| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2018/00034/э |
| Дугаар | 2018/ДШМ/34 |
| Огноо | 2016-10-03 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2018/ДШМ/34
Т.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
Прокурор Д.Ганцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
Шүүгдэгч Т.Ц /цахим сүлжээгээр/
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулсан шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн 1827000000014 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутаг Луваанжалбын 8-31 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бөө овогт Т.Ц
Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн хязгаарлалтын бүсэд томилогдон ажиллаж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн иргэн Б.Ө-г алсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Т.Ц-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-г 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ц-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-н цагдан хоригдсон 148 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 -т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь хохирол нийт 5 891 820 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангах 5 565 860 төгрөгийг Т.Ц-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгож, үлдэх 325 960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Д.Б нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, Т.Ц-н бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Т.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутал, тамхины иш, тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ц-н өмчлөлийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Л 11 дүгээр гудамж 27 тоот байдаг 836 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн зүйлсийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтооолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзэж, Т.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Өлзийтийн худаг” гэх газар 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө иргэн Б.Ө-г алсан гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж өөрийн гэм бурууг ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрийн хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Цаашид өөрийн гэм бурууг цайруулж, үргэлж буян үйлдэж явах болно. Шударгаар хөдөлмөрлөж талийгаачийн ар гэрийн хүмүүст мөнгөн тусламж үзүүлж явахаа илэрхийлж байна. Миний бие хэргээ үнэн зөвөөр нь хүлээж, хохирлоо төлж, өөрийн гэм бурууг чин сэтгэлээсээ ойлгож гэмшиж байна. Мөн ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн заалтаар ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн хүнд оногдуулах ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү. Би өөрийн гэм буруугаас болж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо туйлын ихээр харамсаж өөрийн гэм буруугаа ойлгож чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгт минь оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж, надад үлдсэн насандаа амьдрах мөн талийгаачийн ар гэр, үр хүүхдүүдэд нь хоёргүй сэтгэлээр тусалж, шударгаар хөдөлмөрлөж мөнгөн тусламж үзүүлж явах болно. Мөрдөн байцаагчийн саналаар прокурорын шийдвэрээр битүүмжлэгдсэн гэр бүлийн хэрэгцээний 836 м2 газар, Тоёото марк-2 маркын автомашин зэргийг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү ...гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, ялтан Т.Ц-н үйлдсэн гэмт хэргийг буруу зүйлчилж, ёс төдий ял шийтгэл оногдуулж ялтанд ял завшуулж, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалсангүй гэж дүгнэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4,1.11 дэх хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчиж, хохирогч Д.Б миний хууль ёсны эрх ашгийг хохироож, ялтан Т.Ц-н үйлдсэн гэмт хэргийг илт буруу зүйлчилж, ёс төдий ял шийтгэл оногдууллаа. Ялтан Т.Ц нь миний хүүгийн амь насыг онц харгис хэрцгийгээр, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж амь насанд халдсан гэмт хэрэг үйлдсэн байх тул энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.9 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 31 тоот актад тэмдэглэснээс үзвэл миний талийгаач хүү Б.Ө нь гавал тархины хүнд гэмтэл болон олон тооны хавирга хугарсан, шарх сорив авсан нь ялтан Т.Ц-н онц харгис хэрцгий халдлагаас шалтгаалж нас барсан байна. Үүнийг дараах гэрчүүдийн мэдүүлэг нотолж байна. Гэрч Б.С “... Миний ард Ц зогсож байснаа Ө ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Ц өнгөрдөг Ө-г заамдаж босгоод дагуулж гарсан, чирээд гэрт оруулж ирсэн” гэж мэдүүлснээс үзвэл ялтан Т.Ц онц харгис хэрцгий авирласан байна. Мөн гэрч Г.М “...талийгаач ах нааран дээр суугаад чи ахыгаа яагаад зодож байгаа юм гэж хэлээд сууж байхад Ц яасан гэнээ хэдэн хавирга хугарсан гэнээ гэж хэлж байснаа гэнэт өшиглөсөн” гэжээ. Миний талийгаач хүү Ц-д хандаж өмнөх зодуураас нь бэртэж гэмтсэнээ учирлаж хэлсээр байхад дахин зодож цохисон нь онц харгис хэрцгийгээр амь насыг алсан нь хэнд ч ойлгомжтой байхад хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэхэд үнэхээр итгэл үнэмшил алга. Хохирогч ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр өөрийнхөө гэмтлийг учирлан тайлбарласаар байхад дахин довтолж амь насыг нь бүрэлгэж байгаа ялтан Т.Ц-н үйлдлийг амьдрал дээр байдаг энгийн нэг ердийн таарамжгүй харилцааны зүйл мэтээр дүгнэж байгаа шүүхийн дүгнэлтийг эрүүл ухаантай хэн ч хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Миний талийгаач хүүгийн бие мах бодид олон тооны шарх сорив учирч эрүүл эрхтэн үлдээгүй шахам байхад шүүх онц харгис хэргийгээр зүйлчлэх биш, “найрсагаар” амь насыг нь авсан байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийлээ. Талийгаач хүүгийн амь насыг хөнөөсөн нэг үндсэн шалтгаан нь тухайн үед гүйцэтгэж байсан үүрэгтэй холбоотой байхад ялтан Т.Ц-н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.9-д заасныг давхар зүйлчлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хүү Б.Ө, ялтан Т.Ц-тэй тохиолдлоор уулзаж ахуйн шинжтэй хэрүүл маргаан хийж байгаад амь насаа алдаагүй. Түүнийг албан үүрэгтэй нь холбогдуулж алсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ялтан Т.Ц-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг буруу гэж дүгнэж байсан учраас хохирогч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр, өмгөөлөгч авхуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна. Хэрэв би шүүх хуралдаанд оролцсон бол энэ бүх үйл явдлыг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэх байсан учраас хохирогч намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Хохирогч миний бие мэргэжлийн хуульч биш боловч дээд боловсрол эзэмшиж, эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажиллаж, амьдралын туршлага хураасан багш хүний хувьд хэлэхэд шүүх энэ хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд болж өнгөрсөн үйл явдлыг буруу үнэлж, ялтан Т.Ц-н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Хэрэг учрал болсон газрын гэрийн унь, сандал зэрэг эд зүйл хугарсан эвдэрсэн, цустай холилдсон тоосго байсан зэрэг нь тэнд болсон үйл явдал онц харгис хэрцгий байсныг нотолж байхад шүүх үүнд дүгнэлт хийсэнгүй. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх дараах асуудалд үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Миний талийгаач хүү Б.Ө нь ялтан Т.Ц-д зодуулж хавиргаа хугалуулсан талаар хамт байсан Б.Б, Б.С, Г.М нар хэлсээр байхад, ялтан Т.Ц амь насанд нь халдахаар гэрээс чирээд гарч байхад тусламж үзүүлээгүй дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх ёстой биш гэж үү. Иргэн хэн боловч хүний амь нас аюулд учирч байхад туслалцаа үзүүлэх үүрэгтэй . Ялтан Т.Ц-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан эдийн шинжтэй нөхөн төлөх ёстой гэм хорын хохирлыг хэрхэн яаж барагдуулахыг шүүх тогтоосонгүй. Миний талийгаач хүүгийн ар гэр нь ажилгүй, орлогогүй таван хүн үлдэж, банкны зээлийн өр 12000000 төгрөг, оюутны сургалтын төлбөр 1200000 төгрөгийн төлбөр төлөх болж байна. Харилцагчаа алдсан банкны байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэм буруутай этгээд болох ялтан Т.Ц-н битүүмжлэгдсэн хөрөнгөөр энэхүү 12000000 төгрөгийг төлүүлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ бүхнээс гадна хохирогчийн ар гэр хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн тэжээн тэтгүүлэгчээ алдсаны нөхөн олговор, сэтгэл санааны хохирол байна. Гэм буруутай гэж тогтоогдсон хүн энэ бүх мөнгөн төлбөрийг төлөх нь нийгмийн шударга ёсны шаардлага биш гэж үү.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Энэ хэрэгт хяналт тавих шүүн таслах харъяаллыг өөрчилж, ашиг сонирхолын зөрчилгүй газарт хэргийг шилжүүлж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн хязгаарлалтын бүсэд томилогдон ажиллаж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнд зэргийн согтолттой байсан иргэн Б.Ө-г Бүрд сум руу явах гэснийг хориглох үүднээс зодож үүсгэн алжээ.
Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 498.2 дахь хэсэгт зааснаар эхний ээлжинд гэм хорын хохирол хариуцвал зохих цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татахаас бусад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй байна.
Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан
“...Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд: Баруун чамархайд 5x4.4см төвдөө 1.8см шарх бүхий улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун хөмсөгний дотор хэсэгт 2.5х0.2см, духны баруун дээд хэсэгт 0.7х0.4см баруун нүдний дээд зовхинд 1х0.4см, духны зүүн хэсэгт үсний захад 3.2x1см, духны зүүн дунд хэсэгт 2.5х2см, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа хэсгийг хамарсан 9х8см, хамрын нурууны үзүүр /доод/ хэсэгт 1.5х2см, дээд уруулын баруун дээд хэсэгт 0.4х0.3см, доод эрүүний шонтон хэсэгт 0.4х0.2см, баруун мөрны гадна хэсэгт 6.5х2.3см, дагзны төвгөрийн баруун хэсэгт 1см урттай шархтай байх ба тус шархаар цусархаг зүйл гарна. Баруун гарын шууны дотор дээд хэсэгт 5.7х2см, баруун гарын шууны урд доод хэсэгт 6x1.8см, зүүн гарын алганы ар хэсэгт 0.4х0.3см, 0.2х0.2см, 0.1х0.1см, 0.2х0.1см улаан хүрэн өнгийн зулгаралттай. ...Мөн баруун гарын алганы ар хэсэгт 0.Зх0.Зсм, ар дунд хэсэгт 0.4х0.3см, 0.2х0.2см, алганы ар доод хэсэгт 0.5x0.3см, 0.7х0.6см, 0.2х0.2см, 0.2х0.7см, хүрэн улаан өнгийн зулгаралттай. ...Хэвлийн баруун доод хэсэгт 0x5x0.2см олон тооны зураглал бүхий зулгаралттай, хэвлийн баруун хажуу хэсэгт 6x2.1см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, хэвлийн баруун дээд хэсэгт 4x2.4см зүүн хавирганы нуманд 1.8х1см, 0.1х0.1см, 0.2х0.2см, зүүн 8,9,10-р хавирганы түвшинд 5x4.5см бүдэг улаан ягаан өнгийн зулгаралттай. Хэвлийн зүүн доод хэсэгт зүүн ташаанд 8.5x1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай мөн 3x1.8см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн гуяны гадна дээд хэсэгт 7x4.8см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн гуяны урд дунд хэсэгт 8x0.2см, зүүн өвдөгний дээд хэсэгт Зх2см улаан хүрэн өнгийн зулгаралттай ... . Цээжний хэнхэрцэгт: Баруун 9,10,11-р хавирга далны дотор шугамаар хугарсан. Цээжний хэнхэрцэгт: Зүүн хэсэгт 6,7,8-р хавирга эгэмний гадна шугамаар хугарсан байв...” гэсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцад талийгаач Б.Ө-н цогцост хийсэн үзлэг шинжилгээ,
“...Гавал тархины битүү гэмтэл: Аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт. Зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх. Баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8-р хавирганы хугарал.
Тархины дарагдалт, хаван. Дотор эрхнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал.
Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт... ...” гэсэн шүүх эмнэлгийн онош,
“...Талийгаач Б.Ө-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах цохигдох, хатуу биет мөргөх дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой... Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй байдал, толгой нүүрний хэсгийн бохирлогдсон хатсан, шингэн цус зэрэг шинж тэмдэгээрээ шинэ гэмтэл болно... Талийгаач Б.Ө нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн талийгаач Б.Ө-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний Өвөрхангай аймгийн Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот дүгнэлт/4-р хх-ийн 136-137х/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “F06949505” гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна ... гэсэн талийгаач Б.Ө-н цусанд хийсэн Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3653 тоот дүгнэлт/ 4-р хх-ийн 193х/, гэрч Б.С /1-р хх-ийн 65-66х, 4-р хх-ийн 46-47х/ Т.Н/4-р хх-ийн 63-67х/ Б.Б/1-р хх-ийн 73-74х/, Г.М /1-р хх-ийн 75-76х, 4-р хх-ийн 35-39х/ нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Ц нь иргэн Б.Ө-г алахдаа түүнд олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн байхад прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх нарийвчлан дүгнэлгүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “ ... шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан болон үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхойлоогүй/ дурдсан зүйл хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ талаар давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Т.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-с Б.Б, Б.С, Г.М нарыг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, банкны байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохыг хүссэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул Т.Ц-н давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Т.Ц-н холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ялын доод хэмжээ нь найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулж болохоор заагдсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Бөө овогтой Т.Ц-д холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг мөн шүүхэд буцааж, Д.Б-н давж заалдсан гомдлын зарим хэсгийг /магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан/ хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хүргэгдэн очтол Т.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.