Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00247

 

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02390 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 406 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Э-” ХХК

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

        Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-03-28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-03- 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-04- 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: НШШГГазрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн 2017-02-09-ний өдөр 2/20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдэж Э- ХХК-ийн төлбөрт хураагдсан БГД-н 6-р бичил хороолол, ...-р байрны ... тоот 3 өрөө байрыг 52,920,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 2 өрөө байрыг 54,600,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 2 өрөө байрыг 54,600,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 2 өрөө байрыг 47,040,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 2 өрөө байрыг 47,040,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 1 өрөө байрыг 39,000,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 1 өрөө байрыг 32,340,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 1 өрөө байрыг 32,340,000 төгрөгөөр тус тус үнэлэн анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдсэн. Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгч мөн өдөр 2/10 тоот тогтоол үйлдэн Э- ХХК-ийн өмчлөлийн БГД-н 6-р бичил хороолол, ..-р байрны .. тоот 2 өрөө орон сууцыг 47,500,000 төгрөгөөр, ..-р байрны .. тоот 3 өрөө орон сууцыг 54,400,000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017-02-24-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус үйлдсэн. Үүнийг Э- ХХК-ийн зүгээс эс хүлээн зөвшөөрч 2017-3-17-ны өдөр СБД-н ИХАШШ-д, НШШГГ-н тасгийн дарга Ц.Бямбасүрэнгийн дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Мөн тус шүүхээс дээрх тогтоолуудын биелэлтийг ХХША эцэслэн шийдвэрлэгдэж дуустал ИХШХШТХ-н 69.1.5-д заасан арга хэмжээг авч түдгэлзүүлсэн. Харин Э- ХХК-ийн дээрх нэхэмжлэлтэй хэргийг Дээд шүүхээс 2018-1-23-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг Э- ХХК-иас эс зөвшөөрч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Дээд шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Дээд шүүхээс хянан хэлэлцэж амжаагүй болно. Гэтэл шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад НШШГА-ны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2018-3-28-ны өдрийн 4/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 4/7, 4/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус үйлдэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл ШШГТХ-н 27.1.3-т шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл НШШГГ-н тасгийн дарга Б.Даваасүрэн 4/2, 4/7, 4/8 тоот тогтоол тус тус үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь дээрх хуулиудыг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2018-3-28-ны өдрийн 4/2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн өдрийн 4/7, 4/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагааны талаар ХУД-н ИХАШШ-д 2018-4-16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2018-4-25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ХХША явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхгүй, дахин 2018-5-11-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар 2018-4-24-ний өдрийн 5/5, 5/6 тогтоол гаргаж байгаа нь илтэд хууль зөрчсөн ажиллагаа явагдлаа. Хан-Уул дүүргийн шүүхээс 2018-3-28-ны өдрийн 4/2, 4/7, 4/8 тоот тогтоолуудаар төлбөр төлөгчийн хөрөнгийн анхны дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан тогтоолыг шүүхээр хянуулж, эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн Хан-Уул дүүргийн шүүхээс 2018-3-28-ны өдрийн 4/2, 4/7, 4/8 тогтоолын үйлчлэлийг 2018-4-30-ны өдөр түдгэлзүүлсэн байхад дээрх тогтоолуудыг үндэслэл болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн 2018-4-24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолууд гаргаж хоёр дахь албадан дуудлага худалдааг 2018-5-11-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл юм. Нөгөө талаар анхны албадан дуудлага худалдааны тогтоол болох 4/2, 4/7, 4/8 тоот тогтоолын хууль зүйн үйлчлэл нь зогсож, эрх зүйн үр дагаврыг бий болгохгүйг 2018-4-30-ны өдөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс урьдчилсан иргэний эрх зүйн хамгаалалт тогтоосон байхад үйлчлэл нь зогссон тогтоолыг үндэслэж түүнийг хүчинтэй гэж үзэн хоёр дахь дуудлага худалдааг зарласан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэдгийг нь нотоллоо. Иймд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяагийн гаргасан 2018-4-24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-01-20-ны өдрийн 518 шийдвэрээр Э- ХХК-иас 55,281,350 төгрөг гаргуулж ... констракшнХХК-д, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015-09-23-ны өдрийн 5787 захирамжаар 25,511,992 төгрөгийг гаргуулж Очирням ХХК-д, мөн 2015-09-03-ны өдрийн 5328 шийдвэрээр 194,909,461 төгрөгийг гаргуулж Гангар инвест ХХК-д, мөн 2015-12-17-ны өдрийн 8094 дүгээр шийдвэрээр 37,042,860 төгрөгийг гаргуулж Тэгш плант ХХК-д, мөн 2015-12-17-ны өдрийн 8093 дугаар шийдвэрээр 9,238,950 төгрөгийг гаргуулж Нийслэл аудит ХХК-д, Арбитрын 2015-12-15-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр 76,088,961 төгрөгийг гаргуулж Поволжская подшипниковая корпорация хаалттай хувьцаат компанид, мөн 2016-03-24-ний өдрийн 2438 дугаар шийдвэрээр 81,250,000 төгрөгийг гаргуулж Мөнхийн монгол ургац ХХК-д, 2016-05-09-ний өдрийн 3783 дугаар шийдвэрээр 17,000,405 төгрөгийг гаргуулж Ч.Батбаяр, Г.Баттөр нарт, мөн 2016-07-26-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр 15,002,695 төгрөгийг гаргуулж Д.Батбаярт, мөн 2016-03-07-ны өдрийн 2008 дугаар шийдвэрээр 33,838,719 төгрөгийг гаргуулж Петрожамп ХХК-д, 2016-01-11-ний өдрийн 458 дугаар шийдвэрээр 98,114,496 төгрөгийг гаргуулж Багануур илч ХХК-д, 2016-02-02-ны өдрийн 1164 дүгээр шийдвэрээр 13,338,876 төгрөгийг гаргуулж УБЦТС ТӨХК-д, 2017-06-21-ний өдрийн 1483 дугаар шийдвэрээр 68,634,513 төгрөгийг гаргуулж УБДС ТӨХК-д, 2017-12-13-ны өдрийн 2755 дугаар шийдвэрээр 14,750,000 төгрөгийг гаргуулж Бэст-Эргэл ХХК-д, 2017-11-27-ны өдрийн 2590 дүгээр шийдвэрээр 25,000,000 төгрөгийг гаргуулж Наран трейд ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э- ХХК нь шүүхийн шийдвэрээр нийт 766,494,805 төгрөгийн төлбөртэй болно. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э- ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлд бүртгэлтэй БГД-н 12-р хороо, 6-р бичил хороолол, ..-р байрны .., .. тоот орон сууцуудыг 2015-04-01-ний өдрийн 137/01, 137/02 дугаартай, мөн байрны .., .., .. тоот орон сууцуудыг 2016-06-02-ны өдрийн 137/01, 137/02, 137/03 дугаартай, мөн байрны .., .., .., .., .. тоот орон сууцуудыг 2016-10-14-ний өдрийн 137/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжлэж, мөн .., .. тоотыг 2015-04-10-ны өдрийн 137/02, 137/03 дугаартай, .., .., .. тоотыг 2016-06-10-ны өдрийн 137/04, 137/05, 137/06 дугаартай, .., .., .., .., .. тоотыг 2016-12-06-ны өдрийн 137/02 дугаартай хураах тогтоолоор тус тус хураан авсан байна. Э- ХХК-д үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзаж, хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн. Дээрх хүсэлтийн дагуу 2016-02-25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгэхэд .. тоот 2 өрөө орон сууцыг 95сая төгрөгөөр .. тоот 3 өрөө орон сууцыг 108,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн мэдэгдлийг 2016-02-26-ны өдрийн 3/7204 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Э- ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 2016-09-02-ны өдөр Сэлэнгэ эстимэйнт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд .. тоот 1 өрөө орон сууцыг 57сая төгрөгөөр, ..тоот 2 өрөө орон сууцыг 78сая төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 78сая төгрөгөөр тус тус үнэлсэн мэдэгдлийг 2016-10-13-ны өдрийн 3/32511 дүгээр албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад гардуулан өгсөн, мөн 2017-02-02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгэхэд .. тоот 3 өрөө орон сууцыг 75,600,000 төгрөгөөр, .. тоот 1 өрөө орон сууцыг 46,200,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 67,200,000 төгрөгөөр, .. тоот 1 өрөө орон сууцыг 46,200,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 67,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017-02-03-ны өдрийн 3/4837 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. ИХ-н 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон .. тоот орон сууцыг 66,500,000 төгрөгөөр, .. тоот 3 өрөө орон сууцыг 76,100,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016-03-18-ны өдөр оруулах тухай 2016-03-07-ны өдрийн 3/8093 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч компаний захирлын туслах Т.Ганбатад гардуулан өгсөн, анхны албадан дуудлага худалдаанд дээрх 2 орон сууцыг оруулахад худалдан борлогдоогүй тул ИХ-н 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар .. тоот 2 өрөө орон сууцыг 47,500,000 төгрөгөөр, .. тоот 3 өрөө орон сууцыг 54,400,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018-04-13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018-03-30-ны өдрийн 4/5669 дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатад гардуулан өгсөн. Албадан дуудлага худалдаанд ИХ-н 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон .. тоот 1 өрөө орон сууцыг 39,900,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 54,600,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 54,600,000 төгрөгөөр, .. тоот 3 өрөө орон сууцыг 52,920,000 төгрөгөөр, .. тоот 1 өрөө орон сууцыг 32,340,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 47,040,000 төгрөгөөр, .. тоот 1 өрөө орон сууцыг 32,340,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 47,040,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2018-04-13-ны өдөр оруулах талаар мэдэгдлийг 2018-03-30-ны өдрийн 4/5670 дугаартай албан бичгийг хуулийн зөвлөх Д.Отгонбатад гардуулан өгсөн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2018-04-13-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд ИХ-н 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон .. тоот 1 өрөө орон сууцыг 28,500,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 39,000,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 39,000,000 төгрөгөөр, .. тоот 3 өрөө орон сууцыг 37,800,000 төгрөгөөр, .. тоот 1 өрөө орон сууцыг 23,100,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 33,600,000 төгрөгөөр, .. тоот 1 өрөө орон сууцыг 23,100,000 төгрөгөөр, .. тоот 2 өрөө орон сууцыг 33,600,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018-05-11-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг 2018-04-30-ны өдрийн 4/7330 дугаар албан бичгийг тогтоолын хамт 2018-05-02-ны өдөр төлбөр төлөгч Э- ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Шүүгчийн 2018-04-30-ны өдрийн 183/ШЗ2018/05385 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 2018-05-11-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Э- ХХК нь шүүхэд удаа дараа нэхэмжлэл гарган төлбөр авагч нарын эрх ашгийг зөрчиж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 183/ШШ2018/02390 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 197 дугаар зүйлийн 197.2.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-03- 28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-03- 28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-04- 24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн  Э- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Э- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Э- ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 406 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс төлсөн 351,100 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн Д.Отгонбат хяналтын гомдолдоо: Э- ХХК нь НШШГГ-т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-03-28-ны өдрийн 4/2 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-03-28-ны өдрийн 4/7, 4/8 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2018-04-24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл нь НШШГГ нь дээрх тогтоолуудын дагуу худалдан борлуулах гэж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй шүүхээс маргаан үүссэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, уг эд хөрөнгөтэй холбоотой шүүгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад ШШГТХ-н 27.2, 27.2.5, 27.1,3-д заасныг тус тус зөрчсөн. Э- ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн НШШГГ-н 2017-02-09-ний өдрийн 2/20 тоот тогтоол, мөн өдрийн 2/10 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар СБД-н ИХАШШ-д хандаж, шүүхээс гомдлыг хүлээн авч, ХХША явагдаж, улмаар уг хэргийг Дээд шүүхээс 2018-01-23-ны өдөр хянан хэлэлцэж гаргасан тогтоолд нэхэмжлэгч 2018-04-02-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргаж, мөн өдөр НШШГГ-т дээрх хэргийн талаарх шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахгүй байх хүсэлт гаргасан байхад, хариуцагчаас 2018-04-24-ний өдрийн 5/5, 5/6 тоот тогтоолоор Э- ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж, ажиллагаа явуулж буй нь ШШГТХ-н 27.2, 27.2.5-д заасныг ноцтой зөрчсөн явдал юм. Гэтэл Давж заалдах шатны шүүх дээрх маргааны үйл баримтад дүгнэлт хийхдээ талуудын маргаагүй үйл баримт буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээний талаар үнэлэлт дүгнэлт өгч, хариуцагч байгууллагын явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ШШГТХ-н 37.1, 37.2.2, ИХ-н 177.1-н журмыг зөрчөөгүй байна гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй юм. Мөн Давж заалдах шатны шүүх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолууд нь ШШГТХ-н 27.1.3-г зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй боловч уг хуулийн зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдоогүй буюу мөн хуулийн 27.1-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх эсэхийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж НЭХЭМЖЛЭЛИЙГ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үнэлэлт дүгнэлт өгсөн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Угтаа бол ШШГТХ-н 27.2-т заасан Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх үндэслэлийг хуульчилсан ба мөн хуулийн 27.2.5 дах заалтад энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлнэ гэх заалтыг НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, дээрх үл хөдлөх хөрөнгийн талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийг дахин албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол үйлдсэн нь ШШГТХ-ийн 27.2, 27.2.5, 27.1.3-г тус тус зөрчсөн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоогүйгээс маргаан бүхий хэрэгт хэрэглэх хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

       Э- ХХК нь НШШГГазарт холбогдуулан “... 2018 оны 4/2, 4/7, 4/8, 5/5, 5/6 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... Э- ХХК-ийн зүгээс ШГА эс зөвшөөрч 2017-3-17-ны өдөр нэхэмжлэл гаргасан... шүүхээс дээрх тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлсэн... Дээд шүүхээс 2018-01-23-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Дээд шүүхэд хүсэлт гаргасан ба хүсэлтийг хэлэлцэж амжаагүй байхад 2018-03-28-ны өдрийн 4/2, 4/7, 4/8 тоот тогтоол тус тус үйлдэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн... Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар 2018-4-16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ХХША явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхгүй, дахин 2018-5-11-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар 2018-4-24-ний өдрийн 5/5, 5/6 тогтоол гаргаж байгаа нь илтэд хууль зөрчсөн ажиллагаа явагдлаа...” гэжээ.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Э- ХХК нь төлбөртэй байгаа шүүхийн шийдвэрүүд гарсан...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Нэхэмжлэгч нь шүүхийн 14 шийдвэр, арбитрын 1 шийдвэрийн дагуу төлбөр төлөгч болох нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. 

     Э- ХХК нь “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд хандсан байхад албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлсэн...нь хууль зөрчсөн... ” гэж маргасан тул хоёр шатны шүүх хариуцагч байгууллагаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг бүрчлэн дурдаж, дүгнэлт хийсэн нь зөв болжээ. 

     Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцдаа хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

     Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгч эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлэх эрхтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,27.2-т зааснаас бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 8 дугаар зүйлийн 8.1.3, 44 дүгээр зүйлийн 44.5-г зөрчинө.

     Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27,37 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

     Хоёр шатны шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд нотлох баримтыг тухай маргаанд үндэслэл бүхий үнэлж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02390 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 406 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 351,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ