Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/01662

 

      2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/01662

            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил, Махатма Гандийн 19-р байрны 64 тоотод оршин суух Шарынхан овогт Ядамын Батнасангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Бурхантын 2-3 гудамж 201 тоотод оршин суух Боржигон овогт Хоохойн Адъяасүрэнд холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 009 403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Урангэрэл, гэрч З.Буянтогтох, иргэдийн төлөөлөгч С.Жавхлансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Я.Батнасангийн нэхэмжлэлийг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2015 оны 7 сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Шарын ам гэдэг газарт Батнасангийн эзэмшлийн Бенз 350 маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хоохой овогтой Адъяасүрэн нь мөргөсний улмаас зам тээврийн осол гаргасан бөгөөд 10,315,903 төгрөг гэж гаргасан үнэлгээгээр тооцон нэхэмжилж байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаа хуулийн дагуу явж Х.Адъяасүрэнгийн буруутай үйлдлийг гэрчүүдийн мэдүүлэг, техникийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоосон. Хариуцагч тал маргадаг, манай талаас ч хурдан шийдвэрлүүлэх, цагдаагийн албан хаагчийн хариуцлагагүй удаан ажиллаж байгаа талаар гомдол гаргаж байсан. Ингээд Адъяасүрэнг МУ-ын ЗХД-ийн 10- дугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн А,Б мөн бүлгийн 6 дугаар бүлгийн Е заалтуудыг зөрчсөн буруутай гэсэн дүгнэлт гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах, удаашран сунжрах асуудлыг Адъяасүрэн өөрөө гаргаж байсан бөгөөд хэрэг бүртгэгчийн дуудсан цагт ирдэггүй хүндрэл учруулж байсан. 168, 169, 170-р хуудсанд тодорхой байдаг. Мөн гэрчүүд худал мэдүүлэг өгдөг, ослын шалтгааныг шалган тогтоогоод дахин дүгнэлт гарсан. 127, 129, 131-р хуудас дахь  Дамбадаржаа, Хатанбаатар, Нямдорж гэх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэ ослын улмаас Мерседес бенз машинд 10,315,903 төгрөг, 2 удаагийн үнэлгээ хийхэд нийт 612 000 төгрөг, хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлан авахад 16 900 төгрөг, баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 55 600 төгрөг, нийт 11 009 403 төгрөгийг хохирол учруулсан Х.Адъяасүрэнгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Адъяасүрэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Осол гарсны дараа 1 сар гарны дараа хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэж байсан. Хатанбаатар, Нямдорж гэх гэрчүүд Оюунбилэгийг хэргийн газраас зугтаасан гэдэг. Ослын улмаас Адъяасүрэн бие эрүүл мэндээрээ хохирсон. 2015 оны 7 сарын 27-ны өдөр Адъяасүрэн өөрөө гомдол гаргасан бөгөөд Оюунбилэг гомдол гаргаагүй байсан, рапортад бүртгэсэн өдөр буюу 8 сарын 2 нь уг авто ослын жолооч Адъяасүрэн буруутай гэсэн агуулгатай өргөдлийг С.Батболд бичүүлж, 2015 оны 8 сарын 17-ны өдөр ямар нэг техникийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад хэтэрхий нэг талыг барьж эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэсэн. Зохицуулагч С.Батболд нь тухай осол болсон газар хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зургийг жолооч Оюунбилэгт ашигтай байдлаар зурж, тэмдэглэл  үйлдсэн хэдий ч тэдгээрийг жолоочид танилцуулаагүй, жолооч нараар гарын үсэг зуруулаагүй, зам тээврийн ослын актыг худлаа бичсэн байсан. Түүний болон хэд хэдэн албан тушаалтан хэргийг шалгахад маш хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдаж байсан. 2015 оны 8 сарын 31-ний өдрийн 79 тоот техникийн шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Оюунбилэг Адъяаүсрэн хоёулаа сэжигтэн яллагдагчаар татагдаж, хохирогчоор мэдүүлэг өгч байсан, харин Адъяасүрэн хохирогчоор мэдүүлэг өгөөгүй. 2015 оны 10 сарын 22-ны өдрийн 4942 дугаартай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсээс гаргаж байсан шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан гэрэл зураг нь шаардлага хангахгүй, хэргийн газрын бүдүүвч зурган дээрх L үсгээр тэмдэглэсэн мөр нь ямар машиных гэдгийг тогтоох боломжгүй, А, А1 цэгүүд үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, А3 гэж тэмдэглэсэн мөр нь гэрэл зургаар бэхжүүлэгдэн авагдаагүй байсан гэсээр байхад дараа дараагийн 111, 741 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсаар байсан нь ойлгомжгүй. Уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Д.Мөнхцэцэг, аймгийн прокурор Алимаа нар нь өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас илтэд татгалзаж 2015 оны 12 сард шилжүүлэхэд 2016 оны 3 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтэд буцаасан. Төв аймгийн Прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанаас нэгийг нь ч хийхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2016 оны 5 сарын 6-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож 119 тоот тогтоол гаргасан байсан ба энэхүү тогтооолд манай өмгөөлөгч дээд шатны прокурор бүрт нь 2016 оны 5 сарын 30-нд, 7 сарын 7-нд гаргаж байсан гомдолдоо шүүгчийн 208 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийлгэхийг хүссэн боловч, хүсэлт, гомдлыг аль ч шатны прокуророос хүлээн аваагүй. Цагдаагийн Ерөнхий газарт хэргийн газрын үзлэгийг дутуу хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.3 дахь хэсэгт заасан заалтуудыг Төв аймгийн Баянчандмань сум дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Батболд зөрчсөн үйлдлийн улмаас 2 жолооч маргаж байгаа учир хохирлыг С.Батболдоор гаргуулах талаар шийдвэрлэж өгнө үү гэж хандаж байсан. Иймд зам тээврийн осолд гэм буруутайг нь шүүх эцэслэн шийдвэрлэж тогтоогоогүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын 119 дугаартай тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй орхисон бол хэргийн оролцогч яллагдагч, өмгөөлөгч, хэргийн оролцогчид гомдол гаргана гэж заасан байдаг. Гомдол гаргаад маргаад байгааг шүүх ердийн журмаар шийдэх ёстой байсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байхад хохирогч талаас иргэний нэхэмжлэл гаргаагүй. Батнасан нь машин миний нэр дээр л байдаг болохоос тухайн машины хохирлыг би нэхэмжлэхгүй охин мэднэ би мэдэхгүй гэж 2 удаагийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Ослын талаар 2 тал маргадаггүй. Осол аль жолооч буруутай гэдэг дээр маргадаг. Шинжээчийн дүгнэлтээр 2 жолооч хоёулаа буруутай дүгнэлт гарсан. 741 дугаартай тогтоол 111 дугаартай шинжээчийн дүгнэлт огнооны хувьд дараа нь гарсан дээр маргаж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахаар үндэсний хүрээлэнгээс хоёр машиныг хоёуланг аваад ир гэхээр бенз засварт ороод засаж янзалсан учир приус шинжлүүлэх боломжгүй байдаг. Нөхөн үзлэг хийхэд копутан дээр ямар ч ул мөр байдаггүй хоёр талын керлан гэмтсэн байдаг. Эхлээд 20 000 000 орчим үнэлгээтэй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэг битгий яваарай, осол гарсан гэж хүнд битгий хэлээрэй гэж Батболд цагдаа эмнэлэг явахыг хориглосон байдаг. Ээжийнх нь нуруу хугарсан, аав нь зүрхний шигдээс туссан, Адъяасүрэнгийн хурууны үенүүд хугарсан байхад хүмүүст битгий хэл гэсэн болохоор гэмтлийн эмнэлэгт очоогүй. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар 2015 оны 8 дугаар сарын 20-ний өдөр шуурхай рапортад орсон, хэргийн газарт дутуу үзлэг хийсэн, А цэгийг буруу тодорхойлсон, Оюунбилэг 100м цаана очиж зогсчихоод хүмүүс рүү ярьсан, хэргийн газраас зугтаасан, эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй зэрэгт гомдолтой байна. Шат шатны байгууллагуудад хандсан боловч хөөн хэлэлцэх асуудал яригдаад хүлээж аваагүй. Манайх Батнасанг тээврийн хэрэгсэлийн жолооч гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй. Анх акт гарахад Адъяасүрэнгийн машинд 4 зорчигч явсныг 3 гэж дутуу бичсэн, бенз машинд зорчигч явсныг тэмдэглэлд тусгаагүй. 4942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газар дээр  анх тэмдэглэл үйлдсэн, анх хэмжилт хийсэн зүйлүүд хангалтгүй байна гэсэн. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтээр Оюунбилэг буруутай гэж тогтоогдсон. Хэрэг бүртгэгчээс татгалзаж байсан учир дуудсан цагт нь очоогүй нь үнэн. 25.2 38.2 зааснаар нотлох баримтыг хангалттай гаргах байсан. хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгээр приус хөвөөгөөр яваад түрүүлсэн гэсэн мэдүүлэг байдаг хэдий ч хөвөөгөөр явсан мөр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гэрч С.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2015 оны 7 дугаар сарын 18-нд Борнуур явсан. Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд явж байтал 2 талд машин байхгүй урьд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гэтэл хажуу талаас мөргөөд буцаж замдаа орох гэнэт дахиад мөргөсөн. Юу болсныг би мэдэхгүй ухаан алдчихсан. Охин ач хүү хоёр машины урд цонхоор шидэгдсэн. Өвгөн бид хоёр, хоёр дугуйны завсар хавчуулагдсан байсан. Ухаан ортол хүүгийн гар тасарчихсан уйлаад байж байтал 3 залуу ирээд намайг татаад авсан. Би тэр залуучуудад цагдаа дуудаад өгөөч, хүүхдийг минь дуудаад өгөөч, түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Хоёр хүүхэн ирээд машин эвдчихлээ төлж өг гээд загнасан. Хэргийн газар цусаа гоожуулаад явж байхад хүн амьтан гайгүй юу гэж асуугаагүй. Хүлээж бай амьд гарсан хойно учир олдох байлгүй гэж байтал Баянчандмань сумын 2 цагдаа ирсэн. Цагдаа манай машиныг ганц хоёр тойрчихоод л машиныхаа сэгийг зайлуул, гэмтлийн эмнэлэгт очоод янз бүрийн юм ярьж болохгүй гэж хэлсэн. Баянчандмань сумын цагдаагийн газарт иргэний үнэмлэхээ канондуулаад өгөөрэй л гэж хэлсэн. Бид нар маргааш нь машинаа зайлуулсан. Гэмтлийн эмнэлгээр шөнөжингөө явсан эмч нарт хүнтэй мөргөлдсөнөө битгий хэлээрэй гэсэн болохоор огт хэлээгүй. Оюунбилэг оройжингоо загнасан машин төлж өг гээд утсаар загнаад л байсан. Оюунбилэгт маш их гомдолтой эмнэлэгийн анхны тусламж дуудаагүй байж мөнгө нэхээд байсан. Би баруун нүдэндээ болор суулгасан. Машин надад хэрэггүй бие эрүүл мэнд хэрэгтэй гэв.

 

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Батнасан нь зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 009 403 төгрөгийг хариуцагч Х.Адъяасүрэнгээс гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч зам тээврийн осол гаргах болсон гэм буруугийн тал дээр маргаж байгаа бөгөөд уг ослоос өөрсдөө мөн хохирсон, учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

            Хариуцагч Х.Адъяасүрэн нь 2015.07.18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг шарын зам гэх газарт Тоёото приус маркийн 76-82 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10-р бүлгийн 1-р зүйлийн А, Б дэх “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 10-р бүлгийн 6-р зүйлийн Е дэх “эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл хэсэгт гүйцэж түрүүлэхийг хоргилно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Бенз BL-350 маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу нэхэмжлэгч Я.Батнасангийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүргэн зам тээврийн осол гаргаж, улмаар хохирол учруулсан болох нь 2015 оны 7 сарын 18-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч /хавтаст хэргийн 21-26-р хуудас/, 2015 оны 10 сарын 13-ны өдрийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /108-р хуудас/, 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 741 дугаартай шинжээчийн дүгнэлт /152-р хуудас/, 2015 оны 11 сарын 12-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /34-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл “бенз маркийн машины жолооч Оюунбилэгийг 2015 оны 8 сарын 31-ний өдрийн 79 дугаартай дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 25-ны өдрийн 208 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг бүртгэлтийн шатанд буцаасан боловч 2016 оны 5 сарын 9-ний өдрийн 119 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл уг хэргийн яллагдагч Х.Адъяасүрэнгийн гэм буруугийн асуудлаар эцэслэн шийдвэрлээгүй, өмнө нь гаргасан дүгнэлтүүд эргэлзээтэй, Шинжээчийн 4942 дугаартай дүгнэлтээр анхны хэргийн газрын үзлэг хийсэн баримт, фото зургаар дүгнэлт гаргах боломжгүй гэсээр байхад ар араасаа дүгнэлтүүд гарсаар байсан, олон хүсэлтийг шат дараад нь тавьж байхад шийдвэрлэхгүй орхигдуулж байсан, Цагдаагийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй ажиллагаа нөлөөсөн зэрэг үндэслэлээр хариуцагч Х.Адъяасүрэн дээрх хохирлыг төлөх үндэслэл байхгүй” гэж маргаж байгааг, гэрч С.Буянтогтох “жолооч Оюунбилэг араас мөргөсөн, тэрний буруутай үйлдэл нөлөөлснөөс хохирсон” гэсэн мэдүүлэг зэргийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

            Учир нь уг хэрэгт гарсан 79 тоот шинжээчийн дүгнэлтийн Д.Оюунбилэгийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар заалтыг үндэслэлгүй тухай 2015 оны 11 сарын 12-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт гарсан байх бөгөөд яллагдагчаар байцаагдсан Д.Оюунбилэгт холбогдох үйлдлийг 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 121 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд 2016 оны 5 сарын 9-ний өдрийн 119 дугаартай Төв аймгийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо хохирогч С.Буянтогтох, Д.Оюунбилэг нар нь хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсанаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг тогтоолд зааснаар уг эрхийг хангах асуудал эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжсэнийг тогтоож буй явдал гэж ойлгоно. /Улсын дээд шүүхийн 2009 оны 5 сарын 22-ны өдрийн 15-р тогтоол 2.2/ Түүнчлэн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан, дээрх эргэлзээтэй асуудлаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газраас хүлээн авахаас татгалзан эцэслэн шийдвэрлэсэн /227-р хуудас/ бөгөөд уг асуудлаар энэ хэрэгт хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

            Мөн гэрч С.Буянтогтохын мэдүүлж байгаа “Оюунбилэг буруутай” гэх мэдүүлэг нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Хатанбаатарын мэдүүлэг болон дээрх техникийн шинжээчдийн дүгнэлтүүдээр няцаагдаж байх тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

Дээрх ослоос үүдэлтэйгээр нэхэмжлэгч машины эвдрэлийг үнэлүүлсэн зардал 621 000 төгрөг, автомашинд учирсан хохирол 10 315 903 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн нотариатын болон архивын зардал 55 600 төгрөг, нийт 11 009 403 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байна.   

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу  болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устгаж, гэмтсэн бол тухай тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорын хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 

Хариуцагч Х.Адъяасүрэн  нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тухайн үед Бенз BL-350 маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу нэхэмжлэгч Я.Батнасангийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учруулсан үйлдэл хийсэн байх тул хариуцан арилгах үүрэгтэй байна.

  

Бенз BL-350 маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэгчийн шаардлагадаа үндэслэсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2015 оны 8 сарын 7-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр /9-р хуудас/ тогтоогдсон тул шууд зардал болох 9 683 903 төгрөг, хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс /11-12-р хуудас/ хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул, нийт 10 304 903 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

  

Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 632 000 төгрөгийн эд анги солих, будах зардлыг /дүгнэлтэд дурдсан/ тухайн автомашиныг засварласан тухай баримтгүй тул, мөн нотариатын болон архивын зардал нийт 72 500 төгрөгийн баримтууд нь /13-р хуудас/ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт бүрдүүлэх цуглуулах үүргийнхээ хүрээнд төлсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч чөлөөлөгдөх тул улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар 179,828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснуудыг баримтлан хариуцагч Х.Адъяасүрэнгээс 10 304 903 /арван сая гурван зуун дөрвөн мянга есөн зуун гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Батнасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 704 500 /долоон зуун дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179 828 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн 191 500 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, Я.Батнасанд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.УРАНГУА

                                                                       ШҮҮГЧИД                   Б.МӨНХБАЯР                                                                                                                                                            Д.ЭНХЦЭЦЭГ