Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00268

 

Б.Б-, П.Л-, Ч.П- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалтай,

Б.Б-, П.Л-, Ч.П- нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б-, П.Л-, Ч.П- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар ХУМК ХХК-аас 300.000.000 төгрөг гаргуулж НТ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч ХУМК ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараажийг 317.240.000 төгрөгөөр үнэлсэн, Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, 128.200.000 төгрөгөөр үнэлсэн, Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Bива сити хороолол 3/20 байр, 5-1 тоотод байрлах, 30.3 м.кв орон сууцыг 48.400.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба энэ тухай үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 151/01 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Ч.П-, П.Л-, Б.Б- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараажийн зах зээлийн дундаж үнэ нь 600.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц 350.000.000 төгрөг, Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/20 байр, 5-1 тоотод байрлах 30.3 м.кв орон сууц нь 70.000.000 төгрөгийн үнэ ханштайгаар тус тус худалдан борлогдож байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий 1 талыг баримтлан зах зээл дээр адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар захирамжаар ХУМК ХХК-аас 487.155.250 төгрөг гаргуулж НТ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ХУМК ХХК-ийн захирал Б.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан П.Л-, Ч.П- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 тоот 700 м.кв газар өмчлөх эрх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 тоот 380 м.кв газар өмчлөх эрх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 тоот 560 м.кв хувийн сууц, 80 м.кв гарааж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 тоот 224 м.кв хувийн сууц, Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хороолол, 3-20 байр 5-1 тоот 30,3 м.кв орон сууцыг тус тус битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2203025086, Г-2203007841 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, 380 м.кв талбайтай газрыг 128,200,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208, Г-2203006546 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв талбайтай гарааж, 700 м.кв талбайтай газрыг 317 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Б.Б-ийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах, 30,3 м.кв талбайтай орон сууцыг 48 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хөндлөнгийн шинжээч нь улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах, 30,3 м.кв талбайтай орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримтлан, адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үнэлгээ гаргасан байна. Шүүгч нь тухай хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайланг нягтлан үзэж, хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хэрхэн нийцэж байгаа талаар тодорхойлж дүгнэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, үүргээ хэрэгжүүлээгүй гэх өнгөцхөн дүгнэж шийдвэр гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэр нь хөндлөнгийн шинжээчийн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухай хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3 “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх”, 9.3.6 “хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл тодорхой байх”, 9.3.8 “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах” зохицуулалтад нийцээгүй байхад үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Б- өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах, 30,3 м.кв талбайтай орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон 48.400.000 мянган төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, П.Л-, Ч.П- нар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх П.Л-, Ч.П- нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Б.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар захирамжаар ХУМК ХХК 487.155.250 төгрөгийг НТ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

ХУМК ХХК захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч НТ ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох П.Л-, Ч.П- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах газар өмчлөх эрх, дээрх хаягт байрлах Ч.П-ын өмчлөлийн 224 м.кв болон 560 м.кв талбай бүхий хувийн сууц, Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3-20-ийн 5-1 тоотод байрлах 1 өрөө орон сууц зэргийг 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 18280118/02, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2018 оны 12 сарын 12-ны өдрийн тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.  

Төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийн талаар үнийг саналыг тогтоосон хугацаанд гаргаагүй, талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сэлэнгэ Эстимэйнт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Сэлэнгэ Эстимэйнт ХХК нь Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3-20-ийн 5-1 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын, өртгийн, жишиг үнийн аргуудыг хослуулан” үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Б.Б- нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, адил нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүд хэдэн төгрөгөөр худалдан борлогдож байгааг үндэслээгүй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул Б.Б-ийг өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Харин П.Л-, Ч.П- нарын өмчлөлийн дээрх нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж дүгнэн, үнэлгээг хүчингүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хэргийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ