Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0646/З |
Дугаар | 128/ШШ2020/0011 |
Огноо | 2020-01-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0011
2020 оны 01 сарын 03-ны өдөр Дугаар 128/ШШ2020/0011 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, “Ич” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ич” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Манай компанид Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын ******* аманд 0.42 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн болно.
Анх уг газрыг олгохдоо зэрэгцэн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн, Богд хан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтан мэргэжилтний зөвшөөрөл, хуульд заасан бүхий шаардлагыг хангасаны үндсэн дээр Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр ашиглах №2016/*** дугаар гэрчилгээг олгогдсон.
Улмаар 2018 оны 02 дугаар 22-ны өдөр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Богд хан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ****** дугаар гэрээг Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нартаа гурвалсан гэрээг байгуулсан.
Гэрээг байгуулснаар гэрчилгээнд заасан зориулалтын дагуу аялал зуулчлалын үйл ажиллагааг эрхлэхийн тулд өөрийн газар дээр аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэх бүтээн байгуулалтыг тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байсан.
Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын №70 дугаар тогтоолоор манай компани дээр зөрчлийн 1902000383 дугаар хэрэг нээж, үйл ажиллагааг маань зөрчил шалган шийдвэрлэх хүртэл хугацаанд түр зогсоохоор ирлээ.
Учир шалтгааныг эрэлхийлвээс манай компанид олгосон газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “...газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр топгоогдсон; Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно’’ гэж заасныг үндэслэн Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар хүчингүй болгосон болохыг олж мэдлээ.
Энэ тушаалыг эс зөвшөөрч Байгаль орчин аялал, жуулчлалын яамны холбогдох албан тушаалтанд хандсан боловч шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлэх талаар амаар хариу өгсөн” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Ич” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна:
1. Хөөн хэлэлцэх хугацаа, мэдэгдсэн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.4 дэх заалтад заасны дагуу 21-ээс дээш этгээдэд цахим хэлбэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны http://www.mne.gov.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газар ашиглах эрх дуусгавар болгох аж ахуйн нэгжийн жагсаалтыг тавьж мэдэгдсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 309 тоот албан бичгээр “Ич” ХХК-нд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг, 15 хороо ******* хаягт Монгол шуудан компаниар хүргүүлэхэд хаягт газар эзэнгүй, хаяг дээрх утас биш гээд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 14:01 цагт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан н.М /9*******/-д буцаасан байна. Мөн газар чөлөөлөх талаар хүргүүлсэн мэдэгдлийг Хан уул дүүрэг, 15 хороо *******од Монгол шуудан компани хүргэсэн боловч хаяган дээрээ байхгүй шалтгаанаар 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 09:55 цагт мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгт Монгол шуудан компани мэдэгдлийг буцаан өгсөн байна.
Анх 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар ашиглах хүсэлт гаргахдаа хавсаргасан “Ич” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний /2015.11.16, 9011569140/ болон нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг ухүлээлгэн өгсөн тухай актад Хан-Уул дүүрэг, *******, Нархан *******, захирал Д.М, утас ******** байсан тул хувийн хэрэгт авагдсан тул хаягаар хүргүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны http://www.mne.gov.mn сайтад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр газар ашиглах эрх цуцалсан талаар тавьж мэдэгдсэн.
“Ич” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/08 тоотоор “газар ашиглах эрхийг цуцлах жагсаалтаас хасч өгнө үү”, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/09 тоот, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/26 тоот, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/88 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/30 тоот нийт 5 удаа албан бичгээр “газар ашиглах эрхийг сэргээж өгөхийг хүсэж байсан нь “газар ашиглах эрх дуусгавар болгохыг урьдчилан мэдсэн, газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдэж байсан нь тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Ич” ХХК шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 28-нд нэхэмжлэл гаргах байсан бөгөөд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна.
“Ич” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/Ш32019/4787 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахад “Ич” ХХК 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан бичигтээ:” “Ич” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/30 тоот албан бичгээр: “Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 70 тоот тогтоолоор захиргааны хэрэг нээхэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Э мэдэгдсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн амаар хариу өгсөн” гэх боловч энэ талаар өмнө нь удаа дараа хандаж, мэдсэн атлаа шүүхэд худал тайлбар өгч, хэн гэдэг мэргэжилтэн, ямар хариу өгсөн талаар хэрэгт нотлох баримт хавсаргаагүй байхад үндэлсэлгүй тайлбараар шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32019/5529 дугаартай захирамжаар хэрэг үүсгэсэн байна.
2. Хаягийн тухайд:
“Ич” ХХК анх 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар ашиглах хүсэлт гаргахдаа хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээний /2015.11.16, 9011569140/ болон нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актад Хан-Уул дүүрэг, *******, Нархан *******, захирал Д.М, утас ********* байсан бөгөөд уг хаягаар 2 удаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Монгол шуудан ХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08/630 дугаар албан бичгийн хавсралтын 1-д 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 20-ны мөн хаяг дээрээ байхгүй буцаасан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/6605 дугаар албан бичгийн хавсралтын хаягийн мэдээлэлд “2015 оны 11 сарын 16-нд, 2016 оны 05 дугаар сарын 01, 2016 оны 08 дугаар сарын 01-нд Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Н **-** тоот”, 2016 оны 09 дүгээр сарын 19-нд Сонгино хайрхан дүүрэг, *******, ******* тоот, 2017 оны 12 дугаар сарын 04-нд Сонгино хайрхан дүүрэг, ** дугаар хороо, Ө хороолол, **-** тоот гэсэн хаягтай байна. Компаний дүрэм 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2017/03 тоот шийдвэрээр өөрчлөгдөж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, *******, Ө, , , утас 9911****, захирал Г.Г болсныг мэдэгдээгүй газар ашиглагчийн үүргээ биелүүлээгүй байна. Гэхдээ энэ нь нэхэмжлэгч газар ашиглах эрх дуусгавар болох гэж байгаа, дуусгавар болсон гэдгийг мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/6337 дугаар албан бичгээр яаманд хандан ирүүлж байсан албан бичгийн тухайд:
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/09 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал Г.Г “... газар ашиглах эрхийг цуцалсан байна. сэргээж өгөхийг хүсч байна.” гэсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10/6304 дугаар албан бичгээр хамгаалалтын захиргаадад албан тоот хүргүүлж, “... газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тодруулан шаардлага хангаагүй материалд үндэслэл тайлбарыг өгч, хариуг түүгээрээ өгөх” талаар мэдэгдсэн.
Тус яамны 2019 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1635 дугаартай албан бичиг байхгүй болно.
“Ич” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/30 дугаартай албан бичгэнд тус яамны ТХНУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10/5158 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй хариу өгсөн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/6337 дугаар албан бичгээр яаманд хандан ирүүлж байсан албан бичгийн тухайд:
2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/09 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал Г.Г “... газар ашиглах эрхийг цуцалсан байна. сэргээж өгөхийг хүсч байна.” гэсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10/6304 дугаар албан бичгээр хамгаалалтын захиргаадад албан тоот хүргүүлж, “... газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тодруулан шаарадлага хангаагүй материалд үндэслэл тайлбарыг өгч, хариуг түүгээрээ өгөх” талаар мэдэгдсэн.
Тус яамны 2019 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1635 дугаартай албан бичиг байхгүй болно.
“Ич” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/30 дугаартай албан бичигт тус яамны ТХНУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10/5158 дугаартай албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй хариу өгсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн тул хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ич” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг маргаан бүхий акт гарах үндэслэл болсон үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлийг хянан, нотлох баримтыг үнэлж дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Анх “Ич” ХХК-д Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын ******* аманд 0.42 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/232 дугаар гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.
Энэхүү гэрчилгээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Ич” ХХК-аас Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “газар ашиглах гэрээний нэрийг өөрчлөн шинээр гэрээ байгуулж өгөхийг хүссэн байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Богд хан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 2018/64 дүгээр гэрээг байгуулсан байх бөгөөд газрын төлбөрт 2,502,072 төгрөгийг төлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Ич” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар “Ич” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Уг тушаалаар Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж буй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нийслэлийн Прокурорын газраас “Ич” ХХК-д холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн нээж, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” 70 дугаар тогтоолоор “..Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр ******* аманд гэх газар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн, хүрээлэн буй орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэн “Ич” ХХК-ийн барилга угсралтын үйл ажиллагааг бүхэлд нь зөрчлийг шалган шийдвэрлэх хүртэл түр зогсоож шийдвэрлэж байсан байна.
Уг шалгалтын үеэр нэхэмжлэгч компани маргаан бүхий тушаалыг анх мэдсэн гэж тайлбарлаж бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 708 дугаар тогтоол хүчинтэй байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заажээ.
Дээрх хуулийн дагуу эрх олгогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг хавсралтаар баталжээ.
Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалал тын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна”, 2.5.2-д “энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтоох бөгөөд улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд” байх, 2.8.2-т “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах” гэж зохицуулжээ.
Маргаан бүхий 0.42 га газар нь Туул голын ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн давхцлын зураг болон Туул голын сав газрын захиргаанаас ирүүлсэн давхцлын зургаар тус тус тогтоогдож байна.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/3854 дүгээр албан бичгээр “Ерөнхий үнэлгээний дүнгээр уг төсөлд шинээр батлагдсан аргачлалын хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай тул нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2016 оны 4 улиралд багтаан тус яаманд ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд үүний дагуу нарийвчилсан үнэлгээний тайланг гаргуулж хүргүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар болон яамнаас ирүүлсэн баримтаар тогтоогдох боловч уг үнэлгээнд “хуулиар хамгаалагдсан газар нутаг байгаа эсэх (урсац бүрэлдэх ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, хил хамгаалалтын бүс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар) гэсэн хэсэгт тийм гэсэн хариулт, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол үүсэх эсэх, цэнгэг усны нөөцийг ашиглах, эсэх, гадаргын болон газрын доорх усанд бохирдол үүсэх эсэх гэсэн хэсэгт тийм” гэж тусгасан байна.
Мөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд “...төслийн хүчин чадал нь ...нэг удаад гадаад дотоодын 50-60, жилдээ 200-300 орчим хүн хүлээн авч, ая тухтай амраах, тодорхой маршрутын дагуу хол ойрын байгалийн аял жуулчлал зохион байгуулна ...”, “Усан хангамж: аялал жуулчлалын баазад хэрэгэх болон ахуйн цэвэр усыг ******* амны биед гүний худаг байгуулан..., Шингэн хаягдал: Цогболборын үйл ажиллагаанд нийт 2 бохирын цооногтой бөгөөд гал тогооноос гарсан бохирын цооногийг 10 хоногтоо 1 удаа соруулж байхаар төлөвлөсөн” байна.
Маргаан бүхий газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй болох нь дээрх нарийвчилсан үнэлгээний тайлан болон Ус сувгийн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг болон нэхэмжлэгчээс ирүүлсэн бохирын цооног суулгаж буй ажлын зураг болон Гмх ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байна.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.” гэжээ.
Иймээс нэхэмжлэгч компани зориулалтын дагуу маргаан бүхий газрыг ашигласнаар Усны тухай хууль болон “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын голын ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүс, энгийн хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагааг явуулах эрсдэл бий болж, улмаар уг журмын хэм хэмжээтэй нийцэхгүй, уг хууль, журмаар хориглосон хэм хэмжээ зөрчигдөхөөр байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:...нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/427 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-40.1.7, 40.3 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 10.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3, 3.4 дэх хэсэг гэж нэмэх, тушаалын үндэслэл хэсэгт “36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг гэсний дараа 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг” гэсэн өөрчлөлт оруулжээ.
Үүнээс үзэхэд, маргаан бүхий акт нь хариуцагчаас өөрт хуулиар олгогдсон бүрэн эрх, хуулийг хэрэгжүүлэх, хуулиар хүлээлгэсэн усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн харж, эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон хуульд нийцсэн үйлдэл гэж үзэхээр байна.
Иймээс газар ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалт агуулсан 2018 оны ******* дугаар тушаалын зорилго, агуулгыг өөрчлөхгүйгээр уг тушаалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчид холбогдох зөрчилд нийцүүлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г нэмж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.2, 40.2 гэснийг 40 дүгээр зүйлийн 1,2 гэж өөрчлөх зэргээр 2018 оны А/427 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасанд нийцжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч “Ич” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй хэдий ч нэгэнт маргаан бүхий байршилд анхнаасаа газар ашиглуулах шийдвэр гаргах үндэслэлгүй байсан, өөрөөр хэлбэл хариуцагчаас сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй, нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч нь буруутай этгээдээс зохих журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ич” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалын “Ич” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА