Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Булганд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Булганд холбогдох эрүүгийн 1736001040068 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдэлж байсан ба 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Донгог овогт Намсрайн Булган нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод оршин суух иргэн Ш.Оюунгэрэлийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын зүүлт, мөнгөн хазаар зэрэг эд зүйлс хулгайлж 2310000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол пракет хулгайлж 462000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Донгог овогт Намсрайн Булганыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Булганыг 3/гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Булганд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 164/ нэг зуун жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Булганаас 2220000 /хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Оюунгэрэлд олгож, хохирогч Э.Нармандахад 462000 төгрөгийн хохирол төлөгдсөн, 258000 төгрөг илүү төлсөнийг дурдаж, хохирогч Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлээс 90000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

                Шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардалгыг хангаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтуудыг хууль ёсны бөгөөд үнэн зөв гэж үзсэн шалтгааныг тайлбарлаж, хуулийн үндэслэлийг заагаагүй, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн мэтгэлцээний үндэслэл бүхий нотлох баримтууд, тайлбарыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ дурдаж, тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан улсын ялагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл мөн зүйлийн 2.4-д заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт зэргийг тусгах шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Н.Булганыг 2 үйлдэлд гэм буруутайд тооцож ял эдлүүлсэн нь хууль ёсны байх, гэм буруугүйд тооцох, хүний халдашгүй байх гэх мэт зарчмуудыг зөрчсөнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож Н.Булганыг цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор: шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Булган нь хоёр удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 Мөрдөгч иргэн Ш.Оюунгэрэлийн гэрт хэргийн газрын үзлэг хийхдээ бичиг техникийн алдаа гаргасан нь хэргийн газрын үзлэгийг огт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй юм учир нь тухайн өдөр хэргийн газрын үзлэгийг хийсэн гэдгийг хохирогч Ш.Оюунгэрэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байдаг.Н.Булганы дээрх үйлдлүүдийг хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын хээний мөрөнд харьцуулсан шинжилгээ хийх замаар илрүүлсэн Н.Булганыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөтөлбөргүй нотлох баримтууд юм. Дээрх нотлох баримтуудад үндэслэн гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Булган нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод оршин суух иргэн Ш.Оюунгэрэлийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг, гоёлын зүүлт, мөнгөн хазаарын хавчаар зэрэг эд зүйлс хулгайлж 2310000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 2 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол пракет хулгайлж 462000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын” . . . Н.Булганы Ш.Оюунгэрэлийн хувийн орон сууцанд нэвтэрч эд зүйл  мөн  Цэргийн хотхоны  24 айлын орон сууцны 2 тоот болох байрнаас пракет  тус тус  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн  гэдгийг  нотолсон хэргийн баримтыг анхан шатны шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэхгүйгээр түүнийг гэм буруутайд тооцож  ял оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү  ” гэж давж заалдах гомдол гаргасаны дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл:

Н.Булган нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод оршин суух иргэн Ш.Оюунгэрэлийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг, гоёлын зүүлт, мөнгөн хазаарын хавчаар зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2310000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл . . . “ Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 15-02 тоотод байрлах. . . цэнхэр дээвэртэй модон байшин байв. . . .Авдар болон цонхны тавцан дээрээс гарын мөр бэхжүүлж хураан авав. . .” гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-н 7-9 /,

Хохирогч Ш.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . .” Манай охин 13 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой хулгай орсон байдалтай байсан.

Манай гэрийн авдар онгорхой, хувцасны шкаф онгорхой, 2 давхарт гардаг шатны хаалт газар унасан байдалтай байсан. Зүү ороосон хүрэн өнгийн даалинтай, саарал өнгөтэй энгийн улаан толгойтой чулуун  хөөрөг мөн даалин дотор шүрэн толгой байсан, эхнэрийн монетон ээмэг, мөнгөн ээмэг бөгж, гоёлын ээмэг бөгж,  зэрэг эд зүйл алга болсон байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 11-12 /,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаартай Дүгнэлтийн “. . . 3-т Шинжилгээнд тэнцэж буй / 12х9см хэмжээтэй дугтуй дахь / “2” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN004810000634 дугаараар бүртгэгдсэн Намсрай овогтой Булганы зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. . . “ гэх дүгнэлт / 1-р хх-н 22-23 / зэрэг нотлох баримтуудаар,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 2 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол пракет хулгайлж нийт 462000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн. . .”Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангийн ажилчдын 24 айлын орон сууцны 1 давхарын 2 тоотод болсон байх ба үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд бор өнгийн материалаар хийгдсэн хаалгатай, шинээр баригдаж байгаа барилга байв.

Тус өрөөнд “ OSMAN LOORS “ гэсэн бичигтэй бор шаргал өнгийн хайрцагтай паркетан шал байв. Тухайн өрөө вакум цонхтой, вакум цонхны хаалгаар гадагш гарч үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад хар өнгийн материалаар хийгдсэн блокон байх ба хулгайд алдагдсан гэх 11 хайрцаг паркетны нэг хайрцаг нь цонхны доор байв. . . . Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд блоконуудын гарах зориулалтаар хийсэн вакум хаалганаас нэг ширхэг гарын мөрийг илрүүлэн авсан  . . . “ гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-н 53-57 /,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний 119 дугаартай Дүгнэлтийн “ . .  . 2-т Шинжилгээнд тэнцэж буй “ 1 “ гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN004810000634 дугаараар бүртгэгдсэн Намсрай овогтой Булганы баруун гарын алганы дардастай тохирч байна . . . “ гэх дүгнэлт / 1-р хх-н 74 /,

Хохирогч Э.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . . “ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах  Цэргийн хотхоны 2 дугаар барилгын ажил дээр ажиллаж байгаа  хүмүүс тус баригдаж байсан байрны 1 давхарын 2 тоотод байсан шалны паркет хулгайд алдагдсан юм шиг байна гэхээр нь очиж үзээд  байхгүй болохоор нь цагдаад мэдэгсэн. Бор шаргал өнгийн модоор хийгдсэн нэг боодол багцандаа 24 ширхэгтэй 11 авдар паркет байсан . . .” гэх мэдүүлэг /1-р хх-н 65-66 /,

Гэрч Б.Дүгэржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . . “ Намсрайн Булган гэдэг залуу шал шахаж байсан. Манай компанид ажиллаж байгаад урьдчилгаа мөнгө өгч байгаач гэхээр нь би эхний удаа 600000 төгрөг өгсөн сүүлийн удаа хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна. Н.Булган гэдэг залуу 1 давхарт шал шахаж байсан. Ажил тараад явахдаа болконы цонх онгорхой орхиж яваад шөнө нь хулгай  хийсэн байх гэж манай ажилчид ярьж байсан.

Шал шахаж байгаа хүмүүст паркетуудыг хүлээлгээд өгчихдөг юм . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 88 /,

Гэрч Б.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн . . .” Тухайн өдөр намайг ажилдаа ирэхэд цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1 давхарын 02 тоотод засал хийж байсан барилгачид паркетан шал алга болсон байна гэх мэдээлэл өгсөний дагуу Э.Нармандахад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 82-83 / зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Н.Булганы үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Булган түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдолуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Булганы анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 164 хоног, давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 48  хоног нийт      212 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

Б.ДАМБА