Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ДШМ//19

 

   Ц.Б холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Нямбилэгт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Х.Ганзориг нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Б холбогдох 1817001810086 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын  2 дугаар баг, Төмөр замын 16-р зөрлөг гэх газраас хохирогч Г.У-н 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж 1,500,000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Ц-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Ц хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгөтэй үзүүртээ гогцоо зангидсан 33 см урттай олсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай автомашины үнэ болох 8 500 000 /найман сая таван зуу мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Бгаргуулж улсын орлого болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тоёото Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Тоёото Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.У-д олгож, шүүгдэгч Ц.Б нь хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны /ШЦТ/ 99 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь: Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын  2 дугаар баг, Төмөр замын 16-р зөрлөг гэх газраас хохирогч Г.У 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж 1,500,000 хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toёото Виш маркийн цагийн өнгийн 62-47 УБТ улсын дугаартай автомашины үнэ болох 8.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч...хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь “Нэт капитал лизинг” ХХК-ийн өмчлөл буюу бусдын өмчлөлд байгаа болох нь  /ХХ-ийн 69, 70-р хуудсанд/ байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.500.000 төгрөгийг Ц.Б гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээрх шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toёото Виш маркийн цагийн өнгийн 62-47 УБТ улсын дугаартай автомашины үнэ болох 8.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

Прокурор Э.Нямбилэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдолтой танилцаж, тухай үед прокурорын тайлбар бичсэн, шүүхэд хүргэгдээгүй байна. Гомдолд дурдсан шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8 сая 500 мянган төгрөгийг шүүгдэгч Ц.Б гаргуулах нь зүйтэй гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргаж өгсөн байсан. Хэрэгт авагдсан гэрч М.Уранчимэгийн мэдүүлэг байдаг. Ц.Б нь миний эзэмшлийн тоёота виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явж байгаад Говьсүмбэр аймгийн цагдаад журамлуулсан байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б найз М.У Тоёота виш маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан гэсэн мэдүүлэг байдаг. Мөн Нэт капитал лизинг ХХК-ийн албан бичиг, тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ц.Б өмчлөлийнх биш харин М.У эзэмшлийнх болох нь тогтоогдсон болно. Иймд мөрдөн байцаалтын шатанд хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг үнэлгээний компаниар үнэлүүлсэн болно. Шүүхээс шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан хураан авсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлнэ. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан гэдэг нь тогтоогдвол түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна гэж тус тус зааснаар гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Тоёота виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч эзэмшигчид нь үлдээж, түүний үнэ болох 8 сая 500 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.                                                 

           Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөг гэх газраас хохирогч Г.У 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч,  гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.500.000 төгрөгийг Ц.Б гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 3 дах хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 62-47 УБТ улсын дугаартай, цагаан өнгийн Тоуота Виш загварын суудлын автомашиныг Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн тул уг 8.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож шүүгдэгч Ц.Б  гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

           Нэт Капитал лизинг ХХК нь иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэсэн албан бичиг ирүүлсэний дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй бөгөөд иргэний нэхэмжлэгчээр М.У тогтоож, автомашиныг түүнд хүлээлгэн өгсөн нь  хуульд харшлахгүй гэж үзлээ.

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                            О.ОДНЯМАА