Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2104

 

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02104

 

 

З.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СБД-ийн ЗД-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 20 331 430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Н нь 1998-2014 оны 07 дугаар cap хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын 1 ба 3 дугаар байрны дунд газар ашиглах актын дагуу 5x8 хэмжээний павилон барьж, ХД/8-01 бүртгэлийн дугаартай "Цагаан шувуут" хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан.

Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэлгүйгээр хувийн өмчид халдаж дэлгүүрийн барилгыг нурааж дотор нь байсан дэлгүүрийн шилэн лангуу болон хөргөгч гэх мэт зүйлийг дахин ашиглах боломжгүй болгосон байсан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд СБД-ийн ЗД-ын газар чөлөөлөх талаар гаргасан шийдвэрт гомдол гаргасанаар тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 тоот шийдвэр гарч Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоосон.

Хууль бус шийдвэрээр газар чөлөөлөхтэй холбогдон гарсан эд хөрөнгөд учирсан хохирол болох 20 331 430 төгрөгийг СБД-ийн ЗД-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ багасгаж байна.

Хөргөгчний үнэ 274 984 төгрөг, 4 ширхэг лангуу, тавиур 73 329 төгрөг, павилионы үнэ 19 983 116 төгрөг нийт 20 296 116 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч З.Н нь эрх бүхий этгээдээс олгосон шийдвэргүйгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж улмаар хүнсний дэлгүүр буюу павилион ажиллуулж байсан байдаг. Газрын тухай хуулийн дагуу газар албадан чөлөөлөх шийдвэр гарч, ажиллагаа хийгдсэн.

Тухайн газарт Засаг даргын 437 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрх олгогдсон байдаг. Газар чөлөөлөх тухай шаардах хуудсыг З.Н гуайд өөрт нь гардуулж өгч байсан боловч тухайн үед мэргэжилтнүүд нь олон солигдож байснаас шалтгаалаад захиргаа хийсэн ажлаа баталгаажуулж чадаагүй байдаг. Үүнээс болоод Захиргааны хэргийн шүүхэд захиргааг буруутгасан шийдвэр гарсан. Уг шийдвэрт газар ашиглах эзэмших эрхгүйгээр нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсныг мөн дурдсан. Иймд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо үнэлүүлсэн үнэлгээний тайланг, шүүхээс шинжээч томилсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээний аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага батлана гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн үнэлгээний тайланд захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд байхгүй, хүчин төгөлдөр бус актаар үнэлгээг хийсэн. Үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу шинж байдлыг дурдсан зүйл байдаггүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийи 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан СБД-ийн ЗД-аас 20 178 116  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153.314 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 258 840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөв.

Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид учирсан хохирол нь хохирогчоос өөрөө санаатай буюу илт болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох талаар хуулийн зохицуулалтыг тухайн хэрэгт хэрэглэж болох байсныг хэрэглээгүй.

Иргэн З.Н нь эрх бүхий этгээдээс олгосон шийдвэргүйгээр тус дүүргийн 8 дугаар хороонд байрлах 1, 3 дугаар байрны дунд нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмшиж, 1999-2014 оны хооронд “Цагаан шувуут” түргэн үйлчигээний цэг буюу хүнсний дэлгүүр ажиллуулж байсан.

Улмаар дүүргийн Засаг дарга, өмч газрын харилцааны албанаас 2009 оноос хойш Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгч газар чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн ч нэхэмжлэгч биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргаас газрыг албадан чөлөөлөх захирамж гарч Газрын албанаас газрыг албадан чөлөөлсөн.

Шүүхээс нэхэмжлэгч нь төрийн байгууллагын зүгээс удаа дараа мэдэгдсээр байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасны дагуу учирч болох хохирлыг мэдсээр байж санаатайгаар урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, зөвшөөрөлгүй тухайн газарт үйл ажиллагаа явуулж орлого олж байсан бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн илтэд болгоомжгүй үйлдэл хамааралтай гэсэн хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч СБД-ийн ЗД-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20 331 430 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын 1 ба 3 дугаар байрны зүүн талд газар ашиглах актын дагуу 5Ч8 хэмжээний павилонд З.Н нь “Цагаан шувуут" хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан бөгөөд СБД-ийн ЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Албадан буулгаж газар чөлөөлөх тухай” 210 дугаар захирамжийн дагуу газар чөлөөлөх ажиллагаа явагдсан, уг ажиллагаагаар нэхэмжлэгчийн өмчлөлийн павилоныг буулгасан  үйл баримтын хувьд маргаангүй байна.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр СБД-ийн ЗД-аас хэрэгжүүлсэн газар чөлөөлөх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, уг ажиллагаа хууль бус болохыг тогтоосон.

 

            Нэхэмжлэгчийн хөрөнгөд хохирол учирсан, хохирол учирсан явдал нь хариуцагчийн буруугаас болсон, шалтгаант холбоо тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгчийн павилоныг буулгаснаар бүхэлдээ болон лангуу, хөргөгч тус тус эвдэрсэн тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо мөнгөн хөрөнгөөр шаардах эрхтэй.

 

            “ДД” ХХК-ийн үнэлгээчний тайлан 2015 оны байдлаар павилон, лангуу, хөргөгчийг 17 810 333 төгрөгөөр үнэлсэн бол “Л” ХХК-ийн үнэлгээгээр 2016 оны байдлаар зах зээлийн үнэ цэнийг 20 937 238 төгрөгөөр тогтоосон ба хэргийг 2017 онд шийдвэрлэж буй тул 2016 оны үнэлгээг илүү бодитой гэж дүгнэнэ. Иймд шинжээчийн үнэлгээгээр павилоныг 20 937 238 төгрөг гэж үнэлсэн байхад нэхэмжлэгч 19 983 116 төгрөгөөр хохирлыг тодорхойлсон тул нэхэмжлэгчийн шаардлагаар тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь лангууг 45 000 төгрөгөөр, хөргөгчний хохирлыг 150 000 төгрөгөөр тодорхойлсон нь шинжээчийн үнэлгээнээс доогуур байх тул хохирлыг нэхэмжлэгчийн тодорхойлсноор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөлгүй тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан, хохиролд нэхэмжлэгчийн өөрийн илтэд болгоомжгүй үйлдэл хамааралтай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч үнэлгээ зөвшөөрөхгүй гэх боловч шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч СБД-ийн ЗД давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА