Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0038

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0038

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я.Э*******г /РД:ОА7******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Үнд***********

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газар-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б********а, Г.Б*********н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, гуравдагч этгээд Үнд***********ны төлөөлөгч Б.Т*******, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү*******о, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаар захирамжаар иргэн Я.Э*******г нь 3220800 төгрөг үнэтэй 244 м.кв газар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4 дүгээр гудамж, ******* тоот хаягаар өмчлөн авсан, Тухайн үед газар дээрээ таньдаг айл буулгаад гадагшаа удаан хугацаагаар явж ирээд газрын өмчлөлийн гэрчилгээгээ олохгүй байсан тул 2015 онд шинээр өмчлөлийн гэрчилгээ бичүүлж авах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан боловч 3 жил шийдвэрлэж өгөөгүй.

Одоо 2019 онд 3 дугаар сард дахин газрын асуудлыг тавихад Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/98 тоот захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эзэмшилтэй байна гэсэн хариу авсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын ажлын албанд гомдол гарган 05 дугаар сарын 01-нд хариу ирүулэхдээ шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Я.Э*******г нь 2003 онд газар эзэмшиж аваад, өмчилсөн. Өмчлөх шийдвэр нь гараад хүчин төгөлдөр байгаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ******* байранд оршин суудаг гэсэн Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан. Энэ хаягийн дагуу холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэр гарсан. Я.Э********гийн газар дээр Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан ба Я.Э********гийн ямар нэгэн зөвшөөрлийг аваагүй. Үүний дагуу бидний зүгээс Тогтвортой амьжиргаа төслийнхөнтэй уулзаж ярилцахад үл хөдлөх эд хөрөнгө нь Я.Э********гийн газар дээр баригдсан гэдгийг хүлээн зөвшөөрч 2008 оны 07 сарын 04-ний өдөр шилжүүлж өгнө гэж тодорхойлж өгсөн. Энэ нь тамгаар баталгаажиж байгаа. Хожим бид үл хөдлөхийнхөө гэрчилгээг гаргуулж авах хүсэлт гаргахад төрийн байгууллагынхан бидний хүсэлтийг огт хүлээж авдаггүй байсан. Учир нь манай газар дээр үл хөдлөх хөрөнгө баригдсан ба Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар бүртгэж авсан. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар хэрхэн, яаж бүртгэсэн тухай нотлох баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргад албан ёсоор гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын зүгээс танай газрыг 2018 онд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжүүлсэн байна. Иймд шүүхэд ханд гэсэн урьдчилсан байдлаар хариу ирүүлсэн ба энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүний дагуу шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба уг ажиллагааны дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ******* тоот дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга барьсан нь тогтоогдсон ба газрыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт шилжүүлсэн гэдгийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба албан бичгээрээ мэдэгдсэн. Тухайн үед Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар тойм зургаа өгсөн ба тойм зургийн ар дээр дутуу барилга гэж байгаа. Дутуу барилга нь Соёл урлагийн их сургууль гэдгийг талуудын тайлбараар тодорхойлж ирүүлэхэд Соёл урлагийн их сургууль нь анх 1989 онд баригдаж эхлээд дутуу баригдсан гэдгийг тодорхойлсон. Газрын байршлын хувьд маргаан бүхий газар нь тогтоогдож байна. Мөн 2003 оноос 2019 оны сансрын зургийн мэдээллээс харахад тухайн газар нь нэг газар гэдэг нь харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/98 дугаар захирамжийг батлахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх захирамжийг баталсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ..Иргэн Я.Э*******г нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны а/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албыг эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талаар дурдаж гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын эрх ашиг хөндөгдөхгүй байна гэж үзэж байна.

Иймд тус шүүх хурлыг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Я.Э********гийн тус дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 4 дүгээр гудамж, ******* тоотод холбогдох газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/98 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар олгогдсон байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Р********д, өмгөөлөгч А.Н******а нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн өмч Өрхийн эрүүл мэндийн төвийн 160 м.кв бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь уг газрын эзэмшигчээр хууль ёсны дагуу эзэмшиж байна.

Тухайн захирамжийг нийслэлийн Газрын алба нь журмын дагуу кадастрын зураглал зэрэг баримтын бүрдлийн дагуу шийдвэр гаргасан гэж үзэх тул Я.Э********гийн гомдлыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хариуцах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. гэжээ.

Гуравдагч этгээд Үнд***********ны төлөөлөгч Б.Т******р нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 796 тоот шийдвэрийн хугацааг 90 хоногоор тогтоосныг дурдан, шийдвэр биелүүлэх хугацаа 3 жил 1 сар буюу 1125 хоногоор хэтэрч байгааг тэмдэглэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газарт олон бичиг өгсөн бид туйлдсан өрөнд орсон тул ямартаа ч бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 16 тоот тогтоол ба Нийслэлийн Засаг даргын 2019 оны А\184 дүгээр захирамжаар манай хоршооны өмчлөлд шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн 2 барилгыг хүлээн авч засварлаж байгаа болно. Уг 2 барилгад дулаан авах шугам шинэчлэн 50-иад сая төгрөг зараад байгаа ба энэхүү маргаанаас болж газрын нэр шилжихгүй хохирч байна.

Я.Э********гийн нэхэмжлэл үндэслэл муутай, хуурамч байх олон шинжийг агуулсан хийгээд газрын албаны хүмүүстэй хуйвалдан оноогоогүй 244 м.кв газарт хоосон шийдвэр гаргуулсан эс бол өөр газарт гаргасан шийдвэрийг үүнд ашиглаж байгаа гэмээр зүйл ажиглагдлаа. Нотолгоо болгон таньдаг айл буулгаад гадагшаа явсан гэсэн нь ямарч баримтгүй, тэр хэн гэдэг хүн тэнд хэдэн жил амьдарсан аль хороонд, ямар цахилгаан хангамжаас амьжиргаагаа явуулж хичнээн төгрөгийн төлбөр төлсөн зэрэг харгалзах баримт нэг ч үгүй, 12 жилийн дараа гэнэт алга болгосон өмчлөлийн гэрчилгээгээ авахаар хандсан гэж, ашиг сонирхлын зөрчилтэй нэхэмжлэл гаргажээ.

2003-2004 онд өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар барилга төлөвлөгдөн 2005 онд баригдсан байдаг бөгөөд хүлээн авсан тодорхой эзэнгүй, стандарт хангаагүй тул улсын комисс хүлээн аваагүй учраас уг өмч завсардан зайдлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ орон зайн дээр өөр хүмүүс уг өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглан чанар байдлыг муудуулж ирсэн байх бөгөөд улмаар өөрт сэм гулсуулах арга зам эрэлхийлсээр ирсэн байдаг. Тэдний нэг ба далд төлөөлөл нь Я.Э*******г ч байж болох талтай юм.

Тиймгүй бол солиотой орон гаран хүн биш л юм бол өөрийнх нь гэх газар дээр бүхэл бүтэн барилга баригдаад 10 гаруй жил болж байхад ийм хөндий хандана гэж байхуу?

Холбогдох хуулиар аливаа олдмол болон эзэнгүйдсэн, нийгмийн хөрөнгөөр бий болсон өмч орон нутгийн өмч байх, түүнийг захиран зарцуулах эрх шат шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байх үндэслэлээр дээрхи шийдвэрүүд гарсан ба 2012 оноос хойш Нийслэлийн өмчийн харилцааны газар судлан, хяналт тавьж уг барилгын яг ар талд байсан айлд хариуцуулж бидэнд өгөх гэж байгаа талаар 2016 оноос хэлж, дуулгаж хамтдаа харж хандаж ирсэн. Энэ 4 жилд энэ барилгын газрын талаар хэнч гарч ирээгүй, харин ар талын айл 2 төрийн байгууллагын өмчийн дундах газрыг аргалж чаргалж авсан, холбогдох захирамж шийдвэрийг хүчингүй болгуулна гэж байсан өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан ажил өөрчлөгдснөөр авсан гол хүн нь нас барсан зэргээс тэд завшиж өнгөрсөн. Бид түүнд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс одоо л дөнгөж бүрэлдэж байгаа, төрийг эзэнгүйдүүлдэг тод жишээ энэ юм. Хэргийн матөриалтай танилцахад шүүгчийн албан тоотод хариу ирүүлсэн холбогдох эрх бүхий байгууллагууд албан тоотуудаа... Я.Э*******г тэнд оршин сууж байсан гэх хаягийн ба бусад бүртгэлийн талаар ямарч мэдээлэл байхгүй, тухайн газарт бүртгэлийн ямарч баримт гарч ирээгүй, кадастрт бүртгэгдээгүйг тус тус илэрхийлжээ. Улсаас нэгдсэн тооллого кадастр хийсэн 2005-2006 оны мэдээллийн санд ч байхгүй байгаа зэрэг нь анхнаасаа өмчлөлийн гэрчилгээ бичигдээгүй, баталгаажилтын шатанд зөрчил илэрсэн учраас олголт хийгдээгүй, ташаа гаргасан өмчлөлийн шийдвэр байх ба залруулах эрх мэдэл дутаж орхисон байх талдаа тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Э********гээс нэхэмжлэлийн шаардлагаа ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газар-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Я.Э********гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.    Маргаан бүхий газрын талаар:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д ...Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Я.Э*******г нь 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын харилцааны албанд Сүхбаатар дүүргийн барилгачдын 4-******* тоо хашааг эзэмшдэг тул газар эзэмших бичиг олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар Я.Э********гт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 4-******* тоот 400 ам.дөрвөлжин газрыг 2 жилийн хугацаатайгаар амины зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжаар Я.Э********г, Я.М******* нарт газрын хэмжээг багасгаж 244 м.кв-аар өмчлүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй: Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх; өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх гэж заасны дагуу газрынхаа хил хязгаарыг баталгаажуулж, тэмдэгжүүлж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан байна.

Гэтэл нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/5102 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч үүнд захиргааны байгууллагын буруутай үйлдэл байна.

Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2003 онд Я.Э********гт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 4-******* тоот 400 ам.дөрвөлжин газрыг 2 жилийн хугацаатайгаар амины зориулалтаар эзэмшүүлэхэд гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Газрын алба нь /хуучин нэрээр/ Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д ....дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж заасны дагуу кадастрын зургийг үйлдэж, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж оруулаагүй болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 2/2980 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн газрын алба нь 2003 онд Я.Э********гт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас маргаан бүхий акт гарах, газрын давхцал үүсэх нөхцөл бүрдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 186433******* дугаар бүхий 160 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нэгж талбарын 186433******* дугаар бүхий 180 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар 15 жилийн хугацаатайгаар Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар тус тус олгосон байх бөгөөд уг газрууд нь зэргэлдээ газар болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 12 дгаар сарын 20-ны өдрийн 2/3197 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн кадастрын зургийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 186433******* дугаар бүхий 160 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчилсөн газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгийн хавсралтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн газрын өмчлөлийн хувийн хэрэгт 2003 оны газрын тойм зурагт дуусаагүй барилга гэх баримтыг хавсаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс уг барилгыг СУИС-ын хичээлийн 2 дугаар байрны дуусаагүй барилга байсан гэж тайбарласан, энэ нь үндэслэлтэй болох нь Соёл урлагийн их сургуулиас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны барилга нь 1989 онд Хөдөлмөр сургалтын төв нэртэйгээр Улаанбаатар хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэл барьж байгаад нэгдүгээр давхрын хучилтыг хийж дутуу орхисон байсныг үргэлжлүүлэн барьсан барилга юм гэх тайлбар болон тухайн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, газрын албанд ажиллаж байсан гэрчийн мэдүүлгүүдээс тогтоогдож байна.

Түүнчлэн уг хувийн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өргөдөлд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Газрын албанд ...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4-******* тоот хашааг Я.Э*******г нь эзэмшиж буй тул гэрчилгээг Я.Э********гт олгоно уу гэх цохолтыг 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн байх бөгөөд тухайн Барилгачдын гудамж 4 гэх гудамж одоог хүртэл байдаг болох нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 158 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтийн 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Маргаан бүхий газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн талаар:

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн тогтвортой амьжиргаа-2 төслийн нэгжээс 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан Тогтвортой амьжиргаа-1 төслийн орон нутгийн санаачлагын сангийн хөрөнгөөр баригдсан барилга нь иргэн Я.Э********гийн өмчилсөн газар баригдсан учир одоо ашиглалтгүй байгаа уг барилгыг Я.Э********гийн өмчлөлд шилжүүлж байгааг мэдэгдье гэх утга бүхий албан бичгийг нотлох баримтаар өгсний дагуу шүүхээс Нийслэлийн тогтвортой амьжиргаа-2 төслийн нэгжийн талаарх баримтыг холбогдох байгууллага, архиваас, төслийн зохицуулагч Ж.Ун**********ны талаарх баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ж овогтой Ун**********н гэх хайлтын дагуу илэрсэн 2 иргэдийн мэдээллийг авч холбогдоход аль аль нь төсөлд ажиллаж байгаагүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга хасах тухай 16 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн одоогоор ашиглалтгүй байгаа 2 барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч Үндэсний-Оюу хоршооны өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар Үнд***********ны өмчлөлд шилжүүлсэн байна.

Гэтэл Энэр-Ази өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар албан бичгээр Тус өрхийн эрүүл мэндийн төв нь анх 2000 онд байгуулагдан 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн байранд түрээсээр байрлаж байгаад 2006 онд Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Соёл урлагийн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урд Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар барьсан 1 давхар байранд үйл ажиллагаа явуулсан. Тус барилгын газрын зөвшөөрөл, газрын гэрчилгээ байхгүй гэх тайлбар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/1479 дүгээр албан бичигт ...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь ....чанар муутай, ашиглалтын шаардлага хангахааргүй баригдсан гэдэг шалтгаанаар барилга хүлээж авах улсын комисс хүлээж аваагүй тул, нийслэлийн өмчид бүртгэгдэлгүй, 2003 оноос хойших нийслэлийн өмчийн тооллогод хамрагдаагүй үлдсэн байна гэснээс тус тус дүгнэхэд дээрх барилга нийслэлийн өмчид бүртгэгдээгүй байсан байна.

Нэгэнт нэхэмжлэгч талын зүгээс газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдаан дээр тайлбарласан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай тул маргаан бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийн хувьд холбогдох этгээд аливаа асуудлаар маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д тус тус заасныг баримтлан Я.Э********гээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт /хуучин нэрээр/ холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлйин 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА