Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00205

 

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 807 дугаар магадлалтай,

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Н”ХХК, “Т Т”ХХК, Б.О, Б.Тнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15 795 370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Оын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч “Н”ХХК, Б.О нар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Х Б”ХХК-тай 1370011669 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Н”ХХК-ийн “Х Б”ХХК дахь 5000884088 дугаартай харилцах дансанд 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 48 333 333 төгрөг, зээлийн хүүнд 24 902 912 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 054 төгрөг нийт 73 263 300 төгрөгийн төлөлт хийсэн. 1370011669 дугаартай батлан даалтын гэрээ байгуулан Б.Туяа, “Т Т”ХХК нар зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь 2017 оны 5 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй. Зээлийн үндсэн төлбөр 11 666 666 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг нийт 15 795 370 төгрөгийг хариуцагч “Н”ХХК, “Т Т”ХХК, , Б.О, Б.Тнараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н”ХХК, Б.Тнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийн үлдэгдэл 11 666 666 төгрөгийг зөвшөөрнө, зээлийн хүү 4 128 704 төгрөгрийг зөвшөөрөхгүй, “Х Б”ХХК хүчээр ам.долларын зээл өгсөн, хоёр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, зээлээ хэвийн төлж байхад “Х Б”ХХК үйл ажиллагааны зардалд нэмэлтээр зээл авч болно гэсэн тул барьцаа хөрөнгөө нэмсэн, би компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд нэмэлт зээл авсан, ам.долларын ханш өссөнөөс зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Өмнөх зээл болон сүүлд авсан зээлүүд хоорондоо холбоотой тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Оын өмгөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэнээс юу нэхэж байгаа нь тодорхойгүй тул мэтгэлцэх боломжгүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхойгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, бид хөрөнгө барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийн ажиллагааг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Тушаал гаргаж эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчиж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул гэрээнээс татгалзаад байна уу, гэрээг цуцалж байна уу гэдэг нь тодорхойгүй. Тухайн үед зээлийн төлбөрийг төлөхгүй гэдгээ хэлж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг “Х Б”ХХК-д мэдэгдсэн, тухайн үед нэхэмжлэгч байгууллагын шүүхэд хандах эрх нээлттэй байхад хандахгүй явсаар хариуцагчийг зээлийн хүүгийн алдагдалд оруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00633 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н”ХХК, Б.О нараас 15 795 370 төгрөгийг гаргуулан “Х Б”ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь зааснаар нэхэмжлэгч “Х Б”ХХК нь “Т Т”ХХК, Б.Тнарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, “Т Т”ХХК, Б.Тнарт холбогдох хэргийг хэрэрсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 927 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 236 927 төгрөгийг гаргуулан “Х Б”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 807 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянаад “...хариуцагч давж заалдах гомдолдоо хуульд заасан мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх хуралдааныг мэтгэлцээний үндсэн дээр явуулаагүй гэх боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх уг нөхцөл байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдсонгүй...” гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү дүгнэлтээс харахад хангалттай тогтоогдоогүй боловч тогтоогдсон байна гэж ойлгогдохоор байгаа бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байнга нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна, хэнээс хэдийг шаардаж байгаа мэтээр тодруулах хүсэлтийг тавьж байсан байдаг. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маш тодорхойгүй байдлаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна, тодруулах шаардлагатай байгаа талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Улмаар шүүх хуралдааны явцад 2 хариуцагчаас татгалзан нөгөө 2 хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байгаагаас анхнаасаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байсан нь нотлогддог. Ийм байтал шүүхээс хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүгээрээ хариуцагч талыг хуульд заасан мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...зааснаар мэтгэлцүүлээгүй гэж үзэх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зарим хариуцагчаас татгалзаж байгаа нь тухайн асуудлаар хариуцагчийг тайлбар өгөх боломжоор хангаагүй гэж үзнэ. Шүүхээс 2 хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад саад учирч цаашид дахин маргаан гаргах эхлэл боллоо гэж үзэж байна. Зүй нь аль хариуцагчаас хэдэн төгрөг гаргуулах, 1 хариуцагч нь төлөхгүй бол нөгөөгөөс гаргуулах зэрэг байдлаар маш тодорхой гарах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад хариуцагч талын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэх тайлбар ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй...” гэж дүгнэн шийдвэр гаргасанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчтай зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүрэгт хөрөнгө барьцаалдаг. Хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзахгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар тусгуулахыг хүссэн боловч шүүхээс ойлгомжгүй байна гэж хүлээн аваагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэр гаргасанд гомдолтой байгаа ба нэхэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд буюу гомдолд дурьдагдсан асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. 2017 оны 5 дугаар сард Хас банктай үүссэн маргаантай холбоотой асуудлаар Хас банкинд зээлийн төлбөрийг цаашид төлөх боломжгүй болсон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хүсэлт гаргасан байдаг. Гэтэл Хас банкнаас энэ талаараа тухайн үед шүүхэд хандалгүй хугацаа алдагдуулсан байх бөгөөд үүнд нь нэхэмжлэгч буруугүй гэж үзэж байгаа ба 2017 оны 5 дугаар сараас хойш буюу шүүхэд мэдэгдсэн хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү болох 4 128 704 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагын 4 128 704 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Б”ХХК нь хариуцагч “Н”ХХК, “Т Т”ХХК, Б.О, Б.Тнарт холбогдуулан зээлийн үүрэгт 15 795 370 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч буюу батлан даагч “Т Т”ХХК, Б.Тнарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Хариуцагч “Н”ХХК, Б.О нар “...үндсэн зээл 11 666 666 төгрөгийг төлнө, ...банк хүчээр ам.долларын зээл өгч, долларын ханш өссөнөөр алдагдалд орсон, ...барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хүсэлт гаргаж байхад шийдэхгүй цаг алдсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Н”ХХК, Б.О нараас 15 795 370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг алдаатай бичсэнийг залруулж, өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх банкны үйл ажиллагаа эрхлэх этгээдээс зээл олгох үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, зохигчдын хооронд үүссэн маргаанд оновчтой хэрэглэсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Х Б”ХХК болон “Н”ХХК, Б.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэх ёстой байна.

2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу “Х Б”60 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, шилжүүлж үүргээ биелүүлсэн бол зээлдэгч нар зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэхэд нийт 48 333 333 төгрөгийг төлж, үндсэн зээл 11 666 666 төгрөгийг төлөөгүй байна.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх тул үндсэн зээл 11 666 666 төгрөг, хэтэрсэн хугацааны зээлийн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг, нийт 15 795 370 төгрөгийг төлөх үүрэгтэй, шүүх хариуцагчийн хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т заасны дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Үүргийг барьцааны зүйлээр хангуулах эсэхийг талууд өөрсдөө харилцан тохиролцож шийдвэрлэдэг тул энэ үр дүнд хүрээгүй бол аль нэгийг нь буруутгах боломжгүй бөгөөд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Хариуцагч Б.Оын хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй буюу шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн үндэслэлд хамаараагүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 807 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Оын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА