Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00235

 

ЭССС ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00652 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 828 дугаар магадлалтай,

ЭССС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О ХХК, Л.Т-, Т.О- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 579.217.960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ЭССС ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...О ХХК нь санхүүгийн боломжгүй байдлаа ТУЗ-д танилцуулан албан ёсоор хүсэлт гаргасны дагуу 2015.05.01-ний өдрийн 02/2015 тоот зээлийн гэрээ, 2015.04.30-ны өдрийн 01/2015 тоот барьцааны гэрээнүүдээр 327.864.000 төгрөгийг жилийн 4 хувийн хөнгөлттэй хүүтэй 12 сарын хугацаатай манай компанийн Хаан банк дахь тусгай хадгаламжийг барьцаалж Хаан банктай зээлийн гэрээ байгуулсан боловч ТУЗ-ийн зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж 360.000.000 төгрөг болгон дур мэдэн зээл авсан. мөн гэрээгээр бага хүүтэй мөнгө зээлсний урамшуулалд 13.112.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Л.Т- нь тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирал байснаа ашиглан хадгаламжийг дур мэдэн дахин барьцаалан сунгуулах замаар эрсдэлд оруулсаар 2017.07.20-нд манай барьцаагаар Хаан банкны зээлээ төлүүлсэн. Аргагүй байдлаа компанийн ТУЗ-д танилцуулан хүсэлт тавьж амлалт өгснөөр компанийн ТУЗ-өөр оруулж 445.174.867 төгрөгийн зээл авч 2017.12.25-нд үл маргах журмаар төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан, зээлийг төлөөгүй тохиолдолд ХУД-ийн 96 дугаар байрны 5 орон сууцны 229 м.кв талбайг 1 м.квыг 1.450.000 төгрөгөөр өгөхөөр барьцаанд тавьсан. Хариуцагчид итгэл хүлээлгэн зээлийн хугацаа болон барьцаа хөрөнгө дээр хөнгөлөлт үзүүлсээр байхад зээлийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Анх 2015.05.01-ний өдөр 327.000.000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээ байгуулахгүй сунгаж явж байгаад төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор өөрсдөө оруулж хэлэлцүүлж сунгаж явж байгаад сүүлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 445.174.967 төгрөгийн үндсэн зээл төлөхөөр тохиролцсон. 2017.07.20-нд 445.174.967.2 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2019.03.05-ны өдрийн байдлаар 187.000.304 төгрөгийг үндсэн төлбөрөөс төлж, 257.870.967 төгрөг үлдсэн. Хуримтлагдсан хүү 2017.07.20-ны өдрөөс 2018.02.28-ны өдрийн эргэн төлөлт 20.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хассан дүнгээс хүү бодож, хуримтлагдсан хүү 110.581.236 төгрөг болж байна. 2017.12.25-ны өдрөөс хойш алданги тооцож, 213.548.334 төгрөг болж байна. 2019.03.05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 257.870.967 төгрөг, хуримтлагдсан хүү 110.581.236 төгрөг, алданги 128.935.483 төгрөг нийт 497.387.687 төгрөгийг хариуцагч О ХХК, Л.Т-, Т.О- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь О ХХК болон ЭССС ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул уг нэхэмжлэлийн хариуцагч нь гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн этгээд болох О ХХК байна. Иргэний хуулийн 34 дугаар зүйлд заасны дагуу компани нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцдог, иргэний эрх зүйн бие даасан субъект төдийгүй Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж зохицуулсан байдаг. Тиймээс О ХХК-ийн ерөнхий захирал Л.Т- болон тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Т.О- нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасан хариуцагч гэх тодорхойлолтод хамаарахгүй. Уг гэрээгээр Л.Т-, Т.О- нар нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00652 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч О ХХК-иас 445.174.967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭССС ХХК-д олгож, хариуцагч Л.Т-, Т.О- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.054.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.383.825 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭССС ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 828 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-иас 410.846.147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭССС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86.541.540 төгрөг болон хариуцагч Л.Т-, Т.О- нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ... 2.383.825 ... гэснийг 2.212.180 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419.013,6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.383.825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, зээлийн гэрээний хүүг зээлийн гэрээний хугацаанд бодсон нь үндэслэл бүхий болсон боловч гэрээний дагуу алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан талуудын тайлбар, үйл баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн судлаагүй, хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 208 дугаар зүйлийн 208.2 дах хэсгүүдийг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс хэрэгжүүлэх боломжтой шаардах эрх юм. Алданги шаардахын тулд нэн тэргүүнд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байх ёстой. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017.12.25-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байсан тул талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч компанийн 2018 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцэн хувьцаа эзэмшигчдийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дах хэсэгт заасны дагуу үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа өгсөн байдаг. Л.Т- нь нэхэмжлэгч компанийн нэг хувьцаа эзэмшигчийн хувьд уг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон бөгөөд хурлаас зээл төлөх нэмэлт хугацаа олгоё гэсэн шийдвэр гарсан. Харин нэхэмжлэгчийн зүгээс уг хурлын шийдвэрийг шүүхэд гаргаж өгөөгүй хэдий ч нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Төлбөрийн асуудлаар хариуцагчид олон удаа хандаж, нөхцөл байдал, хүндрэлтэй байдлыг харгалзан өөрсдийг нь байлцуулан шийдвэр, тэмдэглэл олон удаа гаргасан гэж тусгаснаас харахад нэхэмжлэгч ч мөн уг үйл баримтыг зөвшөөрсөн гэж харагдаж байгаа юм. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс тодорхойгүй хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон учраас 2018 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч компани нэг ч удаа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг бидэнд тавиагүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр уулзахад зээлийг 2018 оны 11 сарын 01-ний дотор төлөхийг шаардсан боловч манай компанийн зүгээс уг хугацаанд төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байна гэсэн. Үүнийг нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч дурдсан байдаг. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч компани нь 2018 оны 3 сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас хойш 2018 оны 9 дүгээр сар хүртэл нэг ч удаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй бөгөөд шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 208.2-т заасны дагуу нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг шаардаж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс хариуцагч “О” ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232.6 дах хэсгийг үндэслэн гэрээний алдангид 128.477.440 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг тооцохдоо Иргэний хуулийн 222.6 дах хэсэг болон Иргэний хуулийн 225.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаатай болсон байна. Иргэний хуулийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй” гэж заасан байхад шүүх алдангийн хэмжээг тооцохдоо төлөгдөөгүй үндсэн зээл болон хүүгийн нийлбэрээс тооцсон нь Иргэний хуулийн 222.6-д нийцээгүй байна. Цаашлаад Иргэний хуулийн 225.1-д гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2018.09.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх буюу ийнхүү нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлах саналыг гаргасан гэж үзнэ. Анз буюу алданги нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга тул гэрээ цуцлагдсан тохиолдолд анзын зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд л алданги тооцох ёстой байхад давж заалдах шатны шүүх 2019.02.25-ны өдрийг хүртэл алданги тооцсон нь хуульд нийцээгүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, алданги 128.477.440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, магадлалын үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  ЭССС ХХК, хариуцагч О ХХК, Л.Т-, Т.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 579.217.960 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 257.870.967 төгрөг, хүү 110.581.236 төгрөг, алданги 128.935.483 төгрөг, нийт 497.387.687 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч Л.Т-, Т.О- нар зээлийн гэрээнд оролцож үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх, хариуцагч О ХХК-с 445.174.967 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Л.Т-, Т.О- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, О ХХК-с 410.846.147 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ЭССС ХХК, хариуцагч О ХХК-ийн хооронд  байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

Зохигчийн хооронд 2015.05.01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, гэрээнд тодотгол хийсэн 2017.7.20-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч О ХХК нь зээлдүүлэгч ЭССС ХХК-с 445.174.697 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон боловч үндсэн зээлээс 187.304.000 төгрөг төлж бусад үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлжээ.

Хариуцагчаас 445.174.967 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхой бус, үндсэн зээл, хүү, алданги гаргуулах шаардлага тус бүрт дүгнэлт өгч зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлоогүй алдааг давж заалдах шатны шүүх залруулжээ.

Үндсэн зээлийн үлдэгдэл 257.870.967 төгрөг болохыг зохигч маргаагүй тул энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

Зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд зээлдэгч сар бүр 1.9 хувийн хүү төлөхөөр талууд хэлэлцэн тохирсон байх тул сар бүрийн хүүг гэрээний хугацаа буюу 5 сараар тооцон 24.497.740 төгрөг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Зээлдүүлэгч гэрээний үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон, талууд тохирч зээл эргэн төлөх гэрээний нөхцөлийг өөрчилж хугацаагүй болгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учир энэ талаархи хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлжээ. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээнд заасан, гэрээний хугацаагаар бодогдох хүүгийн нийлбэр болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх зохицуулалтын агуулгад тусгагдсан байна.

 Зохигчийн байгуулсан гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр талууд тохирсон байна. Гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах эрхийг үүсгэх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017.12.20-ны өдрөөр дуусгавар болсон тул зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасантай нийцнэ. Иймд хариуцагч О ХХК-с алдангид 128.477.440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭССС ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз тооцохгүй гэсэн нь мөн зүйлийн 222.5-д заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхөд хамааралтай, тодруулбал, хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх бол энэхүү хүүгээс анз тооцдоггүй байна.

Л.Т-, Т.О- нар зээлийн гэрээний оролцогч тал биш гэсэн үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 828 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 800.340 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ