Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2017/01212/и |
Дугаар | 001/ХТ2020/00157 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2020/00157
“Т” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00272 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 723 дугаар магадлалтай,
“Т” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй
О.Жт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8 457 009 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Т” ББСБ ХХК нь хариуцагч О.Жтай лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүр, 37-44 БЧ улсын дугаартай цистерн маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш графикийн дагуу зээлийн төлбөр төлөх байтал энэ үүргээ биелүүлэхгүй байсаар 4 сарын дараа 2 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Улмаар манай байгууллагаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр барьцаа эд хөрөнгийг хураан авч, зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр, цистернийг 24 000 000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан. Зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр худалдахдаа хадгалалт, тээврийн болон бусад зардлыг тооцож, суутган авсан. О.Ж зээл болон зээлийн хүүг графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг хураан авч, улмаар бусдад худалдсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр төлөх хугацааг тооцож, цистерн маркийн автомашиныг 24 000 000 төгрөгөөр, зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр худалдаж, 36 000 000 төгрөгөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд төлвөл зохих 25 000 000 төгрөгөөс 18 022 171 төгрөг, хүүд 13 635 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 595 741 төгрөг нийт 34 252 912 төгрөг төлүүлэхээр, улмаар машины хадгалалт хамгаалалт бусад зардлыг тооцож гаргасан ба 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 977 829 төгрөг, автомашины хадгалалт 960 000 төгрөг, 2015-2016 оны автомашины татвар 488 080 төгрөг, гэрчилгээний үнэ 31 100 төгрөг, нийт 8 457 009 төгрөгийг хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа О.Жын зээл, хүүний тооцооллыг гаргасан баримтыг үндэслэн нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч О.Ж, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагч О.Жаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж мөнгө нэхэмжилж байна. Гэтэл зохигчдын хооронд зээлийн гэрээ бус, лизингийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 25 000 000 төгрөг зээлж авсан гэх боловч мөнгийг бэлнээр олгоогүй. Харин машин худалдаж аваад тодорхой хэмжээнд буюу нэг жилийн хугацаанд ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа. Ашиглаж байх хугацаандаа 2 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талаас худалдсан автомашинаа буцаан авсан буюу гэрээгээ дуусгавар болгосон байдаг. Гэрээнд энэ талаарх зохицуулалт байгаа. Хариуцагчийн тухайд автомашиныг ашигласантай холбоотой асуудал үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс барьцааны зүйл болон машиныг буцаан авах үндэслэл нь гэрээнд зааснаар О.Ж түрээсээр худалдан авсан автомашиныг бусдад зарсан,гэмтээсэн, үрэгдүүлсэн зэрэг асуудал үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Гэтэл “Т” ББСБ ХХК-ийн хувьд барьцааны зүйл болон түрээсээр худалдаж авсан автомашины аль алийг нь хураан авсан. Энэ үйлдлээс харахад гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Эд хөрөнгийг хураан авахдаа зөвшөөрөлгүйгээр авсан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэтэл О.Жын тухайд мөнгө зээлж аваагүй бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаар Иргэний хуульд тодорхой заасан. Хадгалалт хамгаалалтын зардал шаардаж байгаад маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ машиныг хураан авч бусдад зарсан үнээс машины элэгдэл хорогдол гарсан зардлаа тооцож авах байтал нэг жилийн дараа хураан авч, өөрсөд дээрээ дахин нэг жил байлгаж байгаад бусдад худалдсан тэр өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, их хэмжээний мөнгө гаргаж, түүнээсээ хассан болгож, улмаар дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Ж сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Т” ББСБ ХХК-аас 37-44 БЧ улсын дугаартай Күй ди жи 940, Жи ви ви цистерн маркийн автомашиныг лизингийн зээлийн гэрээ байгуулан, худалдаж аваад 25 000 000 төгрөгийг тус ББСБ-д төлөхөөр болсон. Цистернийг худалдаж авах үед миний өөрийн эзэмшлийн 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг “Т” ББСБ ХХК хууль бусаар барьцаалж, өөрсдийн эзэмшилд авахаар гэрээ хийсэн байсан. Лизингийн зээлийн гэрээний үргэлжлэх эхний 6 сарын дотор автомашины үнээс 2 000 000 төгрөгийг төлсөн байтал тус байгууллага нь 2016 онд гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу өгсөн 37-44 БЧ улсын дугаартай цистернийг буцаан хурааж авсан. Дээрх автомашиныг бараг ашиглаагүй, эзэмшиж ашиглаж байсан төлбөр мөнгийг хасаад миний барьцааны зүйл болох 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг буцааж өгөх байтал зөвшөөрөлгүй дур мэдэн авч худалдан борлуулж, гэрээний талын давуу байдлаа ашиглан илтэд нэг талдаа хохиролтой үйлдэл хийсэнд гомдолтой байна. Уг лизингийн зээлийн гэрээгээр О.Ж миний бие “Т” ББСБ ХХК-аас 25 000 000 төгрөгийг зээлж аваагүй, гэтэл мөнгө зээлж авсан мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, өнөөдрийг хүртэл намайг хохироож, өөрийн амьжиргааг залгуулдаг автомашиныг удаан хугацаанд аваад зогсохгүй зарж үрэгдүүлэн, орлого олох эх үүсвэргүй, 2015 оны 12 дугаар сараас хойш өөрийн зүтгүүр автомашиныг ашиглах боломжгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус ББСБ-аас О.Ж миний 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч хууль бусаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих олсон ашиг орлого 12 000 000 төгрөг, уг автомашины зүтгүүрийн зах зээлийн үнийн зөрүүнд 7 900 000 төгрөг нийт 19 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Т” ББСБ ХХК нь иргэн О.Жтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15052135 дугаартай лизингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 25 000 000 төгрөгийн үнэ бүхий цистерн худалдан авахад зориулж уг мөнгийг 24 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү гэрээний барьцаанд түрээсээр худалдаж авсан зүйл болох Күй ди жи 940, Жи ви ви цистерн маркийн 37-44 БЧ улсын дугаартай автомашин болон өөрийн өмчлөлийн Вейвен маркийн, 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг тус тус барьцаалсан. О.Ж нь дээрх гэрээг байгуулснаас хойш 4 сарын дараа нэг удаа 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн ба үүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар зээлийг огт төлөөгүй. Ингээд манай зүгээс нэг жил гаруй хугацаанд зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлт хийхгүй байсан тул 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь мэдэгдэж барьцааны зүйлүүдийг хураан авсан. Ийнхүү хураан авснаас хойш мөн л шаардах хуудас хүргүүлэн зээлээ төлж барагдуулан, өөрийн хөрөнгөө авахыг мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 7 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цистернийг 24 000 000 төгрөгөөр гэрээний дагуу худалдан борлуулсан. Ийнхүү хураан авч, худалдан борлуулсныг хариуцагч хууль бус гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүх ажиллагаа хууль тогтоомж болон гэрээний дагуу явагдсан. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэгт... хууль бусаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олсон ашиг орлого 12 000 000 төгрөг, .... зүтгүүрийн зах зээлийн үнийн зөрүү 7 900 000 төгрөг, нийт 19 900 000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу дээрх 19 900 000 төгрөгийг шаардаж байна гэж ойлгож байна. Гэтэл манай байгууллагын тухайд уг эд хөрөнгө дээр дүгнэлт гаргуулсан бөгөөд 12 000 000 төгрөгөөр үнэлсэн учир уг үнийн дүнгийн хэмжээнд худалдсан. Тэрнээс биш дур мэдэж худалдсан зүйл байхгүй. Манай байгууллагын тухайд 19 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед дээрх автомашин бодитоор байгаагүй байхад талуудтай утсаар холбогдон тэдний өгсөн мэдээлэл тайлбаруудад үндэслэн дүгнэлт хийсэн, улмаар автомашин худалдах талаарх цахим зарыг үндэслэн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулах байдлаар үнэлгээ гаргасан нь Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00272 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Жаас 8 457 009 төгрөг гаргуулах “Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ББСБ ХХК-аас 12 000 000 төгрөг гаргуулж, О.Жт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 900 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 265, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Т” ББСБ ХХК-аас 206 950 төгрөгийг гаргуулж, О.Жт олгож шийдвэрлэжээ
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 723 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00272 дугаар шийдвэрийн 1 дэх заалт 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ББСБ ХХК-аас 4 450 000 төгрөг гаргуулж, О.Жт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 206 950 гэснийг 86 150 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Магадлалаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 4 450 000 төгрөгийг хангаж, үлдэх 15 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хангасан 4 450 000 төгрөгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс гэрээ байгуулсан өдрөөс буюу 2015.05.15-ны өдрөөс тээврийн хэрэгслийг хураан авах буюу 2016.06.06-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч О.Жт 8 550 000 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж тодорхойлсон нь үндэслэлтэй боловч үндсэн болон нэмэгдэл үүргийн ялгааг зөв тооцоогүй гэж үзэж байна. ““Т” ББСБ” ХХК нь гэрээ байгуулан 2015.05.15-ны өдөр тээврийн хэрэгслээ хариуцагчийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлэн өгсөн ба энэ үеэс үндсэн ба нэмэгдэл үүрэг хариуцагчид үүсэж байгаа билээ. Ингээд нэхэмжлэгч нь өөрийн шилжүүлж өгсөн тээврийн хэрэгсэл болон хариуцагчаас барьцаалсан тээврийн хэрэгслийг буцаан хурааж авах хүртэл нийт 12 сар 20 хоногийн хугацаанд 8 550 000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсэхийн зэрэгцээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцоход 1 710 000 /8 550 000 х 20%/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд нийт 10 260 000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслээ буцаан авсан учраас үндсэн үүрэг болох 25 000 000 төгрөгийг тооцохгүйгээр хариуцагчид үүссэн нэмэгдэл үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх эрхтэй байна. Хариуцагчид үүссэн 10 260 000 төгрөгийн үүргээс хариуцагч нь 2 000 000 төгрөг төлсөн тул 8 260 000 төгрөгийн үүрэг үлдсэн. Үлдэх 8 260 000 төгрөг төлөх үүргийг хариуцагчаас барьцаалсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар төлүүлсэн ба хариуцагчийн барьцаалсан тээврийн хэрэгслийг 12 000 000 төгрөгөөр худалдсан. Худалдан борлуулснаас үлдэх орлого нь 3 740 000 төгрөг байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хоёр талын гэрээнд үүрэг зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцох бөгөөд энэхүү хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн зүгээс дараах зардлууд гарсан болно. 1. Тээврийн хэрэгслийг хураан авснаас “Туушин” ХХК-ийн зогсоолд байршуулсан Түрээсийн гэрээ /хэргийн 23-р тап/, “Туушин” ХХК-ийн нэхэмжлэх болон зогсоолын төлбөр төлсөн баримт 960 000 /хэргийн 80-р тал/ 2. 3744БЧ цистерний татвар төлсөн баримт нийт 672 100 /хэргийн 82-р тал/ 3. Тээврийн хэрэгсэл хадгалалт, зогсоолын төлбөр шилжүүлсэн баримт 2 060 000 /хэргийн 85-р тал/ 4. Тээврийн хэрэгсэл хураан авч ачуулсны төлбөр 660 000 төгрөг /хэргийн 86-р талын ар, өвөр тал/ 5. Үнэлгээний ажлын хөлс 100 000 төгрөг /хэргийн 87-р талын ар, өвөр тал/. Иймээс нийт 4 452 100 төгрөгийн зардал гарсан тул учруулсан хохирлыг шаардах эрхийнхээ дагуу үлдэх 3 740 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч талаас үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэртэй маргахгүй байгаа болно. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч О.Жын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Т” ББСБ ХХК нь О.Жт холбогдуулан зээлийн үүрэгт 6 977 829 төгрөг, хохирол буюу автомашин хадгалалт хамгаалалтын төлбөр 960 000 төгрөг, автомашины татвар 488 080 төгрөг, гэрчилгээний үнэ 31 100 төгрөг, нийт 8 457 009 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...зээл аваагүй, харин цистерн маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдан авсан ба 2 000 000 төгрөгийг төлсөн байтал нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж автомашиныг буцааж авахдаа барьцаанд байсан миний өмчлөлийн зүтгүүрийг хурааж бусдад худалдан, 2015 оны 12 сараас хойш ашиглах боломжгүй болгосон тул олох байсан орлого 12 000 000 төгрөг, зүтгүүрийн үнийн зөрүү 7 900 000 төгрөг нийт 19 900 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Анхан шатны шүүх “Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэгчээс 12 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосон ба давж заалдах шатны шүүх 12 000 000 төгрөгийг багасгаж, 4 450 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хяналтын журмаар гаргасан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 8 260 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, барьцааны зүйлийг 12 000 000 төгрөгөөр борлуулж 3 740 000 төгрөг илүү гарсан боловч түрээсийн зүйл болох цистерний татвар, машины зогсоолын төлбөр, машины ачилтын хөлс зэрэг 4 452 100 төгрөгийн зардлыг суутгавал сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч хууль зүйн зарим дүгнэлтийг залруулж, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.
Зохигч талууд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр лизингийн зээлийн болон барьцааны гэх нэртэй гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх, зээлийн барьцаанд B34J маркийн 42-81 УНГ улсын дугаартай, 18 000 000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүр, Күй ди жи 940 Жи ви ви маркийн 34-44 БЧ улсын дугаартай 25 000 000 төгрөгийн үнэ бүхий цистерн маркийн автомашиныг тус тус барьцаалсан байна.
“Т” ББСБ ХХК гэрээний дагуу зээл бус, харин цистерн маркийн автомашиныг шилжүүлсэн, О.Ж нь 25 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон үйл баримтыг зохигч маргаагүй байх ба тэдгээрийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт нийцсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түрээслэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг зөрчихгүй. Харин түрээсийн зүйлийг барьцаалсан нь санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэхгүй бөгөөд барьцааны гэрээгээр ч үүрэг үүсэхгүй юм.
Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Түрээслэгч эд хөрөнгийг ашиглахдаа тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх ба харин түрээсийн төлбөрт банкнаас олгох зээлийн гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг багтаасан нь гэрээний агуулга, гэрээний үүргийн шинж чанарт нийцээгүй байна. “Т” ББСБ нь эд хөрөнгө ашигласны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй болохоос зээл гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй болно. Иймд нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Т” ББСБ ХХК нь хариуцагч О.Жыг 2 000 000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөрөө хугацаандаа төлөөгүй, үүргээ зөрчсөн тул түүний эзэмшил ашиглалтад шилжүүлсэн цистерн маркийн автомашин болон барьцааны зүйл болох хариуцагчийн өмчлөлийн зүтгүүрийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хураан авч, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, барьцааны зүйл болох зүтгүүрийг бусдад 12 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогджээ.
Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байхад цистерний үнэ 25 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсгийг зөрчжээ. Түрээслүүлэгч цистернийг буцааж авсан бөгөөд уг эд хөрөнгийг бусдад худалдах нь талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд хамааралгүй юм.
О.Ж нь гэрээг цуцлах хүртэл буюу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 12 сар 20 хоногийн хугацаанд 8 550 000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба 2 000 000 төгрөгийг төлж, үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
“Т” ББСБ ХХК нь барьцааны зүйл болох зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр худалдсан, үүнээс хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөр 6 550 000 төгрөгийг хасахад 5 450 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгөх үүрэг үүсчээ.
Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.” гэж заасан бөгөөд түрээслүүлэгч нь 25 000 000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүрийг 24 000 000 төгрөгөөр худалдснаас үзэхэд уг эд хөрөнгийн элэгдэл 1 000 000 төгрөгийг харгалзан үзвэл 4 450 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
Барьцааны зүйлээс үүрэг хангагдсан тохиолдолд үндсэн гэрээ дуусгавар болох бөгөөд барьцааны зүйлийг борлуулснаас үлдсэн зөрүү мөнгийг нэхэмжлэгч нь авах эрхгүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй болно. “Т” ББСБ ХХК нь 2015.11.30, 2016.06.06, 2016.09.07, 2017.01.10-ны өдөр тус тус барьцааны зүйлийг худалдан борлуулах тухай мэдэгдсэн байхад О.Ж нь үүргээ биелүүлээгүй байна. Барьцааны зүйлээс үүргийг хангасан, илүү гарсан мөнгийг өмчлөгчид буцаан өгснөөр шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан, хуулийн заалтыг бүрэн бичээгүй алдааг зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 723 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492 дугаар зүйлийн 492.1...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1...” гэж, ...2 дахь заалт гэсний өмнөх “...1 дэх заалт...” гэж илүү бичилт хийснийг хасч, тус тус өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 86 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА