Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/00471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б-ны нэхэмжлэлтэй,

/           /

 

          Хариуцагч: НШШГГ-т холбогдох

/                      /

 

           

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээд З.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01641 дүгээр шийдвэрээр М.Б 354.616.813 төгрөг гаргуулж “Ч” ХХК -д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, ..... орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахдаа дараах хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний 4/16306 тоот мэдэгдэл 2 хоногийн дотор байраа чөлөөл гэж шаардаж байгаа нь мэдэгдэл хүргүүлэх тухай журмыг илтэд зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус байдлаар гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж явуулсан хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд 24-нд эс зөвшөөрсөн хариу өгсөн, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус хуулбарыг хавсарган гомдол гаргасан боловч материалыг татан аваад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариу гарсныг мэдэгдсэнээр гардан авлаа. Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд 14 хоногийн дотор танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараа танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг хамаараагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууцыг худалдан борлуулсан тухай 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Мөн дуудлага худалдаа болох талаар мэдээгүй, дуудлага худалдаанд оролцуулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаанд оролцуулаагүйд гомдолтой байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:             Шүүхийн шийдвэр, магадлалаар М.Б-с 354.616.813 төгрөгийг гаргуулж “Ч” ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Б өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг тус газарт даалган шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Баярсайхан, иргэн З.Снарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууц 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18290479/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18290479/02 дугаар тогтоолоор хураасан. Тус орон сууцны өмчлөгч З.С-с Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үнийн саналыг авсан, төлбөр төлөгч М.Б үнийн санал өгөхийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/9774 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/9909 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Дамно” ХХК-ийг томилоход 89.400.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг өмчлөгч болон талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч М.Б2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг 1 сарын дотор худалдан борлуулах тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авч, 2018 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг худалдан борлуулахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгч М.Бөөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй, төлбөрийг барагдуулаагүй тул 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 89.400.000 төгрөгийн  70 хувь буюу 62.580.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр мэдэгдлийг гардуулахаар М.Б шүүхийн заасан хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .... тоотод ирэхэд хүнгүй байсан тул баталгаат шуудангаар хүргүүлж, өмчлөгч З.С 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгч М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Л.Г итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх баримт бичигтэй /албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл, дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэр/ танилцаж, М.Б2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус газарт дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан. Төлбөр төлөгч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г болон өмчлөгч З.С дуудлага худалдааны талаар мэдэгдэж, хуульд заасны дагуу ажиллагааг зохион байгуулж байх тул дуудлага худалдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй гэх нь үндэслэлгүй юм. Иймд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсныг мэдэгдээгүй, эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг танилцуулаагүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд З.С шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: НШШГГ нь М.Б, З.С бидний хамтран өмчлөлтэй Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Тус дуудлага худалдаанд оролцох нөхцөл боломжоор хангаагүй, мөн холбогдох хуульд заасан ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч М.Бнь зээлийн үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд ийнхүү үүргээ эс биелүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж төлбөр төлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэл шаардлага хүргүүлж, уулзалт тэмдэглэл үйлдэж, түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу шаардлагатай зохих хугацааг олгож ирсэн ч энэ бүхий л хугацаанд төлбөрийг төлөх тухайд биш цаг хугацаа хожих зорилгыг агуулж ирсэн болно. Төлбөр төлөгч хуулийн дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд хариу өгөөгүйгээс мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийгдэн, уг үнэлгээ болон дуудлага худалдаа явуулах тухайд танилцуулсантай холбоотойгоор мэдэж танилцсан учир 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар өөрөө худалдан борлуулах тухай хүсэлтийг гаргасан. Ийнхүү хүсэлтийн дагуу хугацаа олгосон боловч худалдах ажиллагааг огт хийгээгүй болно. Иймээс хуульд зааснаар дуудлага худалдааг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт явуулах тухай тогтоол болон мэдэгдлийг гардуулахаар очиход байгаагүй тул тэмдэглэл үйлдэж, хуулийн дагуу шуудангаар хүргүүлсэн, мөн өмчлөгч З.С 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан байдаг болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Баярсайрханы гомдол, гуравдагч этгээд З.С-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар “...хариуцагч М.Б 137.868,6 ам.доллар буюу 312.957.585 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1.722.738 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чойжинброс ББСБ ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар” шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч М.Б холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 18290479 дүгээр тогтоолоор үүсжээ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу НШШГГ нь Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18290479/02 дугаар тогтоолоор “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18290479/01 дүгээр тогтоолоор битүүмжлэгдсэн төлбөр төлөгч М.Б өмчлөлийн болон хамтран өмчлөгч З.Снарын Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууцыг хураан авч байгааг” төлбөр төлөгч М.Б түүний оршин суух хаягаар 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/9774 дүгээр Үнийн санал ирүүлэх тухай албан бичгээр, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/9909 дүгээр Үнийн санал ирүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн, хамтран өмчлөгч З.С 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн болох нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, түүний 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үнийн санал гаргасан хүсэлт зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр “Шинжээч томилох тухай” тогтоолоор Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо .... орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр “уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 89.400.000 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцжээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасны дагуу НШШГГ нь “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтийг төлбөр төлөгч М.Б 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж, Ш.Баярсайхан нь “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хөрөнгөө худалдан борлуулах” тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18290479/03 дугаар албан бичгээр төлбөр төлөгч М.Баярсайхан, хамтран өмчлөгч З.С нарт мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл орон сууцыг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосныг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч М.Б мэдэгдэж, гарын үсэг зуруулжээ.

 

Төлбөр төлөгч М.Б, хамтран өмчлөгч З.Снар орон сууцыг заасан хугацаанд бие даан худалдан борлуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор “...үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 89.400.000 төгрөгийн 70 хувь буюу 62.580.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдах талаар төлбөр төлөгч М.Б оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/10 дугаар тогтоол болон 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр мэдэгдэлд дарагдсан “2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Монгол шуудангийн дардас”, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар Зарлан дуудах мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Мөн орон сууцны хамтран өмчлөгч З.С анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдах талаарх 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12861 дүгээр мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулж өгсөн болох нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, түүнд З.Сгарын үсэг зурсан баримтаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын “...дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй, мэдэгдээгүй, дуудлага худалдаанд оролцуулаагүй, үнэлгээ тогтоох ажиллагаанд оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн” гэсэн үндэслэл, тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Баярсайрханы гомдол, гуравдагч этгээд З.Сбие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Б гомдол болон гуравдагч этгээд З.Сбие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээд З.С улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД