Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/01904

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/01904

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14-232 тоотод оршин суух Ванчиг овогтой Эрдэнэ-Очирын Содмандах /РД:ЧС83100610/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол, өөрийн байранд байрлах Хурд групп ХХК-д холбогдох,

орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Содмандах Хурд групп ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нарны хорооллын 11 дүгээр байрны 204 тоотод 78,71 мкв орон сууцыг мкв нь 2 300 000 төгрөгөөр тооцон нийт 181 033 000 төгрөгөөр орон сууцыг захиалсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Энэ нь тус хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 27-ний өдөр шинжээчийн дүгнэлтээр метр квадратын хэмжээ дутуу буюу 76,30 мкв. Үүнээс 2,41 мкв дутуу гарсан. Дутуу гарсан буюу үүнийг мкв 2 300 000 төгрөгөөр тооцон 5 543 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн зүйл байхгүй. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж хүлээж авсан. тус байрыг хүлээж авахдаа метр квадратын зөрүүтэй талаар харилцан тохиролцож ярилцсан. Эм Эм инженеринг ХХК-аар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэмжилт хийлгэхэд метр квадрат нь 2,9 метр дутуу гарсан. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хурд групп ХХК-ийн удирдлага мэдэгдсэн. Мэдэгдээд Хурд групп ХХК-аас хэмжилт хийлгэхэд 80,29 мкв буюу дутуу байна гэсэн асуудал яригдсан учраас бид шүүхэд хандсан. Иймд орон сууцны дутуу 2,41 мкв буюу 5 543 0000 төгрөгийг Хурд групп ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл худалдах, худалдан авах гэрээ гэж ярьж байна. Бид талуудын хооронд байгуулагдсан гэрээ орон сууц захиалан бариуцлах гэрээ байна уу гэдэг дээр маргаж байгаа зүйл байхгүй. Хурд групп ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үйл баримт гэрээний дагуу явагдаж байгаа процесс орон сууц захиалан бариулах гэрээ байна уу, худалдах, худалдан авах гэрээ байна уу үүнийг шүүх шийднэ. Бид нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байгаа. Энэ гэрээний 1,2 дахь хэсэгт Хурд групп ХХК-ийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 11 дүгээр байрнаас 78,71 мкв 3 өрөө бүхий орон сууцыг худалдаж авахаар энэ гэрээг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хурд групп ХХК-ийн зүгээс байр ашиглалтад орсон гэж мэдэгдсэн. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр албан ёсны акт үйлдээд байранд орсон. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг Хурд групп ХХК гаргаж өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахдаа 78,71 мкв 3 өрөө орон сууц бэлэн болсон. Үл хөдлөхийн гэрчилгээ энэ байна гэж манайд гаргаж өгсөн. Энэ гэрчилгээг гаргахдаа улсын бүртгэлд албан ёсны хэмжилт хийлгээд, хэмжилт хийсэн зурагтай нь хамт улсын бүртгэлд очоод гэрчилгээ гардаг. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээж авахдаа хэмжилт хийлгэе гэсэн боловч Хурд групп ХХК-ийн зүгээс нэгэнт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахдаа албан ёсны хэмжилт хийдэг. Үүн дээр метр квадратын зөрүүний асуудал байхгүй гэж мэдэгдсэн. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байрандаа хэмжилт хийлгэхэд 75 мкв буюу 3 мкв дутуу гарсан Хурд групп ХХК-д мэдэгдсэн. Мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хурд групп ХХК-аас албан ёсны хариу өгсөн. Өөрсдийнхөө инженерийг авч ирээд хэмжилт хийлгээд харин ч илүү 80 мкв гарсан байна. Хурд групп ХХК-ийн хяналтын инженер н.Сүх гэж хүн албан ёсны дүгнэлт гаргасан. Дүгнэлт бүх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгч байгаа. Эд хөрөнгийн доголдлын талаар бид байранд ороод 3 сарын дараа Хурд групп ХХК-д мэдэгдсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө шилжүүлсэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг гаргах эрхтэй гэж байна. Энэ хуулийн заалтыг нарийн тайлбарлах юм бол гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй. Өмчлөх эрхээ 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлж авсан. 2015 оны 6 дугаар сарын 28-ний өдөр буюу 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт 6 сарын хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргах асуудал биш. Зөвхөн эд хөрөнгийн баталгаат хугацаа буюу энэ доголдлыг илрүүлэх хугацаа. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу тайлбарлаж байна. 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. Хурд групп ХХК-д мэдэгдсэн. Хурд групп ХХК-иаас албан ёсны хариу ирээд зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх түүнийг мэдсэнээс хойш шаардах хугацаа алдсан зүйл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээг хариуцагч тал зөвшөөрч байвал хариуцагчийн үүрэг гэж байгаа. Нэгэнт хариуцагч худалдагч бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа учир ямар нэгэн эд хөрөнгийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Манайхаас 78,71 метр квадратын 1 метр квадратыг 2 300 000 төгрөгөөр тооцож 181 000 000 төгрөг авчихаад 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 3 мкв дутуу байрыг тухайн үед шаардаж аваагүй та нарын буруу гэсэн асуудал ярьж байхыг хараад харамсалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1, 254.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслээд дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн буюу эд хөрөнгийн байрны мөнгө 2.41 мкв үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр энэ байрыг захиалсан гэж байна. Захиалсан биш. Өмнөх шүүх хуралдаан хойшлоход энэ байрыг улсын комисс хэзээ хүлээж авсан талаар архиваас лавлагаа ирүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байрыг улсын комисс хүлээж авсан. А.Содмандахыг захиалан бариулах гэрээ хийсэн гэж хэлж байгаа үед ашиглалтад орсон байсан. Бэлэн байсан байрыг худалдсан. Захиалсан гэдэг чинь захиалгын ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдана. Хэрвээ захиалсан бол бид үүрэг аваад гүйцэтгэх ёстой. Гэтэл А.Содмандахын хувьд бэлэн байсан байрыг худалдаж авсан. Энэ хэлцэл худалдах, худалдан авах гэрээ. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээж авсан. Тэгээд метр квадратын зөрүүний асуудлыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Эрдэнэцэцэг хэлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ буюу өмчилсөн үе 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр өмчлөөд авсан, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан талаар хавтаст хэрэгт авагдсан. Худалдах, худалдан авах хэлцэл учраас Иргэний хуулийн дагуу энэ доголдлыг 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Хурд групп ХХК-д мэдэгдсэн талаар мэдэхгүй байна. Хурд групп ХХК хэмжилт хийсэн зүйл байхгүй. 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Содмандах нь Хурд групп ХХК-тай байгуулсан орон сууцны барилгыг захилан бариулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл буюу шилжүүлэн авсан орон сууцны гэрээгээр тохирсон хэмжээний зөрүү болох 2.41 мкв дутуугийн төлбөр болох 5 543 000 төгрөгийг хариуцагч Хурд групп ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч компани уг төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй, уг орон сууцны хэмжээ гэрээнд заасан хэмжээгээр хүлээлгэж өгсөн бөгөөд, энэхүү гэрээ нь худалдах худалдан авах гэрээ тул худалдан авагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан татгалзаж, шүүх хуралдаанд мэтгэлцлээ.

Шинжлэн судлагдсан баримтуудаас дараах нөхцөл байдал тогтоогдов.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 2 сарын 11-ний өдрийн Н11/204 дугаартай орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ гэсэн нэр бүхий гэрээ нь Хурд групп ХХК-аас 2015 оны 1 сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албанаас ашиглалтад оруулах комиссын актаар хүлээн авсан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн өөрөөр хэлбэл ашиглалтад орсон орон сууцыг шилжүүлэн өгснөөр захиалагч үнийг төлж өөртөө шилжүүлэн авсан нөхцөлөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс уг гэрээний төрлийн талаар маргахгүй, гол нь шилжүүлэн авсан эд зүйл хөрөнгө болох орон сууц нь гэрээнд заасан хэмжээнээс бага буюу эд хөрөнгийн доголдолтой зүйлийг хүлээлгэн өгсөнд гомдолтой байх тул эрхээ сэргээлгэх үүднээс зөрүү төлбөрийг шаардаж байна гэсэн бөгөөд 2015 оны 3 сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжсэн бөгөөд түүний доголдлыг мэдсэн хугацаа буюу 2015 оны 6 сарын 29-ний өдөр Эм Эм Инженеринг ХХК гэсэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж тохирсон хэмжээнээс бага байгааг илрүүлсэн байна. /13-29-р хуудас/

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ:

Худалдагч тал нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 1.2-т заасан 78.71 м.кв талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэх үүрэг хүлээсэн ба эд хөрөнгийн баталгаат хугацааг тогтоогоогүй учир Э.Содмандах нь тухайн хэмжээний зөрүүг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн, иймд шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч 2015 оны 7 сарын 1-ний өдөр тус компанид өргөдөл гаргаж байсан бөгөөд тухайн компанийн борлуулалтын албанаас инженерээр хэмжилт хийлгэн 80.29 мк.в байна гэсэн хариуг ирүүлсэн гэж тайлбарлан баримтыг иш татахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг үгүйсгэж байгаа ч шүүхээс энэхүү баримтыг үнэн зөвд тооцож, нэхэмжлэгч Содмандах доголдлыг илрүүлсэн даруйд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан шаардлага гаргах эрхээ алдах тохиолдлууд илрээгүй байна гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тагт болон веранд хоёр ялгаатай хэмжээтэй байдаг, манай компаниас барьсан битүү веранд метр квадратын хувьд тагтнаас илүү хэмжигдэнэ гэсэн тайлбараа нотлож чадаагүй бөгөөд шүүхээс шинжээчээр томилогдсон ТЭТҮ ХХК-ийн маргаж буй орон сууцны хэмжээг 76.30 м.кв байна гэж дүгнэсэн дүгнэлт нь орон сууцны барилгын доторх талбай тооцох аргачлал Монгол улсын MNS6058:2009 стандартыг баримталсан бөгөөд эргэлзээгүй, тодорхой бус буюу үндэслэлгүй болоод зөрүүтэй зүйл илрээгүй тул үнэн зөвд тооцон үндэслэл болгож, 2.41 м.кв талбайны үнэ 5 543 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хэрэгт хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байгааг анхаарах талаар тайлбарыг гаргасан ч хариуцагчийн итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Д.Энхгэрэл мөн эсэхэд хариуцагч маргаагүй гэрээ болон итгэмжлэл дээрх захирал Энхгэрэл гарын үсэг зурж баталгаажуулсан зэргийг анхаарч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Хурд групп ХХК-аас 5 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Содмандахад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хурд групп ХХК-аас 103 638 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Содмандахад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА