Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1074

 

 

      Б.Цогтбаярт холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Батбаяр,

            шүүгдэгч Б.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1806004090549 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Батсайханы Цогтбаяр, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34-50 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УП93032550/;

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн нийт 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ял, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, хүнд ял дээр хөнгөн ялын заримыг нэмж нэгтгэн нийт 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаар захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн ялаас чөлөөлсөн;

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь:

1. 2018 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-909Б тоотод байрлах иргэн Э.Өнөрбатын өвлийн сууцны цонхоор нэвтэрч “Ленова” маркийн зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөг, нокиа маркийн гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан 540,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 29-755 тоотод байрлах иргэн Х.Бат-Өлзийгийн өвлийн сууцны цонхыг хагалж, монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн тус тус нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга 4 ширхэг, хуучин цагийн их гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, үндсэн тагштай цэвэр гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, 1 хос ээмэг зэрэг хөрөнгийг хулгайлан 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 7 дугаар гудамжны 202 тоотод байрлах иргэн Х.Азбаярын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч хөөрөг, самсунг маркийн гар утас, таблет, бугуйн цаг зэрэг хөрөнгийг хулгайлан авч 2.751.330 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 2 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1-1827 тоотод байрлах иргэн Ж.Отгонбямбын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 13:00-21:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 6-1779 тоотод байрлах иргэн Ж.Баасандалайгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 хос мөнгөн эдлэл, алтан гинж, монетон ээмэг, сувдан хослол зэрэг хөрөнгийг хулгайлан 1.676.100 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 19:40 минутийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31-532 тоотод байрлах иргэн Б.Алтантуулын өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 65.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК-ийн 1-11 тоотод  иргэн Г.Баттогтохын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 500.000 төгрөг, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг хөөрөнгийн даалин зэрэг эд зүйлийг хулгайлан 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 44-68 тоотод байрлах иргэн У.Одгэрэлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-555 тоотод байрлах иргэн Б.Энхбаярын эзэмшлийн зуны байшингийн цонхоор, хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний нэхий дээл, 2 ширхэг хэтэвч, 2 ам.доллар, бэлэн 30.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан 350.994 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 12 дугаар сарын 9-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15-78 тоотод байрлах С.Мижиддоржийн гэрт хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар 1.244.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16-11 тоотод байрлах Ж.Баасандоржийн өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын халтар манан хөөрөг, мөнгөн аяга, зөөврийн компьютер, морин хуурын мөнгөн тоног, мөнгөн гинж, бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан 7.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-32 тоотод байрлах Э.Билгүүний өвлийн орон сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, монетон бөгж, гинж, мөнгөн бөгжнүүд, хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан 3.830.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 15-260 тоотод байрлах иргэн Д.Гүрсэдийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн хазаар, төмөр гаасны толгой зэрэг хөрөнгийг хулгайлан 2.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах иргэн Ж.Дорждэрэмийн өвлийн орон сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, том өрөөний шүүгээнд байсан 5 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хулгайлан 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24 дүгээр гудамжны 268в тоотод байрлах А.Баянбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч, “Dell i 3” маркийн зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж, ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэрэг хөрөнгийг хулгайлан 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 2-3 тоотод байрлах иргэн Н.Цагаанбаатарын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг хөрөнгийг хулгайлан 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7-206 тоотод байрлах иргэн Б.Отгонбилэгийн гэрт хууль бусаар нэвтэрч, алтан, монетон бөгж, мөнгөн бөгж, монетан ээмэг, их гарын, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, эрэгтэй тоногтой бүс, эмэгтэй мөнгөн тоноглолтой 1 ширхэг манан хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан 2.626.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9-1 тоотод байрлах иргэн Э.Энхболдын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтэрч компрессор, трупп малгайлагч, дрилл зэрэг хөрөнгийг хулгайлан 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсгийн 640 тоотод байрлах иргэн П.Хувьзаяагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн гинж, эрэгтэй хүний хүзүүний гинж, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, сувдан шигтгээтэй зүүлт, 4 ширхэг мөнгөн аяга, “эс4” маркийн гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Цогтбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Цогтбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Цогтбаярыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 170 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаяраас 34.013.424 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Өнөрбатад 540.000 төгрөг, Х.Бат-Өлзийд 5.200.000 төгрөг, Х.Азбаярт 2.751.000 төгрөг, Ж.Отгонбямбад 300.000 төгрөг, Д.Баасандалайд 1.676.100 төгрөг, Б.Алтантуулд 65.000 төгрөг, Г.Баттогтоход 690.000 төгрөг, У.Одгэрэлд 240.000 төгрөг, Б.Энхбаярт 350.994 төгрөг, С.Мижиддоржид 1.244.000 төгрөг, У.Баасандоржид 7.715.000 төгрөг, Э.Билгүүнд 3.830.000 төгрөг, Д.Гүрсэдэд 2.510.000 төгрөг, Ж.Дорждэрэмд 1.120.000 төгрөг, А.Баянбаатарт 590.000 төгрөг, Н.Цагаанбаатарт 1.740.000 төгрөг, Б.Отгонбилэгт 2.626.000 төгрөг, Э.Энхболдод 410.000 төгрөг, П.Хувьзаяад 415.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хүзүүний шар өнгийн металл гинж 1 ширхэг, шар өнгийн металл бугуйвч 1 ширхэг, хүрэн өнгийн чулуун шигтгээгтэй цагаан өнгийн сүүжин хэлбэртэй ээмэг 1 хос, хас хээ бүхий дүрстэй цагаан өнгийн металл бөгж 1 ширхэг, нарийн сураар оосорлосон шар өнгийн нүхтэй зоос 9 ширхэг, хөөрөгний бор өнгийн чулуун толгой 1 ширхэг, улаан хүрэн өнгийн чулуун толгойтой бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, модон халбага 1 ширхэг, улаан шар өнгийн даалин, ногоон улаан өнгийн даалин 2 ширхэг зэргийг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалж, улсын орлогод оруулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэлхээтэй түлхүүр 2 ширхэг, хар өнгийн автомашины түлхүүр 1 ширхэг, кингстон гэх бичигтэй зөөврийн плаш диск 1 ширхэг, хүрэн, хар өнгийн бүс 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сумыг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлж, 1 ширхэг хар өнгийн цүнхийг шийтэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цогтбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Цогтбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаан болохоос өмнө Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Э.Ундраххэрлэн болон Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Раднаабазар нарт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Бүрнээбаатарт 2 удаа мэдүүлэг өгсөн байсан хэрэг, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст миний хурууны хээтэй 49 инчийн “Haier” брэндийн лед зурагт хулгай хийсэн үйлдлүүдээ нэгтгүүлж шийдүүлье гэж удаа дараа хэлсэн боловч миний үгийг хүлээж аваагүй. Мөн 9 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хурал дээр энэ бүхнийг хэлсэн боловч намайг нотлох баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр миний хүсэлтийг хүлээж аваагүй. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, хийсэн хэргүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулалгүй дээрх 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Б.Цогтбаяр нь энэ хэргээс гадна өөр хэрэг байгаа талаар мэдүүлэг өгсөн. Тухайн үед прокурор Ундраххэрлэн болон 3 дугаар хэлтсийн Раднаабазар, 2 дугаар хэлтсийн Бүрнээбаатар нарт 2 удаа мэдүүлэг өгсөн гэдэг боловч прокуророос “…энэ талаар ямар ч бүртгэгдсэн зүйл байхгүй. Би яллах дүгнэлт бичихдээ бүгдийг нь шалгасан…” гэсэн. Тийм учраас энэ нөхцөл байдал нь тухайн үед нотлогдоогүй. Түүнээс хойш мэдэгдсэн зүйл байхгүй байна. Хэрэв шүүгдэгчийн хэлж байгаагаар өөр хэрэг байгаа бол нэгтгэж шийдвэрлэвэл эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж үзэж байна...” гэв.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарч байгаа. Шүүгдэгчийн хэлсэн зүйлийг прокурор болон мөрдөн байцаагчийн сангаар болон бусад байдлаар бүгдийг шалгасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нь тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байгаа гэсэн үг. Хэрэв хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гардаг. Өөрөөр хэлбэл тийм хэрэг байгаа тохиолдолд шүүгдэгчийн гаргаж байгаа хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлж, нэр бүхий 19 хохирогчид нийт 34.013.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хулгайд эд зүйлээ хэрхэн яаж алдсан тухайгаа тус тус мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлсийн үнэлгээний комиссын дүгнэлт, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гарын хээ нь Б.Цогтбаярынхтай тохирсон тухай Криминалистикийн шинжээчийн 2382, 06/284, 06/256, 06/253, 174, 2173, 2143, 02/161 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Цогтбаярын үйлдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Шүүгдэгч Б.Цогтбаярын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн давтамж, цаг хугацаа болон өөр бусад орлогогүй зэргээс үзэхэд тэрээр хулгайн гэмт хэргийг байнга, тогтвортой шинжтэй үйлдсэн байх тул хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх Б.Цогтбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Б.Цогтбаяраас “дээрх 19 үйлдлээс гадна өөр хулгайн үйлдлээ хамтруулан шийдвэрүүлэх хүсэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Цогтбаяр нь дээрх тогтоогдсон 19 хулгайн гэмт хэргээс өөр гэмт хэрэг үйлдсэн байж болох нотлох баримт хэрэгт байхгүй, энэ талаар шүүхэд шинээр өгсөн баримтгүй тул түүний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

                       ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                 Б.ЗОРИГ