Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2121

 

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02121

 

 

Х.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01530 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Т-д  холбогдох,

 

Гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Т-

Хариуцагчийн өмгөөлөгч: О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь нэг компанид хамт ажиллаж байсан инженер ажилтай Б.Т- нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны үеэр над руу утасдаад "...найздаа замын индүүгээ түрээслүүлээч, надад ажил гарлаа..." гэж гуйсан бөгөөд би "...түрээсийн төлбөрийг нь найдвартай өгөх юм уу..." гэхэд надад " найдвартай, би өөрөө амьд баталгаа болно..." гэж хэлэхээр нь зөвшөөрч “Сонгинохайрхан дүүрэгт байдаг аж ахуйн хашаанаас манаачид хэлээд аваад яваарай, би Чойрт ажилтай байна. Оператороор нь манай ажилтан Э.Ө ажиллана шүү..." гэж хэлээд тухайн үед 1 өдрийн 300 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг амаар тохиролцсон болно.

Б.Т- нь манай замын индүүг 2015 оны 08 сараас 2015 оны 11 cap хүртэл хугацаанд манай операторын хамтаар түрээслэн ажиллуулсан байх бөгөөд манай операторыг дуудсан үед ирж ажиллана шүү гэж хэлээд түүнээс хойш холбоо тасарсан ба манай индүүг хүлээлгэж өгөлгүй алга болсон. Миний бие түүний утсаар нь нэг удаа холбогдоод "...индүү болон түрээсийн төлбөрөө авъя..." гэхэд 11 дүгээр хороололд замын ажлын талбай дээр индүү чинь байгаа гэхээр нь би өөрөө очиж индүүгээ авсан. Тухайн үед манай эхнэр н.Отгонсүрэнд манай индүүгээр ажилласан хоног болон ашигласан компанийн нэрийг өөрийн гараар бичиж өгөөд түүнээс хойш утсаа салгаад уулзахгүй алга болсон.

Иймд иргэн Б.Т-ас замын индүү түрээслүүлсний төлбөр болох 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг Өвөр монгол рестораны уулзвараас 2-р сургуулийн баруун болон зүүн талын гарц хүртэлх авто замын шинэтгэлийн ажлыг гүйцэтгэгч “Голден дрим" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Их замын хишиг" ХХК-нд талбайн даамлын ажил гүйцэтгэж байсан билээ.

Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч “Голден дрим" ХХК-ийн удирдлагын нөхөд индүү түрээслэх гэсэн олдохгүй байна, индүү түрээслүүлэх хүн байвал олж өгч туслаач ажлаа хурдан хиймээр байна гэсэн.

Би Х.Г-той утсаар яриад индүүг нь түрээслүүлэхээр болсон. “Голден дрим" ХХК нь 1 өдрийн 30 000 төгрөгөөр болно гээд л өөрсдөө ачиж ирэх машинаа хөлслөөд авч ирсэн билээ. Энэ өдрөөс нэхэмжлэгчийн индүүг өөрийн ажлын талбайд өөрсдийн ажлын шаардлагаар ашиглаж ажлаа хийж гүйцэтгүүлэн дууссан болно.

Энэ хугацаанд уг индүүг нийт 14 хоног өөрийн ажлын талбайд 3 хоногийг зэргэлдээ ажил хийж байсан "Алтай рөүд" ХХК-ийн талбайд ажиллаж байсныг би болон өөр бусад хүмүүс гэрчилнэ. Мөн энэ үед нэхэмжлэгчийн хүсэлтээр түрээсийн тооцооноосоо өгөөч гэхэд мөнгө орж ирэхээр өгнө гэсэн боловч өгөөгүй болно.

Иймд ажил үүрэг гүйцэтгүүлсэн "Голден дрим" ХХК нь түрээсийн төлбөрийг хариуцна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 2891.2-т заасны дагуу хариуцагч Б.Т-ас эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Г-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Хэргийн 2 дах талд хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 10 дах талд авагдсан шүүхэд төлөөлөх итгэмжлэлээс харахад нэхэмжлэгч этгээд нь Х.Г- бус Ж.О гэх этгээд байхаар байна. Хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэл гаргах этгээд биш болох нь тодорхой харагдаж байхад шүүгч Н.Б нь хэт нэг талыг баримтлан тээврийн хэрэгслийг "гэр бүлийн дундын өмч", "тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, өөрчилж дуусгавар болгох зорилго бүхий эд хөрөнгий эрхийн бүртгэл биш бөгөөд бүртгэлийн зорилго, агуулга нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс ялгаатай болохыг дурьдах нь зүйтэй" гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд гэр бүлийн эд хөрөнгийн байдлыг тодорхойлж өгсөн бөгөөд үүний дагуу дээрх тээврийн хэрэгсэл нь Ж.Отгонсүрэнгийн хуваарьт хөрөнгө ч байж болох байхад үүнийг үл харгалзан үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Мөн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлох эрх бүхий байгууллагаас олгодог тээврийн хэрэгслийн гэрчилгээг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд херөнгө хөлслөх гзрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс дээрх тээврийн хэрэгслийг түрээслээгүй, “ГД”  ХХК түрээслэсэн, миний зүгээс уг ажиллагаанд зуучилж өгсөн гэж тайлбарласан байхад шүүхээс дан ганц нэхэмжлэгчийн үгээр эд хөренге хөлслөх гэрээг талууд байгуулсан гэж дүгнэсэн байна. Хариуцагчийн зүгээс үүнтэй холбоотой гэрч оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн дагуу талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд тзэврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн байх шаардлагатай. Гэвч уг тээврийн хэрэгслийг хариуцагчид биш “ГД”  ХХК-д шилжүүлсэн байдаг.

Хариуцагчийн "...2015 оны 09 дүгээр сарын 27-нд “ГД”  ХХК нь 1 өдрийн 300 000 төгрөгөөр болно гээд л өөрсдөө ачиж ирэх машинаа хөлслөөд авч ирсэн" гэх хариу тайлбар, "....энэ компаний хүмүүс түрээслэе гэнээ гээд утсаар хэлж байсан" гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн "....индүүгээ авья гэхэд “ГД”  ХХК тээврийн зардал гээд 500 000 төгрөг өгсөн" гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэргээс харагдаж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хэдийгээр хариуцагч Б.Т- талуудыг гэрээ байгуулахад зуучилсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч байх боловч ийнхүү зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. Учир нь тэрээр зуучлуулагч этгээд болон гэрээ байгуулах сонирхол бүхий гуравдагч этгээдийг гэрээ байгуулахаас өмнө холбож өгөөгүй, энэ тухай аливаа мэдээллээр хангаагүй, гэрээний үнэ хөлс, хугацаа зэргийг хөлслүүлэгчтэй өөрөө тохиролцсон, өөрөө хөлслөх үйл ажиллагаа явуулах гэж байгаа мэт ойлголт төрүүлсэн нь түүний зуучлагч гэж үзэх боломжгүйд хүргэж байна" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, ямар нотлох баримтын үндсэн дээр ийм дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Харин ч хариуцагчийн зүгээс “ГД”  ХХК түрээслэсэн гзж тайлбарлаж байгаа нь

 “ГД”  ХХК тоног төхөөрөмжийг өөрийн зардлаар очиж авсан, буцаан хүргэхэд зориулж 500 000 төгрөг өгсөн, тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн ажил нь “ГД”  ХХК-ийн ажил байсан Ж.Отгонсүрэн нь “ГД”  ХХК-ийн ерөнхий инженер н.Жамбалтай очиж уулзаж байсан, мөнгө орж ирэхээр өгнө гэж тайлбарлаж байсан зэрэгээс нотлогдохоор байна.

Дээрх баримт, тайлбаруудаас харахад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хангалттай нотлох баримт бүрдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчисөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч Б.Т-д холбогдуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулсны хөлс 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Эд хөрөнгө болох зам индүүдэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр нь Ж.О-г бүртгэгдсэн, Ж.О, Х.Г- нар нь эхнэр, нөхөр болох тул тэд уг тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж тодорхойлж Х.Г- нэхэмжлэл гаргасныг зөв гэсэн анхан шатны шүүх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч гэрээний хөлс төлөхгүй гэх тайлбараа уг тээврийн хэрэгслийг “ГД”  ХХК ашигласан, үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байсан гэх үйл баримтыг зааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулах хүсэлтийг гаргасан.

 

Шүүх гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхихдоо гэрч Д.Г-аар гэрчлүүлэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, хамааралгүй гэсэн үндэслэлийг заажээ.

 

Тээврийн хэрэгслийг ачих зардлыг “ГД”  ХХК даасан, буцаах зардлыг мөн компани нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцэж байгаа тохиолдолд нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэгч уг үйл баримтыг нотлох үүрэгтэй болно.

 

Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн нотлох зүйл нь тээврийн хэрэгсэлийг хариуцагчид шилжүүлж өгсөн, тээврийн хэрэгслийг ашигласны хөлс төлөх нөхцлийг тохирсон байх юм.

 

 Дээрх тохиолдолд гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж дүгнэхэд эргэлзээтэй байх бөгөөд гэрчээс мэдүүлэг авсны дараа уг мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.   

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоос гэрчээс мэдүүлэг авахуулахтай холбоотой хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01530 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА