Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0192

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр       Дугаар 128/ШШ2020/0192 Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч Б.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “К” ХХК  

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч В.М, иргэдийн төлөөлөгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/2244 дүгээр Хуулийн хэрэгжилтийг хангуулан хамтран ажиллах тухай албан бичгээр тус газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дугаартай шийтгэлийн хуудсыг ирүүлсэн.

Тус албан бичгийг манай Компани Улаанбаатар шуудангийн 106 дугаар салбараас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан ба энэ талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж, Шийтгэл ногдуулсан талаар мэдсэн.

Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто замд зөвшөөрөлгүй орц гарц гаргасан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулжээ.

Манай Компаниас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “ЭнТ.Панто” хотхон барих барилгын ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, зохих журмын дагуу барилга болоод орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Бид ямар нэгэн байдлаар хууль зөрчин, зөвшөөрөлгүйгээр орц, гарц гаргасан зүйл байхгүй. Гэтэл манай Компанид 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус Компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа болсон байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас манай Компанид хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж буй талаар огт мэдэгдээгүй бөгөөд бидэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д заасан холбогдогчийн эрхээ хэрэгжүүлж, тайлбар, мэдүүлэг өгч, зөрчил үйлдээгүй талаар нотлох баримтыг гаргах боломжоор хангалгүйгээр шийтгэл ногдуулсан байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.Мын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М шүүхэд гаргасан тайлбартаа: “... Авто замын тухай хуулийн 29.2.6-д “барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх” гэснийг зөрчсөн.

3өрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь заалтад  “Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”        гэж заасан бөгөөд дээрх үндэслэлээр шийтгэл ногдуулсан бөгөөд үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зөрчлийн хэрэгт явуулсан ажиллагаа зэргээр нотлогдоно” гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Урьдчилан шалган шийдвэрлэх тухай хуулиа баримтлан очиж үзсэн. Тухайн үед Б.Т, Э.А нартай уулзах гэж очсон боловч утсаа авахгүй, уулзахгүй байсан бөгөөд манай газрын дарга болон дэд даргын гарын үсэгтэй албан бичгүүд явуулж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 58 хоногийн хугацаа дуусах хүртэл тухайн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд шийтгэлийн хуудас бичсэн. Зөрчил арилсан гэж үзэж байгаа хэдий ч тухайн үед гаргасан зөрчил дээр торгуулийн арга хэмжээ авах ёстой” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын улсын байцаагчийн В.Мын оногдуулсан 5.0 сая төгрөгийн шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч В.Мын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дугаартай шийтгэлийн хуудсаар К ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6-д “Авто зам ашиглагч нь дараахь эрх, үүрэгтэй: Зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авах”, 29.3.2-т “Авто зам ашиглагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: Зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулах” гэж тус тус заасан байна.

К ХХК нь 2018 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто замд зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан болох нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/1171 дүгээр албан бичиг, хариуцагчийн зөрчлийг бэхжүүлсэн фото зураг, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны гэрчээс авсан мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.1, 14.2, ... 14.5, ... 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/995 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуцагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “К ХХК-ийн захирал Э.Ад” гэж хаяглан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Дийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02-03/2130 албан бичиг, мөн газрын дарга Л.Эрдэнэчулууны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/224 албан бичгээр тус тус зөрчлийн талаар мэдэгдсэн байх боловч тус шүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 8/494 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд тухайн зөрчил гарах үед Э.А гэх хүн тус Компанид ажиллаж байгаагүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримт цуглуулах бүрэн эрхтэй бөгөөд уг эрхээ бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас К ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж, 3.1 дүгээр зүйлийн 2-д заасан холбогдогчийн эрхээ хэрэгжүүлж, тайлбар, мэдүүлэг өгч, зөрчил үйлдээгүй талаар нотлох баримтыг гаргах боломжоор хангалгүйгээр шийтгэл ногдуулсан байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд “Авто замын тухай хууль зөрчих”, 14.5 дугаар зүйлд “Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах” зөрчлийн харилцааг тус тус зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн шийтгэл ногдуулсан үндэслэл нь нэхэмжлэгчийг “...Авто замын тухай хууль зөрчсөн...” гэсэн боловч дээрх 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “....инженерийн шугам сүлжээ хийх эсхүл өргөтгөх зорилго...” байсан эсэхийг шалган тогтоолгүйгээр хуулийн заалтыг хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч В.М нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх “, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хийж гүйцэтгээгүй нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт  гаргах хүртэл захиргааны акт ыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг шалган тогтоож, тохирсон шийтгэл оногдуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны  эрх хэмжээний асуудал

байхаас гадна хэргийн оролцогчид зөрчлийн шинж байдалд холбогдуулан маргаагүй, зөвхөн зөрчил шалгах ажиллагааны журамтай холбогдуулан маргасан учир шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, шинээр акт  гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр хэсгийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт ыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулах гэдэгт хариуцагч нь зөрчил гаргагч этгээдийг зөв тогтоож, Зөрчлийн тухай хуулийн аль хэсэгт заасан зөрчил гаргасан болохыг бүрэн дүүрэн тодруулж, зөрчилд холбогдох баримтад эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт  гаргах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.Мын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт  гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт  гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.Мын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА

                          ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН

                             ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.1 дүгээр зүйл.Зөрчил шалгах ажиллагаа

1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.

7.1 дүгээр зүйл.Шийтгэл оногдуулах

1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:

1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;

1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;