Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2016/01916/и |
Дугаар | 2003 |
Огноо | 2017-09-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2003
Ц.Л-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01935 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Л-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н-д холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч-ний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/07774 дугаар захирамжаар "Жаргал кашмер" ХХКомпаниас 405 679 885 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд өмчлөгч миний Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Зүүн ард Аюушийн 1-35 тоотод байрлах 300 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2205005113 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус албанаас үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх талаар асууж хандахад нь миний бие орон сууц болон газраа хамтад нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэх талаараа хэлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгөө газрын хамт үнэлсэн үнэ болох 4 тэрбум төгрөгийн үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц газрын үнэлгээнээс хэт доогуур буюу 2 800 000 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/35655 тоот мэдэгдлийг шуудангаар илгээснийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч мэдсэн. Ямар учраас миний өмчлөлийн 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2 давхар орон сууц, 700 м.кв талбай бүхий газрыг минь 2 тэрбум 800 сая төгрөг болгон үндэслэлгүйгээр үнийг бууруулан, улмаар албадан дуудлага худалдаанд оруулж байгаа талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөөгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг минь даруй 2 тэрбум төгрөгөөр бууруулан үнэлж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр үнийг бууруулан үнэлж, өмчлөгч миний эрх ашгийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханшаар Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороололд байрлах 250-350 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, 650-750 м.кв талбай бүхий газар нийлээд 4-5 тэрбум төгрөгийн үнэ ханштай байдаг. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй байна.
Иймд миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 4 хороолол Зүүн ард Аюушийн 1-35 тоотод байрлах 300 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц, 700м.кв талбай бүхий газрыг үндэслэлгүйгээр 2 800 000 000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг бууруулсан тухай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анх мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд хандан, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгө газрыг үндэслэлгүйгээр 2 800 000 000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлэн үнэлгээг бууруулахдаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжлэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр явуулсан. Тус алба битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурсан Э.Бат-Эрдэнэ, Г.Ариунаа гэх хүмүүс энэхүү ажиллагаанд оролцоогүй, битүүмжлэх ажиллагаанд хаана, хэн, ямар эрх үүрэгтэйгээр оролцсон талаар огт мэдээгүй, байгаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр гэрч гэж гарын үсэг зуруулсан хүмүүсийн овог, хаяг, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээлэл огт байхгүй байгаа нь эдгээр гэрчүүд энэхүү ажиллагаанд оролцоогүйг нотлож байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчин хөндлөнгийн гэрчгүй хийж гүйцэтгэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/07774 дүгээр захирамжаар "Жаргал кашмер" ХХКомпаниас 342 420 473 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 35 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2205005113 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 35 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хураан авч албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад 4 000 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон тул анхны албадан дуудлага худалдаанд 4 000 000 000 төгрөгийн 70 хувь 2 800 000 000 төгрөгөөр 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт зарлагдсан, үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Анхны албадан дуудлага худалдааг Иргзний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа журмын дагуу явуулсан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах, бүтүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай Ц.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт: "Н нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжлэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр явуулсан. Тус алба битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд битүүмжлэх тогтоолд гарын үсэг зурсан Э.Бат-Эрдэнэ, Г.Ариунаа гэх хүмүүс энэхүү ажиллагаанд оролцоогүй, битүүмжлэх ажиллагаа хаана, хэн, ямар эрх үүрэгтэйгээр оролцсон талаар огт мэдээгүй байсан. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гэрч гэж гарын үсэг зуруулсан хүмүүсийн овог, хаяг, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээлэл огт байхгүй байгаа нь эдгээр гэрчүүд энэхүү ажиллагаанд оролцоогүй болох нотлогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчин хөндлөнгийн гэрчгүй хийж гүйцэтгэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц болон газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэсэн боловч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт энэ талаар огт дурдаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, 41.8 дахь хэсэгт заасан зүйлүүдийг тус тус зөрчсөн байхад анхан шатны шүүх хуулийн хүрээнд зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх эдгээр хүмүүсийг анхан шатны шүүх гэрчээр асуусан бол энэхүү маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой байсан.
Ц.Л нь тухайн үед сэтгэл санааны хувьд хямраад зогсохгүй санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалтай байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа гомдол гаргах эрхээ иргэнийхээ хувьд эдэлж чадаагүй. Мөн гомдол гаргах эрхтэй талаар шийдвэр гүйцэтгэгч тухайн үед хэлээгүй бөгөөд сануулаагүй нь хэт нэг талыг барьж иргэн Ц.Л-ыг хохироосон. Түүнчлэн, анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Н-д холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 1-35 тоотын 2 давхар орон сууц, газрыг битүүмжилсэн ажиллагааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Л нь иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргасан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тэрээр гуравдагч этгээд буюу барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр оролцсон “Жаргал кашмер” ХХК-ийн захирлын хувьд тэрээр нэхэмжлэл гаргаагүй тул төлбөр төлөгчөөр түүнийг тодорхойлохгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтээс түүнийг төлбөр төлөгчөөр тодорхойлсон дүгнэлтийг буруу гэж үзнэ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/07774 дүгээр захирамжаар “Голомт банк” ХХК, "Жаргал кашмер" ХХК-иуд нь “Голомт банкинд ЗГ2705013497 тоот гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Чингисийн өргөн чөлөө гудамжны 6е байрны 28 тоот хаягт байрлах 110.12 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үлдэгдэл төлбөрөөс талуудын хооронд байгуулагдсан ЗГ2705013485 тоот гэрээний 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх төлбөрийг бүрэн төлж хэвийн болгоно. Төлбөр хүрэлцээгүй нөхцөлд зөрүү төлбөрийг хариуцагч өөрийн бусад орлогоос төлж барагдуулах, 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хариуцагч өөрийн төлөх төлбөрийг бүрэн төлснөөр нэхэмжлэгч тал зээлийн ажиллагааг хэвийн болгох үүргийг хүлээж, цаашид зээлийг хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг хангана. Хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлээгүй нөхцөлд талуудын хооронд байгуулсан БГ270513485-1 болон БГ2705013485-2 дугаартай ипотекийн гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газраар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулах үүргийг хүлээнэ” гэсэн нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-24-25 дугаар тал/
Уг шийдвэрийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 711 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 16/711 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 35 тоот Ү-2205044575 дугаарт бүртгэлтэй 2 давхар хувийн сууц, газрыг битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16/711-1 тоот тогтоолоор хураан авчээ.
/хх-26, 29 дүгээр тал/
Н нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар хувийн сууцыг 3 000 000 000 төгрөгөөр, газрыг 1 000 000 000 төгрөгөөр үнэлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцсон гэж үзнэ. /хх 36-37 дугаар тал/
Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг эрх бүхий этгээдүүдийн харилцан тохиролцож тогтоосон 4 000 000 000 төгрөгийн 70 хувиар тооцож тогтоохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь уг үнийг 2 800 000 000 төгрөгөөр тогтоосон нь 4 000 000 000 төгрөгийн 70 хувь болж байх тул ажиллагаа хуульд нийцсэн байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахад өмчлөгч Ц.Л байлцаж тэмдэглэлд гарын үсэг зурсан болох нь хэргийн 27, 30 дугаар талд авагдсан 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн, мөн оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч байгууллагын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 16/711 тоот тогтоолын дагуу өмчлөгч Ц.Л-ын эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч Ц.Л нь эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар уг ажиллагаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах байсан гаргаагүй тул ажиллагааг зөв гэж үзнэ. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө явагдсан тул 2002 оны хуулийг баримталж нэхэмжлэлийг шийдвэрлэх байжээ. Иймд холбогдох өөрчлөлтийг оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ