Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00064

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж

      нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн

      улсын яллагч Ц.Сувдаа,

      хохирогч С.Олонбаяр,

      шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

      шүүгдэгч У.Бямбасан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ууганмандахын Бямбасанд холбогдох 201206000069 дугаартай, 132/2016/0051/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүнтүрүүний 6-03 тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, 2011 оны 12 дугаар сарын 05-нд Булган аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2013 оны 02 дугаар сарын 21-нд Булган аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Сум дундын 14 дүгээр шүүхийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ууганмандахын Бямбасан /РД: ГЮ95081257/.

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч У.Бямбасан нь 2012 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд өдөрт шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хорооны 16-09 тоотод оршин суух Ч.Шижирбаатарын /Д.Сэмжид/ гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний өвлийн хос гутлыг хулгайлж 285000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Зб-6-04 тоотод оршин суух хохирогч С.Олонбаярын байшинд нэвтэрч шал өнгөлөгчийн мотор 2 ширхэг, вибератор хөдөлгүүр 1 ширхэг,  агааржуулалтын мотор 1 ширхэгийг хулгайлж 490000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах "Дэвшилт" сонины газрын байранд байрлах Р.Эрдэнэбулганы гутал засварын өрөөнд нэвтэрч "Nokia" маркийн гар утас 3 ширхэг, автомашины МР-3 тоглуулагч 4 ширхэгийг хулгайлж 278000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын В-19 тоотод оршин суух Х.Нямсүрэнгийн байшинд нэвтэрч их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний урт хүрэм хулгайлж 570000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хорооллын Рашаантын 28-08 тоотод оршин суух Д.Мягмарсүрэнгийн байшинд нэвтэрч мөнгөн тоногтой суран бүс хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 2-102 тоотод оршин суух З.Болдоогийн байшинд нэвтэрч Iphоnе-4 маркийн гар утас, эрэгтэй хүний хүзүүний алтан гинж хулгайлж 1160000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн задгайд оршин суух Д.Адъяахүүгийн байшинд нэвтэрч 2 ширхэг их гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс хулгайлж 450000 төгрөгийн хохирол буюу нийт 3683000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

      ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

      Шүүгдэгч У.Бямбасангийн өгсөн: 2012 оны 3-4 дүгээр сарын үед Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хороонд хохирогч Сэмжидийн гэрээс их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний гутал зэргийг хулгайлсан, энэ нь миний ялтай байх хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг юм. 2013 онд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт хохирогч Олонбаярын гэрээс 4 ширхэг мотор хулгайлсан. Үүнийгээ Орхон аймагт зарсан. 2013 онд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт "Дэвшилт" сонины газрын хохирогч Эрдэнгэбулганы гар утас засварын газраас 3 ширхэг гар утас, 4 ширхэг хөгжим тоглуулагч хулгайлсан. Үүнийгээ Булган аймгийн Булган суманд гар утас засвар ажиллуулдаг хүнд зарсан. 2015 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт хохирогч Нямсүрэнгийн гэрээс их гарын мөнгөн аяга, урт хүрэм зэргийг хулгайлсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт хохирогч Мягмарсүрэнгийн гэрээс мөнгөн бүс хулгайлсан. 2015 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт хохирогч Болдоогийн гэрээс Iphоnе-4 маркийн гар утас, алтан гинж зэргийг хулгайлсан. Мөн Улаанбаатар хотын Шарга морьтод хохирогч Адъяахүүгийн гэрээс 2 ширхэг их гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлсан. Би Булган аймгийн Булган суманд үйлдэгдсэн гэх 3 үйлдлийг үйлдээгүй, харин Орхон аймаг, Улаанбаатар хотод үйлдэгдсэн гэх үйлдлүүдийг өөрөө үйлдсэн юм гэх мэдүүлэг,

       Хохирогч С.Олонбаярын өгсөн: Манайх 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд эд зүйлээ алдсан юм. Би энэ үед хөдөө явсан байсан. Хөдөөнөөс 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирэхэд хашааны гадаа мөр гарсан байсан.  Хашаа руугаа ороход амбаарт байсан 4 ширхэг мотор хулгайд алдагдсан байсан. Би хулгайд алдагдсан эд зүйлээ цагдаагийн байгуулагад бүртгүүлсэн. Цагдаа нар Бямбасангийн хамтаар түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. Тэр үед Бямбасан манай гэрээс мотор авсан гэж хэлсэн, мөн хаанаас авсанаа заасан. Моторууд хүнд бөгөөд тэдгээрийг хашаа давуулж шидсэн байсан. Бямбасан надад хохирол төлбөр төлөөгүй байгаа. Би эд зүйлийн үнэлгээний дагуу хохирол төлбөрөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

      201206000069 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

      Хохирогч Д.Сэмжидийн өгсөн: ...нөхөр бид хоёр 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу яваад гэрээ хажуу айлдаа захиж үлдээсэн юм. Тэгээд 2012 оны 03 дугаар сарын 14-ний өглөө гэр захиж үлдээсэн айлын эхнэр Дашмаа утсаар залгаж "та нар ирчихсэн юм уу" гэж асуухаар нь "үгүй Улаанбаатар хотод байна" гэсэн чинь "яанаа, тэгвэл танайд хулгай орчихсон байхаа, хаалга чинь онгорхой байна" гэж хэлсэн. Тэгээд нөхрийн дүү Болдбаатарт утсаар хэлж, гэрт оруулж үзүүлэхэд "хулгай орсон байна" гэсэн. Тэгээд бид 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гарч орой нь гэртээ ирж юмаа бүртгэхэд гал тогооны өрөөний хоолны шүүгээнд өрсөн байсан аяганууд дотор өрөөтэй байсан, шаазан аяганаас арай том сүүлийн үеийн дэлбэгэрдүү амтай, мөнгөн аяга 1 ширхэг, манай нөхрийн нэг удаа өмссөн гар хийцийн дотортой, монгол гутал шиг хоншоор нь ээтгэр, хүрэн арьсан өвлийн гутал алдагдсан байсан. Мөнгөн аяга нь бол тасгийнхан нь "Алтан гадас" одонг  нь мялааж 2011 оны 08 дугаар сарын үед өгч байсан. Дэлбэгэрдүү амсартай, цайны шаазан аяга шиг дунд гарын мөнгөн аяга байсан гэх мэдүүлэг /хх 9-10 тал/,

Хохирогч Д.Нямсүрэнгийн өгсөн: ...манай байшингийн баруун тийш харсан гал тогооны хамгаалалт хаалт байхгүй цонхыг гаднаас нь хагалж, тэр цонхоороо орсон байх гэж бодож байна, хулгайч орж гал тогоотой үргэлж байдаг том өрөөний баруун хэсэгт бурханы урд байсан, талийгаач аавд маань дүү нь өгч байсан их гарын мөнгөн аягыг болон миний бие өөрөө БНХАУ-с худалдан авч байсан хар хөх өнгөтэй, өвдөг хүрэхээр урт, эрэгтэй хүний хүрмийг аваад явчихсан байсан. Өөр ямар нэг эд зүйл одоогоор алга болоогүй. Манай гэрт орж хулгай хийсэн хүн нь баригдвал алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 194-195 тал/,

Хохирогч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: ...манай гэрт 2015 оны 11 дүгээр сарын дундуур /би өдрийг нь сайн санахгүй байна/ өдрийн цагаар гэр эзэнгүй байхад байшингийн цонхыг хагалаад хананд өлгөсөн байсан мөнгөн тоногтой бүсийг хулгайлсан байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Байшингийн хананд дээсэн хүрээтэй, цулгуй толгой мөнгөн бүс байсан. Уг бүсэнд хэдэн лан мөнгө орсныг мэдэхгүй байна. 1999 онд 280000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо хэдэн төгрөгний үнэлгээтэй байгааг би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 223 тал/,

 Хохирогч З.Болдоогийн өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад өдөр 14 цагийн орчимд гэрээ цоожлоод гарсан. Тэгээд хүүхдээ цэцэрлэгээс авчихаад гадуур явж байгаад орой 17 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирээд байшингийн хаалгаа онгойлогоод ороход манай 1 давхарын баруун талын урдаасаа 2 дахь цонхны том салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэрийн доторх эд зүйлээ бүртгээд үзэхэд 2 давхарын өрөөнөөс хувцасны шкафан дотор байсан миний хүзүүний алтан гинж, Iрhоnе-4 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. Мөн тухайн үед Samsyng маркийн утас байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж үзлэг хийлгэчихээд гэрийн эд зүйлээ бүртгэж байхад Samsyng маркийн гар утас нь байсан. Манай гэрээс алдагдсан эрэгтэй хүний хүзүүний гинжийг 2010 онд Мөнгөн завьяа дэлгүүрээс 4000000 төгрөгөөр авч байсан. 22,4 гр жинтэй 47 см урттай гинж байсан. Iphonе-4 гар утсыг нь 2013 оны 06 дугаар сарын 13-нд мобикомын Теди төвөөс 460000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг гар утас нь дэлгэц нь хагарсан, гадуураа шар өнгийн төмөр хамгаалалт гэртэй, ажиллагаа нь хэвийн гар утас байсан гэх мэдүүлэг /хх 32 тал/,

Хохирогч Д.Адьяахүүгийн өгсөн:  ..2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед зусланд байдаг дохиолол хамгаалалтаас над руу ярьсан юм. Шарга морьтод байдаг зуслангийн байшинд чинь хулгайч орсон байна, хүн нь дотроо байна гэсэн. Тэгээд гэртээ очиход эмэгтэй хүний мөнгөөр тоноглосон суран бүс, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан. Тухайн үед нь эд зүйлээ бүрэн авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 109 тал/,

Гэрч А.Дашмаагийн өгсөн: ...Шижирбаатар эмчийнх Улаанбаатар хот явах гээд гэрээ манайхыг харж байгаарай гэж захиад явсан юм. 2012 оны 03 дугаар сарын 14-ний шөнө босоод хартал гэрийнх нь гадна талын хаалганы цоож нь байхгүй болохоор нь шөнө орой хүн ирж гэж бодоод асууя даа гээд эхнэрийх нь утас руу залгасан. Тэгээд "ирчихээ юу" гэсэн "үгүй" гэсэн. Тэгээд Шижирбаатар эмчийн дүүг ирэхээр нь хамт гэрт нь орж үзсэн. Хаалгыг нь

түгжээгүй, авдар савыг нь ухаж онгичсон байсан. Өөрсдөө тухайн үед байхгүй утсаар ярьж эд хөрөнгөө бүртгэхэд алдагдсан юм мэдэгдэхгүй байсан. Тэгээд тэр оройгоо өөрсдөө Улаанбаатар хотоос ирцгээсэн гэх мэдүүлэг /хх 11 тал/,

Гэрч О.Билэгсайханы өгсөн: ...Би аавын гэрт эхнэр, хүүхэд, ээжийн хамт байсан. Аав хөдөө ажил руугаа явсан. 2012 оны 06 дугаар сарын 13-ны орой аав буцаж ирээд амбаарын араар явж байгаад амбаарын банз унаж дотроос нь мотор алдсан байна гэж хэлж бид нар мэдсэн. Бид нар ямар нэгэн дуу чимээ сонсоогүй. Хэзээ алдсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 63 тал/,

Гэрч Б.Батцэцэгийн өгсөн: ...Яг он сарыг нь сайн санахгүй байна. 2012 оны 10 дугаар сард Дэвшилт сонины байранд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнбулган гэх залуу өрөөнөөсөө гар утас, зарим зарж буй бараагаа хулгайд алдсан гэсэн. Тухайн үед цагдаа нар ирээд явцгаасан гэх мэдүүлэг /хх 102 тал/,

Гэрч Б.Хишиг-Эрдэнийн  өсгөн: ...Тэр өдөр 17 цагийн үед манай хүү Ананд над руу залган гэрийн цонх хагалаад хулгайч орчихсон байна гэж хэлсэн. Би тэр өдөр ажлаа тараад явж байсан юм. Тэгээд эхнэр Нямсүрэнтэй түүний ажлын гадаа нь уулзаж цагдаагийн газарт очиж манай гэрт хулгай орсон талаар хэлсэн. Хулгайч манай байшингийн баруун тийш харсан гал тогооны цонхыг хагалж ороод гал тогоотойгоо үргэлж том өрөөний баруун хананы тавиур дээр байсан их гарын аягыг авсан байсан. Тэр аяга 18-200 см орчим диаметртэй байсан гэж бодож байна. Аягыг манай хадам аавд дүү нараас нь дурсгаж байсан гэсэн гэх мэдүүлэг /хх 197 тал/,

Гэрч И.Мөнхдоржийн өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Адъяахүүгийн гэрээс дохио ирсний дагуу очиж шалгахад цонх нь хагарсан байдалтай байсан. Шалгахад дотор нь хүн байсан тул цагдаа дуудсан хулгайч байшингийн 2 давхарын цонхоор үсэрч зугтаасан боловч хойноос нь хөөж барьж авсан гэх мэдүүлэг /хх 242 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх1-1,54,89, хх2-1,100 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх1-2,180,55,90, хх2-7, 103 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1-3-6, 56-57, 92-93, 182-184, хх2-8-14,27-29, тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1-150-155,185-190, хх2-56-60,/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх2-24-26,107/ эд зүйлийн үнэлгээ /хх1-25, 74, 201, 225, хх2-33, 110/, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх1- 141-144, 152, 203-205, хх2-54-55, 64, 83-84, 158-164 тал/, болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх1-147-148, хх2-66, 68-79, 194-198/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч "надад өөр хулгайн үйлдэл байгаа" гэж мэдүүлж байгаа боловч  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

       Шүүгдэгч У.Бямбасан нь шунахайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын В-19 тоотод оршин суух Х.Нямсүрэнгийн байшинд хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний урт хүрэм авч 570000 төгрөгийн хохирол, мөн хорооллын Рашаантын 28-08 тоотод оршин суух Д.Мягмарсүрэнгийн байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн

тоногтой суран бүс авч 450000 төгрөгийн хохирол, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 2-102 тоотод оршин суух З.Болдоогийн байшинд хууль бусаар нэвтэрч Iphоnе-4 маркийн гар утас, эрэгтэй хүний хүзүүний алтан гинж зэргийг авч 1160000 төгрөгийн хохирол, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн задгайд оршин суух Д.Адъяахүүгийн байшинд хууль бусаар нэвтэрч хоёр ширхэг, их гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг авч 450000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн цаг хугацаа, орон зайд эд зүйл алдагдсан хэргийн нөхцөл байдлын талаархи хохирогч Х.Нямсүрэн, Д.Мягмарсүрэн, З.Болдоо, Д.Адъяахүү, гэрч Б.Хишиг-Эрдэнэ, И.Мөнхдорж нарын өгсөн мэдүүлэг, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах, эд зүйл хураан авч хүлээлгэн өгөх ажиллагаа нь зохих журмын дагуу явагдаж, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан нотолгооны ач холбогдолтой, тухайн хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, ЭБШХ-ийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар шүүгдэгч У.Бямбасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээсэн нь дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзэв.

       Харин прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2012 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хорооны 16-09 тоотод оршин суух Ч.Шижирбаатар /хохирогч Д.Сэмжид/-ийн гэрт нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний өвлийн хос гутлыг хулгайлж 285000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Зб-6-04 тоотод оршин суух хохирогч С.Олонбаярын байшинд нэвтэрч шал өнгөлөгчийн мотор 2 ширхэг, вибератор хөдөлгүүр 1 ширхэг, агааржуулалтын мотор 1 ширхэгийг хулгайлж 490000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах "Дэвшилт" сонины газрын байранд байрлах хохирогч Р.Эрдэнэбулганы гутал засварын өрөөнд нэвтэрч "Nokia" маркийн гар утас 3 ширхэг, автомашины МР-3 тоглуулагч 4 ширхэгийг хулгайлж 278000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн тухайд шүүх дараахь дүгнэлтийг хийж байна.

      Шүүгдэгч У.Бямбасан шүүхийн хэлэлцүүлэгт "Булган суманд үйлдэгдсэн гэх 3 үйлдлийг би үйлдээгүй, миний ял эдэлж байсан хугацаа хохирогч Сэмжидийн гэрт хулгай орох үетэй давхцаж байгаа. Намайг хотод хоригдож байхад эрүүгийн төлөөлөгч Цэнгэл ирж уулзаад Булган аймагт үйлдэгдсэн гэх 3 үйлдлийг хүлээгээд Булган аймаг руу хэргээ шилжүүлчих гэж хэлсэн, мөн мэдүүлэг зааж өгсөн. Зам шалгалтаар явахын өмнө надад хэргийн материалыг үзүүлсэн" гэж мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээ тодорхой эх сурвалжаар үгүйсгэж гэм буруугийн талаар маргажээ.

       Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг судалж үзвэл прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан яллах талын нотлох баримт болох  эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг

хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хохирогч  Д.Сэмжид, С.Олонбаяр, Р.Эрдэнэбулган, гэрч А.Дашмаа, С.Билэгсайхан, Ц.Батмөнх, Б.Батцэцэг нарын мэдүүлэг зэрэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, болсон үйл баримт, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг хэргийн нөхцөл байплыг нотлож байгаагаас биш шүүгдэгч У.Бямбасангийн хулгайн үйлдлийг нотлоогүй байна.

         Хохирогч Д.Сэмжидийн гэрээс 2012 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө эд зүйл алдагдах үед шүүгдэгч У.Бямбасан нь ял эдлэж байсан болох нь  Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж,  2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан тухай /хх-2-67,72-73 тал/ түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар, мөн шүүгдэгч У.Бямбасанг эрүүгийн 201525031635 дугаартай хэрэгт холбогдож 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр баривчлагдан улмаар сэжигтэн, яллагдагчаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус хорих ангийн 08 тоот өрөөнд Булган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч О.Батцэнгэл тайлбар авсан болох нь  байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл /хх1-139-140 тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар  /хх2-37-53 тал/ тус тус тогтоогдсон болно.

       Шүүгдэгч У.Бямбасан нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 2-102 тоотод оршин суух З.Болдоо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн задгайд оршин суух Д.Адъяахүү нарын эд зүйлийг хулгайлсан хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа Орхон аймгийн Баян-Өндөр суманд бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч /хх2-62 тал/ түүнээс тайлбар авснаар /хх-1-193/ тухайн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан бол Булган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч О.Батцэнгэл эх сурвалж нь тодорхойгүйгээр шүүгдэгч У.Бямбасангаас тайлбар авч, үүний дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 09, 17, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд шүүгдэгч сэжигтэн, яллагдагчаар байцаагдаж өгсөн мэдүүлэгтээ Булган аймагт үйлдсэн гэх хэргийн талаар ярьж /хх2-64, 83, хх1-152,141-144 тал/, " ....би 2012 онд Булган аймагт 3 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн, 2015 онд Улаанбаатар хот, Орхон аймагт хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул Булган аймагт үйлдсэн хэрэг дээрээ бусад хэргээ нэгтгүүлж шийдүүлмээр байна" гэх хүсэлтийг гаргаж байжээ.

        Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2012 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ч.Шижирбаатар /Д.Сэмжид/-ын гэрээс эд зүйл алдагдсан үйлдэлд эрүүгийн 2012060000069 /хх1-1/, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд С.Олонбаярын байшингаас эд зүйл алдагдсан үйлдэлд эрүүгийн 2012060000165 /хх1-54/, 2012 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Р.Эрдэнэбулганы гутал засварын өрөөнөөс эд зүйл алдагдсан үйлдэлд эрүүгийн 201206000298 /хх1-89/ дугаартай хэргүүдийг тус тус үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр удаа дараа  /хх1-344,39,50,76,,118,134/ түдгэлзүүлж байсан байх ба 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр дээрхи хэргүүдийг сэргээж, шүүгдэгч У.Бямбасанг сэжигтнээр тооцож байцаасан /хх1- хх1-52-53,87-88,136141-144/, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 2012060000165, 201206000298 дугаартай хэргүүдийг 2012060000069 дугаартай хэрэгт нэгтгэж /хх1-53,88тал/ 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг /хх1-150-154 тал/ хийсэн боловч 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн 2012060000069 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д заасан "яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй" гэх үндэслэлээр түдгэлзүүлж байжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт шүүгдэгч У.Бямбасангийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс өөр нотлох баримтгүйгээр хэргийг сэргээн түүнийг яллагдагчаар татсан нь ЭБШХ-ийн 82 дугаар зүйлийн 82.2 " яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно" гэсэн заалт зөрчигдсөн байна.

   Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд энэ хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч  шүүгдэгч У.Бямбасан нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

   Иймд шүүгдэгч У.Бямбасанд холбогдох хэргээс Ч.Шижирбаатар /Д.Сэмжид/-ийн гэрээс эд зүйл хулгайлж 285000 төгрөгийн, С.Олонбаярын байшингаас эд зүйл хулгайлж 490000 төгрөгийн, Дэвшилт сонины газарт нэвтэрч Р.Эрдэнэбулганы өрөөнөөс 278000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын В-19 тоотод оршин суух Х.Нямсүрэн, Рашаантын 28-08 тоотод оршин суух Д.Мягмарсүрэн, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын 2-102 тоотод оршин суух З.Болдоо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зуслангийн задгайд оршин суух Д.Адъяахүү нарын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

   Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Болдоод 1160000 төгрөгийн, хохирогч Д.Адьяахүүд 450000 төгрөгийн, Д.Мягмарсүрэнд 450000 төгрөгийн, Х.Нямсүрэнд 570000 төгрөгийн шууд, 27000 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Болдоогийн 1000000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж, хохирогч Д.Адьяахүүгийн 150000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга, 300000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бүс зэргийг хураан авч хохирогч нарт биет байдлаар /хх-2-24-26,33,110,107/ хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч У.Бямбасангаас 1207000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нямсүрэнд 597000 төгрөгийг, Д.Мягмарсүрэнд 450000 төгрөгийг, З.Болдоод 160000 төгрөгийг тус тус олгож, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан хохирогч Д.Сэмжидийн 285000 төгрөгийн, хохирогч С.Олонбаярын 490000 төгрөгийн, хохирогч Р.Эрдэнэбулганы 278000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Бямбасан нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж ялаа биечлэн эдлэж байгаад тус шүүхийн  шүүгчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 44 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй гэж үзэв.     

Шүүгдэгч У.Бямбасангийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүйг дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Бямбасанд холбогдох Ч.Шижирбаатар /Д.Сэмжид/-ийн гэрээс эд зүйл хулгайлж 285000 төгрөгийн, С.Олонбаярын байшингаас эд зүйл хулгайлж 490000 төгрөгийн, Дэвшилт сонины газарт нэвтэрч Р.Эрдэнэбулганы өрөөнөөс 278000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Боржигон овогт Ууганмандахын Бямбасанг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч У.Бямбасангаас 500000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан У.Бямбасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Бямбасангийн цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Бямбасангаас нийт 1207000 /нэг сая хоёр зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нямсүрэнд 597000 /таван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг, Д.Мягмарсүрэнд 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, З.Болдоод 160000 /зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Сэмжидийн 285000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн, хохирогч С.Олонбаярын 490000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн, хохирогч Р.Эрдэнэбулганы 278000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бямбасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНХАНД