Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00204

 

М.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 802 дугаар магадлалтай,

М.Бы нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01641 дүгээр шийдвэрээр М.Баас 354 616 813 төгрөг гаргуулж “Ч” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахдаа дараах хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/16306 тоот мэдэгдэл 2 хоногийн дотор байраа чөлөөл гэж шаардаж байгаа нь мэдэгдэл хүргүүлэх тухай журмыг илтэд зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус байдлаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж явуулсан хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд 24-ний өдөр эс зөвшөөрсөн хариу өгсөн, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус хуулбарыг хавсарган гомдол гаргасан боловч материалыг татан аваад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариу гарсныг мэдэгдсэнээр гардан авлаа. Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд 14 хоногийн дотор танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараа танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг хамаараагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот орон сууцыг худалдан борлуулсан тухай 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Мөн дуудлага худалдаа болох талаар мэдээгүй, дуудлага худалдаанд оролцуулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаанд оролцуулаагүйд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр, магадлалаар М.Баас 354 616 813 төгрөгийг гаргуулж “Ч” ББСБ ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Бы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг тус газарт даалган шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Б, иргэн З.Снарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 40 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18290479/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18290479/02 дугаар тогтоолоор хураасан. Тус орон сууцны өмчлөгч З.Сээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үнийн саналыг авсан, төлбөр төлөгч М.Бд үнийн санал өгөхийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/9774 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/9909 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Дамно ХХК-ийг томилоход 89 400 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг өмчлөгч болон талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч М.Б 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг 1 сарын дотор худалдан борлуулах тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг худалдан борлуулахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгч М.Б өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй, төлбөрийг барагдуулаагүй тул 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 89 400 000 төгрөгийн  70 хувь буюу 62 580 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр мэдэгдлийг гардуулахаар М.Бы шүүхийн заасан хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 5 дугаар байрны 40 тоотод ирэхэд хүнгүй байсан тул баталгаат шуудангаар хүргүүлж, өмчлөгч З.Ст 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгч М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Л.Ганчулуунд итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх баримт бичигтэй /албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл, дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэр/ танилцаж, М.Б 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус газарт дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан. Төлбөр төлөгч М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун болон өмчлөгч З.Ст дуудлага худалдааны талаар мэдэгдэж, хуульд заасны дагуу ажиллагааг зохион байгуулж байх тул дуудлага худалдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй гэх нь үндэслэлгүй юм. Иймд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсныг мэдэгдээгүй, эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг танилцуулаагүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд З.Сийн бие даасан шаардлагадаа: НШШГГ нь М.Б, З.Сбидний хамтран өмчлөлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 40 тоот орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Тус дуудлага худалдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй, мөн холбогдох хуульд заасан ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ч” ББСБ ХХК-ийн тайлбартаа: Зээлдэгч М.Б нь зээлийн үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд ийнхүү үүргээ эс биелүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж төлбөр төлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэл шаардлага хүргүүлж, уулзалт тэмдэглэл үйлдэж, түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу шаардлагатай зохих хугацааг олгож ирсэн ч энэ бүхий л хугацаанд төлбөрийг төлөх тухайд биш цаг хугацаа хожих зорилгыг агуулж ирсэн болно. Төлбөр төлөгч хуулийн дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд хариу өгөөгүйгээс мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийгдэн, уг үнэлгээ болон дуудлага худалдаа явуулах тухайд танилцуулсантай холбоотойгоор мэдэж танилцсан учир 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар өөрөө худалдан борлуулах тухай хүсэлтийг гаргасан. Ийнхүү хүсэлтийн дагуу хугацаа олгосон боловч худалдах ажиллагааг огт хийгээгүй болно. Иймээс хуульд зааснаар дуудлага худалдааг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт явуулах тухай тогтоол болон мэдэгдлийг гардуулахаар очиход байгаагүй тул тэмдэглэл үйлдэж, хуулийн дагуу шуудангаар хүргүүлсэн, мөн өмчлөгч З.Ст 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Бы гомдол болон гуравдагч этгээд З.Сийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд З.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 802 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчид дуудлага худалдааны талаар мэдээллэх үүрэгтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдах талаар төлбөр төлөгч М.Бы оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар тогтоол болон 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр мэдэгдэлд дарагдсан “2018 оны 8 дугаар сарын 17 өдрийн Монгол шуудан дардас, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдсон байна” гэжээ. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч М.Б нь шуудангаар явуулсан хаягт хүн байгаагүй тул мэдэгдлийг хүлээн авч чадаагүй байдаг. Энэ тухай шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 8 дугаар сарын 17-ны тэмдэглэлд ХУД-ийн 15-р хороо, Жаргалан хотхон, 5-р байрны 30 тоотод ирэхэд хаалга нь цоожтой хүнгүй байсан талаар тэмдэглэжээ./хх-ийн 77/ Нэгэнт хүнгүй байсан хаягт баталгаат шуудангаар албадан дуудлага худалдааны зарыг мэдээлснийг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хуульд зааснаар мэдэгдэх гэдэг нь тухайн хүн уг зарын талаар хангалттай мэдээлэлтэй болсон байх бөгөөд нэгэнт зарын дагуу дуудлага худалдааны үе шатанд оролцох боломжтой болсон болохыг ойлгох нь зүйтэй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндсөн бөгөөд тодорхой бус байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болсныг Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс харгалзан үзээгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд З.Соролцож, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагыг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх М.Бы нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар хариуцагч М.Баас 137 868.6 ам.доллар буюу 312 957 585 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ББСБ ХХК-д олгож Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулсан ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

М.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийн дагуу М.Б, З.Снарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамж, 40 тоот 3 өрөө орон сууцаас үүргийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18290479/04 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжлэх, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18290479/02 дугаар тогтоолоор хураан авах, төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авах, шинжээч томилох, төлбөр төлөгчид хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон ажиллагааг тус тус явуулсан боловч үл хөдлөх хөрөнгийг борлуулаагүй тул шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол гаргаж, үл хөдлөх хөрөнгийг борлуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1-д заасан журмыг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч Дамно ХХК дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийг 89 400 000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4/10340 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт, “...62 580 000 төгрөгийн доод үнээс анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах” тухай мэдэгдлийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр албан бичгийн хамт хариуцагч М.Бд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гуравдагч этгээд З.Ст өөрт нь тус тус мэдэгдсэн байхад эрх зөрчигдсөн гэж үзсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлснээр баримтыг хүргэгдсэнд тооцох тул шуудангийн тухайн хаягт хүн байгаагүй гэх байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан биш болно.

Хуульд заагдсан эрх, үүргээ иргэн өөрөө мэдэх үүрэгтэйгээс гадна хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангагдсан буюу дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00471 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 802 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА