Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/02065

 

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 03 өдөр                 Дугаар 181/ШШ2017/02065                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................оршин суух, Хайрхан овогт З.Н/Регистрийн дугаар:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................................., СБДЗД-д холбогдох

Гэм хорын хохиролд 20.331.430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б., иргэдийн төлөөлөгч Р.Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө...... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие 1998-2014 оны 07 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын 1 ба 3 дугаар байрны дунд газар ашиглах актын дагуу 5x8 хэмжээний павилонд ХД/8-01 бүртгэлийн дугаартай “Цагаан шувуут” хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр надад мэдэгдэлгүйгээр миний хувийн өмчид халдаж дэлгүүрийн барилгыг нурааж дотор нь байсан дэлгүүрийн шилэн лангуу болон хөргөгч гэх мэт зүйлийг дахин ашиглах боломжгүй болгосон. Дээрх учирсан хохирлын хэмжээгээ бид хөрөнгө үнэлгээ, худалдааны, зуучлалын Дабль дөрөөт ХХК-иар үнэлгээ хийлгэж хохирлоо тодорхойлуулсан. Дээрх Засаг даргын газар чөлөөлөх талаар гаргасан шийдвэрт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасанаар тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 тоот шийдвэр гарч Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоосон. Иймд хууль бус шийдвэрээр газар чөлөөлөхтэй холбогдон гарсан эд хөрөнгөд учирсан хохирол болох 20.331.430 төгрөгийг СБДЗДас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэгч дэлгүүрийг 1998 онд барьж, 2010 онд нэмэлт засан сайжруулалт хийсэн байдаг. Уг павильоныг Засаг даргын шийдвэрийн дагуу албадан буулгахад дотор нь 1 ширхэг престиж маркийн хөргөгч, шилэн лангуу, тавиур 4 ширхэг байсан. Энэ нь нураах үед авсан газрын албаны өөрийн гаргаж өгсөн зураг дээр байгаа.  Иймд хөргөгчний үнэ 274.984 төгрөг, 4 ширхэг лангуу, тавиур  73.329 төгрөг, павильоны үнэ 19.983.116 төгрөг нийт 20.296.116 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иргэний хуульд бодит учирсан хохирлыг гаргуулахаар зохицуулсан байдаг хэдий ч нэхэмжлэгч павилионыг 1998 онд бариулж, 2000 оны байдлаар 11.600.000 төгрөгний үнэтэй байсан. Одоо тухайн үеийн ханшаар хохирлыг тооцвол нэхэмжлэгчийн нураагдсан 5х8 хэмжээний павилионыг тэр үеийн өртөгөөр барьж бий болгох боломжгүй. Энэ нь нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг бүрэн нөхөн сэргэхгүй гэж үзэж байна. Иймд өнөөгийн зах зээлд дээрх хэмжээний павилион барихад гарах өртөг зардлыг шинжэээч үнэлгээ хийж тогтоосон хэмжээгээр тооцон нэхэмжилж байгаа болно гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч З.Н нь эрх бүхий этгээдээс олгосон шийдвэргүйгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж улмаар хүнсний дэлгүүр буюу павильон ажиллуулж байсан байдаг. Иймд Газрын тухай хуулийн дагуу газар албадан чөлөөлөх шийдвэр гарч, ажиллагаа хийгдсэн.  Тухайн газарт Засаг даргын 437 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрх олгогдсон байдаг. Газар чөлөөлөх тухай шаардах хуудсыг З.Н гуайд өөрт нь гардуулж өгч байсан боловч тухайн үед мэргэжилтнүүд нь олон солигдож байснаас шалтгаалаад захиргаа хийсэн ажлаа баталгаажуулж чадаагүй байдаг. Үүнээс болоод Захиргааны хэргийн шүүхэд захиргааг буруутгасан шийдвэр гарсан. Уг шийдвэрт газар ашиглах эзэмших эрхгүйгээр нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсныг мөн дурдсан. Иймд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна.  

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Цагаан шувуут нэртэй хүнсний павилоныг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буулгасан ба З.Н гуайд 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан байдаг.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо үнэлүүлсэн үнэлгээний тайланг, мөн шүүхээс шинжээч томилсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээний аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан байдаг.  Гэтэл шинжээчийн үнэлгээний тайланд захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд байхгүй, хүчин төгөлдөр бус актаар үнэлгээг хийсэн. Үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу шинж байдлыг дурдсан зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.          

            Нэхэмжлэгч З.Н нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20.331.430 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 20.296.116 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх боловч нэхэмжлэгч З.Нгээс төлөөлөгч Ц.А. олгосон 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхийг олгоогүй байх тул шүүхэд анх гаргасан хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр З.Нгийн нэхэмжлэлтэй СБДЗДд холбогдох Засаг даргын 2013 оны 210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэжээ. /хх 16-21 дэх тал/

Уг шийдвэрт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байрны урд байрлах “Цагаан шувуут” нэртэй хүнсний дэлгүүрийг нэхэмжлэгч З.Н ажиллуулж байсан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Албадан буулгаж газар чөлөөлөх тухай” 210 дугаар захирамжийн дагуу  2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн дэлгүүрийг албадан буулгасан, ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэхдээ захиргаа холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаагүй болохыг тус тус дурдаж, Засаг даргын захирамжийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл хийсэн болон гэм буруугийн асуудалд маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч нь  нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөлгүйгээр тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан, хохиролд нэхэмжлэгчийн өөрийн илтэд болгоомжгүй үйлдэл хамааралтай тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж  уг газрыг ашиглаж байсан гэж үзэх боломжгүй тухай дүгнэсэн байх тул дээрх татгалзал үндэслэлгүй.  

Иймд хариуцагчийн илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гарган газар чөлөөлөх ажиллагаа хийсний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тогтоолгохоор “Лэндс” ХХК-г шинжээчээр томилж, шинжээч павилионыг 20.937.238 төгрөг гэж, харин шилэн лангуу, хөргөгчийн мэдээлэл дутуу тул үнэлэх боломжгүй тухай дурдсан байна.  /хх56-58 дахь тал/

            Хариуцагч  шинжээчийн дүгнэлтийг үнэлгээ хийхэд баримталсан тушаал шийдвэр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актад /www.legalinfo.mn/ байхгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч  шинжээч үнэлгээг хийхдээ Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоол, Зам тээвэр хот байгуулалтын сайдын 2011 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан барилгын нэгжийн үнэлгээг харгалзан хийсэн тухайгаа дүгнэлтдээ дурдсанаас гадна дээрх баримтласан тогтоол, тушаалыг хууль тогтоомжийн цахим нэгдсэн санд /www.legalinfo.mn/ байршуулаагүй явдал дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй болно. Хариуцагч шинжээчийн үнэлгээ их бага гэж, эсхүл павилионы хийц материал өөр байсан гэх зэргээр өөр бусад байдлаар дүгнэлтэд маргаагүйг дурдах нь зүйтэй.  

Түүнчлэн хариуцагч павилионыг албадан буулгахад дотор байсан 4 ширхэг шилэн лангуу, 1 ширхэг хөргөгч устсан гэдэгт маргаагүй байна.

Шинжээч дэлгүүрийн зориулалттай 5х8 хэмжээтэй павилионыг 20.937.238 төгрөгөөр үнэлсэн ч нэхэмжлэгч 19.983.116 төгрөгөөр тооцон нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээгээр хариуцагчаас гаргуулав.

Харин нэхэмжлэгч 4 ширхэг шилэн лангуу 73.329 төгрөг, 1 ширхэг престиж хөргөгч 274.984 төгрөг гэж нэхэмжилж байх хэдий ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа лангууг 45.000 төгрөгийн өртөгөөр хийлгэсэн, хөргөгчийг 150.000 төгрөгөөр худалдан авсан байсан гэж тайлбарласан тул дээрх зардалд нийт 195.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд эд хөрөнгөд учирсан хохиролд хариуцагчаас нийт 20.178.116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан СБДЗДас 20.178.116 /хорин сая нэг зуун далан найман мянга нэг зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153.314 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 258.840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ

                       

                           ШҮҮГЧИД                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

                                                                                           С.ЭНХБАЯР