Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0036

 

2016 оны 1 сарын 07 өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэртэй, Д.Б-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б миний бие 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/84 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар Цогт сумын Засаг даргаар томилогдсон. Энэ ажиллах хугацаандаа ажилдаа хариуцлага алдаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Цогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар Засаг даргын захирамжаар ажлаас хууль бусаар чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаад, 2014 оны ажлаа дүгнүүлээд хангалттай гэсэн үнэлгээтэй дүгнүүлж байсан. Иймд Д.Б намайг хууль бусаар огцруулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Цогт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тус аймгийн Цогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдааны Засаг даргыг огцруулах тухай 65 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сумын засаг дарга Д.Б нь өөрийн хамаарал бүхий этгээд нөхөр С.Ч-г Засаг даргын Тамгын Газрын жолоочоор ажилд авахгүй бол чамайг ажлаас хална гэж Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Б-д зүй бусаар нөлөөлж, шийдвэр гаргуулсныг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Засаг даргын тамгын газрын 2015 оны 01 сарын 20-ны өдрийн 02/85 тоотоор мэдэгдсэн. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон багийн баяр наадамд Самбын хүү С.С түрүүлсэн учир Самбатай үгсэн хуйвалдаж сумын цол олгож /Багийн баярт сумын цол олгох хуульгүй/, албан ёсны баяр наадам 2014 оны 08 сарын 01-02-нд сумын 90 жилийн ойтой хамт болж цол олгосон захирамж 2014 оны 09 дүгээр сарын 15-ны А/71 тоотоор гарсан байдаг. Иймд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/57 тоот захирамж хуурамч болно. Өөрийн худ /төрсөн дүүгийн эхнэрийн аав/ сумын даргын орлогч Ц.Б-г төрийн захиргааны албан тушаалаас тэтгэвэрт гаргаж төрийн албан хаагчид олгодог тэтгэмж авхуулахын тулд Дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан түшмэлээр ажиллуулсан гэх 2014 оны 07 дугаар сарын 24-ний Б/08 тоот хуурамч захирамж үйлдсэн. Дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан түшмэл Д.Ц сүүлийн 5 жил ямар нэгэн ажилд сэлгэн ажиллаагүй. Уг орон тоог томилох, чөлөөлөх эрхтэй актыг Засаг даргын тамгын газрын дарга гаргадаг болно. Өөрийн худ засаг даргын орлогч Ц.Б, нябо Л.О нартай хуйвалдаж сумын 90-н жилийн ойн хандиваас 7,500,000 төгрөгийг төрсөн дүү Мөнхбатын эхнэр Нямсүрэнгийн дансанд ойн киноны мөнгө /сумын түүхийн кино/ нэрээр зориулалт бусаар шилжүүлсэн. Түүхийн кино Дашзэвэг гэдэг хүн бүтээсэн бөгөөд одоо болтол киноны санхүүжилтээ нэхэмжилсээр байна. Сумын халуун ус засварлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулах ёстой.

Гэтэл тус ажилд зориулж халуун усны худаг гаргуулахаар сум хөгжлийн сан, нөхөн сэргээлтийн сангаас мөнгө гаргуулж төсвийн хууль зөрчсөн./ Сум хөгжүүлэх сангийн мөнгийг шинээр ажлын байр бий болгох аж ахуй эрхлэгчид зээлээр олгодог болно/. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 54-р тогтоолоор үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хангалтгүй дүгнүүлж ажил сайжруулах талаар үүрэг өгч байсан. Сумын баяр наадам болоогүй байхад сумын цол авах болзол хангаагүй хүнд цол олгосон тухай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/51 тоот хуурамч захирамж зэргийг дурдаж байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтын дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 38, 40 дүгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хуралдаанд бэлтгэх ажлын хэсэг, хуралдаанаар хэлэлцэх ажлын төлөвлөгөөг баталж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцсэн байх хуулийн шаардлага хангасан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад санал ирүүлсэн, аймгийн Засаг дарга ирүүлсэн санал, хурлын саналыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э: Цогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоол нь хэтэрхий миний үйлчлүүлэгч Д.Б-н хувийн эрхэд халдсан, мөрдөн шалгасан, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.6,32.7-д заасантай харшилсан, хуульд нийцээгүй тогтоол гарсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М: С.Ч-г Засаг даргын Тамгын газрын жолоочоор авч ажиллуулах тушаалыг Засаг дарга биш,Тамгын газрын дарга гаргасан. Самбын хүү С.С-д цол олгосон захирамж хуурамч гэж хэн нэг нь хүчингүй болгоогүй. Засаг даргын орлогч Ц.Б, Дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Ц нарыг сэлгүүлэн ажиллуулах асуудлыг Иргэдийн хурлын дарга ярих асуудал биш, тэд өөрсдөө ямар нэг гомдол гаргаагүй. Намын үзэл бодлоор ялгаварлан халсан гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.2, 32.3, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдааны Засаг даргыг огцруулах тухай 65 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож тус аймгийн Цогт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: ... Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Н-аас гаргаад байгаа Д.Б-г ажлаас огцруулах үндэслэл болгоод байгаа дээрх үндэслэлүүд нь Д.Б-д ямар ч хамаагүй, шууд улс төр, намын үзэл бодлоор энэ хүний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой хохироосон байна. Бусдын гэм бурууг зөвхөн шүүх тогтооно.

2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар ГАА-ийн Цогт сумын ИТХ-ын тогтоол, сумын Засаг даргыг огцруулах тухай. Үүний үндэслэл болгосон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах бүрэн эрхтэй. Тэгэхэд өөрийнхөө бүрэн эрхэд олгогдоогүй хамааралгүй асуудлаар огцруулсан тогтоол гаргасан нь буруу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар ГАА-ийн Цогт сумын ИТХ-ын тогтоол нь хууль бус захиргааны акт юм. Д.Б-г зөрчил гаргасан, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хурал бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Б-д асуулга тавьж үндэслэл бүхий хариуг авах буруу зөвийг хэлэлцэн шийдвэрлэх боломж байсан. Шууд улс төржиж, нэг намын үзэл бодлоор миний үйлчлүүлэгч Д.Б-н хөдөлмөрлөх эрхэд халдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Говь-Алтай аймгийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар Засаг даргын захирамж нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар ГАА-ийн Цогт сумын ИТХ-ын тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаагүй, Д.Б-д танилцуулаагүй байхад шууд 3 хоногийн дотор үндэслэлгүй захирамж гаргасан гэж үзэж байна.

Иймд, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Д.Бийг Цогт сумын Засаг даргын ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдаанаар нэр бүхий 7 төлөөлөгчөөс ирүүлсэн саналыг авч хэлэлцээд 65 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-г Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар шийдвэрлэж, огцруулах саналаа аймгийн Засаг даргад хүргүүлснээр аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар огцруулжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргыг огцруулах үндэслэлээ “...сумын Засаг дарга Д.Б өөрийн хамаарал бүхий этгээд /нөхөр/ С.Ч-г Засаг даргын Тамгын газрын жолоочоор авч ажиллуулахад зүй бусаар нөлөөлсөн, хуурамч баримт бичиг үйлдэж, сумын Засаг даргын орлогч болон мэргэжилтэн нарыг сэлгэн ажиллуулахаар томилсон, багийн баяр наадмыг сумын баяр наадам зохион байгуулсан мэтээр хуурамч захирамж гаргаж, цол олгосон, сумын 90 жилийн ойн хандивын хөрөнгөөс 7.500.000 төгрөгийг зориулалт бусаар өөрийн төрсөн дүүгийн эхнэрийн дансанд шилжүүлсэн, нийтийн халуун усны тендер шалгараагүй байхад тухайн ажилд зарцуулах барилгын материалыг төрсөн дүүгээсээ урьдчилан худалдаж авсан, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Үндэсний байр наадмын тухай хуулиудыг зөрчсөн, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн биелэлтээ хангалтгүй дүгнүүлж, сум хамгийн сүүлийн байранд орсон, ёс зүйн хэм хэмжээг алдагдуулж, олон нийтийн дунд Засаг даргын нэр хүнд унасан...” гэж тайлбарлаж байна.

1. Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл  Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд улмаар 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэр бүхий 7 төлөөлөгч тус хуралдаанаар сумын Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал хүргүүлснийг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хурлын төлөөлөгчдөд тогтоолын төслөөр танилцуулж, гарын үсэг зуруулжээ. Ингээд 20 төлөөлөгч оролцохоос 19 төлөөлөгч хуралдаанд оролцож, сумын Засаг даргад итгэл үзүүлэх, огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхийг төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр хэлэлцүүлж, 19 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч огцруулах тогтоолын төслийг дэмжсэнээр 65 дугаар тогтоол гаргасан байна.

Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Хурлын нэр бүхий 7 төлөөлөгчөөс сумын Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, үүрэгт ажлаа хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр холбогдох баримт материалын хамт санал гаргасныг хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан төлөөлөгчдөд танилцуулснаар сумын Засаг дарга Д.Б-г оролцуулан хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хуралдааныг хуралдуулах дэг, 24 дүгээр зүйлд заасан хуралд асуудал оруулах талаар зохицуулсан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-с “...ажлаас огцруулах үндэслэлүүд нь өөрт нь хамааралгүй, улс төр, намын үзэл бодлоор хөдөлмөрлөх эрхийг хохироосон...” хэмээн маргаж байна.

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргын хууль бус гэж үзсэн үндэслэлд дүгнэлт өгвөл:

- Сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Тамгын газрын жолоочоор С.Ч-г /Засаг дарга Д.Б-н нөхөр/ томилон ажиллуулахаар шийдвэрлэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Засаг даргаас үүрэг болгосны дагуу түр хугацаагаар томилсон болохыг мэдэгдсэн байна. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...ард түмэндээ хүрч байх ийм ажил гэж бодсон учраас надад итгэлтэй хүн хэрэгтэй байсан. Би нөхрөө ажилд авсан. Энэ нь хуульд нөлөөлөөд байх юм байхгүй...” гэсэн тайлбараас үзвэл сумын Засаг дарга Д.Б өөрийн хамаарал бүхий этгээд /нөхөр/ С.Ч-г Засаг даргын Тамгын газрын жолоочоор авч ажиллуулахад зүй бусаар нөлөөлсөн гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-тАлбан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолоор суманд санхүүгийн хяналт шалгалт явуулах хороо байгуулж, суманд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, 90 жилийн ойн хандивын зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан байх бөгөөд уг шалгалтаар сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Б нь 90 жилийн ойн хандивын мөнгөнөөс 7.500.000 төгрөгийг өөрийн төрсөн дүүгийн эхнэр Н.Н-н дансанд киноны мөнгө нэрээр шилжүүлсэн, 2015 оны хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн халуун усны засварын бараа, материалыг урьдчилан худалдан авсан, хандивын хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан болох нь сумын хянан шалгах хорооноос явуулсан шалгалтаар илэрч, сумын иргэдийн Хурлаас Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байх ба хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийг буруутгаж, хууль зөрчсөн гэх үндэслэл, тайлбар нь хэрэгт авагдсан хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, мөнгө шилжүүлсэн баримт, гэрч Т.С, Л.М, Ц.Б нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтсийн Н.Н, Д.Б, Д.М нарын гэр бүлийн талаарх лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр багуудын өдөрлөг зохион байгуулахаар А/50 дугаар захирамж гаргаж, мөн өдрийн А/57 дугаар захирамжаараа С.С-д сумын заан, Н.О-д сумын харцага, Р.Х-д сумын начин цол тус тус олгожээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй” гэж заасан байх бөгөөд сумын Засаг дарга цол олгох эрхтэй ч багийн өдөрлөгт барилдсан бөхөд сумын цол олгохоор хуульд заагаагүй тул хууль зөрчиж, багийн баяр наадмыг сумын баяр наадам зохион байгуулсан мэтээр цол олгосон нь хуульд нийцээгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Харин хуурамч баримт бичиг үйлдэж, сумын Засаг даргын орлогч болон мэргэжилтэн нарыг сэлгэн ажиллуулахаар томилсон, нөлөөлсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна тухайн сэлгэгдсэн гэх ажилтнуудаас гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сумын Засаг даргыг огцруулах саналаа дээд шатны Засаг даргад хүргүүлэхээр заасан байхад тогтоолдоо сумын Засаг даргыг огцруулсугай гэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргаж байх боловч хурлын тогтоолд 1 дэх заалтаараа огцруулахаар шийдвэрлэж, 2 дахь заалтдаа уг шийдвэрийг уламжлахыг даалгасан байх тул энэ үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. “г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан “...хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ”, 32.6 дахь хэсэгт заасан “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгжих бөгөөд сумын Засаг даргын хууль зөрчсөн үйлдлүүд нь дээрх байдлаар тогтоогдсон тул  Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэх үндэсгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б-г Цогт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар “шууд 3 хоногийн дотор үндэслэлгүй захирамж гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ