Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1838

 

Н.Урангоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01201 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Урангоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Батцэнгэлд холбогдох

 

Гэрээний үүрэгт 8 610 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

           

Нэхэмжлэгч Н.Урангоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Эвтард багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлтэй “Амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр 61,5 м.кв нэг давхар амины орон сууцыг 1 мкв-ыг 700 000 төгрөгөөр тооцон бариулахаар тохиролцож үнийн дүнгийн 20 хувь буюу 8 610 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө Хаан банк дахь “Эвтард Багануур сан"-гийн 5750652728 тоот дансаар шилжүүлсэн.  Сангийн тэргүүн Ч.Батцэнгэл гэрээ хийхдээ сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл бариагүй, үүргээ биелүүлээгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу орон сууц бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 8 610 000 төгрөгийг тус сангийн тэргүүн Ч.Батцэнгэлээс гаргуулж өгнө үү. Иймд нэхэмжлэлээ Сан буюу хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлээгүй харин сангийн тэргүүн Ч.Батцэнгэлээс мөнгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эвтард Багануур сан” Төрийн бус байгууллага нь 2015 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан, сангийн тэргүүн, хяналтын зөвлөл бүхий байгууллага нь 105 айлын орон сууцыг барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Миний бие тус сангийн тэргүүнээр 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдсон. Улмаар нэхэмжлэгч Н.Урангоотой 2015 оны дугаар сарын 20-ны өдөр Санг төлөөлөн гэрээг байгуулж, Сангийн дансанд мөнгийг тушаасан нь үнэн. Иймд “Эвт ард Багануур сан”-гийн хувьд гэрээг цуцалж мөнгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Харин албан тушаалтны хувьд, мөн иргэн Ч.Батцэнгэлийн хувьд нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул зөвшөөрөхгүй. Гэрээг иргэн Ч.Батцэнгэл надтай байгуулаагүй. Мөн албан тушаалтны хувьд хариуцах үндэсгүй. Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан “хууль бус үйл ажиллагаа” гэдгийг тогтоосон баримтгүй. Түүнчлэн тус Сангийн үйл ажиллагаа бүрэн тогтворжоогүй тул албан ёсоор байрлаж байгаа газар байхгүй хэдий ч татан буугдаагүй, үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвээр. Одоо эхний хэсгийн орон сууцыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Иймд “Эвтард Багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг баримтлан “Эвтард багануур сан”-гийн тэргүүн Ч.Батцэнгэлээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Урангоогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлээгүй, зөвхөн гэрээг сантай байгуулсан байна. Сангаас нэхэмжлэх ёстой гэсэн өнгөц ойлголтоор хэргийг шийдэж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа бөгөөд шүүгчийн энэхүү дүгнэлт нь дор дурдсан нотлох баримтаар няцаагдаж байна.

1. Хавтас хэрэгт авагдсан “Эвтард багануур” сангийн дүрмэнд уг сангийн зорилго нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах стандартад нийцсэн тохилог хотхонд амьдрах өмчилсөн газартаа амины орон сууцтай болох тогтолцоог төлөвшүүлэх” гэжээ. Гэтэл сангийн тэргүүн Ч.Батцэнгэл нь сангийн гишүүн бус этгээдтэй гэрээ байгуулж, түүнээс орон сууц барьж өгөх нэрээр 8 610 000 төгрөгийг сангийн дансаар авч ашигласан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа.

2. “Эвтард багануур” сангийн тэргүүн Ч.Батцэнгэл нарт холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд бүх мөнгийг сангийн тэргүүн Ч.Батцэнгэл мэдэж захиран зарцуулсан байдаг. Сан гэсэн 20 000 төгрөгийн дүрмийн сантай, оффисын байр ч байхгүй, ганц гэрчилгээгээ тэргүүн нь цүнхлээд явж буй хуулийн этгээд гэгчээс Батцэнгэлийн захиран зарцуулсан мөнгийг гаргуулах нь агуулгын хувьд ч хууль ёсны хувьд нийцэхгүй юм.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-р зүйлийн 12.5-д заасны дагуу Ч.Батцэнгэлээс гэрээний дагуу төлсөн 8 610 000 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан  шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Урангоо нь хариуцагч “Эвтард Багануур” сангийн тэргүүн Ч.Батцэнгэлд холбогдуулан 8 610 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, ““Эвтард Багануур сан”-гийн хувьд гэрээг цуцалж мөнгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Харин албан тушаалтны хувьд, иргэн Ч.Батцэнгэлтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул зөвшөөрөхгүй. Гэрээг иргэн Ч.Батцэнгэл надтай байгуулаагүй” гэж маргажээ.

 

"Эвтард Багануур сан"-г төлөөлөн тэргүүн Ч.Батцэнгэл, нэхэмжлэгч Н.Урангоо нар 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Эвтард Багануур" санд амины орон сууц захиалах мөнгөн төлбөр шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр сан нь барилгын ажил гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу "Эвтард Багануур" хотхоны 105 айлын амины орон сууцнаас 61.5 м.кв талбай бүхий орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх, захиалагч буюу Н.Урангоо ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөнд нэг м.кв-ыг 700 000 төгрөгөөр тооцон нийт 43 050 000 төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа 8 610 000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-9,10/

 

“Эвтард Багануур сан", Н.Урангоо нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Н.Урангоо нь "Эвтард Багануур сан"-гийн дансанд 8 610 000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдсон болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн “гэрээг Сангийн тэргүүн Ч.Батцэнгэлтэй байгуулан, мөнгийг шилжүүлсэн, уг сан одоо үйл ажиллагаа явуулдаг эсэх тодорхойгүй, Ч.Батцэнгэл сангийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан тул түүнээс гаргуулна” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

"Эвтард Багануур" санд амины орон сууц захиалах, мөнгөн төлбөр шилжүүлэх гэрээ нь нэхэмжлэгч Н.Урангоо, “Эвтард Багануур” сангийн хооронд байгуулагдсан байх бөгөөд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үнийг албан тушаалтнаас шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Багануур дүүргийн прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоол нь Ч.Батцэнгэлийг Сангийн тэргүүний хувьд Санд хохирол учруулсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлохгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА

 

                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                            Б.НАРМАНДАХ