Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1091

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Г.Э-ад холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор А.Баясгалан,

            шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл, 

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Э-ад холбогдох 1805029080537 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.................. овгийн ......... ......, Завхан аймгийн Сонгино суманд 19.. оны .. дүгээр сарын ....-ний өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтаар группт байдаг, ам бүл 4; хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ....... .. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Горькийн .. дугаар гудамжны ..... тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ............./,

 

Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 00 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамжны ... тоот гэртээ иргэн Ч.Гтай маргалдан онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Г.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны тэрэг, улаан өнгийн бүтээлэг 2 ширхэг, архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Э-ын цагдан хоригдсон 138 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Г.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Соёмбо бичсэн эсэргүүцэлдээ: “... шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Э нь өөрийн үйлдсэн хэргийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шинжээчийн 1183 дугаар “...Талийгаач Ч.Г-ын цогцост хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийд 150 мл цус хуралт, хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, дух, 2 хөмсөг, хөмсөгний голд, 2 шанаа, зүүн хацар, хамрын нуруу, 2 чихний дэлбээ, эрүү, ооч, хүзүү, зүүн тохой, нуруу, баруун өгзөгний зулгаралт, 2 сарвуу, зүүн бугалга, баруун тохойн зулгаралт, цус хуралт, цээж, зүүн эгэм, хэвлий, 2 шилбэ, баруун шууны цус хуралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач дээрх хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хурааны улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Дээрх хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хураа, хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, цээж, зүүн эгэм, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь шинэ, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байх боломжтой. Талийгаач B/III/ бүлгийн цустай. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Талийгаач хуучин тархины гэмтэлтэй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна...” гэсэн дүгнэлтэд шүүх ач холбогдол өгөөгүй.

Шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Талийгаачийн биед учирсан дээрх шинэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд талийгаачийн дээрээс дэвсэх, дарах, шахах зэрэг үйлдлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг, Г.Э-ын “... Г- “надад пиво өгсөнгүй” гээд миний зүүн гарын тохой хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би эргүүлээд баруун мөрөн дээрээс нь угзарч татахад доош хараад шалан дээр унасан. Тэгэхээр нь би ар нуруунд нь нэг удаа дэвссэн. Би Г-ын цогцосыг гудамжинд хаячихаад буцаад гэр рүүгээ усны тэргээ түрээд явж байгаад гудамжинд Батгэрэлтэй таарсан юм...” гэх мэдүүлэг зэргээр алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх, өвтгөн зовиур шаналал үүсгэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгч Г.Э-ын мэдүүлэг зэрэгт ач холбогдол өгөхгүйгээр хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.  

 

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Талийгаач Ч.Г-ад олон тооны гэмтэл шарх үүссэн, уг гэмтлийнхээ улмаас шоконд орж нас барсан нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...онц харгис хэрцгий ...” шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан. Яллагдагчаар татсан тогтоол, байцаалт, яллах дүгнэлтэд дурьдсан “онц харгис хэрцгий” гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байгааг тогтоогоогүй. Талийгаач нь 25 кг жинтэй, одой хүн байсан тул шүүгдэгч Г.Э дээрээс нь нэг удаа дэвсэхэд хавирганууд нь хугарсан байх магадлалтай.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Г.Э-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэдэгт хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосныг ойлгоно. Онц харгис хэрцгий шинж нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн хүчин зүйл буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоор тогтоогдохоос гадна хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал, учруулсан арга хэрэгсэл, үхлийн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлаар тодорхойлогддог.  

 

Шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлээ “... Г.Э нь өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж тогтоолдоо зааснаас үзэхэд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, санаа зорилгод тулгуурлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байх ба хохирогчид учирсан шарх, гэмтлийн шинж байдал, учруулсан арга, үхлийн шалтгаан зэргийн тогтоосон шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үнэлж дүгнээгүй нь үндэслэл муутай байна.

 

 “... Хавирга яс баруун талд: 2-р хавирга эгэмний дунд шугамаар, 3, 4, 5-р хавирга эгэмний дунд шугам, суганы урд шугамаар, 6, 7, 8-р хавирга эгэмний дунд шугамаар, 9-р хавирга эгэмний дунд шугам, далны шугамаар, 10-р хавирга суганы урд шугам, нугалмын ойролцоох шугамаар, 11, 12-р хавирга нугалмын ойролцоох шугамаар шууд ба шууд бус хугаралтай. Зүүн талд: 2-р хавирга далны шугамаар, 3, 4-р хавирга суганы урд шугамаар, 5, 6, 7-р хавирга суганы урд шугам, далны шугамаар, 8-р хавирга суганы урд болон арын шугам, нугалмын ойролцоох шугамаар, 9-р хавирга суганы дунд шугам, далны шугамаар, 10-р хавирга суганы дунд шугам, далны шугамаар, 11, 12-р хавирга нугалмын ойролцоох шугамаар тус тус шууд ба шууд бус хугаралтай... цээжний баруун хөндийд 150 мл хэмжээтэй цустай... талийгаач хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хурааны улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ...” гэсэн шинжээчийн 1183 дугаар дүгнэлт /1-р хх 87/, “... дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд талийгаачийн дээрээс дэвсэх, дарах, шахах үйлдлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэсэн шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг зэрэг шүүгдэгч Г.Э-ын үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх нотлох баримтууд хэрэгт цугларсан байхад шүүхээс “... талийгаач Ч.Г нь нас барахаасаа өмнө болон нас барах үедээ Г.Эын үйлдлийн улмаас шаналсан, тарчлан зовсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ...” хэмээн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

 

Дээрх үндэслэлээр улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээчийн оролцуулан хохирогчийн баруун мөрнөөс татаж унаган ар нуруунд нь нэг удаа дэвсэхэд хохирогч Ч.Гын биеийн онцлогоос шалтгаалж шинжээчийн дүгнэлтэд дурьдсан хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт бүхий үхлийн шалтгаан болсон гэмтэл учирч болох эсэхийг тодруулах нь шүүгдэгч Г.Эын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Э-ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Г.Э-ад урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН