Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2072

 

        “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01567 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж К З-д холбогдох

Гэм хорын хохиролд 37 920 014 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгч З.Ц нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

Хариуцагч Ж К З

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.М миний бие 2010 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнт гэдэг газарт 5 га газар чацарганы суулгац тарьж, усалгаа арчилгааг нь тогтмол хийснээр 2013 оноос жимс хурааж эхэлсэн бөгөөд жилдээ 5-6 тн орчим чацаргана хураан авч зах зээлийн ханшаар худалдаалж ирсэн. Гэтэл 2015 оны 5 сард манай хөрш Ж К З чацарганы талбайнхаа өвсийг шатааж байгаад гал алдаж манай 883 ширхэг чацарганы модыг шатааж надад 34 966 800 төгрөгийн хохирол учрууллаа. Түймэр гарах үед иргэн Б.Алтанцоож, М.Уранчимэг, Н.Мягмарсүрэн нарын хүмүүс талбай дээр байж галыг унтраалцсан тул дээрх болсон үйл явдлыг эдгээр хүмүүс гэрчлэх бөгөөд түймэр гарсны дараа болсон үйл явдлыг Онцгой байдлын ерөнхий газар мэдэгдэж, гал түймэр гарсан тухай акт гаргуулсан. Чацарганы мод 5 настай ид жимсээ өгч байсан бөгөөд чацарганы мод 15-20 жил насалж жилд 15-20 кг жимс өгдөг юм. Түймрийн улмаас 36 820 014 төгрөгийн хохирол учирсан. Д.Мөнхбат миний бие Хөрөнгийн үнэлгээний төвд ажлын хөлс 100 000, өмгөөлөгчийн ажлын хөлс 1 000 000 төгрөг тус тус төлсөн тул гэм хорын хохирол нийт 37 920 014 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч М нь 2013 оноос биш, харин 2014 оноос жимсээ хураасан. Түүнчлэн нэхэмжлэгч чацарганы суулгацдаа усалгаа бараг хийдэггүй, 2014 оны сүүлчээр тэдний худаг эвдэрч, 2015 оны 9 дүгээр сард худгаа засуулсан. Мөн 2015 оны 7 дугаар сар хүртэл бороо, хур ороогүйгээс түүний чацарганы модод нь сайн ногоорч ургаагүй. Үүний зэрэгцээ 1 ширхэг чацарганы мод 1 жилд 15-20 кг жимс өгдөггүй, харин 2 кг жимс өгдөг. Мөн 2015 оны 5 дугаар сард гал гараагүй, харин 2015 оны 3 дугаар сард гарсан бөгөөд миний үйлдлээс бус, харин бусдын үйлдлээс гал гарсан. Тодруулбал, гал гарсан тэр өдөр гадаа салхи ихтэй байсан, үл таних хүмүүс машинтай ирж зам асуугаад явсан бөгөөд тэднийг явснаас хойш тун удалгүй гал гарсан. Миний үзэж байгаагаар машины яндангаас оч хаясан байж болох эсхүл тэд татаж байсан тамхины ишээ хаяснаас хуурай өвс шатаж, гал гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 883 ширхэг чацарганы мод шатсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ тоог хэрхэн тооцож тогтоосон нь тодорхой биш, ойлгомжгүй. Нөгөө талаар түүний чацарганы мод шатаагүй, мэргэжлийн байгууллагын хүмүүс шалгаж үзээд 200 ширхэг бут байснаас 60 ширхэг бут нь хэвийн ургаж байгаа, харин 140 ширхэг бут нь түймэр болон агротехнологи зөрчсөнөөс шалтгаалж, дээд хэсэг нь хатсан боловч үндэсний шижмээр сэргэн ургаж байна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гал түймэр гарсан тухай актанд иргэн Ц хашааныхаа хуурай өвсийг шатааж байсан байна гэсэн нь үүнээс үүдэлтэй гал гарсан мэтээр түймрийн шалтгааныг тодорхойлжээ. Гэтэл гал ассан тэр өдөр би хашааныхаа хуурай өвсийг шатаагаагүй байхад ийм акт, дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Галын шинжээч галаас учирсан хохирлыг тогтоохдоо 883 ширхэг мод шатсан гэж дүгнэлт гаргасан нь илэрхий үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээч хэргийн газар очоогүй, модыг тоолоогүй байдал харагдаж байна. Гал гарсан тухай акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, нэг талын шинжтэй, хуурамч мэдээллийг үндэслэсэн, зохиомол гэж үзэх акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж К З-аас 15 295 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 625 014 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ...Хариуцагчийн хувьд гал түймэр гарсан цаг хугацаа зөрүүтэй, гал анх хэзээ эхэлж, яаж гарсан, хэн тавьсан, гал унтраахад хэн хэн оролцсон, гал түймэр гарсэн тухай акт хир зэрэг үндэслэлтэй гарсан, зохих хууль журмыг баримталсан эсэх зэргийг бүрэн гүйцэд нягтлалгүй зөвхөн Д.М-ын буюу нэг талын өргөдлөөр, манай талыг байлцуулахгүйгээр Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 мэдээлэл акт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, галын шинжээч, онцгой байдлын ахмад П.Соронзонболдын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 мэдээлэл, шинжээчийн дүгнэлт зэргийн үндэслэн хэргийг шийдвэрлэлээ. Энэ нь гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход "Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн" биечлэн оролцох", "Гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээлэл авах" талаарх Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.1.2 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн. Хариуцагч Ж К З харин ч гарсан галыг унтраахыг санаачилж, бусдыг уриалж биечлэн оролцож, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.3-т заасан үүргээ хангалттай биелүүлсэн. Нэхэмжлэгч Д.М: "2015 оны 5 дугаар сард манай хөрш Ж К З чацарганы талбайнхаа өвсийг шатааж байгаад гал алдаж, манай 883 ширхэг чацарганы модыг шатааж надад хохирол учрууллаа" гэжээ.

Гал түймэр гарсан цаг хугацаа зөрүүтэй байна. Онцгой байдлын газраас гаргасан 2015 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдийн акт, шинжээчийн дүгнэлтээр цаг хугацааг ягштал тогтоогоогүй байж асуудлыг шийдвэрлэж байгаа нь үнэнд нийцэхгүй. Онцгой байдлын газраас гаргасан 2015 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдийн акт, шинжээчийн дүгнэлтээр 883 ширхэг чацарганы модыг шатаасан гэж гаргасан нь бодит байдалтай тохирдоггүй. Дээрх баримтад хариуцагч Ж К З-ийн хашаа ертөнцийн зүгээр баруун талд байхад "Иргэн Мөнхбатын зүүн талын хашааны хөрш иргэн Цэнд" гэж андуу ташаа бичигджээ. Энэ нь газар дээр нь очиж үзээгүйг гэрчилж байна. Ийнхүү гал гарсан газар, өмнө дурдсан чухам хэдийд, хэдний өдөр гал гарсныг үндэслэлтэй тогтоогоогүй байж, Ж К З-г буруутган 883 ширхэг чацарганы модыг шатаасан гэсэн нь үндэслэл муутай байна. Хэдэн тооны мод ургуулж арчилсан, энэ талаар баримт нотолгоо байгаа эсэх, энэ хэмжээний мод гэж хэрхэн тооцсон, газар дээр нь очиж биечлэн тоолсон зэрэг эргэлзээтэй. Хариуцагч Ж К З шүүх хуралдааны явцад болон хэлэлцүүлэгт болсон явдлын талаар тодорхой ярьж, чацарганы талбайныхаа өвсийг шатаагаагүй, шүдэнз зурж гал тавиагүй, тухайн үед хэн гал тавьсныг мэдэхгүй, зам асууж суудлын цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд явсан, нэг мэдэхэд манай хашааны өвсний талбайд гал орж ирж, чацарганы талбайн өвс шатаж байхаар хүн дуудаж галыг унтраалцсан гэж баримттай ярьж, энэ байр суурь дээрээ тууштай зогсдог. Мөн шалгуулах зүйлийн талаар ч тодорхой ярьдаг. Эдгээр нь нотлох баримт цуглуулах явцад гэрч Д.Уранчимэг, М.Батсуурь, Н.Алтансүх, Ц.Түвшинбаяр, Ш.Ариунтунгалаг, С.Мягмарсүрэн нарын мэдүүлгээр батлагддаг. Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн дүгнэхэд хариуцагч Ж К З нь гал тавиагүй, гал гаргаагүй нь бүрэн тогтоогдож байна.

Хариуцагч Ж К З нь гал тавьсан, гал гаргасан гэх эх сурвалжийг өөрийн өгсөн тайлбар, мэдүүлэгтээ удаа дараа дурдаж, заасаар байхад шалгаагүй. Ийнхүү Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан " ...Хууль тогтоомж зөрчсөн этгээдийг олж тогтоох, хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах" гэснийг ноцтой зөрчиж, энэ талаар ажиллагаа хийгдээгүй. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн яамны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргийг тус тус нотлох баримтад тооцуулахгүй, нотлох баримтаас хасч өгнө үү.

Хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтуудыг буюу хэргийн зүйлчлэлүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Тодруулбал, талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл, ийм харилцаа үүсгэхээр тэд хоорондоо ямар нэгэн байдлаар харьцаж, хэлхээ холбоо тогтоогоогүй байхад "Үүрэг бүхий этгээд" гэж Иргэний хуулийн 229.1-д зааснаар зүйлчилж хохирлыг гаргуулж байгаа нь буруу юм. Энд тэмдэглэхэд нэхэмжлэгч хичнээн хэмжээний мод тарьж, яаж арчилж байсан нь тодорхойгүйгээс гадна олсон орлогыг нь гэрчлэх татвар төлсөн баримтгүй зэрэг байдлууд тогтоогдсоор байхад энэ бүгдийг анхаарч хайхралгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд асуудлыг шийдвэрлэсэн нь илт буруу, хууль бус болсон. Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгч "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Ж К З-д холбогдуулан гэм хорын хохиролд 37 920 014 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт дэх 5 га газарт тарьсан чацарганы суулгац 2015 оны 5 дугаар сард хариуцагч Ж К З-ийн хашаанаас гарсан гал түймрийн улмаас шатсан тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хөрш Ж К З 2015 оны 5 дугаар сард чацарганы талбайныхаа өвсийг шатааж байгаад гал алдаж манай чацарганы 883 ширхэг модыг шатааж хохирол учруулсан гэж, хариуцагч татгалзлаа “гал гарсан шалтгаан, үл таних хүмүүс машинтай ирж, Партизаны сангийн аж ахуй явах зам асуугаад явсан тэднийг явснаас тун удалгүй гал гарсан, машины яндангаас оч үсэрсэн эсхүл тэд татаж байсан тамхины ишээ хаяснаас хуурай өвс шатаж гал гарсан. Би талбай дээр өвс шатаагаагүй” гэж тайлбарлажээ.

          Хэргийн 2-4 дүгээр тал дахь “Гал түймэр гарсан тухай” акт болон шинжээчийн дүгнэлтэд гал хэний ямар үйлдлийн улмаас гарсан нь тодорхой бус, гэрч Ц.Түвшинбаяр, Д.Уранчимэг, Ч.Батсуурь, Н.Алтансүх нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Хариуцагч нь өөрийн үйлдлээс бус бусдын үйлдлээс гал гарсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

Иймээс хариуцагч Ж К З нь нэхэмжлэгч “Т” ХХК-д учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулах хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 3500 чацарганы суулгац авч тариалснаас 26 эгнээний 798 бут төөнөгдөж шатсан болох нь хэрэгт авагдсан Хүнс хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох бут тариалах зардал 798 000 /1 суулгац 1000*798/ төгрөг, 798 бутны үнэ 1 995 000 /798 бут* 2500 төгрөг/ төгрөг нийт 2 793 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 127 014 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч нь хариуцагч хаврын хуурайшилтын үед өөрийн болон бусдын хашаанд гал гаргахгүй байх талаар анхаарал хандуулаагүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжилсэн байхад шүүх гэм хорын нийтлэг үндэслэлийг тодорхойлсон заалт болох Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг давхар баримталж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь буруу байх тул хасч шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагчийн Хүнс хөдөө аж ахуйн яамны 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасуулах  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь: уг дүгнэлт нь хуульд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “229 дүгээр зүйлийн 229.1” гэснийг хасч, “15 295 000” гэснийг “2 793 000” гэж, “22 625 014” гэснийг “35 127 014” гэж, 2 дахь заалтад “120 460” гэснийг “59 638” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                     ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА