Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2019/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                      156/2018/00800/И

 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

 

            Хариуцагч: ............... оршин суух , ............... Т (РД: ...............)-д холбогдох, 

 

Нэхэмжлэгч: ...............  оршин суух, ............... Х (РД: ...............)-ын нэхэмжлэлтэй,

 

“худалдах, худалдан авах гэрээний 1 073 950 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 ны 11 дүгээр сарын 23-ны өдөр авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Ц, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Б.Т нь 2015 оноос хойш цагаан идээ авч борлуулдаг байсан.

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд худалдан авсан цагаан идээний мөнгөө төлөөгүй 1 жил гаруй хугацаа болсон тул 1 073 950 төгрөгийг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1 тал)

 

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Би Б.Тд холбогдуулан 1 073 950 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1 276 580 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... (хх-ийн 62 тал)

Нэхэмжлэгч Б.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Т-тай 2015 оноос эхлээд 2017 он хүртэл сүү, цагаан идээ боловсруулах аман хэлцэл буюу гэрээ хийгээд 4 жилийн турш хамтран ажилласан. Энэ хугацаанд би тооцоогоо бэлэн мөнгөөр гар дээр  авч байгаагүй, дандаа дансаар авдаг байсан. Т нь тооцоогоо бөөнөөр нь хийдгүй борлуулсаныхаа дараа бага багаар цувуулж өгдөг байсан учраас үлдэгдэл гараад явдаг байсан. 2017 оны 10 сараас 11 сарын хооронд манай хүүхдийн бие муудаад Ттай сүүлийн  2 сарын тооцоог хийж чадаагүй. 2 сарын дараа буюу удаж байгаад тооцоо хийсэн учраас тооцоо маань хуримтлагдсан байсан. Цагаан идээний үнэ  буюу 1.188.580 төгрөг үүн дээр нэмэгдээд  зардлын 85.000 төгрөг гарч ирсэн.  Ингээд нийт 1.276.580 төргөрийг гаргуулж өгнө үү...

Тын  дэвтэр дээр байгаа надаас хүлээж авсан бүх юм таарч байгаа. Би илүү дутуу юм юу ч нэхээгүй. Яагаад гэвэл өөрсдийнх нь хүлээж авсан дэвтэр дээр бүрэн бүтнээрээ байж байна. Энэ дэвтэрийг би өөрөө аваагүй цагдаагийн байгууллага авсан. Энэ миний эд мөрийн баримт болно. Надад цувуулж өгдөг байсан болохоор эдний шилжүүлсэн 1.300.000 гээд яриад байна. Энэ бол худлаа. 2017 оны 10 дугаар сарын 15-наас хойш 10 дугаар сарын 17-ны хооронд  350.000 төгрөг буюу  10 дугаар сарын 15 нд 150.000 төгрөг, 10 дугаар сарын 17 нд 200.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ 350.000 төгрөг урьд нь тооцоо хийхэд 10 сарын 14-ны тооцоо хийхэд бодсон  мөнгө байгаа. Үүнээс хойш 13 удаагийн цагаан идээ өгсөн мөнгөнд 916.000 төгрөг,  2017 оны 10 сарын 14-ны өдрөөс  хойш надад нийт шилжүүлсэн мөнгөн дүн нь 1.266.000 төгрөг байгаа. Үүнээс урьдны  үлдэгдэл тооцоо болох 350,000 төгрөгийг хасахаар надад ниийт 916.000 төгрөгийг төлсөн  байгаа юм... гэв. 

 

Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа:...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Б.Хаас цагаан идээ худалдан авдаг байсан нь үнэн.

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд би цагаан идээний үнэ 1 316 000 төгрөгийг түүний .............., ............... тоот данс руу шилжүүлж байсан дансны хуулга бий. Тухайлбал: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 150 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 132 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 152 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 132 000 төгрөгийг ..............., ...............тоот дансанд нийт 1 316 000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүнээс хойш Б.Хаас дахиж цагаан идээ худалдаж аваагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид хоёрын хооронд өр төлбөр байхгүй болно... (хх-ийн 16 тал)

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай зүгээс 1.316.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Х нь охинтойгоо манайд ирж надтай тооцоо нийлсэн. Охиноор нь бодуулаад таарч байгаа юм биш үү гээд охиныгоо хэлэхэд “өшөө болоогүй” гээд өөр юм нэмж гаргаад байсан. Тэгэхээр нь би дэвтэр дээр нь юу байгаа юм бол, ямар учиртай юм бэ гээд харах гэтэл үзэгтэй гараараа дараад надад харуулаагүй. Тэгээд бид тооцоо нийлэхгүй үүнээс болж маргалдаж эхэлсэн.

Би 2014 оноос хойш өөрөө тооцоо хийсэн. Өмнөх үлдэгдэл болох 350.000 төгрөгийн тооцоо нийлээд дууссан гэсэн баримт хавсралт дээр байгаа. 2014 оноос хойш надад үлдэгдэл, өр шир гэж байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тооцоог би бодож үзсэн. Хавтаст хэрэгт 1.316.000 төгрөгийг нэхэмжлэгч талруу шилжүүлсэн. Үлдэгдэл гэсэн зүйл байхгүй... гэв.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Таас 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зээлээр худалдаж авсан цагаан идээний үнэ 1 073 950 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хариуцагчаас 1 276 580 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичжээ... (хх-ийн 62 тал)

 

Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нь нэхэмжлэгчид зээлээр худалдаж авсан цагаан идээний үнэ 1 318 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

Зохигчид нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр амаар тохиролцож нэхэмжлэгч худалдагч Б.Х нь цөцгий, аарц, шимийн архийг худалдан авагч Б.Тд шилжүүлж, үнийг тодорхой цаг, хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиолцсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч талаас зээлээр худалдан авсан цагаан идээ болох цөцгий, аарц, шимийн архийн үнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан: Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтыг нэхэмжилж Б.Х биелүүлээгүй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч тал (худалдагч) нь хариуцагч (худалдан авагч) Б.Тд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 9 удаа, цөцгий, нэрмэл архи, аарцны үнэ нийт 2 106 580 төгрөгийн бараа өгснөөс хариуцагч нь 916 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 1 190 580 төгрөгийг нэхэмжлэгч тал Хэнтий аймгийн Дадал сумаас хариуцагч дээр дурьдсан заасан идээг шуудангаар илгээж байсан гэх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүйгээс энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.1-д: бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй, 263.2.2-т: хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа тодорхойгүй, 263.2.4-т: төлвөл зохих хүүгийн хэмжээ, хугацаа тодорхойгүй, 263.2.4-т: үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам байхгүй байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагчаас нийт хэдэн кг аарц, хэдэн литр цөцгий, хэдэн литр нэрмэл архи нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ямар үнээр худалдахаар тохиролцсон болох нь мэдэгдэхгүй, шүүхэд гаргасан тайлбараас харахад 1 литр цөцгийг 500-5500 төгрөгөөр өөрөө үнэлсэн, талуудын хооронд бараа илгээсэнн, хүлээн авсан бичгийн нотлох баримтгүй, тооцоо бодсон актгүй (хх-ийн 63-64 тал) байв.

 

Мөн нэхэмжлэгч талаас  Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар орлого, зарлагын дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. (хх-ийн 26-32 тал)

 

Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар 2 хуудас бичгийн нотлох баримт өгсөн байна. (хх-ийн 44-46 тал)

 

Эдгээр бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан...хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, хэдэн онд, хэнээс хэнд ямар үнэтэй бараа материал шилжүүлсэн нь тодорхойгүй, хэний дэвтэр болох нь мэдэгдэхгүй, (хх-ийн 73-74 тал) тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүйд тооцов.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд нэхэмжлэлийн шаардлага... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэгчид худалдан авсан цагаан идээний үнэ, 1 316 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байв. (хх-ийн 14-16 тал)

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нь хариуцагч Б.Таас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойших Б.Хаас авсан барааны дүнг тэмдэглэсэн дэвтрийн шүүхэд гаргуулах, гэрчээр А.Б, М.А нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. (хх-ийн 41 тал)

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар дэвтрийг гаргуулж нэхэмжлэгч талд танилцуулахад 2 хуудас баримтыг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргажээ. (хх-ийн 73-74 тал)

 

Мөн нэхэмжлэгч тал нь гэрч М.Агаас мэдүүлэг авахуулахаас бичгээр хүсэлт гаргаж татгалзсан байна. (хх-ийн 56 тал)

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын төсөвт 34 863 төгрөгийг хэвээр үлдээхээр шийдэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Б.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1 276 580 төгрөгийг гаргуулах тухай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын төсөвт оруулсан 34 863 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ