Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1120

 

М.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          прокурор Н.Дамбадаржаа,

          шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Чинзориг,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч М.М-ад холбогдох 2017 2602 0861 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн М-гийн М, 19..оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ...................... тоотод оршин суух, /РД:................../;

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

М.М- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч;

1. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Б-ийн халааснаас “Асус” загварын гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим иргэн Б.Б-ийн халааснаас “Самсунг эс 5” загварын гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс молл” худалдааны төвд иргэн Б.М-гийн халааснаас “Айпоне 7” загварын гар утсыг авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элиганс таун”-ны орчим иргэн Ж.Э-гийн халааснаас “Айпонe 7 плас” загварын гар утсыг авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэжүн” хоолны газарт Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Л С Х-ын халааснаас “Самсунг С-8” загварын гар утсыг авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчим иргэн Э.М-гийн куртикний халааснаас “Айпонe 7 плас” загварын гар утсыг авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

7. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хорооллын эцсийн автобусны буудал дээр иргэн П.О-ийн халааснаас “Хуавей” загварын гар утсыг авч 559.300 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 8.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М-ын үйлдлээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Б-ийн халааснаас “Асус” загварын гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Б.Б-ийн халааснаас “Самсунг Эс-5” загварын гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.М-ын урд цагдан хоригдсон 232 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-аас нийт 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Л С Х /Б.Б/-т олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1705 0102 20332 тоот хэргийг нэгтгэсэн, 2015 2602 0849 тоот хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Алтаншагайтай 3, 4 дүгээр хороололд байрлалтай “Москва” рестораны автобусны ард байрлах гар утасны худалдааны төвд гар утасны засварын лангууг түрээслэх зорилгоор түүнтэй түрээсийн гэрээ байгуулж, гар утас засварын үйлчилгээ эрхлэн амьдрал ахуйгаа авч явдаг байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хоёроос дээш удаа бусдаас гар утас хулгайлан борлуулж, амьдралын эх үүсвэр болгосон гэсэн үндэслэлээр ял оногдуулсан.

Миний бие хулгайлсан гэх гар утаснуудыг тухайн үед нь хохирогч нарт буцаан өгсөн бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан.

Иймд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч М.М-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үзэх үндэслэлтэй байна.

1. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгч М.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Анхан шатны шүүх нь Тодорхойлох хэсэгт “... хулгайлах гэмт хэргийг 5 удаа үйлдсэн тул тухайн гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа буюу байнга үйлдсэн ...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

1.1 “Байнга үйлдэж” гэх тухайд;

Хэдийгээр 2017 оны 3 дугаар сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хамаарах 5 удаагийн үйлдэл нь тус бүрдээ гэмт хэргийн шинжийг агуулж байгаа үйлдэл мөн боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн 1 гэмт хэрэг юм. Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж, “байнга үйлдсэн” гэдэг шинжээр хүндрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тэгээд ч цаг хугацааны хувьд авч үзвэл эхний үйлдэл нь дараагийн үйлдлээсээ 6 сарын өмнө /2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ үйлдэгдсэн бөгөөд дараагийн 3 удаагийн үйлдэл нь 19 хоногийн дотор, сүүлийн үйлдэл нь дээрх үйлдлүүдээсээ 3 сар гарангийн дараа үйлдэгдсэн байгааг харахад “тогтвортой, хэвшмэл маягтай, байнгын ажил болгосон” гэж үзэх ямар ч боломжгүй юм.

1.2 “Амьдралын эх үүсвэр болгосон” гэх тухайд;

М.М- нь гэмт үйлдэл үйлдэгдсэн цаг хугацаанд /2017 оны 3 дугаар сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 16-наас ч өмнөх хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж байсан./ тодорхой ажил хөдөлмөр буюу 2017 оны 9 дүгээр сараас өмнө барилгын туслах ажил, 2017 оны 9 дүгээр сард “Гар утасны засварчин” мэргэжил эзэмшсэнээс хойш Баянголд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утас худалдааны төв”-д 5 дугаартай лангуу түрээслэн ажиллаж байсан болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 2017 оны 9 дүгээр сараас эхлэн “Гар утас худалдааны төв”-д 5 дугаартай лангууг М.М- түрээслэн гар утасны засварын үйлчилгээ эрхэлж байсантай нь холбогдуулан “Түрээсийн гэрээ”-г гаргаж өгсөөр байтал түүнийг “тодорхойгүй байна” гэж үзсэнд гомдолтой байгаа юм. Уг гэрээ нь “байнга” гэх шинжид хамаарах цаг хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сараас эхлэн байгуулагдаж, тухайн өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн бөгөөд цагдан хоригдсоноос болж, цаашид үргэлжлэх боломжгүй болсон байдаг юм.

М.М- нь дээрх 5 удаагийн үйлдлээс олсон орлогоо амьдралынхаа эх үүсвэрийг болгосон гэх, эсхүл үндсэн хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх нотлох баримт эрүүгийн 2017 2602 0561 дугаар хэрэгт огтоос байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Мөн М.М- нь Б.М-н “Айпоне 7”, Э.Мн “Айпоне 7 плас” загварын гар утсыг биет байдлаар нь тухайн үедээ хохирогч нарт хүлээлгэн өгч байсан, мөн хохирогч Ли Сам Хёны “Самсунг 8” загварын гар утсыг нь М.М-тай хамт явсан Төгөлдөр гэх залуу тухайн үед аваад явсан гэж мэдүүлсэн зэргээс харахад дээрх 3 иргэний утсыг М.М- нь зарж борлуулж, орлого олж, амьдралдаа зарцуулсан гэж үзэх боломжгүй байна. Харин Ж.Э-, П.О- нарын гар утсыг маш хямд үнээр зарж, олсон орлогоо зөвхөн наргих цэнгэх зэрэгт зарцуулжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ үүнийг анхаарч үзэх ёстой байтал, харин ч эсрэгээрээ “тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд учир дутагдалтай, өрөөсгөл дүгнэлт юм.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх “амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх гол шинж нь гэмт хэргийг байнга үйлдэж, олсон орлогоо гэмт этгээд нь өөрийнхөө амьдралынхаа эх үүсвэр болгосон байхыг л шаарддаг.

Амьдралын эх үүсвэртэй холбоотойгоор жишээлбэл, “А аймгийн малчин Б гэгч нь намар хадлангийн цагаар өөрийн нутгийн найзынхаа гуйлтаар өвсийг нь өөрийнхөө автомашинаар 5 удаа зөөж өгөөд хөлсөнд нь хонь авчээ” гэж үзье. Б-н амьдралын эх үүсвэр буюу ажил хөдөлмөр нь жилийн 4 улиралд байнга мал маллаж амьжиргаагаа залгуулдаг ажил “мал маллах” ажил юм. Тэрхүү ажил нь түүнд өөрийн болон өрх гэр, нийгмийн үндсэн хэрэгцээ зэргээ хангах орлогыг өгдөг. Түүнээс биш тохиолдлын шинжтэйгээр бусдад 5 удаа өвс зөөж өгөөд олсон орлого нь түүний байнга үйлдэгддэг, амьдралынх нь эх үүсвэр болсон орлого биш юм гэдэг нь ойлгомжтой харагдахаар, зүйрлүүлж болохоор юм.

М.М- нь 5 удаагийн үйлдлээр байнга, хууль бус орлого олж, түүнийгээ өөрийнхөө амьдралын эх үүсвэр болгох буюу үндсэн хэрэгцээгээ хууль бус орлогоороо хангаж байсан гэдгийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

1.3 М.М-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй байдаг.

2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “... М.М-ын цагдан хоригдсон 232 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

М.М-ад анх 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 2015 2602 0849 тоот эрүүгийн хэрэг /1-р хх-68, 156/ үүсгэж, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хорьж байсан. Үүнээс хойш хулгайлах гэмт хэрэг холбогдуулан 2017 2602 0861 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, дээрх хэргүүдийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэгтгэж /1-р хх-74/ шалгасан. 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл М.М-ыг дахин шинээр цагдан хорьсон байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно.” гэж зааснаар М.М-ын нийт цагдан хоригдсон хоногуудыг ял эдлэх хугацаанд оруулан тооцох учиртай байсан. Гэтэл анхан шатны шүүхээс “хэрэгсэхгүй болгосон хэрэгт цагдан хоригдсон хоногийг оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж үндэслэлтэй байна.

М.М- нь 2016 онд 2015 2602 0849 тоот танхайн хэргээр цагдан хоригдож байсан бөгөөд дараа нь хулгайн хэргээр 2017 онд 2017 2602 0861 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дээрх хэргүүдийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэгтгэн шалгаж байх хугацаанд шинээр М.М- нь цагдан хоригдож байх хугацаанд буюу мөрдөн байцаалтын шатанд өмнөх танхайн үйлдэл нь “гэмт хэргийн шинжгүй” гэдгээр хэрэгсэхгүй болсон. Танхай, хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж байсан ба тухайн нэгтгэсэн хэргүүдэд цагдан хоригдож байсан талаарх прокурорын тогтоолууд хавтаст хэрэгт хангалттай байсаар байтал шүүх түүнийг зөвхөн гэм буруутайд тооцсон эрүүгийн хэрэгт цагдан хорьсныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “ялгаварлан гадуурхахгүй байх” зарчим, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр прокурор нь хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө танхайн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон хэрэг гэдгээр М.М-ын эрх чөлөөгөө хязгаарлуулан, цагдан хоригдож байсан хугацааг орхигдуулах нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын зарчим болон хүний эрхийг тус бүр уландаа гишгэсэн явдал болно.

Нэг үгээр бол аливаа этгээд шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, эсхүл гэм буруугүй болохоо тогтоолгох хүртэл цагдан хоригдсон хугацаа нь нийт цагдан хоригдсон хугацаанд орж тоологдох учиртай байтал “хэрэгсэхгүй болсон хэрэг” гэдгээр, эрх чөлөөг нь хязгаарласан 201 хоногийг орхигдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хөнгөрүүлэн, цагдан хоригдсон хоногийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуулчилжээ.

Өөрөөр хэлбэл, М.М- нь 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 8.159.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Т.Б-, Б.Б- нарын гар утсыг хулгайлсан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй ...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан тул анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч М.М-ад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М-ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч М.М-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ