| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2018/03025/и |
| Дугаар | 001/ХТ2020/00214 |
| Огноо | 2020-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00214
Э.А, Д.Бнарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлалтай,
Э.А, Д.Бнарын нэхэмжлэлтэй
НМХГт холбогдох
Гэм хорын хохирол буюу зээлийн хүүнд төлсөн 31 725 028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Дамдинрагчаа, Б.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А, Д.Бнар нь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Баасанцэцэгтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 103 дугаар байрны B-7 тоотын 49.81 м. кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, улмаар Хаан банкнаас 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 60 000 000 төгрөгийн зээл авч, Б.Баасанцэцэгт 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 54 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Манайх худалдаж авсан орон сууцад 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс амьдарч эхэлснээс хойш 8 сарын хугацаанд биеэр зовиурлах, толгой өвдөх, даралт ихсэх болж худалдан авсан орон сууцны чанар нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд тохирохгүй байсан учраас эргэлзэж, уг орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч үзэхэд худалдаж авсан орон сууц маань зургийн дагуу анх баригдаж, комиссын актаар ашиглалтанд орохдоо орон сууцны зориулалтынх биш болохыг олж мэдсэн. НМХГын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалттай ашиглаж болно гэсэн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч Н.Батцэцэг нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамж, 103 дугаар байрны B-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай-н зориулалтыг өөрчлөн орон сууц зориулалттаар бүртгэсэн гэдэг. НМХГт уг орон сууцад хүн амьдрах боломжтой орон сууц мөн эсэх талаар удаа дараа хандаж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 02-07-089/504 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. Дээрх 2 өөр дүгнэлтийн аль нь зөв болохыг тогтоолгохоор тус газрын Мониторингийн албанд хандсан. НМХГын дарга, бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун хүсэлтийг хянаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 тоот шийдвэрээр 02-07-89/830 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон. Иймд бид шүүхэд хандан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үнэд төлсөн 54 000 000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирлоо Б.Баасанцэцэгээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхээс 54 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дагуу бид Б.Баасанцэцэгээс гэрээний үнэ болох 54 000 000 төгрөгөө буцаан авч, орон сууцыг нь түүнд хүлээлгэн өгсөн. НМХГын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн хууль бус дүгнэлтийн улмаас 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Э.А нь орон сууц худалдан авах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн гэрээг Хаан банктай байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Хаан банктай байгуулсан 20 жилийн хугацаатай Ипотекийн зээлийн гэрээ хаагдсан. Өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд бид Хаан банктай байгуулсан Орон сууцны ипотекийн гэрээний дагуу зээлийн хүүд нийт 31 725 028 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэж байна. Учир нь бид орон сууц худалдан авсан гэж Ипотекийн гэрээний дагуу Хаан банкинд 62 сар зээлийн хүү төлж байгаад уг байраа буцаан өгч үндэслэлгүйгээр хохирсон нь бидэнтэй холбоотой биш, харин хариуцагч НМХГ түүний ажилтны хууль бус үйлдэлтэй шууд холбоотой юм. Хэрэв НМХГын улсын байцаагч Б.Энь хууль тогтоомжийг чанд сахиж, албан тушаалынхаа дагуу хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд биелүүлсэн бол бүртгэлийн байгууллага уг байрыг орон сууцны зориулалттай гэж бүртгэхгүй байснаас гадна бид ч бас хууль бус орон сууц худалдан авч, орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү төлж, хохирохгүй байх байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээчийн зардалд төлсөн 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд гэм хорын хохиролд 31 725 028 төгрөгийг НМХГаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НМХГ нь Б.Баасанцэцэгийн 2013 оны 05 дугаар сарын 20-нд гаргасан хүсэлтийн дагуу түүний Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хороолол 2, 103 дугаар байрны B-7 тоот 49.81 м.кв үйлчилгээний зориулалтай талбайд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Э2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 02-07-89/830 дугаартай улсын байцаагчийн Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлт гаргасан. Тухайн үед улсын байцаагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байгаа байдлын талаар дүгнэлт гаргасан бөгөөд Б.Баасанцэцэг нь уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны зориулалттай болгон гаргуулж авсантай ямар нэгэн холбогдолгүй юм. Д.Б, Э.А нар нь иргэн Б.Баасанцэцэгийн Улсын бүртгэлийн Y-2204047998 дугаартай орон сууцны гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 273441 тоот лавлагаа зэргийг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 25-нд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрхи 2 өрөө орон сууцыг 54 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Иргэн Д.Б, Э.А нар нь анх орон сууц худалдан хүлээж авсан үедээ эд хөрөнгийн доголдол байгаа эсэхийг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан, нэхэмжлэгч нарын санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилсан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно. Мөн нэхэмжлэгч нар нь ипотекийн зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу зээлийг тухайн орон сууцанд амьдрах хугацаандаа төлж ирсэн учраас гэрээтэй холбогдсон гэм хор учруулснаас үүсэх үүргийг талууд хариуцах үүрэгтэй бөгөөд энэхүү гэм хорын асуудалд төрийн байгууллага хамаарахгүй. НМХГт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг тус газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Сүхбаяр хяналт шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 505 тоот тушаал Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал тул дүгнэлт гаргах боломжгүй тухай мэдэгдэж, амьдрах орчноо сайжруулахыг зөвлөсөн байдаг. Мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д.Бдахин гомдол гаргаж, Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.ЭГазрын дэд даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан 02-02/227 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Б, Э.А нарыг байлцуулан тус байранд үзлэг шалгалт хийж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 02-07-089/504 дугаартай Байрны өрөө, тасалгааны ашиглалтын байдлын тухай дүгнэлт гаргасан. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмид 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэндээ дээрхи улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн. Мөн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 дугаартай Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлтийг НМХГын дарга, Бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийтдээ 29 713 028 төгрөг төлж, зээлийн гэрээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр цуцлагдаж, хаагдсан байна. Энэхүү орон сууцны ипотекийн зээлийн гэрээтэй холбогдсон гэм хорын хохирол гэж үзээд байгаа асуудал нь нэхэмжлэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж, тухайн орон сууцанд амьдарч байсан 5 жилийн хугацааны зардал, гэрээнд заагдсан үүргээ гүйцэтгэх нь тухайн иргэний үүрэг, Хаан банк иргэнд үйлчилгээ үзүүлсний төлөө, орон сууцны ипотекийн зээлийн төлбөрөө авах нь түүний үүрэг, хоёр тал үүргээ биелүүлж байгаа асуудлыг төрийн байгууллагын улсын байцаагчийн акттай холбох шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 29 236 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А, Д.Бнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 488 109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд төлсөн 300 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 304 134 төгрөгийг гаргуулж Э.А, Д.Бнарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 29 236 919 /хорин есөн сая хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун арван ес/ төгрөгийг гэснийг 22 320 000 /хорин хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гэж, 2 488 109 /хоёр сая дөрвөн зуун наян найман мянга нэг зуун ёс/ төгрөгт гэснийг 9 405 028 /есөн сая дөрвөн зуун таван мянга хорин найман/ төгрөгт гэж, 3 дахь заалтын 304 134 төгрөгийг гэснийг 269 550 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Бхяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 139 дүгээр байр 110 тоот хаягт оршин суух Олхонууд овгийн Э.А, Олхонууд овогийн Д.Ббид Монгол улсын засгийн газраас батлан гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн журмын дагуу Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Саруул тэнгэр2, 103-р байр В-7 тоот орон сууц авсан. Манайх орон сууцанд орж амьдрах хугацаанд байрны чанар нөхцөл байдал хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Д.Бби орон сууцныхаа чанар зориулалтад эргэлзэн, түүний дэлгэрэнгүй лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч үзэхэд Орон сууц биш үйлчилгээний зориулалттай байр болохыг олж мэдсэн. Бүртгэлийн баримт дотор НМХГ-ын 02-07-89/830 дүгнэлт байсан. Дүгнэлтийг НМХГ-ын дарга 01-01/11 шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хэрэгт НИТ-ийн 204 тогтоол, 05/1042 хариу, Ерөнхий прокурорын газрын 1/1467 хариу авагдсан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв дүгнэж гэм хорын хохиролд нэхэмжилсэн 31 725 028 /гучин нэгэн сая долоон зуун хорин таван мянга хорин найм/ төгрөгийг гэм хорыг 29 236 919 төгрөг гэж шийдвэрлэсэн 2 488 109 төгрөг хасч хэрэгсэхгүй болгосон. Би анхан шатны шүүхийн 00370 шийдвэрийг үнэн зөв тооцсон гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд гэм хорын хохирлыг буруу тооцсон 22 320 000 төгрөгийг мэргэжлийн санхүүч, эдийн засагч хүнээр тооцуулан шударга үнэн хянаж 6 916 919 төгрөгийг НМХГ-аас гаргуулан өгнө үү. Хэрэгт авагдсан Монгол банкнаас баталсан Ипотекийн гэрээний зээл буцаан төлөх хуваарь, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээл төлсөн банкны сүүлийн 1 жилийн баримт нотолно гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э.А, Д.Бнар нь хариуцагч НМХГт холбогдуулан гэм хорын хохиролд 31 725 028 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улсын байцаагчийн актаас шалтгаалж, нэхэмжлэгчид гэм хор учраагүй...” гэсэн үндэслэлээр маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 29 236 919 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон ба давж заалдах шатны шүүх 22 320 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтад Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон ба магадлалд хариуцагчийн оноосон нэрийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.А, Д.Бнар улсын бүртгэлд үндэслэн Б.Баасанцэцэгийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж 103 дугаар байрны В-7 тоот орон сууцны өмчлөгч гэж үзэн, 2013 оны 6 сарын 25-ны өдөр түүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хаан банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг зээлж, үүнээс 54 000 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн, орон сууцыг эзэмшиж ашиглаж байх хугацаанд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө илэрч байснаас эд хөрөнгийг орон сууцны зориулалтын эсэхэд эргэлзэж, судалж үзэхэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Энь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлт гаргахдаа үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж тодорхойлсны улмаас Б.Баасанцэцэг нь үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Б.Баасанцэцэгээс 54 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэлээс 18 578 475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 611 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01069 дүгээр тогтоол хэрэгт авагджээ.
Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02-07-089/504 тоот дүгнэлтээр нэхэмжлэгчийн амьдарч буй байрыг “...103 дугаар байрны В давхарын ариун цэврийн өрөөнөөс бусад өрөө тасалгааны агаар сэлгэлт муу, өрөө тасалгаа чийгтэй, бохир усны шугам жигд ажиллагаагүй, байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй...” гэж дүгнэж, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 тоот шийдвэрээр байцаагч Б.Эрдэнэсүрэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтийг хүчингүй болгожээ.
Дээрх баримтаар улсын байцаагчийн алдаатай дүгнэлтийн улмаас иргэн Б.Баасанцэцэг нь үйлчилгээний зориулалттай байсан үл хөдлөх хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж өөрчлөн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан, нэхэмжлэгч нар улсын бүртгэлийг үндэслэн өмчлөлийн зүйлийг худалдан авсан боловч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан авсан үйл баримт тогтоогдсон, хоёр шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж, хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан ба эдгээр зохицуулалтууд нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг оновчтой сонгосон гэж үзнэ.
Хариуцагч байгууллагын албан хаагч буруу дүгнэлт гаргасны улмаас нэхэмжлэгч орон сууцны бус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан талаарх хариуцагчийн гэм бурууг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч нэхэмжлэгч нарыг орон сууц худалдан авахдаа банкнаас зээл авч, зээлийн хүү төлж, алдагдал хүлээсэн гэж дүгнэхдээ төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг эрх зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж нэрлэдэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмтсэн, үрэгдсэн, зардал гарсан, орох ёстой байсан орлого нь ороогүйгээр алдагдал бий болсон, хохирогчид байх байсан баялаг багассан байх нь хохирол болно. Нэхэмжлэгч нар эд хөрөнгө олж авахдаа зээл авсан нь зайлшгүй зардал эсэх, энэ нь хохирол мөн эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар тухайн орон сууц барилгын орон сууцны хэсэгт бус, 1 давхраас доош байршилд байгааг зөвшөөрч, хүлээн авахдаа эд хөрөнгө доголдолтой эсэхийг анхаарах нь зүйтэй байжээ. Иймээс нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлох замаар маргааны үндэс, суурь болсон нөхцөл байдлыг бүрэн, үнэн зөвөөр шүүхэд мэдүүлэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим бөгөөд аль нэг талын зөвшөөрсөн, эсэргүүцээгүй нөхцөл байдлыг шүүх өөрчлөх, түүнээс хэтэрч дүгнэлт өгөх эрхгүй байдаг. НМХГ нь давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй ба маргааны талаар шийдвэр гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалын хэмжээнд, хариуцагч нэхэмжлэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ.
Иймд шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн гомдлоор өөрчлөх боломжгүй болно. Харин анхан шатны шүүх хариуцагчийн оноосон нэрийг шийдвэрийн тогтоох хэсэгт алдаатай тусгасан, шийдвэр хүчинтэй байх, хуулийн хүчин төгөлдөр болох ойлголтыг зөв тодорхойлоогүй алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дах заалтад “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ...гэснийг тус тус ...НМХГаас... гэж, 4 дэх заалтад “...хуулийн хүчинтэй...гэснийг ...хүчинтэй... гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 125 621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА