Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/01709

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 08 сарын 03 өдөр

  Дугаар 183/ШШ2017/01709

             Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити товер, 18 дугаар давхарт байрлах,  5293731 тоот регистрийн дугаартай, Эм Эс Пи Ди ХХК,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13 дугаар гудамж, 178 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, ЧО:84082175 регистрийн дугаартай, Боржигон овогт Баяраагийн Өнөрбаяр нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Номун Виллаж цогцолбор хороолол, 100/6 дугаар байрны 1-5-19 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, КЮ:86102861 тоот регистрийн дугаартай, Халзан овогт Баттөмөрийн Дүүриймаад холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 33.560.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК, Б.Өнөрбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, хариуцагч Б.Дүүриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Рэнцэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эм Эс Пи Ди ХХК нь Б.Дүүриймаатай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагч нь 288.000.000 төгрөгийг тодорхой графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд зааснаар төлбөр төлөх графикийг 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа 30.000.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 12 сарын хугацаанд 13.166.000 төгрөгийг сар бүр ижил төлөлттэйгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл Б.Дүүриймаа нь 2015 оны 11 дүгээр сард 3.000.000 төгрөг, гэрээний явцад 20.050.000 төгрөг, сүүлд 10.000.000 төгрөгийг нэмж төлж нийт 33.050.000 төгрөгийг төлсөн. Явцын дунд нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК-иас төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Мэдэгдэхэд хариуцагч нь хугацаа өгөөч гэж хүсдэг байсан юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж, төлбөр төлөх графикийг дахин тохирсон. Ингэхдээ 2017 оны 6 дугаар сард байрны бүх төлбөрийг төлж барагдуулна гэж, тодруулбал 2017 оны 1 дүгээр сард 10.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 10.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 10.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 100.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 100.000.000 төгрөг төлөхөөр тохирсон боловч уг графикийн дагуу огт төлбөр төлөгдөөгүй. Манай зүгээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байгаа. Тиймээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг үндэслэж зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар гэрээнээс учирсан хохирол шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д гэрээ цуцлагдаж захиалагч орон сууцыг ашиглаж байсан бол ашигласан хугацааны туршид нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэсэнд тооцохоор тохирсон. Б.Дүүриймаа гэрээний үүргээ зөрчиж, түүний буруугаас гэрээ цуцлагдаж байгаа тул 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 2017 оны 7 дугаар сарын 12-ныг хүртэл 20 сар орон сууц ашигласныг түрээслэсэнд тооцож /20сарх3.0сая/=60.000.000 төгрөг болсон боловч хариуцагч талаас урьдчилгаанд төлсөн 33.050.000 төгрөгийг хасаж, 26.950.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн гэрээний 6.4-д зааснаар захиалагч талын санаачилгаар гэрээг зайлшгүй цуцлах тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээний дагуу хийгдсэн төлбөрийн 20 хувийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсаны торгууль болгож захиалагчаас суутгаж авна гэж заасныг үндэслэж хариуцагчийн төлсөн төлбөрийн 20 хувь буюу торгуулийг нэмж тооцож /33.050.000х20%/=6.610.000 төгрөг болсон. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 3 сарын хугацааны хохирлын төлбөр болох 9.000.000 төгрөгийг нэмж тооцож нэхэмжилсэн. Энэ мөнгө нь 26.950.000 төгрөгт багтсан байгаа. Хамтран нэхэмжлэгч Б.Өнөрбаяр нь Эм Эс Пи Ди ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа. Яагаад хамтран нэхэмжлэгч болж оролцож байна гэхээр энэ хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг юм. Компанийн захирал Б.Тогтохбаярын төрсөн дүү Б.Өнөрбаяр энэ байрыг авна гэж хэлээд ах дүү хүмүүс учраас түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл дараа нь Б.Өнөрбаяр байрыг авах боломжгүй болж, өмчлөх эрхээ шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаарх тайлбараа Эм Эс Пи Ди ХХК-д гаргасан байдаг бөгөөд энэ баримт нь хавтаст хэрэгт байгаа. Ингээд дээрх орон сууцыг Б.Дүүриймаад худалдахаар болж, гэрээг байгуулсан. Иймд зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас үүссэн хохирол 26.950.000 төгрөг, торгууль 6.610.000 төгрөг, нийт 33.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Дүүриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Рэнцэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар нь үнэн, ийм зүйл болсон. Б.Дүүриймаа нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанитай орон сууц зээлээр худалдах хуалдан авах гэрээ байгуулж, 288.000.000 төгрөгийг тодорхой графикийн дагуу хоёр жилийн хугацаанд төлөхөөр тохирсон. Уг төлбөрөөс 33.050.000 төгрөг төлж, бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор өөр төлөлт хийгээгүй. Уг нь мөнгө орж ирэх ёстой байсан боловч хугацаа нь хойшлоод байгаа юм. Нэхэмжлэгчийн 26.950.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна, харин 6.610.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ гэрээ цуцлагдах юм бол сар бүр 3.000.000 төгрөгөөр тооцож төлбөр авах нь хэтэрхий хатуу заалт байна, зөвшөөрөхгүй гэж тэр үед нь хэлэхэд н.Ундрахбаяр захирал энэ төлбөр нь байрны үнэндээ багтаад явна гэж тайлбарлаж байсан. Гэтэл 33.050.000 төгрөг төлчихөөд дахиад 30.000.000 төгрөг төлж, бүтэн байр авах мөнгө өгсөн байж, одоо байр ч үгүй, юу ч үгүй үлдэж байгаа нь хохиролтой байна. Надад өөр маргах зүйл байхгүй гэв.

   Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК, Б.Өнөрбаяр нар нь Б.Дүүриймаад холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 33.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Эм Эс Пи Ди ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Өнөрбаярт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Номун виллаж цогцолбор хорооллын 100/6 дугаар байр, 19 тоот, 107.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг  В2-G78 тоот автомашины зогсоолын хамт 288.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд Б.Өнөрбаяр нь тус компанийн гүйцэтгэх захирал Б.Тогтохбаярын төрсөн дүү учир түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа боловч тэрээр орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс компани гэрээг цуцалж, бусдад худалдахыг мэдэгдэж, улмаар Б.Өнөрбаяр дээрх орон сууцыг бусдад худалдах, өмчлөх эрхийг маргаангүй шилжүүлэхээр тохирсон нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Эм Эс Пи Ди ХХК нь маргаан бүхий орон сууцыг бусдад худалдаж, төлбөрийг төлсний дараа Б.Өнөрбаяраас худалдан авсан этгээдэд шилжүүлэхээр тохирч, улмаар тус компани нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Дүүриймаатай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Номун виллаж цогцолбор хорооллын 100/6 дугаар байр, 19 тоот 107.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон В2-G78 тоот автомашины зогсоолын хамт зээлээр худалдаж, хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, Б.Дүүриймаа нь орон сууцны нийт үнэ 288.000.000 төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/Б-19 тоот “зээлээр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр тогтоогдож байна.

 

          Зохигчид орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг Б.Дүүриймаагийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Б.Дүүриймаа үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцлах мэдэгдэл өгч, улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан дагуу хариуцагчийн хүсэлтээр нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж тайлбарлан талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 33.560.000 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

          Харин хариуцагч Б.Дүүриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Рэнцэндорж бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө бүрэн төлөөгүй нь үнэн, орон сууцаа буцааж хүлээлгэн өгнө, гэхдээ урьдчилгаанд төлсөн 33.050.000 төгрөгөөс гадна дахин 30.000.000 төгрөг төлж, бүтэн байр авах мөнгө өгсөн байж, одоо байр ч үгүй юу ч үгүй үлдэж байгаа нь хохиролтой байна гэж тайлбарлаж байгаа болно.

 

         Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ нь “зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээ” нэртэй боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан гэрээний хэлбэр, шинжийг бүрэн агуулаагүй, мөн хуулийн 263.2-т заасан гэрээнд заавал тусгах нөхцөлийг тусгаагүй байх ба харин           хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээс үзэхэд зохигчдын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

           Дээрх орон сууц нь 2014 оны 9 дүгээр сард баригдаж, улсын комисс хүлээн авсан байх ба гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Б.Дүүриймаа уг орон сууцанд орж, одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

     Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хавсралт гэрээний 5-д төлбөр төлөх хугацаа, графикийг тохирсон байх бөгөөд худалдан авагч нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа 30.000.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 12 сарын хугацаанд 13.166.000 төгрөгийг сар бүр ижил төлөлттэйгөөр төлж барагдуулахаар харилцан тохирсон боловч 2015 оны 11 дүгээр сард 3.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 22-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-нд 20.500.000 төгрөг, нийт 33.050.000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн кассын орлогын баримт, харилцагчийн дансны хуулгын баримтаар нотлогдож байна.

    

           Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...Аль нэг тал нь гэрээнээс  татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заажээ. 

      

             Хариуцагч Б.Дүүриймаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК нь Б.Дүүриймааг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, гэрээнээс үүдэлтэй хохирол шаардах нэхэмжлэлийг шүүхэд гаргах болно гэдгийг мэдэгдсэн нь тус компанийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17/08 тоот “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичгээр тогтоогдов. 

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т... Талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

           Хариуцагч нь тус компанид хүсэлт гаргаж, 2017 оны 1 дүгээр сараас 3 сар дуустал сар бүр 10.000.000 төгрөг, 4 дүгээр сард 100.000.000 төгрөг, 5 дугаар сард 100.000.000 төгрөг, 6 дугаар сард үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар дахин нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна.

 

           Иймд Эм Эс Пи Ди ХХК, Б.Дүүриймаа нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

             Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан дагуу гэрээг цуцалснаас үүссэн үр дагавар буюу Б.Дүүриймаагийн эзэмшил ашиглалтад байгаа маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Номун виллаж цогцолбор хорооллын 100/6 дугаар байр, 19 тоот 107.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон В2-G78 тоот автомашины зогсоолыг Эм Эс Пи Ди ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх,  Эм Эс Пи Ди ХХК-иас урьдчилгаанд төлсөн 33.050.000 төгрөгийг гаргуулж, Б.Дүүриймаад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        

          Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.5-д... Захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдаж, захиалагч орон сууцыг ашиглаж байсан бол ашигласан хугацааны туршид нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэсэнд тооцож, худалдагч талд торгууль төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь Б.Дүүриймааг 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 2017 оны 7 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан гэж 60.000.000 төгрөг төлөхөөс хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 33.050.000 төгрөгийг хасаж тооцон 26.950.000 төгрөг нэхэмжилж байна.

 

         Гэрээний 7.5-д... Захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдаж байгаа бол... ашигласан хугацааны туршид нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэсэнд тооцож, торгууль төлөхөөр тохирсон боловч гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ба хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс үзэхэд худалдан авагч буюу захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээнээс татгалзаж байх тул гэрээний дээрх заалтыг баримтлан хохирол гаргуулах үндэслэлгүй юм.

 

          Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т... Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээ татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227.3-т... Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

 

          Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний дээрх заалтаар бус харин худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээ татгалзсантай холбогдон учирсан хохирлоо тухайн байршилд 3 өрөө орон сууцны түрээсийн төлбөр ямар үнэ ханштай байсан, бусдад түрээслэсэн бол ямар хэмжээний орлого олох ёстой байсан гэдгээ нотолж, баримтаа гаргаж, хохирлоо нэхэмжлэх байжээ.

 

          Түүнчлэн нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК нь торгуульд 6.010.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д…Гэрээний 7.2.1, 7.3-т заасны дагуу гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд төлсөн төлбөрийн үнийн дүнгийн 20 хувийн хэмжээгээр торгууль төлөхөөр тохирсон гэж тайлбарлажээ.  

 

           Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг үгүй болж, харин гэрээний дагуу авсан зүйлээ харилцан буцааж өгөх, гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлыг шаардах үр дагавар үүсэх бөгөөд торгууль гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулах шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс торгуульд 6.610.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

          Эдгээрийг нэгтгээд хариуцагчаас гэрээнээс учирсан хохирол 26.950.000 төгрөг, торгууль 6.610.000 төгрөг, нийт 33.560.000 төгрөг нэхэмжилсэн Эм Эс Пи Ди ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Эм Эс Пи Ди ХХК, Б.Дүүриймаа нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалсугай.

 

          2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалснаас үүссэн үр дагавар буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Номун виллаж цогцолбор хорооллын 100/6 дугаар байр, 19 тоот 107.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон В2-G78 тоот автомашины зогсоолыг Б.Дүүриймаагийн эзэмшил ашиглалтаас шилжүүлж, Эм Эс Пи Ди ХХК-д, Эм Эс Пи Ди ХХК-иас 33.050.000 төгрөгийг гаргуулж, Б.Дүүриймаад олгож, Б.Дүүриймаагаас 33.560.000 төгрөг нэхэмжилсэн Эм Эс Пи Ди ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436.700 төгрөгнөөс 325.750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас илүү төлсөн 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эм Эс Пи Ди ХХК-д олгосугай.

 

          4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                         Д.ДАВААСҮРЭН