Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0688/З |
Дугаар | 128/ШШ2020/0269 |
Огноо | 2020-04-27 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2020/0269
2020 оны 04 сарын 27 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Халиуна, шүүгч Ц.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Х, өмгөөлөгч З.С, хариуцагч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээд “Э ү” ХХК /сүүлд ТӨҮГ болж өөрчлөгдсөн/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, З.Ж, иргэдийн төлөөлөгч Э.У*******а нарыг оролцуулан “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н нарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: “А-И” ХХК
Хариуцагч: Үндэсний аудитын газар
Хариуцагч: Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н*********л,
Гуравдагч этгээд: “Э ү” ХХК /сүүлд ТӨҮГ болж өөрчлөгдсөн/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан”-гийн Бүлэг 2 буюу “Э ү ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А-И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А-И ХХК нь үндэсний үйлдвэрлэгч бөгөөд Э ү ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг 2010 оны 09 дүгээр сард хийж, 2011-2014 онуудад бүтээн байгуулалтаа хийж, 2014 оны 07 дугаар сараас эхлэн Э ү ХХК-ийн технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хэлбэрээр хуримтлагдсан, холимог хүдрийн нөөцийг ашиглан катодын зэс ялгах үйлдвэрлэлийн төслийг амжилттай туршиж, үйлдвэрлэлээ 2014 оны 10 дугаар сард ашиглалтад өгч, өнөөг хүртэл орон нутагт 200 орчим хүнийг ажлын байраар ханган 4 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод ашигт малтмалын нөөцийг сорчлон ашиглахыг хязгаарлан, дэвшилтэд техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын боловсруулалтын өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ гэж тодорхойлсны дагуу манай компани төрийн бодлогыг үйл ажиллагаандаа удирдлага болгож Э ү-ийн хөрвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус үүсмэл ордыг дэлхийн олон улсад түгээмэл хэрэглэдэг L-SX-EW технологийг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг ажиллуулж байна.
Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор гадаад, дотоодын болон олон улсын экспертүүдийн хийсэн судалгаа шинжилгээгээр эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж татгалзаж ирсэн балансын бус 2 дугаар овоолгын үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн улс орны эдийн засагт 2014 оны 07 дугаар сараас 2018 оны эхний хагас жилийн байдлаар 118 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, шимтгэл, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна.
Манай компани нь 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулснаар өмнөх гэрээгээ дүгнэн, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс Хамтын ажиллагааны гэрээ байгуулан өнөөг хүртэл мөрдөн ажиллаж байна.
А-И ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 онд UN-000001 дугаартай Ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч хуулийн дагуу эзэмшиж байгаа болно. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/96 дугаар тушаалаар 6 жилийн хугацаатайгаар 14 дугаартай Тогтворжуулах гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтворжуулсан болно.
Хоёр. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан:
Э ү ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 111/199 тоот албан бичгээр манай компаниас 408,826,000.54 төгрөгийг овоолго ашиглалтын төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү хэмээн нэхэмжилсэн. Тус албан бичгийн үндэслэл нь Үндэсний Аудитын газрын акт болох талаар дурдсан.
Манай компаниас энэхүү нөхцөл байдлыг тодруулж, тайлбар авахаар Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудиторт хандан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1/316 дугаартай Тайлбар ба хүсэлт гаргах тухай албан бичгийг хүргүүлсэн болно. Уг албан бичгийн хариуд Монгол Улсын Ерөнхий Аудитороос 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1604 дугаартай албан бичгээр Э ү ХХК болон манай компанийн хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүн тооцдоггүйгээс борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчил илэрсэн тул төлбөрийн акт тогтоосон" гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэн.
Энэхүү хариу албан бичигтээ тухайн төлбөр тогтоосон актыг ирүүлээгүй ба ямар үндэслэлээр төлбөр тогтоосон нь тодорхойгүй байсан тул бид 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/396 дугаартай албан бичгээр Үндэсний Аудитын газарт хандан тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу бидэнд хуулийн дагуу ирүүлнэ үү гэсэн албан хүсэлтийг хүргүүлсэн. Уг албан хүсэлтэд өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй, албан ёсны ямар шийдвэр, актыг үндэслэж, бидэнд үүрэг ногдуулах болсон талаар тодорхой хариу байхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргаж байгаа болно.
Гурав. Захиргааны акт нь хууль тогтоомжийг зөрчсөн тухайд:
Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай акт нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус захиргааны акт байна.
1/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар Захиргааны аливаа үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцэж байхаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, захиргааны актыг гаргахдаа тухайн актыг гаргах журамласан хэм хэмжээг хэрэглэхээс гадна шийдвэр гаргах болсон эрх зүйн үндэслэл /нарийвчилсан хууль/-ийг заавал хэрэглэх учиртай. Гэтэл төлбөр барагдуулах тухай захиргааны актыг бүхэлд нь авч үзвэл материаллаг хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй байна.
Манай компаниас гаргуулж Э ү ХХК-ийн орлого болгохоор тогтоосон төлбөр нь овоолго ашиглалтын төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү гэх боловч тус актад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн зохицуулалтыг огт үндэслээгүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг баримтлалгүй, хуулийн үндэслэлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
2/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар Захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан.
Дээр дурдсанчлан Э ү ХХК болоод манай компани нь Хувийн эрх зүйн гэрээний үндсэн дээр харилцан итгэлцлийн зарчмаар өнөөдрийг хүртэл талууд хэн нэгэндээ тус гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор шаардлага гаргаж байгаагүй бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн талаар хэн нь ч ямар нэгэн байгууллагад хандсан зүйлгүй ба бидний хооронд байгуулагдсан гэрээ одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Гэтэл Үндэсний Аудитын газар хоёр компанийн хооронд байгуулагдсан хувийн эрх зүйн гэрээ нь зөрчилтэй мэтээр тайлбарлаж, хяналт шалгалтад хамрагдаагүй этгээдээс төлбөр гаргуулахаар акт тогтоосон нь дээрх зарчмыг зөрчсөн байна.
3/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан.
Үндэсний Аудитын газар Э ү-ийг шалгах явцад манай компаниас төлбөр барагдуулах акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогч болох боломжтой байна.
Хариуцагчаас дээрх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүйгээс өнөөдрийн энэхүү нөхцөл байдал бий болж, бид шүүхэд хандах нэг шалтгаан болж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Үндэсний Аудитын газар тухайн актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Тодруулбал, уг нөхцөл байдал хэрхэн, яаж үүсэв гэдгийг тогтоохдоо дан ганц Э ү-ээс бус, гэрээний нөгөө тал болох манай компанийг оролцуулан нөхцөл байдлыг тогтоох ёстой.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргийг хуулиар бий болгосон ба сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар зохицуулсан.
Энэхүү зохицуулалтаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, саналыг гаргуулснаар тухайн актын алдаатай болох нь тогтоогдох нөхцөл байдал ч илэрч болзошгүй тул тухайн актыг гаргахдаа манай компанид зайлшгүй мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулах ёстой байсан. Ийм үйл ажиллагаа огт явуулаагүй болно.
Мөн төлбөр барагдуулах тухай захиргааны акт гарсан талаар өнөөдрийг хүртэл албан ёсоор манай компанид мэдэгдээгүй болно.
Дөрөв. Актаар тогтоосон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:
Э ү ХХК болон А-И ХХК-тай байгуулсан гэрээ нь хоёр байгууллага харилцан тохиролцож, хуулийн дагуу баталгаажуулсан гэрээ бөгөөд манай компаниас өнгөрсөн хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно.
Гэрээ байгуулагдсан 2015 оноос 2017 оныг дуустал Э ү нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу НӨАТ-ын баримтаа ирүүлэн, улирал тутам тооцоо нийлж ирсэн бөгөөд жилийн эцэст манай компани санхүүгийн тайлангаа Сангийн яам, Татварын ерөнхий газар болон Олон улсын Аудитын байгууллагаар баталгаажуулан гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар орлого хүлээн авагч нь суутган авсан татвараа төсөвт төлөх үүрэгтэй.
Э ү ХХК-ийн нэгэнт төлж, баталгаажуулсан НӨАТ-ыг манай компаниар дахин төлүүлэхээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын А-И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч А-И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн аудитын байгууллагын хийх аудитыг санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн төрөлтэй байхаар хуульчилсан байх бөгөөд тус аудит хийгдсэний үр дүнд дүгнэлт, зөвлөмж гаргахаар байна. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд аудит хийж, тайлан гаргах талаар зохицуулжээ.
Хариуцагчаас Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайланг ирүүлсэн байх бөгөөд уг тайланд А-И ХХК-тай холбоотой асуудлууд тусгагдсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн захиргааны акт гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:
1. Үндэсний аудитын газрын аудиторуудын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын А-И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:
1. Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан-гийн А-И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлан-гийн Бүлэг 2 буюу Э ү ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн А-И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч Үндэсний аудитын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний аудитын газрын аудитын ажлын төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.
Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар өгсөн зөвлөмж, аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, түүний үр дүнг шалгаж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад давтан аудитын зорилт чиглэгдсэн.
Оросын холбооны улсын Тооцооны танхим, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2014 онд Э ү ХХК-д оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн удирдлага-д хийсэн хамтарсан шалгалтаар гэрээ, хэлэлцээр, хууль, дүрэм, журмын заалтыг зөрчсөн 11, ногдол ашигтай холбоотой 2, дотоод хяналттай холбоотой 4, худалдан авалттай холбоотой 5, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой 7, нийт 29 зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад захидал хүргүүлж, Үндэсний аудитын газраас 2013 онд "Э ү ХХК-ийн санхүүгийн зарим үйл ажиллагаа-нд хийсэн эрсдэлийн аудитаар гэрээ, хэлэлцээр, хууль, дүрэм, журмын заалтыг зөрчсөн 1, худалдан авалттай холбоотой 4, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой 7, дотоод хяналттай холбоотой 3, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 7, нийт 22, мөн 2013, 2014 онд Үндэсний аудитын газраас Э ү ХХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн аудит-аар гэрээ, хэлэлцээр, хууль, дүрэм, журмын заалтыг зөрчсөн 5, худалдан авалттай холбоотой 6, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотой 8, дотоод хяналттай холбоотой 6, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 24, нийт 49 заалт бүхий зөвлөмжийг тус тус өгч байсан.
Дээр дурдсан хамтарсан шалгалт болон аудитаас өгсөн зөвлөмж, илэрсэн асуудлуудад дүн шинжилгээ хийсний дүнд материаллаг шинжтэй, удаа дараа давтагдаж байсан, ач холбогдол ихтэй гэж үзсэн 4 асуудлыг сонгон авч, энэ удаагийн давтан аудитад хамруулсны нэг нь бүтээгдэхүүн борлуулах, экспортод гаргах үнийг зохистой тогтоож, үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлсэн эсэх тухай асуудал байсан.
Энэхүү зорилтын хүрээнд холбогдох асуудлуудыг нягтлан шалгахад Э ү ХХК болон А-И ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 5/199-15 дугаартай гэрээний зарим заалтууд хэрэгжээгүй, талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үр дүнг тооцоогүй байсан. Аудитын явцад Орхон аймгийн Гаалийн газраас А-И ХХК-ийн 2014-2017 оны гаалийн бүрдүүлэлт, экспортод гаргасан барааны тоо хэмжээ, статистик дүнг авч, тооцоолж үзэхэд нийт 408,826.0 мянган төгрөгийн валютын ханшийн зөрүү гарсан нь Э ү ХХК ашиглалтын төлбөрийн тооцооллыг тухай бүрд нь хянаж, баталгаажуулаагүйгээс дээрх дүнгээр орлого олох боломжийг алдсан тул А-И ХХК-тай байгуулсан гэрээний 2.6, 3.5 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн.
А-И ХХК 2015 оны 5/199-15 дугаар гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэн 2015 онд 449,964.6 мянган төгрөг, 2016 онд 998,731.6 мянган төгрөг, 2017 онд 2,708,327.2 мянган төгрөг, нийт 4,157,023.3 мянган төгрөгийн ашиглалтын төлбөрт төлсөн боловч гэрээний 2.5, 2.6 дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу 2015 онд борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, 2017 оны 1-6 сарын ашиглалтын төлбөрийн тооцооллыг "Э ү ХХК-д ирүүлээгүй байсан.
Аудитын явцад А-И ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын хүртэлх гаалийн статистик мэдээ дэх экспортод гаргасан 36,350.5 тн катодын зэс, 408,785,042.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогын дүнд тулгуурлан ашиглалтын төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход нийт 4,657,252.5 мянган төгрөгийг А-И XXК Э ү ХХК-д төлөх тооцоо гарсан. А-И ХХК-ийн төлсөн ашиглалтын төлбөрийн дүнг аудитаар тооцоолсон дүнтэй харьцуулахад гэрээнд 2014 онд төлөх хувь хэмжээг тусгаагүйгээс 91.4 сая төгрөгийн ашиглалтын төлбөрийг огт тооцоогүй, 2015-2017 онд 408.8 сая төгрөгийг дутуу тооцсон зэрэг зөрчил илэрсэн тул дутуу тооцсон борлуулалтын орлого 408.8 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.
Төлбөрийн актын тухайд:
1. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг тогтоохдоо Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т Аудитын явцад илэрсэн төлбөр зөрчлийг барагдуулах акт тавих.... Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 3.1-т заасныг тус тус үндэслэсэн.
Нэхэмжлэлд Манай компаниас гаргуулж Э ү ХХК-ийн орлого болгохоор тогтоосон төлбөр нь овоолго ашиглалтын төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү... гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай бөгөөд төлбөрийн актын тогтоох хэсэгт ч, Монгол Улсын Ерөнхий аудитын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дугаартай албан бичигт ч дутуу тооцсон борлуулалтын орлого-ыг нөхөн төлүүлэх талаар тодорхой дурдсан.
2. Мөн ...Э ү ХХК болоод манай компани нь Хувийн эрх зүйн гэрээний үндсэн дээр харилцан итгэлцлийн зарчмаар өнөөдрийг хүртэл талууд хэн нэгэндээ тус гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор шаардлага гаргаж байгаагүй ... гэсэн нь 5/199-15 дугаартай гэрээний зарим заалтууд хэрэгжээгүй, талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үр дүнг тооцдоггүй, гэрээний 2.5, 2.6 дахь заалтад заасан үүргээ А-И ХХК хэрэгжүүлээгүй буюу борлуулалтын орлогын мэдээг ирүүлдэггүй, Э ү ХХК ч гэрээний биелэлт, үндсэн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийхийг шаардах талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй байсан гэдгийг харуулж байна.
3. Түүнчлэн Үндэсний аудитын газраас Төлбөр барагдуулах тухай дээрх актын төслийг Э ү ХХК-ийн удирдлагад танилцуулж, санал авсан бөгөөд энэхүү актыг Э ү ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б*********н, Ерөнхий нягтлан бодогч С.Сү****т нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд тус актад нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн төлүүлэх талаар огт дурдаагүй болно гэжээ. Хариуцагч Үндэсний аудитын газар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А-И ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний ауйдитын газрын Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Үндэсний аудитын газар давтан аудит хийх бүрэн эрхийг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”, мөн хуулийн 15.1.12 дахь хэсэгт “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж хуулиар олгосон байна.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого. зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргахдаа дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийсэн.
Дээрх давтан аудитын тайлан нь бодитой тооцоо, судалгаа, нотлох баримтад үндэслэгдсэн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Хариуцагч Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н*********л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар, тайлбар, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжиж оролцоно.
Иймд “А-И” ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... А-И ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн Аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор М.Д, аудитор М.Н нарт холбогдох Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын А-И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Монгол Улсын Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай акт хууль ёсны тухайд:
Монгол Улсын Үндэсний Аудитын газраас Э ү XXК-ийн үйл ажиллагаанд хийсэн давтан аудитаар Э ү XXК, А-И ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 2.6 дахь заалт огт хэрэгжээгүй, Э ү XXК нь А-И ХХК-ийн борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, борлуулалтын дүнг валютын ханштай уялдуулан ашиглалтын төлбөрийг зөв ногдуулсан эсэхийг хянадаггүй. А-И ХХК-иас /НӨАТ төлөгчийн 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 46102 дугаар гэрчилгээ эзэмшигч/ ашиглалтын төлбөрийг албан татвар тооцоогүй дүнгээр хүлээн авсан. А-И ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх экспортод гаргасан 35,350.5 тонн3 катодын зэсийн тоо хэмжээ, борлуулалтын орлогоос ашиглалтын төлбөрийн тооцооллыг гэрээний 2.2-т заасан хувиар тооцоолоход нийт 408,826.2 мянган төгрөгийг дутуу тооцсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Дээрх зөрчлүүдийг үндэслэн Үндэсний Аудитын газраас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Э ү XXК, А-И ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 2.2 дахь заалтад тусгасан хувь хэмжээг /2015 онд 0,5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1,5 хувь/ үндэслэн 2015-2017 онд, 2017 оны 3 улирлын байдлаар 408,826.0 мянган төгрөгийн дутуу тооцсон борлуулалтын орлогыг А-И ХХК-иас нөхөн төлүүлэн авч Э ү XXК-ийн орлого болгохоор тогтоосон.
Э ү XXК-ийн үйл ажиллагаанд Үндэсний Аудитын газар давтан аудит хийх бүрэн эрхийг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аудит хийх, 15.1.12 дахь хэсэгт Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих гэж хуулиар олгосон байна.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахдаа дагаж мөрдөнө гэж заасны дагуу Үндэсний Аудитын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар Э ү XXК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийсэн.
Дээрх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу гаргасан Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаартай төлбөр барагдуулах тухай акт нь хүчин төгөлдөр гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
2. Э ү XXК болон А-И ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/199-15 тоот гэрээний үүргийн биелэлтийн тухайд:
5/199-15 тоот гэрээний 2.2 дахь заалтад Э ү XXК-ийн балансын бус хүдрийн овоолгыг ашиглаж, үйлдвэрлэсэн катодын зэсийн борлуулалтын орлогоос Э ү XXК-д төлөх ашиглалтын төлбөрийн хэмжээг 2015 онд 0,5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1,5 хувь, 2018 оноос 2013 оныг дуусталх хугацаанд 2 хувь байхаар заасан.
Гэтэл уг гэрээний дагуу А-И ХХК-иас авах ашиглалтын төлбөрийн орлогын дүн нь Э ү XXК-ийн орлогын тайлан дээрх тодорхойлсон хувь хэмжээнээс дутуу дүнгээр тусгагдсан. Учир нь Э ү XXК нь 2015, 2016, 2017 оны эхний 3 улиралд А-И ХХК-иас авсан ашиглалтын төлбөрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу НӨАТ ногдуулж, төсөвт төлсөн бөгөөд үүний улмаас ашиглалтын төлбөрийн бодит орлого 5/199-15 тоот гэрээний 2.2 дахь заалтаар тогтоосон хувь хэмжээнээс бага дүнгээр гарсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1 дэх заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно, 9.1.2 дахь заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар тооцон ногдуулна гэж тус тус заасан.
Иймээс нэмэгдсэн өртгийн албан татвар манай компанийн зардал, алдагдал бус, борлуулсан бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж нэхэмжлэгдэх ёстой.
Мөн Э ү ХХК болон А-И ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/199-15 тоот гэрээний 2.4 дэх заалтад Б тал нь Татварын ерөнхий хууль болон бусад татварын хуулиар аж ахуйн нэгжид оногдуулсан төлбөр, хураамжийг хуульд заасан журмын дагуу төлнө гэж заасан. Энэхүү заалт нь А-И ХХК-ийн үйл ажиллагаа бус тухайн гэрээгээ зохицуулсан төлбөрийн татвар, хураамжтай шууд холбоотой заалт бөгөөд энэхүү гэрээнд тусгасан ашиглалтын төлбөрийн хэмжээнд зохих татварыг А-И ХХК хариуцан төлөх заалт юм.
Э ү ХХК-иас А-И ХХК-тай байгуулсан 5/199-15 тоот гэрээний 2.6 дахь заалтад заасан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой аудит хийлгэсэн жил бүрийн борлуулалтын орлогын 2015, 2016 онуудад баталгаажсан тайланг хугацаандаа ирүүлээгүй тул яаралтай ирүүлэх талаар албан бичгээр хандаж, 2015 оны 3,4 дүгээр саруудад борлуулалтын тайлан ирүүлсэн.
Иймд А-И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А-И” ХХК нь “Үндэсний Аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ““Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшилийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ““Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшилийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар… гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заажээ.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу захиргааны байгууллагаас төрийн албан хэрэг хөтлөлттэй холбоотойгоор зохион байгуулалтын болон захирамжилсан, лавлагааны төрлийн баримт бичгүүд гардаг байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ““Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2 дугаар зүйлийн 2.5-д “Төслийн танилцуулга, ТЭЗҮ, үйлдвэрлэлийн туршилт, эдийн засгийн үр ашгийн судалгаа, тооцооллыг Зөвлөлд танилцуулаагүй, хуралдаанаас хэлэлцүүлээгүй, шийдвэр, зөвшөөрөл аваагүйгээр “А И” ХХК, “З-Э х” ХХК, “М-Э” ХХК-тай гэрээ байгуулан хүдэр боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулж, үйлдвэрлэл явуулсан байна. 2.6-д “...Энэ нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16, 76.1.17-т гэж заасныг гүйцэтгэх удирдлага зөрчиж, Зөвлөлд бүрэн эрхийн дагуу зөвшөөрөл, шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлээгүй байна”, 2.7-д “...Үйлдвэрийн Дүрмийн 11.112 –т заасныг зөрчин Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлээгүй байхад зөвхөн Зөвлөлийн Монголын хэсгийн шийдвэрийг үндэслэн дүрмийн 12.3, 12.4-т тус тус заасныг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах талаар зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр дур мэдэн их хэмжээний хэлцэл хийж, гэрээг байгуулсан байна”, 2.8-д “...Төрийн өмчийн хорооны 2013 оны 1а/2170, 1 а/3777, 2014 оны 1а/492 дугаар албан бичгээр дараах асуудлыг Зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх чиглэлийг үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагад өгсөн боловч хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна”, 2.9-д “...Үйлдвэрийн Ерөнхий захирлын 2014 оны 14 дүгээр захирамжаар байгуулсан “Хамтарсан ажлын хэсэг”-ээс “А и” ХХК-тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/225-10 дугаар гэрээний хэрэгжилт, үйлдвэрийн ТЭЗҮ-д үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар дараах санал, дүгнэлт гаргасан боловч Зөвлөлд танилцуулаагүй байна” гэж дурдсан байх бөгөөд энэ нь Э ү ТӨҮГ-ын Зөвлөлтэй холбоотой асуудлын талаарх шалгаж, тайлагнасан байна.
Дээрх тайлангийн 2.14-д “...Аудитын явцад балансын бус хүдэр, исэлдсэн болон холимог хүдрийн овоолгыг ашиглан хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хянуулаагүй зөрчлүүд илэрлээ”, 2.15-д “... “А И” ХХК, “З-Э х” ХХК-ийн хүдэр боловсруулах үйлдвэрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байхад ТЭЗҮ-ийг боловсруулсан нь ашигт малтмал боловсруулах ТЭЗҮ-ийн үндсэн нөхцөл, шаардлагыг хангахгүй байна”, 2.16-д “...Энэ нь балансын бус хүдрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байхад зөвхөн “Э ү” ХХК-ийн балансын бус хүдрийн овоолго, нөөцөд тулгуурлан ТЭЗҮ-ийг боловсруулсантай холбоотой байна. Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах зарим гэрээ хүчин төгөлдөр бус, холбогдох хуультай нийцүүлээгүй байна” гэж үзсэн байх бөгөөд энэ нь ТЭЗҮ-тэй холбоотой асдуулыг шалгаж, тайлагнасан байна.
2.17-д “...Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт, судалгааны ажлыг явуулахаар “А и” ХХК, “Э” ХХК, ”З-Э х” ХХК, ”М э” ХХК-иудтай байгуулсан гэрээний зарим заалтууд хэрэгжээгүй, гэрээ хүчин төгөлдөр биш байна” гэж үзсэн байх бөгөөд энэ нь гэрээний заалттай холбоотой асуудлыг шалгаж, тайлагнасан байна.
2.23-д “...Аудитын явцад “Орхон аймгийн Гаалийн газраас “А и’ ХХК-ийн 2014-2017 оны "гаалийн бүрдүүлэлт, экспортод гаргасан барааны тоо хэмжээ, статистик дүнг авч, тооцоолж үзэхэд нийт 408.826.0 мянган төгрөгийн валютын ханшийн зөрүү гарч байгаа нь “Э ү” ХХК ашиглалтын төлбөрийн тооцооллыг тухай бүрд нь хянаж, баталгаажуулаагүйгээс дээрх дүнгээр орлого олох боломжийг алдсан тул “А и” ХХК-тай байгуулсан гэрээний 2.6, 3.5 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна”, 2.24-д “...А и” ХХК, “З” ХХК, “М” ХХК-иудтай байгуулсан гэрээний гол заалтууд хэрэгжээгүй, “Э ү” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүнг тооцоогүй байна. Хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас гэрээнд заасан нөхцлийн дагуу үр ашгийг бүрэн хүртэж чадаагүй байна”, 2.25-д “...“А и” ХХК 2015 оны 5/199-15 дугаар гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэн 2015 онд 449,964.6 мянган төгрөг, 2016 онд 998,731.6 мянган төгрөг, 2017 онд 2,708,327.2 мянган төгрөг, нийт 4,157,023.3 мянган төгрөгийн ашиглалтын төлбөрт төлсөн байна”, 2.26-д “А и” ХХК 2015 онд борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, 2017 оны 1-6 дугаар сарын ашиглалтын төлбөрийн тооцооллыг “Э ү” ХХК-д ирүүлээгүй байна”, 2.27-д “... Аудитын явцад “А и” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хүртэлх гаалийн статистик мэдээ дэх экспортод гаргасан 36,350.5 тн катодын зэс, 408,785,042.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогын дүнд тулгуурлан ашиглалтын төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход нийт 4,657,252.5 мянган төгрөгийг “А и” ХХК-иас “Э ү” ХХК-д төлөх тооцоо гарч байна”, 2.28-д “...“Э ү” ХХК нь “А и” ХХК-ийн борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, борлуулалтын дүнг валютын ханштай уялдуулан ашиглалтын төлбөрийг зөв ногдуулсан эсэхийг хянадаггүй, ашиглалтын төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй дүнгээр хүлээн авснаас шалтгаалан “А и” ХХК /НӨАТ төлөгчийн 2011 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 46102 дугаар гэрчилгээ эзэмшигч/-ийн ашиглалтын төлбөрийг 2015-2017 онд 408.8 сая төгрөгийг дутуу тооцсон зөрчил илэрсэн тул нөхөн төлүүлэхээр акт тогтоов” гэж үзсэн байх бөгөөд энэ нь төлбөрийн тооцоололтой холбоотой асуудлыг шалгаж, тайлагнасан байна.
2.32-д “А и” ХХК-тай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан АИ-13/02 дугаар гэрээний 2.2-т “А” тал компанийн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай балансын бус хүдэр өгч байгааг үндэслэн “А и” ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ... гэж заасны дагуу “А и” ХХК-ийн 2014-2016 он болон 2017 оны 2 дугаар улирлын цэвэр ашгаас гэрээнд заасан 34 хувиар ногдол ашиг олгохоор тооцоолж үзэхэд 3 жил 6 сарын хугацаанд нийт 61,727,726.1 мянган төгрөгийн үр өгөөжийг хүртэх боломжтой байжээ”, 2.33-д “...ТӨХ-ноос 2013 оны 12 дугаар сарын 31-иий өдер 1 а/3777 дугаар албан бичгээр “Э ү” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Д “А и” ХХК, “З э х” ХХК, “Э ”ХХК- тай хэрхэн хамтран ажиллах, балансын болон балансын бус хүдрийн овоолгыг хэрхэн оновчтой үр өгөөжтэй ашиглах, үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаарх саналаа ирүүлэх чиглэл өгч “Э ү” XXК-ийн удирдлага 2014 оны ЦД-117-12/45 дугаар албан бичгээр “ТӨХ-ны дарга, “Э ү” ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн даргад дээрх компаниудын талаар баримтлаж буй үндсэн зарчим, саналыг хүргүүлсэн боловч, тус саналд “Э ү” ХХК-ийн хүртэх үр ашиг, үр өгөөжийн талаар тодорхой санал тусгаагүй байна” гэж үзсэн байх бөгөөд энэ нь олох ёстой байсан орлоготой холбоотой асуудлыг шалгаж, илэрсэн зөрчлийг нэрлэж тоочсон байна.
Тайлангийн дээрх заалтуудыг дүгнэхэд захирамжилсан шинжийг агуулаагүй, зохион байгуулалтын төрлийн, тодорхой хугацаанд гүйцэтгэсэн ажил үүргийн биелэлтийг мэдээлэх зорилгоор бэлтгэсэн баримт бичиг байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Аудитын тайлан нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт зөвлөмж гаргана” гэж заасны дагуу дүгнэлт зөвлөмж гаргахад туслах чиг үүрэг бүхий баримт бичиг байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс аудитын тайланг баталгаажуулсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа аудитын тайлантай маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “...Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “... “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” гэж тус тус заасны дагуу Аудитын үйл ажиллагаа нь хяналт шалгалтын цогц арга хэмжээ байх бөгөөд уг арга хэмжээнд хийгдсэн бүхий л арга хэмжээг тусгасан баримт бичгийг аудитын тайлан гэж үзэхээр байна.
Харин гүйцэтгэлийн аудитын үйл ажиллагаа дууссаны дараа дүгнэлт зөвлөмж, зөрчил илэрсэн тохиолдолд акт гардаг байх бөгөөд аудитын тайлан нь нэхэмжлэгч “А и” ХХК-д үүрэг ногдуулаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны акт биш байна.
Иймд нэхэмжлэгчээс “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан Э ү ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Хоёр: “Үндэсний аудитын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
“Э ү” ХХК болон “А-И” ХХК-ууд нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №5/199-15 дугаар гэрээгээр Э үийн үйл ажиллагааны явцад бий болж хуримтлагдсан балансын бус хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэхтэй холбоотойгоор дэд бүтцийг бий болгох, түүнчлэн байгаль орчныг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хуримтлагдсан, технологид таарахгүй, бага агуулгатай балансын бус хүдрийн овоолгыг ашиглан жилд 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэхээр зорих бөгөөд “А-И” ХХК-аас “Э ү” ХХК-д төлөх ашиглалтын төлбөрийн хэмжээг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааж, борлуулалтын орлогоос 2015 онд 0.5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1.5 хувиар тус тус төлөхөөр талууд тохиролцжээ.
Үндэсний Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын аудитор М.Давааням, М.Н*********л нар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан ажлын төлөвлөгөө, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Давтан аудитын төлөвлөгөөний дагуу “Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд энэхүү шалгалтаар “А-И” ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хэрэгжилттэй холбоотой зөрчил илэрсэн гэж үзээд, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА “Төлбөр барагдуулах тухай” актаар гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу төлөгдсөн 408,826,000 төгрөгийн төлбөрийг “А-И” ХХК-аас нөхөн гаргуулж, биелэлтийг ирүүлэхийг “Э ү” ХХК-ийн Ерөнхий захирал, ерөнхий нягтлан бодогч нарт даалгажээ.
Маргаан бүхий актыг хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагч Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Учир нь маргаан бүхий актын удирдлага хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “...Улсын Их Хурлаас бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрээс нь үл хамааран аудит хийх. Улсын Их Хурлын зөвхөн санхүүгийн тайланд аудит хийх бөгөөд хэрэв Улсын Их Хурлаас хүссэн тохиолдолд бусад үйл ажиллагаанд нь аудит хийх эрхтэй” гэх заалтыг баримталж акт тавьсан байх бөгөөд “Э ү” ТӨҮГ нь тухайн үед төрийн өмчит хязгаардлагдмал хариуцлагатай компани байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс “Э ү” ТӨҮГ-ийн үйл ажиллагаанд аудит хийхдээ “А и” ХХК-д төлбөр барагдуулахаар акт тавьсан атлаа тус компанид Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, төрийн аудит хийх журмын холбогдох заалтыг алдаатай хэрэглэсэн байна.
Маргаан бүхий актын тогтоох хэсэгт Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж байгаа аудитын дүнд шалгагдагч байгууллагын удирдлагаас тодорхой арга хэмжээ богино хугацаанд авч хэрэгжүүлэх нь тухайн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал үр нөлөөтэй гэж үзсэн дараах алдаа зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэх заалтыг баримталжээ.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартад зааснаар албан шаардлага гэдэг нь “Хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж гаргасан баримт бичиг”-ийг, акт гэж “аливаа үйл ажиллагаа, үйл явдал, бодит байдлын үнэн зөвийг шалган, нотолгоо, дүгнэлт гаргаж, хууль тогтоомжийн дагуу үйлдсэн баримт бичиг”-ийг хэлэх бөгөөд дээрх журмын 2 дугаар хавсралтад Үндэсний аудитын газрын албан шаардлага, 3 дугаар хавсралтад Үндэсний аудитын газрын акт гэх 2 өөр баримт бичгийг загварыг баталсан байх бөгөөд хариуцагч нь албан шаардлага тавих журмын зохицуулалтыг баримтлан акт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим”-ыг зөрчсөн байна.
Маргаан бүхий аудитын акт тавих үндэслэл нь “Э ү” ХХК болон “А-И” ХХК-уудын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №5/199-15 дугаар гэрээг бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас бий болсон тооцооллын маргаан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “...Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.2-т “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасны дагуу гэрээний нөгөө тал болох “А и” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, оролцоог хангаагүй нь захиргааны байгууллага нөхцөл байдлыг бүрэн тогтоох, шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах зарчимд нийцээгүй байна.
Хариуцагч Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н*********л нь маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг гаргахдаа хууль буруу хэрэглэсэн, маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг оролцуулаагүйн дээр “Э ү” ХХК /сүүлд ТӨҮГ болж өөрчлөгдсөн/-д албан шаардлага хүргүүлэн тодорхой хугацаанд алдаа дутагдлыг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэх эсхүл акт тавих эсэхийг шүүхээс шийдвэрлэж, хариуцагчид зааж чиглүүлэх боломжгүй байна.
Иймд хариуцагч нь дээрх зөрчлүүдийг арилган, дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н*********лын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “А-И” ХХК-иас Үндэсний аудитын газар газарт холбогдуулан гаргасан “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан ““Э ү” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “Э ү” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна” хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “А-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус баримтлан Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.
3. Хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “А-И” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ