Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;

хохирогч: У.Өнөболд;

шүүгдэгч: Х.Жамбал, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Хүрэлбаатарын Жамбалд холбогдох эрүүгийн 201625020900 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Батлан хамгаалахын Их сургуулийн Төр захиргааны ангийн 4 дүгээр дамжаанд сурч байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 21а байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УП94071015 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Хүрэлбаатарын Жамбал.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Х.Жамбал нь 2016 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч У.Өнөболдыг “миний найз Баттулгыг аллаа” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас уурлан түүнийг өшиглөж зүүн богтос ясны далд хугарал бүхий бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жамбал мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 11-нд би найз Анандтайгаа байрныхаа гадаа машин дотор сууж байхад Анандын эхнэр Цолмон залгаад “Баттулга ухаан алдсан байна. Жамбалыг хайгаад байна” гэхээр бид хоёр очсон. Орцонд нь ороход Үүрийнцолмонтой таарсан бөгөөд дээрээс олон хүүхдүүд пижигнэлдээд гүйгээд ирж байсан. 2 хүүхэд бидэнтэй зөрсөн. 8 давхарт гарахад хүн байхгүй байсан бөгөөд 9 давхарт чимээ гараад байхаар нь Ананд бид хоёр дээшээ гарсан. Орцонд бүдэг гэрэлтэй байсан ба Баттулгын дээр нэг хүүхэд байхаар нь би тэр хүүхдийг Баттулгаас холдуулсан. Тэгэхэд Ананд “Баттулга амьсгалахгүй байна” гэхээр би очсон. Тэгэхэд Цолмон гарч ирээд “амьсгалахгүй байсан учир 103 дуудсан” гэхээр нь бид хоёр цаг хожих гээд Баттулгыг 7 давхарт буулгаад куртикийг нь дэрлүүлээд хэвтүүлтэл түүний хоолой, уруул, чих, нүд нь харласан байхаар нь “би боочихсон байна шдээ” гээд буцаж дээшээ гараад Өнөболдоос “яасан юм бэ” гэж асуухад тэр юу ч дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад бодсоноо л хийсэн. Тэгээд удалгүй 103 болон 102 ирсэн. Ер нь би тэнд ухаан алдсан хүн дээр туслах гэж очсон. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Өнөболд мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найзуудтайгаа Баттулгынд очоод сууж байсан. Тэгэхэд манай хоёр найз муудалцаад хоорондоо зодолдсон. Маргаан нь Баттулгаас болсон учир манай найз Баттулга үүнд эмзэглээд орц руу гараад явсан байсан. Тэгэхэд манай найзуудын зарим хариад Баттулгын гэрт нь 4 хүн үлдсэн байсан. Тэгж байгаад Үүрийнцолмон “Баттулга арай удаад байна. Би дуудаад оруулаад ирье” гээд гарахаар нь бид түүний орыг засаад унтуулах гээд хүлээж байсан. Тэгэхэд Үүрийнцолмон буцаж орж ирээд “дээвэр рүү гаргадаг шатан дээр Баттулга босоогоор унтсан байна” гэж бидэнд хэлсэн. Тэгэхээр нь Булганчимэг зөрж гараад орилоод буцаад ороод ирэхэд нь Тэнгис бид хоёр гарч харахад тэр өөрийгөө боосон байсан. Бид нар “боогоод удаагүй байх” гэж бодоод Баттулгын доороос нь өргөж боолтноос нь гаргаад Тэнгис хиймэл амьсгал, массаж хийсэн. Тэр үед би 9 давхарт байсан хамгийн эхний хаалгыг цохиод “түргэн тусламж дуудаарай” гэж хэлэхэд Анандын эхнэр Цолмон хаалгаа тайлаад гадаа байсан өөрийн нөхөр Ананд болон Жамбал нарыг дуудсан. Тэр үед Үүрийнцолмон “түргэн тусламжийг угтаж тосохоор би гарлаа. Чи байж байгаарай” гээд гүйгээд гараад явсан. Би талийгаачийн хажууд байж байхад Ананд, Жамбал нар орж ирээд намайг шууд түлхээд, хоёулаа эхэлж зэрэг өшиглөсөн. Ер нь бол ихэнхийг нь Жамбал өшиглөсөн учир би буланд суусан байхад Жамбал нилээд хэдэн удаа өшиглөсөн. Миний толгой болон гар өвдөөд орцны буланд сууж байхад Жамбал, Ананд хоёр талийгаачийг доош буулгах үед нь түргэн тусламж орж ирсэн. Араас нь цагдаа нар орж ирээд биднийг бүгдийг нь ачаад явсан. Миний зүүн гар хугарсан бөгөөд үүнийг Жамбал өшиглөж хугалсан юм. Одоо би Жамбалд гомдол, саналгүй. Түүнээс мөн нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Өнөболд /хх-ийн 4-6/, гэрч В.Үүрийнцолмон /хх-ийн 7-8/, Д.Булганчимэг /хх-ийн 10-11/, Б.Цэнгүүн /хх-ийн 12-14/, Н.Тэнгис /хх-ийн 15-17/, Г.Тэмүүлэн /хх-ийн 18-21/, Т.Ананд /хх-ийн 25-26/, Э.Хулан /хх-ийн 27-28/, Ч.Отгонтунгалаг /хх-ийн 29/, М.Маралмаа /хх-ийн 30-31/, Н.Төгөлдөр /хх-ийн 32/, Б.Түвшинтөгс /хх-ийн 33/, Д.Лхагвасүрэн /хх-ийн 34/, Д.Мөнхзул /хх-ийн 35/, Э.Цолмон /хх-ийн 36-37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2900 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, Х.Жамбалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-62/, хохиролын баримт /хх-ийн 63/, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65/, Х.Жамбалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, Х.Жамбалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, Х.Жамбалд хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 76/, У.Өнөболдын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 85-92/, У.Өнөболдын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад үзүүлсэн баримт /хх-ийн 93-97/, өмгөөлөгч Д.Алтанцэцэгийн хүсэлт /хх-ийн 98-99/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 109/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Жамбалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг гагцхүү түүнийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд Х.Жамбал “хохирогчийг зодоогүй, намайг гүтгэж байна” гэх зэргээр гэмт хэрэг үйлдээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа боловч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар буюу Х.Жамбал нь 2016 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцонд “миний найз Баттулгыг аллаа” гэх шалтгаанаар хохирогч У.Өнөболдыг буруутган зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч У.Өнөболдын мэдүүлсэн: “ … 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай найз Баттулга өөрийгөө шатнаас дүүжлээд амиа хоролчихсон юм. Тухайн үед манай найз Тэнгис, Үүрийнцолмон, Булганчимэг нар түргэн тусламж ирж байгаа гээд тосож авах гээд гарсан байсан. Би талийгаачийг зүүн гар дээрээ бариад тэвэрчихсэн уйлаад сууж байсан чинь Жамбал, нэг танихгүй залуугийн хамт гарч ирээд шууд намайг хараад толгой руу өшиглөхөөр нь би талийгаачийг газар тавьчихаад цаашаа боссон. Жамбал цуг явсан залуугийн хамт намайг өшиглөөд унагасан. Намайг 9 давхарын лифтний хажуугийн буланд сууж байхад Жамбал ирээд миний толгой руу өшиглөх гэхээр нь би гараараа хаасан. Миний гар руу олон удаа өшиглөсөн. Жамбал, Ананд нар намайг орцонд орж ирээд талийгаачийг тэврээд сууж байхад шууд үг дуугүй учрыг ололгүй өшиглөсөн. Би босоод цаад буланд очоод суутал дахин ирж өшиглөөд унахаар нь гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу хугарсан байсан. Тэр өдөр цагдаагийн хэлтэс дээр ирээд гар өвдөөд байхаар нь түргэн тусламж дуудаад үзүүлсэн чинь миний гарыг харангуутаа зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. … 2016 оны 02 дугаар сарын 12-ны өглөө цагдаагийн хэлтэст байцаалт өгөөд шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл миний гарын шуу хугарсан байсан. Тэгээд Гэмтэл согогын үндэсний төвийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгэсэн…, ...Ананд намайг өшиглөсөн. Гэхдээ гар хугалсан хүн бол Жамбал байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,

 

гэрч Ч.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн: “... 2016 оны 02 дугаар сарын 11-ний  шөнийн 02-03 цагийн үед байх нэгнийх нь ээж над руу залгаж “хүүхэд чинь цагдаа дээр байна, манай хүүхдүүд нэг асуудалд орооцолдчихсон байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээч” гэж хэлэхээр нь би шууд такси бариад өөрийнхөө хоёр дүүгийн хамт цагдаа дээр ирсэн. ...тухайн үед манай хүүгээс байцаалт авахаар өрөөрүүгээ оруулчихсан байсан. Манай хүү байцаалт дуусаад гарч ирсэн чинь зүүн талын гараа цамцаараа сойгоод боочихсон байсан. Би “юу болсон бэ?, гараараа яасан юм бэ?” гэхэд “ээжээ санаа зоволтгүй” гэж байсан. Хүүгээ дагуулаад цагдаагийн хэлтсээс гараад явж байхад хүү халуурах янзтай, куртикыг нь өмсүүлэх гэсэн чинь өмсөж чадахгүй байхаар нь шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Гэтэл зүүн гар нь хугарчихсан байсан. Хүүд маань шууд гипс тавьж өвчин намдаах эмчилгээ бичиж өгөөд “маргааш та нар гар сарвууны тасагт үзүүлээрэй” гэж хэлсэн. ...Гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасагт очоод үзүүлэхэд “хагалгаанд орох хэрэгтэй” гэсэн. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан болохоор хэвтэж чадаагүй. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасагт хэвтэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орж хугарсан гараа хадуулаад эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эмнэлгээс гарсан. Миний хүү 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургуульдаа явах байсан боловч эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гипстэй сургуульдаа явсан. ...Бид нар тэр хүүхдийг оюутан гэсэн учраас ямар нэгэн зардал мөнгө нэхээгүй. Эмчилгээний бодит зардлыг нэхэмжилсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

 

гэрч Н.Тэнгисийн мэдүүлсэн: “... Амь хохирогч Баттулгын гэрт Өнөболд хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй. Хэнтэй ч зодоон цохион хийгээгүй. ..Жамбал миний хамар руу гараараа нэг удаа цохиход нь миний хамарнаас цус гарсан. Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор би өргөдөл өгөөгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

 

гэрч Г.Тэмүүлэнгийн мэдүүлсэн: “... Тухайн өдөр Тэнгис бид хоёр талийгаач Баттулгаас болж хоорондоо маргалдан нэг нэгийгээ 2-3 удаа цохисон байх. Тэнд байсан хүүхдүүдээс өөр хүмүүс хоорондоо зодолдож маргалдаагүй. Намайг эхнэрийн хамт буцаад очиход бүх асуудал дуусчихсан байсан. Талийгаачийн орцны шатаар дээшээ өгсөөд 7 давхарт очиход Өнөболд зүүн талын гараа сойгоод боочихсон байсан. Тухайн өдөр Өнөболдоос гараа яасныг нь асуугаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

 

гэрч Н.Төгөлдөрийн мэдүүлсэн: “… Талийгаачийн гэрт байхад Өнөболдын гар нь зүгээр байсан. … Өнөболдыг байцаалт өгчихөөд гарч ирэхэд нь таарсан чинь зүүн талын гараа цамцаараа сойгоод боочихсон байхаар нь “гараа яасан юм бэ” гэхэд “Жамбал гэдэг хүүхэд намайг зодоод гарыг маань хугалчихлаа” гэхээр нь “яагаад зоддог юм бэ” гэхэд “талийгаачийг намайг боож алсан гээд намайг зодсон” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84/,

 

гэрч Ч.Сүх-Эрдэнийн мэдүүлсэн: “ … 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 02-03 цагийн үед байх /цагийг нь сайн мэдэхгүй байна/ утас дуугарахаар нь авсан чинь эгч Оюун-Эрдэнэ “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яаралтай хүрээд ир” гэсэн. Би машинтайгаа шууд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд эгч Оюун-Эрдэнэ дүү Шинэбаяр нар ирчихсэн байсан. ...Өнөболд гарч ирэхдээ зүүн талын гар нь нэг л эвгүй байдалтай байхаар нь би “гараа яасан юм бэ” гэж асуусан чинь юм дуугарахгүй байсан. ... Бид нар “гэмтэл орж үзүүлье” гээд шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд зургийг нь авахуулсан чинь зүүн гар нь хугарчихсан байна гээд гарыг нь гипсдсэн. Мөн өвчин намдаах эм замдаа авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Түүний дараахан хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн байхад нь эргэж очсон. Өнөболд их томоотой, хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Барагтаа л бол гэрээсээ гарч ороод хүүхэдтэй нийлээд байдаггүй. Өмнө нь Өнөболдыг гар, хөлөө гэмтээсэн талаар би ерөөсөө сонсож байгаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн  85/

 

Т.Анандын сэжигтнээр мэдүүлсэн: “… 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед 10 жилийн найз Жамбалтай хамт байрныхаа гадаа машинд хоёр пиво уугаад сууж байхад манай эхнэр Э.Цолмон над руу залгаж “Э.Баттулга хаалганы гадаа ухаангүй хэвтэж байна. Жамбалыг Тэнгис асуугаад байна” гэхээр нь бид хоёр 2-3 минутын хооронд шууд байрны гадаа ирээд орц руу ороход Жамбал амь хохирогч Баттулга нарын нэг ангийнхан охин Үүрийнцолмон тааралдаад Жамбалыг заамдаж аваад “Жамбалаа, Жамбалаа” гээд байсан.  Жамбал, Үүрийнцолмонгоос амь хохирогч Э.Баттулгыг асуусан чинь дээшээ заахаар нь бид хоёр шатаар дээшээ гүйж явахдаа 4-5 давхарт байх доошоо гүйж байгаа эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхэдтэй тааралдсан. ...9 дүгээр давхарт чимээ гарахаар нь дээшээ гүйгээд гарсан чинь Э.Баттулгын дээр нь нэг банди байхаар нь Жамбал миний өмнө явсан болохоор Э.Баттулгын дээр байсан бандийг түлхэж чирч холдуулсан. Би Э.Баттулга дээр очиход шалан дээр хэвтэж байсан. ...Би Жамбалд нас барчихсан байна ш дээ гэсэн чинь Жамбал “өө боочихсон байна, хоёулаа нөгөө банди руу очоодхоё” гээд бид хоёр 9 дүгээр давхарт гарахад нөгөө банди цахилгаан шатны хажууд сууж байсан. …Жамбалыг хараад “чи чинь Жамбал байна шүү дээ” гэхэд Жамбал тэр бандид хандаж “Жамбал байхаар яадаг юм” гэсэн чинь бид хоёрын голоор гараад доошоо гүйсэн. Гэтэл Жамбал “зугтаачихлаа” гэсэн. ... Өнөболд Жамбал бид хоёрыг 9 дүгээр давхарт гарч ирэхэд амь хохирогчийн дээр байхаар нь Жамбал тэр бандийг заамдаж түлхэж холдуулсан юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 53/,

 

шүүгдэгч Х.Жамбалын хохирогчийг зодсон гэм буруутай үйлдлийн улмаас У.Өнөболдын биед “…зүүн богтос ясны далд хугарал” бүхий тухайн хэргийн хугацаанд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2900 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд У.Өнөболд хэвтэн эмчлүүлсэн тухай баримтууд /хх-ийн 87-93/, 2016 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Гэмтлийн эмнэлэг дээр рентгэн зураг авхуулсан У.Өнөболдын бүртгэл /хх-ийн 96/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Жамбалын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Жамбалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Жамбалд ял оногдуулахад түүний хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч У.Өнөболд шүүх хуралдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийг 246.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Хүрэлбаатарын Жамбалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жамбалыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жамбалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч Х.Жамбал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Жамбалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Жамбалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ