Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0868/З |
Дугаар | 128/ШШ2020/0059 |
Огноо | 2020-01-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2020/0059
2020 оны 01 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2020/0059 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ын Ч
Нэхэмжлэгч:Б-ы Ц
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаартай захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгч Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Г.Б, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн өмгөөлөгч Т.Ц нар ирсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б овогтой Ч миний бие 2011 оноос хойш, Б овогтой Ц миний бие 2013 оноос хойш тус тус өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дуүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх 6, 202 дугаар цэцэрлэгийн зүүн талын задгайд гэр бүлийн хамт амьдарсаар байна.
Улсын 202 дугаар цэцэрлэг 2013 онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд баригдахаар төлөвлөгдөж тухайн үедээ ойр орчмын ганц нэг айлын газрыг чөлөөлж авч 2014 оноос газраа албан ёсоор эзэмшиж хашаагаа барьсан. Хашааны зүүн талд манай хоёр айл хашаагаараа тус бүр үлдсэн бөгөөд цэцэрлэгийн хашаа 2014 оноос өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй бөгөөд иргэн Б.Ц болон Б.Ч бид зүүн талд нь газар эзэмшиж ашигласаар ирсэн. Иргэн Б.Ц миний бие 2016 онд газар дээрээ байшин барьж 60.000.000 \жаран сая\ төгрөг зарцуулсан.
Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо дахь газрыг иргэдэд албан ёсоор эзэмших эрхийн болон өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй бөгөөд Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд орж, 2019 оноос эзэмших эрхийн гэрчилгээ олгоно гэсэн мэдээллийг тухайн үеийн газрын байцаагч нар бидэнд өгч байсан.
Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудсан, очоод уулзахад Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг нь өөрийн эзэмшлийн 5000 м.кв газрыг иргэн Б.Ц, Б.Ч хууль бусаар эзэмшиж байгаа мэтээр бичээд хашаа байшинг буулгах, албадан нүүлгэх, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасанаар иргэн Б.Ц болон Б.Ч бидний газар эзэмших эрх зөрчигдсөн болохыг мэдсэн.
Ингээд зөрчигдсөн эрхийг сэргээж эрх ашгаа хамгаалуулахаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаар уламжлуулан Нийслэлийн Засаг даргад гомдлоо 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ба 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 02-06\3155 дугаартай иргэн Б.Ч, Б.Ц нарт Хариу хүргүүлэх тухай албан тоотоор “Таны Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\830 захирамжийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт, 2017 оны А\152 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 202 цэцэрлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, өөрийн эзэмших эрхийг сэргээх тухай өргөдөл, гомдлыг судалж танилцаад доорх хариуг хүргүүлж байна гээд...” хуульд заасны дагуу таны газар эзэмших эрх үүсээгүй байгаа тул газар эзэмших эрхийг сэргээж өгөх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг эс зөвшөөрч байгаа тул хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А\830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгохдоо кадастрын зураг хийгээгүй, координатын цэгийг нь тодорхойлоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т зааснаар “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй’’ захиргааны илт хууль бус акт болсон.
Ингээд дахин гэрчилгээ олгохдоо буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын А\152 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 202 дугаар цэцэрлэгт 5000 м.кв газар эзэмших эрх олгохдоо Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг ноцтой зөрчсөн.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Иргэний өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасан. Монгол Улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл \эс үйлдэхүй\-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Xэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно” гэж заасан.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А\830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А\152 захирамжийн Баянзүрх дүүргийн 202 цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Засаг даргын тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаартай захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 5000 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 5000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тухайн захирамжууд нь газар эзэмшүүлсэн зорилго, агуулгадаа нийцсэн, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй, хууль ёсны байх тул хүчингүй болгох, илт хууль бусад тооцох үндэслэлгүй юм.
Хавтаст хэрэгт цугларсан материалаас үзэхэд нэхэмжлэгч нарын 2011 он, 2013 оноос маргаан бүхий газарт амьдарч, газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй, нотлогдохгүй байх бөгөөд харин гуравдагч этгээд, захиргааны зүгээс гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч нар нь 2016 оноос эхлэн бусдын эзэмшил газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Г.Б нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нар нь шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлдээ Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.
Гуравдагч этгээдийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар тусгахаар заасан.
Үүний дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохын тулд нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон байх, хоёрдугаарт, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 5000 м.кв талбай бүхий газрыг цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлын 2013 оны 05 дугаар сарын 24, 07 дугаар сарын 05, 19-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг мөн баримталсан байдаг.
Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамж нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан захиргааны акт бөгөөд захиргааны актыг илт хууль бусад тооцуулах хууль зүйн үндэслэл буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байх тул илт хууль бусад тооцуулах үндэслэлгүй байна.
Тодруулбал, илт хууль бус захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус болох шинжийг агуулсан буюу утга агуулгын илэрхий засагдах боломжгүй ноцтой алдаатай байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий захиргааны актын тухайд холбогдох хууль тогтоомжид нийцсэн, бодит нөхцөл байдалд хэрэгжих бүрэн боломжтой, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Харин Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжийн хувьд дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 5000 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн 202 дугаар цэцэрлэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болон Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг тус тус үндэслэсэн.
Ийнхүү маргаан бүхий захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлтэй, агуулга болон хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бусад тооцуулах үндэслэлд хамаарахгүй байна.
Харин нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд авч үзвэл, Б.Ч, Б.Ц нар нь маргаан бүхий газарт 2011 оноос хойш амьдарсаар ирсэн гэж нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэлдээ тайлбарладаг боловч энэ хугацаанд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших тухай хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагүй, сансарын зургаас үзэхэд 2011 оноос маргаан бүхий газарт амьдарсан талаар үйл баримт байдаггүй.
Хэрэв Б.Ч, Б.Ц нар нь өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл мөн оноос буюу 2011 оноос эхлэн газар эзэмших тухай хүсэлтээ албан ёсоор гаргасан байх, мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн газар эзэмших эрхийн талаар маргааныг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.
Гэтэл тухайн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжпэгч Б.Ч, Б.Ц нар нь дүүргийн Засаг даргад 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хандан өргөдөл, хүсэлт гаргасан байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, энэхүү эрхээ хамгаалах буюу газар эзэмших хүсэл зориггүй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Учир нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нар нь анх 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 202 дугаар цэцэрлэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад мэдсэн гэх боловч дүүргийн 202 дугаар цэцэрлэгээс тухайн асуудлаар удаа дараа нэхэмжлэгч нарт шаардлага тавьсан, холбогдох албан тушаалтан, захиргааны байгууллагад хандсаар ирсэн талаарх нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байна.
Тухайлбал, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21-121 болон 21-122 дугаар шаардах хуудсаар нэхэмжпэгч Б.Ч, Б.Ц нарт газар албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч Б.Ч, Б.Ц нар нь зөрчсөн атлаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжпэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нь хууль ёсоор газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудал бөгөөд Б.Ц, Б.Ч нарын хувьд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй зэргээс үзвэл хууль бусаар газар эзэмшиж байгаа этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.
Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагын захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ц-с шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Т.Цэрэндагваас шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар байгуулагдсан. 150 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш ажилчидтай.
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2019-2020 оны хичээлийн жилд 328 хүүхэд суралцаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
2015 оны 3 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд иргэд цэцэрлэгийн эзэмшлийн газарт хашаа барьж эхэлсэн. Хашаа барьж байгаа хүмүүст цэцэрлэгийн газар гэдгийг олон удаа хэлэхэд “Газрын алба мэддэг юм. Чи юу мэддэг юм” гэх зэргээр хэл амаар доромжилж маргаан үүссэн.
2016 оны 3 дугаар сарын 29 нд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Б, газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичиг хүргүүлсэн.
Баянзүрх дүүргийн газрын албаны 21 хороог хариуцсан газар зохион байгуулагчтай биечлэн уулзахад Нийслэлийн Засаг даргын захирамжтай газар учраас Нийслэлийн газрын алба хариуцна гэсэн хариу өгсөн.
2016 оны 11 дүгээр сард Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч н.Ариунбатад хандсан. Нийслэлийн шуурхай албаны утсанд хандсан.
Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Э ирж нөхцөл байдалтай танилцаж, зөвшөөрөлгүй буусан айлуудад мэдэгдэх хуудас өгсөн.
Нийслэлийн газрын алба 2019 оны 2 дугаар сарын 18-нд танай байгууллагын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар зохих мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариу албан бичиг ирүүлсэн.
2019 оны 5 дугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. 2019 оны 7 дугаар сарын 05 өдөр уг хэргийг хариуцагч Б.Ц, Б.Ч нарын хүсэлтээр шүүхээс түдгэлзүүлсэн.
Баянзүрх дүүргийн Тамгын газарт 2016 оны 9 дүгээр сарын 26-нд, Нийслэлийн газрын албанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цэцэрлэгийн нэр дээр газраа шилжүүлэхийг хүссэн албан бичиг тус тус хүргүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17 ны өдрийн А/152 тоот шийдвэрийг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 26 өдөр эзэмшлийн газрыг цэцэрлэгийн нэр дээр шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “.. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд үндэслэлээ “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан..., 2017 оны А/152 дугаар захирамж нь сонсох ажиллагаа хийгээгүй гарсан, 2012 оноос маргаан бүхий газарт амьдарч байсан...” гэж тайлбарлаж байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 482 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн
21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 148,5 га газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461 дүгээр ангид эзэмшүүлсэн байх бөгөөд уг хорих анги нүүсэнтэй холбоотойгоор дээрх газрын зарим хэсгийг холбогдох төрийн байгууллагуудад хуваан эзэмшүүлсэн байна.
Тухайлбал Нийслэлийн Засаг даргын 2011 оны 421 дүгээр захирамжаар 20000 м.кв газрын нийслэлийн Боловсролын газарт, мөн оны 474 дүгээр захирамжаар 2500 м.кв газрыг нийслэлийн Цагдаагийн газарт, 2015 оны А/53 дугаар захирамжаар 5414 м.кв газрыг Баянзүрх дүүргийн 199 дүгээр цэцэрлэгт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/166 дугаар захирамжаар 4273 м.кв газрыг, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар тус тус Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 5000м.кв газрыг эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч Б.Ц-ын хувьд 2013 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн гэх бөгөөд энэ нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 208 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 9/1537 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсанаар тус тус тогтоогдоно гэж, Нэхэмжлэгч Б.Ч-ийн хувьд 2011 оноос маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн гэх бөгөөд энэ нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 208 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсанаар тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч нар зөрчин маргаан бүхий газарт буусан байна.
Өөрөөр хэлбэл уг газрыг 2007 оноос хойш Нийслэлийн Засаг даргын 482 дугаар захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Хорих 461 дүгээр анги эзэмшиж байхад уг анги нүүсэнтэй холбоотойгоор газрыг эзэнгүй мэтээр тайлбарласан нь дээрх хуульд нийцэхгүй.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/2890 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/2700 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зурган мэдээлэлд нэхэмжлэгч нарын гэх гэр 2014 оноос эхлэн харагдаж байна.
Мөн нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 200, 201 дүгээр тодорхойлолтуудыг хавсаргасан бөгөөд уг тодорхойлолтод нэхэмжлэгч нарыг Ганцын задгайд оршин суудаг болохыг тодорхойлсон боловч тус хорооны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 84 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Ц-д “... тус цэцэрлэгийн зүүн талд Б.Ц, Б.Ч нар нь 2016 оны 6 дугаар сараас амьдарч эхэлсэн...” гэх тодорхойлолт, тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/6594 дүгээр албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч нарын хаягийн дэлгэрэнгүй лавлагаагаар “нэхэмжлэгч Б.Чулуунсүх нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 5 дугаар гудамж 2184а хаягт, нэхэмжлэгч Б.Цэдэнбал нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх 11 дүгээр гудамж 1960а хаягт амьдарч байгаад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ суманд амьдарч байгаа” гэсэн байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1 овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; 32.2.2 эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3 газар эзэмших зориулалт, хугацаа” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 482 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 461 дүгээр ангид эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй хэвээр байхад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасан шаардлагыг хангахгүй өргөдлийг нэр бүхий иргэдийн хамтаар 2013 оноос хойш холбогдох төрийн байгууллага, нэр бүхий Улсын хурлын гишүүдэд гаргаж байсныг зөвтгөх боломжгүй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10927 дугаар захирамжийн дагуу шинжээчээр томилогдон ажилласан Эрхт газар инженеринг ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00017 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт эзэмшүүлсэн 18645315257141 нэгж талбарын дугаар бүхий 5000м.кв газар дээр 202 дугаар цэцэрлэг 3557,87 м.кв, Б.Ч 429,73 м.кв, Б.Ц 525,92 м.кв тус тус хэрэглэж байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нар гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр гэр, байшин барьж буусан болох нь тогтоогдож байна.
Уг шинжээчийн дүгнэлт болон шүүхээс хийсэн газрын үзлэгээс харахад гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг нь хашаагаа зүүн тийшээ дутуу, харин хойшоо хэтрүүлэн барьсан байх бөгөөд гуравдагч этгээд хашаагаа өөрт эзэмшүүлсэн кадастрын зургийн дагуу бариагүй нь нэхэмжлэгч нар уг газарт амьдрах, улмаар эзэмших эрхтэй гэсэн агуулга үүсгэхгүй юм.
Нөгөөтэйгүүр “...Баянзүрх дүүрэгт шинээр цэцэрлэг барихтай холбоотойгоор ойр орчмын 100 гаруй иргэдтэй зохицон ойлгуулж нүүлгэн шилжүүлсэн...нэхэмжлэгч нар л цэцэрлэгийн газар дээр үлдсэн...” гэх хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “...Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээг үндэслэн гарсан...цэцэрлэг дутагдалтай байсан...” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Учир нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжийн тухайд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна; хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу гарсныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь дээрх хуульд заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” акт нь практикт маш ховор бөгөөд энэ төрлийн акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Жишээлбэл, шийдвэр гаргасан захиргааны байгууллага нь татварын улсын байцаагч боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан байх, гэх мэт илт алдаатай захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулсныг биелүүлэх боломжгүй гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн дээрх заалтуудаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх олгогдсон байна.
Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр хандсанаар маргаан бүхий захиргааны актыг мэдсэн, газар чөлөөлөх мэдэгдэл аваагүй гэж нэхэмжлэгч нар тайлбарлах бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 648 дугаар тогтоол хүчинтэй байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаар захирамжийн тухайд нэхэмжлэгч нарын зүгээс “...сонсох ажиллагаа хийгээгүй...” гэж тайлбарлан маргах хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар хариуцагчийн зүгээс холбогдох этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх шийдвэргүй, эрхийн гэрчилгээгүй байсан, маргаан бүхий акт нь шинээр газар олгоогүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй, нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5000м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА