Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2016/0010/з |
Дугаар | 221/МА2016/0483 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0483
“******* зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С.******* нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 т тус тус заасныг баримтлан Булган аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 040018711 дугаартай актын маргаан бүхий 2120961 төгрөгийн төлбөрөөс 6345 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, 2114616 /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун арван зургаан/ төгрөг болгон багасгажээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Шалгалтыг хийж байх үед Монгол улсын их хурлаар Өршөөлийн тухай хууль хэлэлцэж байсан тул та нар шалгалтаа түр зогсоож хуулийн дараа болооч гэсэн хүсэлтийг тавьсан боловч хүлээж аваагүй шалгалтыг хийж 5 сая гаруй төгрөгийн акт тавьсан байсан. Уг акттай танилцаад актыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэж үзээд хуулийн хүрээнд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан боловч аль нь ч нягталж үзээгүй эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар хандаж улсын байцаагчийн актын талыг нь хасч шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг зөвшөөрөхгүй Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан ч алдаатай тооцсон тоон дээр үндэслэж шийдвэр гаргасан, нөгөө талаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн ганц заалтыг барьж шийдвэрлэсэн. Уг нь улсын байцаагчийн акт нь бүхэлдээ захиргааны шийтгэл арга хэмжээ гэж үзэж байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Аймгийн татварын хэлтсийн байцаагч *******ийн тавьсан актын зөрчил гэх тоо торгууль алданги тооцсон хувь хэмжээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1.1, 17.1.2 дахь заалтын дагуу дахин нягтлан жил жилээр нь тооцож үзэхэд ******* байцаагчийн торгууль алданги нөхөн төлбөр нь таарч байгаа боловч ******* акт бичихдээ зарим тоог давхардуулж тооцож акт тавьсан нь хууль бус болсон байна. Өөрийн хийсэн тооцоог танилцуулж байна.
2010 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан 16083481.14 төгрөгийн борлуулалтын орлого олж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу босго үнэ 10.0 сая төгрөгийг хасч 608348.14 төгрөгийн борлуулалтын орлогоос үйл ажиллагаа явуулахад зарцуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай 3920.400 төгрөгийг хасч 2163081 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь тооцож 216309 төгрөгийн нөхөн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн төлбөр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох орлогын үнийн дүнгийн 30 хувийн торгууль 64892 төгрөг, хоногийн алданги 0.3 хувиар 64892 төгрөгийн хүү тооцож нийт төлбөр 281849 төгрөг.
2011 онд 19659090 төгрөгийн зөрчил илрүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувиар нөхөн төлбөр тооцож 19650909 төгрөг үүнээс 30 хувиар торгууль 589773 төгрөг 0.3 хувь алданги, хүү 5898 төгрөг нийт 2555682 төгрөгийн төлбөр. 2011 оны акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1, 4.1.10, 3 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон. Гэхдээ ******* байцаагчийн буруу тооцсон тооцооноос 2176000 төгрөгийг хүчингүй болгосон нь тооцооны алдаа 2555682 төгрөгийн акт хүчингүй болгох ёстой байв.
2013 онд 24595454 төгрөгийн борлуулалтын орлоготой үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 14694545.5 төгрөгийн зардлыг хасч 9850909 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох орлого гэж үзэж 10 хувийн нөхөн төлбөр, 935091 төгрөгийн алданги /хүү/ 2955 нийт төлбөр 1283573 төгрөг.
2014 онд 290909 төгрөгийн борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр 10 хувь 29091 төгрөг, торгууль 30 хувь 8727 төгрөг, алданги /хүү/ 87000 төгрөг нийт төлбөр 37905 төгрөг гарч байна.
2010, 2013, 2014 оны нийт төлбөр 1602328 төгрөг байгаа юм. Үүнээс нөхөн төлбөр 1230491 төгрөг, торгууль 399146 төгрөг, хүү 3691 төгрөг байна.
Аж ахуйн нэгжийн дутуу тайлагнасан борлуулалтын орлогын нөхөн татвар 503566 төгрөг, торгууль 151069 төгрөг, хүү алданги 164693 төгрөг нийт 819328 төгрөг тус тус байна. Үүнийг нь төлсөн гэтэл давхардуулж шийдвэрлэсэн.
Маргаан таслах зөвлөл шийдвэр гаргахдаа 2011 оны үйл ажиллагаанд тавьсан актын дүн 2555682 төгрөг байсныг 2175832 төгрөг болгож алдаатай тооцоо хийж 399000 төгрөг орхигдуулж шийдвэрлэсэн. Улсын байцаагчийн акт нь бүхэлдээ захиргааны арга хэмжээ тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд хамруулж өршөөл үзүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж татварын улсын байцаагчийн актыг хуульд нийцсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж зөвхөн хүүгээс өршөөсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо татварын улсын байцаагч тооцоолол алдаж хийсэн гэж он тус бүрээр өөрийн тооцоогоо хийж ирүүлснийг дараах байдлаар хүлээн авах үндэслэлгүй байна.
2010 онд НӨАТ-ын хуулийн дагуу босго үнэ 10,0 сая төгрөгийг хасаагүй гэх боловч 2010 онд нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байсан байх тул 10,0 сая төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй бөгөөд энэ талаарх татварын улсын байцаагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2011 онд холбогдох төлбөртэй холбогдуулж гаргаагүй бөгөөд татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хассан байх тул үүнд холбогдох гомдлыг хангах боломжгүй. Мөн 2013, 2014 онд холбогдох тооцооллыг нэхэмжлэгч хийхдээ зардлыг хасахаар, мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар 30 хувийн торгууль тооцох зэргээр нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд хамааралгүй аргачлал, хуулийг хэрэглэсэн байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй. Татварын улсын байцаагч нар акт гаргахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог хийж нэхэмжлэгчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварыг хуульд заасны дагуу хасч зөвтгөн баталгаажуулсны үндсэн дээр дээрх нөхөн татвар, хүүг тооцсон болох нь актын хавсралтуудаар тогтоогдож байна.
Мөн гомдолдоо акт нь бүхэлдээ захиргааны арга хэмжээ тул бүх төлбөрийг өршөөж өгнө үү гэж дурдсан боловч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээдэг тул дутуу тайлагнаж төлөөгүй татварыг нөхөн ногдуулсныг захиргааны арга хэмжээ гэж үзэхгүй тул өршөөлд хамруулж чөлөөлөх үндэслэлгүй. Харин нөхөн татвараас бусад торгууль, алданги, хүү нь хариуцлагад хамаарах тул чөлөөлөх үндэслэлтэй атал шүүх зөвхөн хүүгээс чөлөөлсөн нь буруу байна.
Нэхэмжлэгч нь актын зарим хэсгийг зөвшөөрч төлсөн гэх боловч нэхэмжлэлдээ “татварын маргаан таслах зөвлөлийн хассанаас үлдэх 2,940,288 төгрөгийг төлүүлэхээр баталсныг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан” гэж дурдсан байх тул актаар тогтоосон маргаан таслах зөвлөлийн шийдвэрлэснээс үлдсэн 6344,3 төгрөгийн хүү, 151069 төгрөгийн торгууль, 164693 төгрөгийн алданги, нийт 322106,3 төгрөгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... дугаартай актын маргаан бүхий 2120961 төгрөгийн төлбөрөөс 6345 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, 2114616 төгрөг болгон багасгасугай” гэснийг “... дугаар актаар ногдуулсан 6344,3 төгрөгийн хүү, 151069 төгрөгийн торгууль, 164693 төгрөгийн алданги, нийт 322.106,3 төгрөгийн хариуцлагаас нэхэмжлэгч “******* зам” ХХК-ийг чөлөөлсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ