Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/01201

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

        Дугаар 183/ШШ2017/01201

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо, 25 дугаар байр, 37 тоотод оршин суух, Их монгол овогт Нямдаваагийн Урангоо /Регистрийн дугаар:УЮ92053003/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-ухаа 2, Өлзийтийн зам гудамж, 1018-52 тоотод оршин суух, “Эвтард Багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэл /Регистрийн дугаар: СБ86012314/-д холбогдох

Гэрээний үүрэгт 8,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Ч.Батцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч Н.Урангоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 6 дугаар сард фэйсбүүк хаягт тавигдсан зар болон Багануур дүүргийн эмнэлгийн үүдэн дээр наасан зараас “Эвтард Багануур сан” нь тус дүүрэгт 105 айлын амины орон сууц барих гэж байгаа мэдээллийг авсан. Энэ талаар гэр бүлээрээ ярилцан, уг байранд захиалга өгөхөөр шийдэж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Эвтард багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлтэй “Амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр 61,5 м.кв нэг давхар амины орон сууцыг 1 мкв-ыг 700,000 төгрөгөөр тооцон бариулахаар тохиролцож үнийн дүнгийн 20 хувь буюу 8,610,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө Хаан банк дахь “Эвтард Багануур сан”-гийн 5750652728 тоот дансаар шилжүүлсэн. Гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Сангийн тэргүүн Ч.Батцэнгэл гэрээ хийхдээ сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл бариагүй, үүргээ биелүүлээгүй. Анх гэрээг “Эвтард Багануур сан”-тай байгуулан, мөнгийг сангийн дансаар тушаасан гэдэгт маргахгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу орон сууц бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 8,610,000 төгрөгийг тус сангийн тэргүүн Ч.Батцэнгэлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Багануур дүүргийн прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот Ч.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, түүнд дурдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл Сангийн тэргүүн Ч.Батцэнгэл бүх мөнгийг захиран зарцуулсан байдаг. Мөн тогтоолд Ч.Батцэнгэл нь 7 иргэнээс 62 сая төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр авч, 38 сая төгрөгийг үйл ажиллагаанд зарцуулан үлдэх 23 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан нь тогтоогдсон.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, түүнээс гарах хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй” гэж заасан байдаг.

Түүнчлэн хэрэгт авагдсан тус Сангийн дүрмээс үзвэл  “Эвтард Багануур сан” нь гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байхаар, мөн дүрмийн 6.1, 6.2-т гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж гишүүдийн өмчлөлийн газарт амины орон сууцтай болгохоор заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Н.Урангоо тус сангийн гишүүн биш бөгөөд дүрмийн зорилгод нийцээгүй өөр ажиллагааг тус сан явуулж, гэрээг байгуулсан. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан Багануур дүүрэг дэх хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй,байдаггүй. Иймд нэхэмжлэлээ Сан буюу хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлээгүй харин сангийн тэргүүн Ч.Батцэнгэлээс мөнгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Эвтард Багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэл, түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эвтард Багануур сан” Төрийн бус байгууллага нь 2015 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан, сангийн тэргүүн, хяналтын зөвлөл бүхий байгууллага.  Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах үүднээс тус дүүргийн Засаг даргын тамгын газар, холбогдох газруудтай уулзалт зохион байгуулж иргэдийн эрх ашгаа хамгаалахаар нэгдсэн байгууллага юм. Ингээд 105  айлын орон сууцыг барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Миний бие тус сангийн тэргүүнээр 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдсон. Улмаар нэхэмжлэгч Н.Урангоотой 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Санг төлөөлөн гэрээг байгуулж, Сангийн дансанд мөнгийг тушаасан нь үнэн. Иймд “Эвт ард Багануур сан”-гийн хувьд гэрээг цуцалж, мөнгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Харин албан тушаалтны хувьд, мөн иргэн Ч.Батцэнгэлийн хувьд нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул зөвшөөрөхгүй. Гэрээг иргэн Ч.Батцэнгэл надтай байгуулаагүй. Мөн албан тушаалтны хувьд хариуцах үндэсгүй. Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан “хууль бус үйл ажиллагаа” гэдгийг тогтоосон баримтгүй. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд хууль бус үйл ажиллагаа гэж тогтоосон зүйлгүй. Түүнчлэн тус Сангийн үйл ажиллагаа бүрэн тогтворжоогүй тул албан ёсоор байрлаж байгаа газар байхгүй хэдий ч татан буугдаагүй, үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвээр. Одоо эхний хэсгийн орон сууцыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа.

  Иймд “Эвтард Багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Урангоо нь “Эвтард Багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлд холбогдуулан гэрээний үүрэгт 8,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэг талаас Н.Урангоо, нөгөө талаас “Эвтард Багануур сан”-г төлөөлөн тэргүүн Ч.Батцэнгэл нар тохиролцон, гүйцэтгэгч нь Багануур дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Эвтард Багануур” хотхоны 105 айлын амины орон сууцнаас 61,5 мкв талбай бүхий орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх, Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөд нэг мкв-ыг 700,000 төгрөгөөр тооцон нийт 43,050,000 төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа 8,610,000 төгрөг гэрээ байгуулах үед төлөхөөр тус тус харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх гэрээ”-г байгуулжээ.  /хх-9,10 дахь тал/

Нэхэмжлэгч нь “Эвтард багануур сан”-тай гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.  

Зохигчид “Эвтард багануур сан”-д 8,610,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч тус сангийн гишүүн биш гэдэгт маргаагүй. /хх8 дах тал/

Хариуцагч нь албан тушаалтан, иргэний хувиар нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцааг үүсгээгүй тул хариуцах үндэслэлгүй, харин хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь хуулийн этгээдээс нэхэмжлээгүй, албан тушаалтны хувьд Сангийн тэргүүн Ч.Батцэнгэлээс гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ тодруулав.

Түүнчлэн Сангийн тэргүүн Ч.Батцэнгэлтэй гэрээг төлөөлж байгуулан, мөнгийг шилжүүлсэн, уг сан одоо үйл ажиллагаа явуулдаг эсэх тодорхойгүй, Ч.Батцэнгэл сангийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан нь тогтоогдсон тул түүнээс гаргуулна гэж тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ” гэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж тодорхойлсон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, стандартад нийцсэн тохилог хотхонд амьдрах, өмчилсөн газартаа амины орон сууцтай болох тогтолцоог төлөвшүүлэх чиглэлээр ажиллахаар “Эвтард багануур сан”-гийн тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Эвтард багануур сан”-г байгуулж, дүрмийг батлан улмаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэ байгууллага нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээд байна. /хх-22, 40-48 дахь тал/

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-т “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох, хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах гэрээгээр тодорхойлох”-оор заасан байх ба тус Сангийн тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор Сангийн тэргүүнээр Ч.Батцэнгэлийг томилсон, дүрмийн 8.1.11-д Тэргүүнд Санг дотоод гадаадад төлөөлөх эрхийг олгосныг үндэслэж нэхэмжлэгчтэй гэрээг байгуулсан байна. /хх-54,55 дах тал/

Иймд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг албан тушаалтнаас шаардах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Багануур дүүргийн прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоол нь Ч.Батцэнгэлийг Сангийн тэргүүний хувьд Санд хохирол учруулсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлохгүй байхаас гадна Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг баримтлан тэргүүнээс сангийн үүргийг шаардах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хуулийн этгээд нь хууль, дүрэмд зааснаар үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. “Эвтард багануур сан” нь гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байх боловч  гишүүн бус хүнтэй гэрээг байгуулан дүрэмд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан тул Сангийн тэргүүнээс гаргуулна гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч уг сан нь тэргүүлэгчид, Тэргүүн, дэд тэргүүн, хяналтын зөвлөл, Түр зөвлөл бүхий зохион байгуулалтын бүтэцтэй хуулийн этгээд тул түүний үүрэг хариуцлагыг зөвхөн сангийн тэргүүн гэсэн нэг албан тушаалтанд шууд хамаатуулан шаардах үндэслэл болохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Сан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлснээр эхэлж, бүртгэлээс хасагдсанаар иргэний эрх зүйн чадвар дуусгавар болох бөгөөд санг татан буулгаж, улсын бүртгэлээс хасагдсан талаарх баримтгүй, энэ үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.   

            Нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг баримтлан “Эвтард багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Урангоогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ