Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

Нэхэмжлэгч: Ч.П,

Нэхэмжлэгч:             П.Л,

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг, гэрч Г.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар “Хар ус мандал констракшн” ХХК-аас 300,000,000 төгрөг гаргуулж “Нью тур” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч “Хар ус мандал констракшн” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.П, П.Л нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараашийг 317,240,000 төгрөгөөр үнэлсэн, Ч.П, П.Л нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, 128,200,000 төгрөгөөр үнэлсэн,

Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Bива сити хороолол 3/20 байр, 5-1 тоотод байрлах, 30.3 м.кв орон сууцыг 48,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба энэ тухай үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 151/01 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болно.

Ч.П, П.Л, Б.Б бид нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараашийн хамт зах зээлийн дундаж үнэ нь 600,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц 350,000,000 төгрөг, Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/20 байр, 5-1 тоотод байрлах 30.3 м.кв орон сууц нь 70,000,000 төгрөгийн үнэ ханштайгаа тус тус худалдан борлогдож байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий 1 талыг баримталсан зах зээл дээр адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үнэлгээ гаргасан байна гэж үзэж байна.

Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар захирамжаар “Хар ус мандал констракшн” ХХК-аас 487,155,250 төгрөгийг гаргуулж “Нью тур” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Хар ус мандал констракшн” ХХК-ийн захирал Б.Бтод шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан П.Л, Ч.П нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 тоот 700 м.кв газар өмчлөх эрх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 тоот 380 м.кв газар өмчлөх эрх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагын 23Б гудамж 41 тоот 560 м.кв хувийн сууц, 80 м.кв гарааш, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагын 23Б гудамж 41 тоот 224 м.кв хувийн сууц, Бямбасүрэнгийн Батзоригийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хороолол, 3-20 байр 5-1 тоот 30,3 м.кв орон сууцыг тус тус битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.П, П.Л, Б.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дүгээр захирамжаар “Хар ус мандал констракшн” ХХК-аас 302,036,396 төгрөг гаргуулж “Нью тур” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шүүгчийн захирамжид 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1340 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/20 дугаар байр, 1 тоотод байрлах, 30,3 м.кв талбай бүхий орон сууц,

-эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт П.Л, Ч.П нарын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байршилтай 380 м.кв талбайтай газар,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208, Ү-2203025086, Г-2203006546 дугаарт П.Лын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байршилтай 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв талбайтай гарааш, 224 м.кв талбайтай үйлчилгээтэй хувийн сууц, 700 м.кв талбайтай газар зэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18280118/02, 18280118/03 тоот актуудаар тус тус битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/151, 151/09, 12/03, 12/12 тоот актуудаар тус тус хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 24 тоот тогтоолоор ”Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь:

- эрхийн бүртгэлийн Ү-2203025086, Г-2203007841 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, 380 м.кв талбайтай газрыг 128,200,000 төгрөгөөр,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208, Г-2203006546 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв талбайтай гарааш, 700 м.кв талбайтай газрыг 317,200,000 төгрөгөөр,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах, 30,3 м.кв талбайтай орон сууцыг 48,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба энэ тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 30, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 151/01, 4/3574,  4/3575 тоот мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаанд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байх тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч нараас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгээгүй, томилогдсон шинжээч нь үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур үнэлсэн, зах зээл дээр адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үнэлгээ гаргасан гэх үндэслэлүүдээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд энэхүү гомдлоо 2019 оны 2 дугаар сарын 01-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гаргасан.

 

Шүүх нэхэмжлэгч нарын гомдлыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгч нар шүүгчийн захирамжийг 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, захирамжид заасан зөрчлийг арилгаж, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энэхүү гомдлыг гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, улмаар шинээр тоолох үндэслэл болсон тул энэ гомдлыг хуулийн хугацаанд гаргасан гэж үзнэ.

 

Хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор хураан авсан шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцсэн байна.

 

Шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг сонгон томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдгээрээс тойргийн журмаар сонголт хийж, үнэлгээ хийлгэх нь хөндлөнгийн шинжээчээр хөрөнгө үнэлүүлэх зарчмыг зөрчихгүй гэж үзнэ.

 

Хөндлөнгийн гэх ойлголт нь төлбөр төлөгч, төлбөр авагч болон томилогдсон шинжээчийн хооронд яригдахаас биш шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа байгууллага болон шинжээчийн хооронд хамаарахгүй асуудал тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Харин “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь эрхийн бүртгэлийн Ү-2203025086, Г-2203007841 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, 380 м.кв талбайтай газрыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208, Г-2203006546 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв талбайтай гарааш, 700 м.кв талбайтай газрыг тус тус үнэлэхдээ тэдгээр хөрөнгийн шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаагүй, үнэлгээний аргуудаас илүү ач холбогдол өгч, хөрөнгийн үнэлгээг тогтоосон жишиг үнийг хэрхэн, ямар үндэслэлээр тооцож гаргасан тооцооллоо тайландаа тодорхой тусгаагүй байх тул үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;”, 9.2.3. “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх.”, 9.3.6. “хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл тодорхой байх”, 9.3.8 “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан ... үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах” зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, зах зээлийн буюу жиших үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй тухайлбал, байршил, хийц, үйл ажиллагааны хэлбэр, ашигласан хугацаа зэрэг хүчин зүйл ойролцоо үл хөдлөх хөрөнгөнүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлдог байхад шинжээчийн харьцуулсан 2 үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн хийц, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ямар байдлаар ижил төстэй болоод харьцуулагдаж байгаа шинж байдал нь тодорхойгүй, 1 м.кв тутмын үнийн зөрүү 534,000 төгрөг /1 нь 461,000 төгрөг, нөгөө нь 995,000 төгрөг/, 2 тооны зөрүү /арифметик дундаж/ 728,000 төгрөг гарч байхад үнэлэгдэж буй хөрөнгийн 1 м.кв-ын үнийг хэрхэн тооцож 535,714-550,000 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй, ийнхүү тогтоосон үнэлгээ нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон үнэлгээчин Г.Отгонбаярын “харьцуулж байгаа 2 хөрөнгийн м.кв тутмын үнийн арифметик дунджаас 5% бууруулан тооцсон” гэх тайлбартай нийцэхгүй байгаа нь тухайн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндсийг бүрдүүлсэн болно.

 

Иймд тухайн тайлангаар тогтоогдсон үнэлгээг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын гомдлоор уг үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгийн үнэлгээг тогтоосон тайлан нь хуульд нийцээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шүүх зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлохыг нэхэмжлэгч нараас шаардах боломжгүй болно.

 

Харин нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах, 30,3 м.кв талбайтай орон сууцыг 48,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч энэ үнэлгээг зах зээлийн үнээс харьцангуй доогуур тогтоогдсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй, шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Ч.П, П.Л нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2203025086, Г-2203007841 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, 380 м.кв талбайтай газрыг 128,200,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208, Г-2203006546 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж, 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв талбайтай гарааш, 700 м.кв талбайтай газрыг 317,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Б.Бийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах, 30,3 м.кв талбайтай орон сууцыг 48,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.П, П.Л нарт олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ө.УЯНГА