Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00633

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/00633

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Х.банкны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н.ХХКомпани,

 

Хариуцагч:Б.О,

 

Хариуцагч:Б.Т,

 

Хариуцагч:Т.Т ХХКд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 795 370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч буюу хариуцагч Т.Т ХХКйн төлөөлөгч, хариуцагч Н.ХХКомпани, хариуцагч Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Х.банк ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.ХХКомпани Б.О нар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х.банктай 1370011669 дугаартай гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 365 хоногт 28,8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлдэн авсан.Банк 2014 оны 12 дугаар арын 30-ны өдөр Н.ХХКомпанийн Х.банкин дах 5000884088 дугаартай харилцах дансанд 60 000 000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон.Гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 48 333 333 төгрөг, зээлийн хүүнд 24 902 912 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 054 төгрөг нийт 73 263 300 төгрөгийн төлөлт хийсэн.Батлан даалтын 1370011669 дугаартай гэрээ байгуулан Б.Т, Т.Т ХХК нар зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн болно.Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь 2017 оны 5 дугаар сараас хойш төлбөр хийлгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:Зээлийн үндсэн төлбөр 11 666 666 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг нийт 15 795 370 төгрөгийг хариуцагч Н.ХХКомпани, Б.О, Б.Т, Т.Т ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлийн гэрээг Н.ХХКомпани, Б.О нартай байгуулсан, батлан даалтын гэрээг Б.Т, Т.Т ХХКтай байгуулсан,        зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан, зээлдэгч нар 2017 оны 5 дугаар сараас хойш зээлийн төлбөр төлөөгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээний 3.2.7, 4.1, 4.5-т заасныг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 11 666 666 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг нийт 15 795 370 төгрөгийг Н.ХХКомпани, Б.О нараас гаргуулж өгөхийг хүсэж байна.Х.банк ХХК-ийн тусгай активийн захирлын тушаалд зээлийн гэрээний үүргийн гйцэтгэлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тусгагдсан байгаа, хариуцагч              Б.Т болон Т.Т ХХКас татгалзаж байна гэв.

 

             Хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэнээс юу нэхэж байгаа нь тодорхойгүй тул мэтгэлцэх боломжгүй байна.Нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхойгүй байна, гэрээ байгуулагдсан үүнд маргахгүй байгаа, 4 хариуцагчаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, бид хөрөнгө барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийн ажиллагааг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байгаа.Нөгөө талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна, тушаал гаргаж эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчиж байна, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул гэрээнээс татгалзаад байна уу, гэрээг цуцалж байна уу гэдэг нь тодорхойгүй байна.Тухайн үед зээлийн төлбөрийг төлөхгүй гэдгээ хэлж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Х.банкинд мэдэгдсэн, тухайн үед Х.банк шүүхэд хандах эрх нээлттэй байхад хандахгүй явсаар хариуцагчийг зээлийн хүүгийн алдагдалд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч буюу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна, үндсэн зээлийн үлдэгдэл 11 666 666 төгрөгийг зөвшөөрнө, зээлийг хүүг зөвшөөрөхгүй, Х.банк надад хүчээр ам долларын зээл өгсөн, хоёр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, зээлээ хэвийн төлөөд явж байхад Х.банк үйл ажаиллагааны зардалд нэмэлтээр зээл авч болно гэсэн тул барьцаа хөрөнгөө нэмсэн, би компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд нэмэлт зээл авсан, ам долларын ханш өссөнөөс болоод зээлийг төлж чадахгүйд хүрсэн, өмнөх зээл болон сүүлд авсан зээлүүд хоорондоо холбоотой тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.банк ХХКомпани хариуцагч Н.ХХКомпани, Б.О, Б.Т, Т.Т ХХК нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 11 666 666 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг нийт 15 795 370 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч Т.Т ХХК, Б.Т нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 15 795 370 төгрөгийг хариуцагч Н.ХХКомпани болон Б.О нараас шаардаж байна.

 

Хариуцагч буюу хариуцагч Н.ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О зээлийн гэрээ байгуулагдсанд маргахгүй, зээлийн үлдэгдэл 11 666 666 төгрөгийг төлнө, зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Н.ХХКомпани, Б.О нар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х.банкнаас 60 000 000 төгрөгийг, 365 хоногт 28,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн 1370011669 дугаартай зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэл 11 666 666 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа хэлцлээр тохирсон зээлийн мөнгийг ашигласан хугацааны хүүг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

 

Зохигч талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд зааснаар хариуцагч Н.ХХКомпани, Б.О нар Х.банк ХХКомпаниас 60 000 000 төгрөгийн зээлийг, 365 хоногт 28,8 хувийн хүү төлөх нөхцөлийг тохирч авсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж талууд тохирсон байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу хариуцагч нар нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үндэстэй байна.

 

Иймд хариуцагч Н.ХХКомпани, Б.О нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 11 666 666 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг нийт 15 795 370 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч Т.Т ХХК, Б.Т нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Т.Т ХХК, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан байна.

 

Х.банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Х.банкийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай А-1006 дугаартай тушаалаар Х.банктай байгуулсан зээл, санхүүгийн түрээсийн гэрээ, тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээний үүргийг хангуулахтай холбоотой эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, шүүхэд нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлуулах...нэхэмжлэлд гарын үсэг зурж холбогдох эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг төлөөлөх эрхийг тусгай активын захирал Н.Цэгц, байгууллагын банкны газрын захирал Б.Еркин, салбар, тооцооны төвийн захирал болон түүний эзгүйд орлон ажиллаж байгаа ажилтанд олгож, энэхүү тушаалын 1 дэх заалтаар олгосон төлөөлөх эрхийг тухай бүр албан бичгээр шилжүүлэхийг тусгай активын захирал, байгууллагын банкны газрын захирал, салбар, тооцооны төвийн захирал болон түүний эзгүйд орлон ажиллаж байгаа ажилтанд зөвшөөрч, энэхүү тушаал болон төлөөлөх эрхийг шилжүүлсэн албан бичиг нь тус банкийг шүүх, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлөөлөх эрх олгосныг гэрчлэх баримт бичигт тооцогдохыг дурдсан байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд Х.банк ХХКомпанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад хариуцагч талын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэх тайлбар ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Н.ХХКомпани, Б.О нараас 15 795 370 /арван таван сая долоон зуун есөн таван мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулан Х.банк ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Х.банк ХХКомпани нь Т.Т ХХК, Б.Т нарт холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, Т.Т ХХК, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэрсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 927 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 236 927 /хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан Х.банк ХХКомпанид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН