Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2103

 

 

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02103

 

 

 “ЭЭПД” ХХК, Б.Ө нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01709 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК,

Нэхэмжлэгч Б.Ө нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Б.Дд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 33 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “ЭЭПД” ХХК нь Б.Д-тай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагч нь   288 000 000 төгрөгийг тодорхой графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн.

Гэрээнд зааснаар төлбөр төлөх хуваариар  хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа 30 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 12 сарын хугацаанд 13 166 000 төгрөгийг cap бүр ижил хэмжээгээр төлөхөөр  харилцан тохиролцсон.

Гэтэл Б.Д нь 2015 оны 11 дүгээр сард  3 000 000 төгрөг, гэрээний явцад 20 050 000 төгрөг, сүүлд 10 000 000 төгрөгийг нэмж төлж нийт 33 050 000 төгрөгийг төлсөн. Төлбөрийг төлөх талаар түүнд удаа дараа мэдэгдэж байсан. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж, төлбөр төлөх хуваарийг  дахин тохирсон. 2017 оны 6 дугаар сард байрны бүх төлбөрийг төлж барагдуулна гэж, тодруулбал 2017 оны 1 дүгээр сард 10 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 10 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 10 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 100 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 100 000 000 төгрөг төлөхөөр тохирсон боловч  төлбөр огт төлөгдөөгүй.

Манай зүгээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн. Иймд гэрээг цуцалж,  хохирол шаардаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д гэрээ цуцлагдаж захиалагч орон сууцыг ашиглаж байсан бол ашигласан хугацааны туршид нэг сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэсэнд тооцохоор тохирсон, Б.Д гэрээний үүргээ зөрчиж, түүний буруугаас гэрээ цуцлагдаж байгаа тул 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 2017 оны 7 дугаар сарын 12-ныг хүртэл 20 cap орон сууц ашигласныг түрээслэсэнд тооцож  60 000 000 төгрөг болсон тул хариуцагч талаас урьдчилгаанд төлсөн 33 050 000 төгрөгийг хасаж, 26 950 000 төгрөг нэхэмжилж байна.

Мөн гэрээний 6.4-д зааснаар захиалагч талын санаачилгаар гэрээг зайлшгүй цуцлах тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээний дагуу хийгдсэн төлбөрийн 20 хувийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсаны торгууль болгож захиалагчаас суутгаж авна гэж заасныг үндэслэж хариуцагчийн төлсөн төлбөрийн 20 хувь буюу торгуулийг нэмж тооцож /33 050 000х20%/=6 610 000 төгрөг болсон.

 Хамтран нэхэмжлэгч Б.Ө нь “ЭЭПД” ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа. Учир нь энэ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр  гарсан. Тэрээр компанийн захирал Б.Тогтохбаярын төрсөн дүү бөгөөд энэ орон сууцыг авна гэсний дагуу нэрийг шилжүүлсэн боловч тэрээр орон сууцыг  авах боломжгүй болсон. Тэрээр өмчлөх эрхээ шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаарх тайлбараа “ЭЭПД” ХХК-д гаргасан. Ингээд дээрх орон сууцыг Б.Дд худалдахаар болж, гэрээг байгуулсан. Иймд зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас үүссэн хохирол 26 950 000 төгрөг, торгууль 6 610 000 төгрөг, нийт 33 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанитай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 288 000 000 төгрөгийг тодорхой хуваарийн  дагуу хоёр жилийн хугацаанд төлөхөөр тохирсон. Уг төлбөрөөс 33 050 000 төгрөг төлж, бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор өөр төлөлт хийгээгүй.

 Гэрээ цуцлагдах юм бол cap бүр 3 000 000 төгрөгөөр тооцож төлбөр авах нь хэтэрхий хатуу заалт байна зөвшөөрөхгүй гэж тэр үед нь хэлэхэд н.Ундрахбаяр захирал энэ төлбөр нь байрны үнэндээ багтаад явна гэж тайлбарлаж байсан. Гэтэл 33 050 000 төгрөг төлчихөөд дахиад 30 000 000 төгрөг төлж, бүтэн байр авах мөнгө өгсөн байж, одоо байр ч үгүй, юу ч үгүй үлдэж байгаа нь хохиролтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар “Эм Эс Пи Ди ХХК, Б.Д нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалснаас үүссэн үр дагавар буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Номун виллаж цогцолбор хорооллын 100/6 дугаар байр, 19 тоот 107.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон B2-G78 тоот автомашины зогсоолыг Б.Дгийн эзэмшил ашиглалтаас шилжүүлж, “ЭЭПД” ХХК-д, “ЭЭПД” ХХК-иас 33 050 000 төгрөгийг гаргуулж Б.Дд олгож, Б.Дгаас 33 560 000 төгрөг нэхэмжилсэн “ЭЭПД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 700 төгрөгнөөс 325 750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас илүү төлсөн 110 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

 Шүүх гэрээний зохицуулалтыг тайлбарлахдаа дан ганц үгийн шууд утгыг анхаарсан ба Иргэний хуулийн 41, 198 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр шийдвэр гаргаснаар  талуудын бодит хүсэл зоригийг тогтоож чадаагүй болно.

Тодруулж хэлбэл үүргийн зөрчлийн улмаас гэрээний аль нэг талын санаачлагаар гэрээний харилцаа дуусгавар болох тохиолдолд хохирлын хэмжээг тухайн орон сууцыг ашигласан хөлсөөр буюу сарын 3 000 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Шүүхээс торгуульд 6 610 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.

Торгууль нь анзын нэг, төрөл юм. Гэрээгээр анз тогтоох зорилго нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээнээс татгалзсаны улмаас бий болсон хохирлыг нөхөн төлүүлэх баталгааг бий болгоход оршдог. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний энэ харилцааг зохицуулсан зохицуулалтыг бүрэн үгүйсгэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК болон Б.Ө нар нь хариуцагч Б.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохиролд 33 560 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “ЭЭПД” ХХК болон Б.Д нарын хооронд  2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номун виллаж цогцолбор хорооллын 100/6 тоот байрны 19 тоот 3 өрөө орон сууц, В2-G78 тоот автомашины зогсоолыг худалдах, худалдан авагч нь 288 000 000 төгрөгийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар маргаангүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Гэрээний зүйл болох орон сууц нь Б.Ө-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч уг орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс Б.Ө татгалзсаны үндсэн дээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Д-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний зүйлийн өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага болох үйл баримтын талаар талууд маргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөд хүү тохирсон байдал тогтоогдохгүй тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэхгүй юм.

 

Хариуцагч гэрээгээр тохирсон хуваарийг зөрчсөн, гэрээний үнэд 33 050 000 төгрөг төлөгдсөн байдал тогтоогдсон.

 

Гэрээний үнэ төлөх хуваарийг өөрчлөх, өөрөөр хэлбэл үлдэх төлбөр болох 249.0 сая төгрөгийг 2017 оны 1-3 дугаар сард тус бүр 10.0 сая төгрөг, 4-5 дугаар сард тус бүр 100.0 сая төгрөг, 6 дугаар сард үлдэх хэмжээгээр төлөх саналыг хариуцагч талаас гаргасан, уг саналыг нэхэмжлэгч хүлээн авсан, энэ талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар энэ тохиролцоо хүчин төгөлдөр байна.

 

 Хариуцагч дээрх тохиролцоог зөрчсөн, уг хуваарийн дагуу төлбөр төлөөгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах бөгөөд нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлснээр гарах үр дагаврыг шаардах эрхтэй. Иймд гэрээнээс татгалзах эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлж буй байдал нь нэхэмжлэлийн үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэрийн нэг дэх заалт буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсан заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан талууд хэн алинаасаа авсан зүйлийг буцааж өгөх зохицуулалтын хүрээнд орон сууц, автомашины зогсоолыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагчаас төлсөн 33 050 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж буцаан олгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Талууд гэрээний 7.5 дахь заалтаар захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагч буюу хариуцагч тал сар бүр 3 000 000 төгрөгөөр орон сууц түрээслэснээр тооцож торгууль төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүх уг тохиролцоог Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцохгүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

 

Учир нь энэ гэрээнээс татгалзсан үндэслэл нь худалдан авагч тал төлбөрөө төлөөгүй зөрчил бөгөөд гэрээний 7.5 дахь хэсэгт зааснаар худалдан авагч гэрээ цуцлах хүсэлтийг гаргаагүй. Иймд талуудын тохиролцсон хэлцлийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр хохирол шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Иймд гэрээг буруу тайлбарласан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрээний 6.4 дэх хэсэгт талууд захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд захиалагч нь хийсэн төлбөрийн 20 хувиар торгууль төлөхөөр тохиролцсон боловч талуудын тохиролцоо биелэгдээгүй тул энэ хэмжээгээр торгуулийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн зохицуулалттай нийцнэ.

 

Харин анхан шатны шүүх хамтран нэхэмжлэгчээр оролцсон Б.Ө-ын нэхэмжлэлийг  шийдвэрлээгүй орхисныг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01709 дүгээр шийдвэрийн

“1” дэх заалтыг хүчингүй болгож,

“2” дахь заалтыг “1” гэж дугаарлаж, “ЭЭПД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг” гэсний дараа “Б.Д-д холбогдох Б.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус” гэж нэмж, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЭЭПД” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 325 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА