Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181

 

Т.Ган-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 282 дугаар магадлалтай, 201625013795 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Тунгалагийн Ган-Эрдэнэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Ган-Эрдэнийг бусдыг хуурч мэхлэх аргаар бусдын эд зүйлийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ган-Эрдэнээс 11.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Рэнцэнхандад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 1 дэх заалтыг “Т.Ган-Эрдэнийг

бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж олж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнэд оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Т.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Д.Тунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь уг зээлийг Т.Ган-Эрдэнэ хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэж хийгээгүй. Нотариат дээр очиход итгэмжлэлийг хуулийн шаардлага хангаагүй гэдгийг нотариатчийн зүгээс хэлсэн байдаг.

Хохирогч нь итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй гэдгийг мэдсэн тул иргэд хоорондын барьцаагүй зээлийн гэрээг байгуулсан. Т.Ган-Эрдэнэ нь уг зээлийн гэрээний дагуу 3 сая төгрөгийг эхний сарын хүү болгож хохирогчид өгсөн. Түүнчлэн тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх Т.Ган-Эрдэнэд байгаа тул өөрт оногдох хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байхад хохирогч нь зээлийн гэрээний эхний сар дууссан даруй түүнийг цагдаагийн байгууллагад өгсөнөөр зээлийн гэрээ дуусгавар болж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байдаг.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа болно.

Миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэгдэх иргэний эрх зүйн харилцаа байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад бодитой дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Т.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

Шүүгдэгч Т.Ган-Эрдэнэ нь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Г.Рэнцэнхандыг хуурч мэхлэн 27.000.000 төгрөгийг залилан авч, их хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Ган-Эрдэнийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Т.Ган-Эрдэнэ нь хохирогч Г.Рэнцэнхандыг залилан мэхлэж 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, Т.Ган-Эрдэнэд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан, улмаар давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан Т.Ган-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Т.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу Т.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасч, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 282 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

-“Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ган-Эрдэнийг 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ялаар шийтгэсүгэй.”,

-“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд оногдуулсан 1 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.       

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Б.ЦОГТ

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН