Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00156

 

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2019/00073 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00005 дугаар магадлалтай,

Б.Хын нэхэмжлэлтэй

Б.Тд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үнэ 1 276 580 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Тын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т надаас нь 2015 оноос хойш цагаан идээ авч борлуулдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл худалдан авсан цагаан идээний мөнгөө төлөөгүй 1 жил гаруй болж байна. Иймд дээрх хугацааны цагаан идээний үнэ 1073950 төгрөгийг Б.Таас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Болд овогтой Б.Ттай 2015 оноос 2017 он хүртэл сүү, цагаан идээ боловсруулах аман хэлцэл буюу гэрээ хийж 4 жилийн турш хамтран ажилласан. Энэ хугацаанд би тооцоогоо бэлэн мөнгөөр авч байгаагүй, байнга дансаар авдаг байсан. Б.Т нь тооцоогоо бөөнөөр нь хийдэггүй, бараагаа борлуулж дараа нь бага багаар цувуулж өгдөг байсан учраас үлдэгдэл их гардаг байсан. 2017 оны 10 сараас 11 сарын хооронд манай хүүхдийн бие муудаад Б.Ттай сүүлийн 2 сарын тооцоог хийж чадаагүй 2 сарын дараа буюу удаж байгаад тооцоо хийсэн учраас тооцоо хуримтлагдсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сүү, цагаан идээний үнэ болох 1600000 төгрөгийг Б.Таас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлаас болж эвлэрүүлэн зуучлагч болон Цагдаа, Шүүхийн байгууллагад ирж очсон зардал нийт 85000 төгрөг болсон. Мөн тооцоогоо нарийвчлан шалгахад 125580 төгрөгийг сүү цагаан идээний үнийг нэхэмжлэлгүй орхигдуулсан байна. Иймд баримтаар нотлогдох төлбөр болох 210580 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 1276580 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2017 оны 10 дугаар сарын 14-нд Ганхуурай гэдэг жолоочтой ирж Б.Тд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 25.4 килограмм цөцгий өгсөн бөгөөд 127000 төгрөг болсон, 10 дугаар сарын 16-нд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 54.7 килограмм цөцгий, 1 литрийг нь 3000 төгрөгөөр бодож 19 литр шимийн архи өгсөн бөгөөд цөцгий 273500, шимийн архи 57000 төгрөг болсон, 10 дугаар сарын 18-нд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 16 килограмм цөцгий, 1 килогарммыг нь 1600 төгрөгөөр бодож 59.8 килограмм аарц өгсөн бөгөөд цөцгий 80000, аарц 95680 төгрөг болсон, 10 дугаар сарын 20-нд 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож 84.5 килограмм цөцгий өгч 464750 төгрөг болсон, 10 дугаар сарын 22-нд 1 литрийг нь 3500 төгрөгөөр бодож 19.5 литр нэрмэл өгч 68250 төгрөг болсон, 10 дугаар сарын 30-нд 1 килограммыг нь 5500 төгрөгөөр бодож 46.8 килограмм цөцгий, 1 литрийг нь 3500 төгрөгөөр бодож 32 литр нэрмэл өгсөн бөгөөд цөцгий 257400, нэрмэл 80500 төгрөг болсон, 10 дугаар сарын 31-нд 1 килограммыг нь 5500 төгрөгөөр бодож 29.3 килограмм цөцгий өгч 159500 төгрөг болсон, 11 дүгээр сарын 08-нд 1 литрийг нь 3500 төгрөгөөр бодож 21 литр нэрмэл өгч 73500 төгрөг болсон, 11 дүгээр сарын 09-нд 1 килограммыг нь 5500 төгрөгөөр бодож 39.3 килограмм цөцгий, 1 килограммыг нь 2000 төгрөгөөр бодож 25 килограмм аарц өгсөн бөгөөд цөцгий 214500, аарц 50000 төгрөг болсон. Миний бие нийт 9 удаа Б.Тд сүү, цагаан идээ нийлүүлсэн бөгөөд 2106580 төгрөг болсон. Б.Таас надад өгөх 2106580 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 19-нд 132000, 10 дугаар сарын 22-нд 100000, 10 дугаар сарын 24-нд 152000, 10 дугаар сарын 30-ны өдөр 100000, 11 дүгээр сарын 03-нд 100000, 11 дүгээр сарын 06-нд өдөр 132000, нийт 916000 төгрөгийг дансаар авсан. Одоо 1190580 төгрөг төлөгдөөгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 14-нд Б.Таас миний дансаар шилжүүлсэн 150000, 10 дугаар сарын 17-нд хийсэн 200000, нийт 350000 төгрөг өмнөх авлага байсан учир тооцоонд оруулж бодоогүй юм. Б.Т нь бүтээгдэхүүний төлбөрийг байнга миний дансаар хийдэг тул би нарийн тооцоотой байдаг. Гэтэл Б.Т нь сүү, цагаан идээний тооцоог хийсэн мэтээр худал тайлбар өгч байна. Мөн бидний огт мэдэхгүй дансаар надад өгөх ёстой мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд би үүнийг мэдэхгүй, мэдэх ёсгүй гэж бодож байна. Би Б.Таас мөнгөө нэхэмжилж эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх талаар ярихад Б.Т эвлэрүүлэн зуучлагчийг туслахын хамт хэл амаар доромжилж, хувийн тооцоогоо хөтөлдөг дэвтрийг эвлэрүүлэн зуучлагчид гаргаж өгөхөөс татгалзсан. Ингээд би Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд хэсгийн байцаагч Төмөрбаатар, Бертмурат нар нь Б.Т, Хүрлээ хоёрыг дуудаж мэдүүлэг авсан байсан. Би хэсгийн байцаагч Төмөрбаатар, Бертмурат нарт Б.Тд тооцоо хөтөлдөг цагаан саарал өнгийн дөрвөлжин шугамтай тэмдэглэлийн дэвтэр байгаа, би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Ттай тооцоо нийлэхдээ харсан гэж нуугаад байгаа дэвтрийнх нь талаар хэлсэн. Хэсгийн байцаагч Төмөрбаатар нар 2018 оны 5 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Б.Тыг нөхөр Хүрлээгийн хамт тооцоо нийлдэг дэвтэртэй нь авчирсан байсан. Төмөрбаатар байцаагч Таны хэлдэг үнэн байна. Б.Тын тооцоо нийлдэг дэвтрийн 2 хуудсыг хуулбарлаж хуулбар үнэн гэж бичүүлж авсан. Та ирж танилцаарай гэж утсаар хэлж байсан боловч хүүхдийн маань бие муу байсан учир очиж танилцаж, гүйцэд шалгуулаагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш Б.Тын тооцоо нийлдэг дэвтрийн 2 хуудсыг Барсболд гэдэг цагдаа Төмөрбаатараас авч өгсөн юм. Б.Тын хөтөлсөн тооцоо миний хөтөлдөг тооцоотой нийлж байсан бөгөөд би цөцгий нийлүүлэхдээ 1 килограммыг 5000, 5500 төгрөгөөр бодож өгч байхад Б.Т 8000 төгрөгөөр зарж байсан байна. Б.Тын тооцооны дэвтрээс хуулбарласан 2 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзвэл тус 2 хуудсыг шүүхийн шинжилгээний байгууллагад хандаж бичгийн хэвийг тогтоолгох боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Хаас сүү, цагаан идээ худалдан авдаг байсан нь үнэн. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хүлээн авсан цагаан идээний үнэ 1316000 төгрөгийг Б.Хын 5944075692, 5944048524 тоот данснуудад шилжүүлж байсан бөгөөд энэ талаар нотлох баримт байна. Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 14-нд 150000 төгрөгийг 5944075692, 10 дугаар сарын 16-нд 50000 төгрөгийг 5944048524, 10 дугаар сарын 17-нд 200000, 10 дугаар сарын 19-нд 132000, 10 дугаар сарын 22-нд 100000, 10 дугаар сарын 24-нд 152000, 10 дугаар сарын 27-нд 200000, 10 дугаар сарын 30-нд 100000, 11 дүгээр сарын 03-нд 100000, 11 дүгээр сарын 06-нд 132000 төгрөгийг 5944075692 тоот дансанд тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 1316000 төгрөгийг Б.Хд шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Хаас сүү, цагаан идээ аваагүй бөгөөд Б.Х бид хоёрын хооронд өр төлбөрийн зүйл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б.Х 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1276580 төгрөг болгож нэмэгдүүлсэн бөгөөд миний зүгээс 1276580 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь тодорхой бус байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 1316000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Х нь охинтойгоо манайд ирж тооцоо нийлсэн. Охиноор тооцоо бодуулахад охин нь таарч байгаа юм биш үү гэж хэлсэн бөгөөд Б.Х болоогүй гээд өөр юм нэмж гаргаад байсан. Б.Т дэвтэр дээр нь юу байгаа юм бол, ямар учиртай юм бэ гээд харах гэтэл үзэгтэй гараараа дараад надад харуулахгүй байсан. Надад хүний нууж байгаа зүйлийг хүчээр үзэх эрх байхгүй. Тэгээд бид тооцоо нийлэхгүйгээс болж маргалдаж эхэлсэн гэж хэлж байсан. Миний бодож, тооцоолсноор төлөх зөрүү мөнгө байхгүй. Б.Т 2014 оноос хойш өөрөө тооцоо хөтөлж байсан. Өмнөх үлдэгдэл болох 350000 төгрөгийн тооцоог төлж дууссан бөгөөд 2014 оноос хойш үлдэгдэл, өр шир гэж байхгүй гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2019/00073 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Б.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1276580 төгрөгийг гаргуулах тухай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын төсөвт оруулсан 34863 төгрөгийг хэвээр үлдээж тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00005 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2019/00073 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34863 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т хяналтын гомдолдоо: Магадлалыг гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Би 2015 оноос 2017 оны хооронд Б.Хтай ам хэлцэл хийж, сүү, цагаан идээ худалдан авч борлуулдаг байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр сарын 03-ны хооронд худалдан авсан цагаан идээний үнэ 1 316 000 төгрөгийг Б.Хын 5944048524, 5944075692 тоот данснуудад шилжүүлсэн. Баримтууд нь бүгд байгаа. Б.Х тооцоо нийлээд үл ойлголцолд хүрч надаас илүү мөнгө нэхэмжлээд байгаа юм. Шийдвэрээр Б.Хын нэхэмжлэлтэй Б.Т надад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг “....нотлох баримт болох дэвтрийг эх хувиар нь эсвэл нотариатчаар гэрчлүүлсэн хувийг шаардах, үзлэг хийх зэргээр нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрлэх хуулийн шаардлага хангаагүй байна...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шаардаад байгаа дэвтрийг миний бие нотариатаар гэрчлүүлээд шүүхэд өгчихсөн байгаа. (хх-ийн 44-45 тал) Хавтаст хэргийн 73-74 дугаар хуудаст байгаа дэвтрийн хуулбар болон хавтаст хэргийн 44-45 дугаар хуудаст байгаа нотлох баримтууд бол яг адилхан баримтууд юм. Уг маргаанд 10 сарын 10-ны өдрийн цагаан идээ хамаагүй учраас би 10 сарын 10-ны өдрийн баримтуудыг нотариатаар гэрчлүүлж өгөөгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтаа гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудаст байгаа дэвтрийн хуулбар нь нотариатаар гэрчлүүлсэн, харин 73-74 дугаар хуудаст байгаа дэвтрийн хуулбар нь канондож өгсөн (нэхэмжлэгч Б.Х өмнө нь миний дэвтрээс канондож авч байсан юм) баримтууд байгаа юм. Давж заалдах шатны шүүх нь энэ нотлох баримтыг гүйцэд шинжлэн судлаагүй, орхигдуулж миний эрх ашгийг хөндөж байгаад маш их гомдолтой байна. Би энэ хэрэгт өөрөө зүрх муу, урьд өмнө нь шүүх, цагдаагаар явж байгаагүй болохоор хурал дээр айж сандрах байх гэж бодоод өмгөөлөгч Оюунцэцэгийг 50 000 төгрөгөөр авч, дараа нь өмгөөлөгч Цогзолмааг 200 000 төгрөгөөр авсан. Би амьдралын боломж бололцоо муу, өдрийнхөө хоолыг залгуулах гээд л зах дээр сууж, хүнээс зээлээр цагаан идээ авч борлуулдаг. Гэтэл Б.Х надтай муудалцсан уурандаа намайг ингэж шүүхээр явуулж байгаад гомдож байна. Би хэдий ядуу, боломж бололцоо муу ч гэсэн өдий хүртэл хүнийг луйвардаж, хүнээс 100 төгрөг ч илүү авч үзээгүй. Би аль болох Б.Хын мөнгийг хугацаанд нь өгөөд л явж байсан. Б.Хын мөнгийг өгсөн гэдэг нь Б.Х бид хоёрын хоёулангых нь дансны хуулгаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх буруу шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн хэлээд байгаа нотлох баримтыг би аль хэдийн нотариатаар гэрчлүүлээд өгсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Б.Тд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд худалдсан цагаан идээний үнэ 1 073 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр Дадал сумаас ирсэн буцсан унааны зардал 85 000 төгрөг, үлдэгдэл цагаан идээний үнийг дутуу тооцсон тул нэмж 125 580 төгрөг бүгд 1 276 580 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Б.Т 1 316 000 төгрөгийн цагаан идээг худалдан авч, үнийг Б.Хын Хаан банкны данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

1.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон талаар давж заалдах шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, залруулсан атлаа шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй байна.

Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний нэг төрөл болох зээлээр худалдах-худалдан авах гэрээний ойлголт, ялгаатай шинжийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн бөгөөд энэ тохиолдолд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байжээ.

2.Түүнчлэн давж заалдах шатны шүүх Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б.Хын Хаан банкны дансанд 1 316 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ мөнгө нь Б.Хаас хэдийд авсан цагаан идээний үнэ болох нь нотлогдоогүй, түүний шүүхэд ирүүлсэн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 73-74 хуудас/ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх тэмдэглэлийн дэвтрийн эх хувийг шаардах, үзлэг хийх ажиллагаа хийгээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж үзжээ.

Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03 хүртэл хугацаанд Б.Тд худалдсан цагаан идээний үнийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь энэ хугацаанд худалдаж авсан цагаан идээний үнэ 1 316 000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцсэн байна. Зохигчийн тайлбараар цагаан идээг худалдсан, худалдан авсан цаг хугацааг маргаагүй тул тэдгээрийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03 хүртэл хугацааны гэрээний талаарх маргаан үүссэн нь тогтоогджээ. Дээрх хугацаанд Б.Т нь 916 000 төгрөгийг өгсөн, үүнээс гадна өгсөн 350 000 төгрөг нь өмнөх авлага гэж нэхэмжлэгч Б.Х тайлбарласан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б.Т нь 1 316 000 төгрөгийг Б.Хын Хаан банкны дансанд шилжүүлжээ. Үүнээс 350 000 төгрөг нь өмнөх авлага гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Б.Х өмнө нь хэзээ, хэдэн төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн, үлдэгдэл нь 350 000 төгрөг болохыг нотлоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03 хүртэл хугацаанд худалдсан цагаан идээний үнэ гэж тодорхойлсон, үүнээс өөрөөр бараа хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх тул нэхэмжлэгч өөрөө шаардлага, тайлбар, нотолгоо гаргаагүй байхад шүүх санаачлагаараа үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийх эрх зүйн боломжгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Зохигч тус бүрийн бараа өгсөн, авсан  тэмдэглэл нь өөрийн хувийн тооцоог хөтөлсөн шинжтэй баримт байх ба хоёр талаасаа тооцоо нийлээгүй, гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт биш байх тул эх хувийг нь шүүхэд өгсөн ч нотлох ач холбогдолгүй байжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

3. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй. Б.Х нь гэрээний дагуу цагаан идээг нийлүүлсэн бол хичнээн хэмжээний эд хөрөнгийг шилжүүлснээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

Гэвч хэрэгт байгаа баримтын хүрээнд Б.Х нь Б.Тд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд нийт 2 454 580 төгрөгийн үнэ бүхий цагаан идээг хүлээлгэн өгсөн гэх баримтгүй, зөвхөн өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэдэг байх ба Б.Т нь 1 316 000 төгрөгийн цагаан идээг хүлээн авснаа зөвшөөрсөн учир энэ хэмжээнд худалдсан барааны хэмжээ нотлогдсон гэж үзнэ. Тэрээр хариуцагч нь хүлээн авсан барааны үнийг төлсөн тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ хэрэгт байгаа баримтад тулгуурласан, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх бүрэн эрхийн дагуу зохих дүгнэлтийг хийжээ. Харин зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 226/МА2019/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2019/00073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                       

                           ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА