Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0346

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр       Дугаар 128/ШШ2020/0346               Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХХК 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч О.Б, Ц.Ц нар

Нэхэмжлэлийн шаардлага: “...: Хан-Уул  дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 232018034 дүгээр шийтгэлийн хуудсаар 72,245,983.60 төгрөгийн татвар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Сүндэръяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Ц.Ц нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Н.Ч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийн 2016-2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч О.Б, Ц.Ц нар хяналт шалгалт хийж, 2018 оны 04 сарын 10-ны өдөр 232018034 дүгээр шийтгэлийн хуудсаар 72,245,983.60 төгрөгийн татвар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хууль эрх зүйн үндэслэлгүй гэж хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Д ХХК нь 2014-2016 онуудад “Б”, “Э”, “А” ХХК, ДДЦС ТӨХК, ЭДЦС ТӨХК, УСУГ, “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг бараа ажил үйлчилгээ нийлүүлэх, гүйцэтгэхтэй холбогдуулан бусад аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан бараа материал худалдан авсан. Улмаар 2016 онд “Д”  ХХК-иас 07 сарын 31-ний өдрийн 269320389 цахим төлбөрийн баримтаар 23,209,545.40 төгрөг, 269320898 дугаар цахим төлбөрийн баримтаар 25,708,545.40 төгрөг, 8 дугаар сарын 18-ны өдрийн 348508645 цахим төлбөрийн баримтаар 21,214,545.40 төгрөг, 348508184 цахим төлбөрийн баримтаар 19,363,636.40 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдрийн 698501449 цахим төлбөрийн баримтаар 16,682,272.70 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдрийн 28-ны өдрийн 719854183 дугаар цахим төлбөрийн баримтаар 19,681,363.60 төгрөг, нийт 125,859,908.50  төгрөг.

 “М э” ХХК-иас 08 сарын 18-ны өдрийн 348508749 цахим төлбөрийн баримтаар 23,240,000.00  төгрөг, 348508003 цахим төлбөрийн баримтаар 27,090,909.10 төгрөг, нийт 50,330,909.00 төгрөг, “М” ХХК-иас 11 сарын 09-ний өдрийн 794511230 цахим төлбөрийн баримтаар 8,655,181.80 төгрөг, 11 сарын 16-ны өдрийн 841065039 цахим төлбөрийн баримтаар 9,044,909.10 төгрөг, 11 сарын 15-ны өдрийн 834385174 цахим төлбөрийн баримтаар 8,124,609.00 төгрөг, 11 сарын 11-ний өдрийн 807971150 цахим төлбөрийн баримтаар 8,836,909.00 төгрөг, 11 сарын 08-ны өдрийн 787456078 цахим төлбөрийн баримтаар 8,655,181.80 төгрөг, 11 сарын 10-ны өдрийн 803704783 цахим төлбөрийн баримтаар 8,172,454.50 төгрөг, 11 сарын 07-ны өдрийн 783722612 цахим төлбөрийн баримтаар 8,045,781.80  төгрөг, 11 сарын 12-ны өдрийн 8155449138 цахим төлбөрийн баримтаар 8,156,318.20 төгрөг, 12 сарын 31-ний өдрийн 1174270791 цахим төлбөрийн баримтаар 32,135,454.50 төгрөг, 1174271268 цахим төлбөрийн баримтаар 18,181,818.20 төгрөг, 1174271408 цахим төлбөрийн баримтаар 18,181,818.20 төгрөг, 1174271884 цахим төлбөрийн баримтаар 27,500,636.40 төгрөг, 1174270819 цахим төлбөрийн баримтаар 27,500,636.40 төгрөг, 1174271648 цахим төлбөрийн баримтаар 18,527,636.40 төгрөг, 1174271001 цахим төлбөрийн баримтаар 32,135,454.50 төгрөг, 1174536953 цахим төлбөрийн баримтаар 18,457,909.00 төгрөг, 1174271051 цахим төлбөрийн баримтаар 18,181,818.20 төгрөг, 1174271426 цахим төлбөрийн баримтаар 26,654,545.40 төгрөг, нийт 305,449,072.40 төгрөгийн худалдан авал хийсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны 7,8,9,10,11,12 дугаар сарын тайланд худалдан авалтаар тусгасан нь татварын албаны цахим системийн мэдээллээр нотлогдож байгаа. Гэтэл татварын улсын байцаагч нар Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10а3/1233 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 07/780 албан бичигт дээрх компаниуд хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан тухай дурьдсаныг үндэслэн манай компанийг  хуурамч худалдан авалтын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн гэж үзэн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

2. Татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд цахимаар бүртгэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг яагаад баримт гэж үзэхгүй байгаагаа шалгалт хийсэн татварын байцаагч нар тайлбарлаагүй бөгөөд дээрх борлуулагч компаниудын борлуулалтын падаан нь хуурамч бичилттэй гэдэг нь хуулийн байгууллагаар нотлогдоогүй байхад худалдан авагч талд шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн татварын байцаагч нар шалгалт хийхдээ компанийн нягтлан бодох бүртгэл холбогдох анхан шатны баримтыг авч шалгалтанд ашиглаагүй, татварын ерөнхий хуулийн 32, 47 дугаар зүйлийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Худалдан авагч нь улсын бүртгэлд бүртгэлтэй компанийн татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд борлуулалт нь бүртгэгдэж баталгаажсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуурамч эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд харин татварын алба хяналтын үүргээ гүйцэтгэж татвары төлөгчдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж байх ёстой гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 232018034 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нар Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “Д”  ХХК-ийн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд 2018 оны 03 сарын 24-ний өдрийн 23180300093 тоот томилолтын дагуу хэсэгчлилсэн хяналт шалгалт хийсэн. Татавын хяналт шалгалтын байцаагчид Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и/823, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10а/-3/1233 дугаарын албан бичгээр “М” ХХК, “М” ХХК, “Д” ХХК-иуд хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан нь тогтоогдсон  тухай албан бичгийн дагуу дээрх компаниудаас худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийх тухай албан бичгийг үндэслэн “М” ХХК-иас 50,330,909.1 төгрөг, “М а” ХХК-иас 305,449,072.7 төгрөг, “Д” ХХК-иас 125,859,009.0 төгрөг, нийт 481,639,890.9 төгрөгийн бараа материал худалдан авч төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тайлагнасан нь цахим тайлангийн системээр нотлогдож байсан тул нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 1,4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4-т “Зөрчил тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1,5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө”, 2008 оны 07 сарын 01-ний өдрийн шинэчлэн найруулсан татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл “Татварын хууль тогтоомжид хүлээлгэж хариуцлага”, 74.1-д “дараах үйлдэл эс үйлдэхүйгээр тогтох ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 360 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулна”, 74.1.4-т “тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-д “энэ хуулийн 74.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу 48,163,989.1 төгрөг, хохирол 9,632,797.8 төгрөг, алданги  14,449,196.7 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “Д” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******а, О.Б нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 232018034 тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******а, О.Б нар нь Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10и-3/1233 тоот , Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/780 тоот албан бичиг, “Д” ХХК-ийн 2016-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 232018034 дүгээр шийтгэлийн хуудсаар 72,245,983.60 төлбөрийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас “...“Д” ХХК, “М” ХХК, “М” ХХК-иудаас гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлогын ордер зэрэг баримтуудыг нягтлан бодох бүртгэл болон татварын тайландаа тусгаж, тайлагнасан, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, харин хариуцагчаас “Д” ХХК нь хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн, бодит худалдан авалт биш болох нь Цагдаагийн ерөнхий газраас болон Татварын ерөнхий Газраас ирүүлсэн албан бичиг, “Д” ХХК-ийн захиралтай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 зүйлийн 1.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 072 дугаартай тогтоолд “Д” ХХК нь 2016-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Д” ХХК, “М” ХХК, “М” ХХК-иудаас цахим төлбөрийн баримтаар нийт 305,449,072.4 төгрөгийн худалдан авалт хийсэн нь татварын албаны цахим системээс нотлогдож байна.

Үүнээс үзвэл Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10а/1233 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/780 тоот албан бичгүүдээр “Д” ХХК, “М” ХХК, “М а” ХХК-иуд нь хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн падаан тараасан тухай дурдсан тул “Д” ХХК нь хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а-3/827 дугаар тоот албан бичгийн хавсралтаар “Д” ХХК-иас НӨАТ-ын шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй аж ахуйн нэгжийн нэрс гэсэн хэсгийн 39, “М а” ХХК-иас 2016-2017 онд худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжийн жагсаалтын 87 дугаар хэсэгт тус тус байх бөгөөд үүгээр “Д” ХХК нь хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн гэж үзэхээр байна.

Дээрх баримтуудаас үзэхэд “Д” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүйгээр тус тус компаниудаас бараа материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Д” ХХК нь “Д” ХХК, “М” ХХК, “М а” ХХК-иудтай бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэсэн хэсэгт нийт 305,449,072.40 төгрөг гэж тусгаж тайлагнасан гэж тайлбарлаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчиж, албан татвараа бууруулсан байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл 1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн; бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “...Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” гэж заасан байх бөгөөд дээрх баримтуудаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц нарын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 232018034 тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Д” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА