөгийн цалин өгсөн байдаг. Энэ хүнийг орохоос өмнө 7 сард ажиллуулсан байдаг. 2016 оны 04 сарын 30-нд Дарив-Эрдэнэ ХХК, Арвайн үндэс ХХК-ийн хооронд гэрээ байгууллагдсан байдаг. Энэ гэрээн дээр хэрвээ төлөвлөгөө биелэгдсэн байх юм бол цалингийн урамшуулал өгнө төлөвлөгөө биелэгдээгүй бол өгөхгүй гэсэн тийм гэрээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Чиний төлөвлөгөө биелэгдээгүй байна. Чамд цалин урамшуулал өгөхгүй гэсэн мөртлөө ажилуулаад байдаг. Ийм асуудал гараад байна гэв.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ю.Чулуунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Намайг Ю.Чулуунбаатар гэдэг би Дарив-Эрдэнэ ХХК-нд 2017 оны 02 сарын 01-нээс 04 сарын 05-ныг хүртлэх хугацаандажилласан. Энэ хугацаандаа 250000 төгрөгийн цалин авсан бусад хугацаанд нь төлөвлөгөө биелүүлэх гээд яваад байдаг байсан. Арвайн үндэс ХХК нь маш өндөр төлөвлөгөө өгдөг. Би энэ талаар эдгээр хүмүүст хэлж байсан танай компани архи борлуулалт муу байна би ажлаасаа гармаар байна гээд хэлж байсан. Тэгээд намайг ажлаас гаргахгүй ажиллуулаад байсан. Арвайн үндэс ХХК-наас намайг 4 сар хүртэл ажил гэж хэлж байсан 1 сард ажлаа хүлээлгэж өгөөд байж байхад бас л намайг ажиллуулсаар байсан тийшээяваад тийм зүйл аваад ийшээ яваад ийм зүйл аваад ир, тийм өр цуглуулаад ир гээд байдаг байсан. Миний хувьд өр авлагаа цуглаад өрөө барагдуулж байсан. Би Дарив-Эрдэнэ ХХК-наас цалингаа нэхэмжилж байна цалингүй ажиллаж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүх хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээс зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Дарив-Эрдэнэ ХХК нь хариуцагч Ю.Чулуунбаатарт холбогдуулан бараа бүтээгдэхүүн дутагдуулсаны төлбөр 3.990.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ю.Чулуунбаатар эс зөвшөөрч Дарив-Эрдэнэ ХХК- нд холбогдуулан цалин, урамшуулалд 4.334.843 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ..
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон зохигчдийн тайлбараас үзвэл талуудын хооронд ямар маргаантай эрхийн харилцаа үүссэн болох нь тодорхойгүй байна.
Шүүх зохигчидын хооронд үүссэн маргаантай харилцааг нотлох баримтад үндэслэн эрх зүйн үндэслэлтэй тогтоохгүйгээр шууд Ю.Чулуунбаатарыг Дарив-Эрдэнэ ХХК-ны худалдан борлуулагч гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, Дарив-Эрдэнэ ХХК нь Арвай үндэс ХХК-ны хооронд хийгдсэн гэрээт борлуулагчаар хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ болон түүний хавсралтаар гэрээний талууд цалин урамшуулал тохиролцсон нь Ю.Чулуунбаатарын цалин хөлс эсэх, эсхүл Дарив-Эрдэнэ ХХК-ны урамшуулалт цалин хөлс эсэх нь тодорхойгүй байгаа, мөн Ю.Чулуунбаатар нь бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж тооцоогоо шууд Арвайн үндэс ХХК-тай хийдэг байсан талаарх баримтууд хэрэгт байгаа зэргээс Ю.Чулуунбаатар нь Арвай-Үндэс ХХК-ны болон Дарив-Эрдэнэ ХХК-ны алинтай гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдоогүй байна.
Хариуцагч Ю.Чулуунбаатарын өмгөөлөгч дээрх нөхцөл байдлыг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргасан байх ба энэ хүсэлтийг хангах нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан эрхийг зөрчснөөс гадна мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримтыг эрх зүйн үүднээс зөв тогтоосноор үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагч нарын давж заалдсан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.
2. Монгол улсын Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Дарив Эрдэнэ ХХК-ны 78950 төгрөг болон хариуцагчийн 84350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЖ.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР