Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0125/З |
Дугаар | 29 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 29
“Эжбалей” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул, хариуцагч Р.Долгорсүрэн, П.Отгонсүрэн, З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0739 дүгээр магадлалтай, “Эжбалей” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эж балей” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг өөрчилж, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнд 1,018,223,028.20 /тэрбум арван найман сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг хорь/ мөнгийг нэмэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн дээр 1,018,223,028.20 /тэрбум арван найман сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг хорь/ мөнгийг нэмж бичихийг хариуцагчид даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0739 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Эж балей” ХХК алтны хайгуул хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу алт хайх хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцааж авахаар тайлагнасан байна. Хайгуулын үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлөөс бусад буюу борлуулсан шатахууны өртөгт шингээсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д зааснаар хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсны дагуу “Эж балей” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогод хувь тэнцүүлэн худалдан авалтын хасалтыг хийж /төсвөөс буцаан олгох/ акт үйлдсэн.
2. Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбоотой харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасан.
Дээр дурдсан үндэслэл “Эж балей” ХХК-ийн алт хайх хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 1,018,223,028.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7, мөн Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар баталсан журмын 5.1.1-д тус тус заасныг үндэслэн төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй.
Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 210201529 дүгээр актад холбогдуулан гаргасан “Эж балей” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0739 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Эжбалей” ХХК нь “... 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 1,182,230,282 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Татварын ерөнхий газрын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т байхгүй “бусад” гэсэн хэсэгт хамааруулан хасахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг мөнгөн дүнг маргаан бүхий актын хасагдах татварын дүн дээр нэмж бичихийг хариуцагчид даалгах” гэж, хариуцагч Татварын ерөнхий газрын байцаагч нар “... алт хайх хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаах үндэслэлгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.7, Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбоотой харилцааг зохицуулах журмын 5.1.1-д заасны дагуу ... зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасныг үндэслэн дээрх дүнг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй” гэж маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “Эжбалей” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд хайгуулын үйл ажиллагаанд зориулж 1,018,223,028.20 төгрөгийг зарцуулсан гэдэгтэй маргадаггүй, харин нэхэмжлэгчийн зүгээс уг худалдан авалтыг /мөнгөн дүнг/ зөвхөн алтанд бус хайгуулын талбайн нөөцөд тогтоогдсон бусад ашигт малтмалыг хайхад зарцуулсан гэж тайлбарладаг.
Энэхүү маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээгүй, харин хайгуулын үйл ажиллагаа эрхэлсэн учир татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээ эрхлээгүй, иймд 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийн дагуу хасалт хийлгэх эрхтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;” гэжээ. Үүнээс үзвэл хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш, энэ утгаараа хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч нь болж байна.
Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа, ажил, үйлчилгээ эрхлэгч “татвар суутгагч”-д /Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6/ хамааралтай заалт юм.
Иймд нэхэмжлэгч “Эжбалей” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг бүтээсэн татвар ногдох бараа бусдад борлуулагүй, ажил, үйлчилгээг эрхлээгүй тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийн дагуу хасалт хийлгүүлэх боломжгүй юм. Харин хайгуулын үйл ажиллагаанд хамааралгүй бусад татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалт болон бусдад борлуулах зорилгоор авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг уг заалтын дагуу хасуулах эрхтэй.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:”, 14.1.3-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэжээ.
Үүнээс дүгнэвэл, хэрэв хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжүүлэн ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч болбол үйлдвэрлэгч буюу “борлуулагч” болно. Гэхдээ ашиглалтын үйл ажиллагааны үр дүнд гарах уул уурхайн бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан “уул уурхайн бүтээгдэхүүн” учир татвараас чөлөөлөгдөнө, эхсүл 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан татваргүй байх тул уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-ийн дагуу татварын хасалт хийгдэхгүй.
Иймд, хариуцагчаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу татвар ногдуулахгүй уул уурхайн бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийн дүн болох 1,018,223,028.20 төгрөгийг хасалгүй, үлдсэн татвар ногдох үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтыг нь хасаж тооцсон Татварын ерөнхий газрын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот акт хууль ёсны байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 613 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0739 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.3, 14.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эжбалей” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг өөрчилж, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнд 1,018,223,028.20 төгрөгийг нэмэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн дээр 1,018,223,028.20 төгрөгийг нэмж бичихийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ