Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2122

 

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02122

 

 

Я.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.А-д холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 009 403 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.А

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Шарын ам гэдэг газарт Я.Б-гийн эзэмшлийн “Мерседес Бенз 350” маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.А- нь Приус маркийн 76-82 УБВ улсын дугаартай автомашинаар мөргөж зам тээврийн осол гаргасан.

Х.А-г Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн А,Б мөн 6 дугаар бүлгийн Е заалтуудыг зөрчсөн буруутай гэсэн дүгнэлт гарсан.

Энэ ослын улмаас автомашинд 10 315 903 төгрөгийн хохирол, 2 удаагийн үнэлгээ хийхэд нийт 612 000 төгрөг, хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлан авахад 16 900 төгрөг, баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 55 600 төгрөгийн зардал гарсан тул нийт 11 009 403 төгрөгийг Х.А-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсаны дараа 1 cap гарны дараа хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэж байсан. н.Х, н.Н гэх гэрчүүд н.О ийг хэргийн газраас зугтаасан гэдэг. Ослын улмаас Х.А- бие эрүүл мэндээрээ хохирсон. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрөө гомдол гаргасан бөгөөд н.О  гомдол гаргаагүй байсан, рапортад бүртгэсэн өдөр буюу 08 дугаар сарын 02-ны өдөр уг авто ослын жолооч Х.А- буруутай гэсэн агуулгатай өргөдлийг С.Б бичүүлж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ямар нэг техникийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад хэтэрхий нэг талыг барьж эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэсэн.

Зохицуулагч С.Б нь тухай осол болсон газар хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зургийг жолооч н.О т ашигтай байдлаар зурж, тэмдэглэл үйлдсэн хэдий ч тэдгээрийг жолоочид танилцуулаагүй, жолооч нараар гарын үсэг зуруулаагүй, зам тээврийн ослын актыг бичсэн байсан. Түүний болон хэд хэдэн албан тушаалтан хэргийг шалгахад маш хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдаж байсан. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот техникийн шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж н.О  Х.А- хоёулаа сэжигтэн яллагдагчаар татагдаж, хохирогчоор мэдүүлэг өгч байсан, харин Х.А- хохирогчоор мэдүүлэг өгөөгүй.

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4942 дугаартай дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсээс гаргаж, шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан гэрэл зураг нь шаардлага хангахгүй, хэргийн газрын бүдүүвч зурган дээрх L үсгээр тэмдэглэсэн мөр нь ямар машиных гэдгийг тогтоох боломжгүй, A, A1 цэгүүд үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, A3 гэж тэмдэглэсэн мөр нь гэрэл зургаар бэхжүүлэгдэн авагдаагүй байсан гэж хэлсээр байхад дараа дараагийн 111, 741 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсаар байсан нь ойлгомжгүй байна.

Уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Д.М, аймгийн прокурор н.А нар нь өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас илтэд татгалзаж 2015 оны 12 сард шилжүүлэхэд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанаас нэгийг нь ч хийхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож 119 тоот тогтоол гаргасан байсан ба энэхүү тогтооолд манай өмгөөлөгч дээд шатны прокурорт 2016 оны 05 дугаар сарын 30-нд, 07 дугаар сарын 07-нд гаргаж байсан гомдолдоо шүүгчийн 208 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийлгэхийг хүссэн боловч, хүсэлт, гомдлыг аль ч шатны прокуророос хүлээн аваагүй.

Шат шатны байгууллагуудад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаад хүлээж аваагүй. Тээврийн хэрэгсэлийн жолооч гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй.

Анх акт гарахад Х.А-гийн машинд 4 зорчигч явсныг 3 гэж дутуу бичсэн, бенз машинд зорчигч явсныг тэмдэглэлд тусгаагүй, 4942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газар дээр анх тэмдэглэл үйлдсэн, анх хэмжилт хийсэн нь хангалтгүй байна гэсэн. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтээр н.О  буруутай гэж тогтоогдсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зам тээврийн осолд гэм буруутайг нь шүүх эцэслэн шийдвэрлэж тогтоогоогүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснуудыг баримтлан хариуцагч Х.А-гээс       10 304 903 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 704 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179 828 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн 191 500 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, Я.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг дутуу, буруу үнэлж хариуцагч Х.А-г 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зам тээврийн осолд гэм буруутай гэж үзэж түүнээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад Х.А- нь "...Бенз маркийн машины жолооч намайг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхад зүүн урд талаараа миний машины баруун хойд гупер хэсэгт анх мөргөсөн. Намайг мөргүүлчихээд гүйцэж түрүүлэх үйлдлээ хийгээд өөрийн эгнээндээ орох гэж байтал Бенз дахиад баруун урд талаараа миний машины зүүн хойд крыло талд 2 дахь удаагаа мөргөсөны улмаас миний машины жолоо алдагдаж би замаас гарч онхолдсон гэж хэргийг шалгах явцад тогтвортой мэдүүлж маргаж ирсэн ба энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мөн өөрөө зам тээврийн осолд гэм буруугүй болохоо хэргийг шалгах явцад иргэний нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тухай, Х.А-гийн гэм бурууг эцэслэн тогтоогоогүй, эрүүгийн хэргийг дутуу шалгасан, 2 жолооч хэн аль нь буруугүй гэж маргах болсон үндэслэл зэргийг тайлбарлан холбогдох баримтуудыг хэрэгт хавсарган, баримтуудыг анхан шатны шүүхэд шинжлэн судлуулсан юм.

Ослын газарт дуудлагаар очсон зохицуулагч С.Б Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.3 дахь заалтуудыг зөрчиж хэргийн ул мөрийг бэхжүүлээгүй, мөн хяналт шалгалтыг дутуу хийж албан тушаалдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдаж байсан тухай 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 148, 150 дугаартай тушаал байдаг.

Тухайн үед хоёр жолооч уг зам тээврийн ослыг чиний, миний буруугаас болсон гэж маргаж байсан ба энэ нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 22-нд 4942 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан ба энэхүү дүгнэлтээр ослын газарт авагдсан гэрэл зураг нь шаардлага хангахгүй, хэргийн газрын бүдүүвч зурган дээрх L үсгээр тэмдэглэсэн мөр нь ямар машиных гэдгийг тогтоох боломжгүй, A, A1 цэгүүд үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, A3 гэж тэмдэглэгдсэн мөр нь гэрэл зургаар бэхжүүлэгдэн авагдаагүй байна гэсээр байхад дараа, дараагийн буюу 111 тоот шинжээчийн дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 12-нд 741 тоот шинжээчийн дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 19-нд гарч байсан ба хэргийн газрын үзлэгийг дахин хийх, 2 машиныг шинжилгээнд хамруулах, А цэгийг зөв тогтоосоны дараа техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, 2 жолоочийн гэм буруугийн асуудлыг ердийн журмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой байсан.

Бенз маркийн машин осол гаргах үедээ 83-85 км/цагийн хурдтай явсан гэдэг жолоочийн өөрийн нь тайлбар, мэдүүлэг байсан учраас түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн шинжээчийн дүгнэлт байхад дараа, дараагийн дүгнэлтүүдээр Бензны хурдыг тогтоох боломжгүй, Бенз замын хөдөлгөөны дүрмийг зөрчөөгүй гэдэг байсан.

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас 208 дугаартай Шүүхийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт, гомдлыг уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор, аймгийн прокурор, Улсын Ерөнхий прокурорт өмгөөлөгч би 2015 оны 09 дүгээр сарын 21, 2015 оны 10 дугаар сарын 01, 2015 оны 12 дугаар сарын 10, 2016 оны 05 дугаар сарын 30, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд гаргаж байсан хэдий ч хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байсан.

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас 208 дугаартай Шүүгчийн захирамжаар Х.А-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэрэгт хэд хэдэн асуудлыг шалгах зайлшгүй шаардлагатай гээд уг хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй байсан нь Х.А-г энэ хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байгаа болно.

Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 119 тоот Прокурорын тогтоолд 4942 тоот шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт байгаагүй ба уг дүгнэлтийг прокурор зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэлээ заасан байвал зохино гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д заасан байгаа. Прокурорын тогтоолд энэ талаар зааж өгөөгүй байдаг ба харин уг тоггоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Х.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Жолооч нар 2 удаа мөргөлдсөний улмаас осол гарсан гэдэг, Х.А- болон түүний өмгөөлөгч би хоёр тээврийн хэрэгсэл 2 удаа мөргөлдөхдөө машиныхаа аль, аль хэсгээр мөргөлдсөн, 2 дах мөргөлтийг аль машины жолооч хаанаас нь хэрхэн мөргөсөн гэдгийг тогтоолгохын тулд үзлэг нөхөн хийлгэх, Приусын руль түгжигдсэн эсэх, 2 машиныг мөр судлалын шинжилгээнд хамруулах зэрэг зайлшгүй шаардлагатай байсан учраас шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг гүйцэт хийлгэсний дараа шүүхээр Х.А-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх нь зөв гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч Х.А-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 009 403 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Замын цагдаагийн газрын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн акт, шинжээчийн 741, 111 тоот дүгнэлтүүд, 2015 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл хариуцагч Х.А- нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Шарын ам гэдэг газарт өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 1.А, 1.Б, 6.Е-д заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгч Я.Б-гийн эзэмшлийн “Бенз 350” маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь гэм буруугийн талаар маргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөхгүй.

 

            Хариуцагч тал гэм буруугүй болохыг нотлох баримтыг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагчийг гэм бурууг тогтоогоогүй байдал гэж тайлбарласан.

 

            2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот шинжээчийн дүгнэлтээр жолооч Х.А- болон Д.Оюунбилэг нарыг тус тус Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэжээ.

 

            2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот шинжээчийн дүгнэлтээр 79 тоот шинжээчийн дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзэж жолооч Д.Оюунбилэгийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэсэн бол, жолооч Х.А-г Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж тогтоожээ.

 

            Дээрх 2 дүгнэлт зөрүүтэй байгаад дахин шинжээч томилсны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 741 тоот дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр жолооч Д.Оюунбилэгийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, жолооч Х.А-г мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн А, Б, 6 дугаар зүйлийн Е дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэжээ.

 

            741 тоот шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал өөр бусад баримтаар няцаагаагүй, 79 тоот дүгнэлтийн жолооч Д.Оюунбилэгийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн хэсэг 111, 741 тоот дүгнэлтээр няцаагдсан байна.

 

            Эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурорын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот тогтоолоор дуусгавар болжээ. Иймд эрүүгийн журмаар гэм буруу тогтоогдсоны дараа иргэний журмаар гэм хорын хохирлын асуудал шийдвэрлэх ёстой гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч нь хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

            Нэхэмжлэгч Я.Б- нь эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд автомашинд 9 683 903 төгрөгийн эд анги солих болон засвар хийх зардал гарсан нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь “Итгэлт эстимэйт” ХХК, “Ашид билгүүн” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба шүүх хохирлыг тооцохдоо “Итгэлт эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэсэн боловч 2 компаниар үнэлгээ хийлгэсэн зардал гарсан тул уг зардлуудыг мөн хохиролд тооцон хариуцагчаас 621 000 /414 000+207 000/ төгрөг гаргуулсан нь зөв болжээ.

 

            Иймд хариуцагчаас 10 304 903 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 179 830 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА