Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0069

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 24 өдөр             Дугаар 128/ШШ2020/0069           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД:5539765/,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,

Хариуцагч: Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийж буй нь хууль бус болохыг тогтоолгох, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээллэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш,  Б.Ж, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ц.С, өмгөөлөгч Д.Т, иргэдийн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТГ-т эрх олгосон Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Ингэснээр Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй болсон. Гэтэл тус төв нь дээрх шийдвэрийг үл хэрэгсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд барилга байгууламжийн олон зуун зураг төсөлд ямар ч зөвшөөрөлгүйгээр магадлал хийж, дүгнэлт гаргаж, хууль бус ашиг олсоор байна.

Энэ талаар Барилга хот байгуулалтын яаманд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хүргүүлэн тухай бүр нь шаардаж байсан боловч яамны зүгээс дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авахгүй өнөөдрийг хүрлээ. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор Улсын дээд шүүхийн 264 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар Барилга хот байгуулалтын яаманд салбарын мэргэжилтнүүд олон удаа амаар болон бичгээр хүсэлт тавьж энэ хууль бус ажиллагааг зогсоохыг 2016 оны 08 дугаар сараас хойш тэсвэртэй хүлээсэн байдаг. Барилга хот байгуулалтын сайд Б, Ц, М, Б нарт удаа дараа хүсэлт тавьсан. Яамны төрийн нарийн бичгийн дарга С.М болон хуулийн хэлтсийн ажилтнуудад энэ талаар шаардлага тавьж байсан боловч арга хэмжээ аваагүй, байгууллага иргэдээс төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэхгүй өнөөг хүрсэн болно.

Энэ асуудалд Барилга хот байгуулалтын яамнаас хандаж байгаа хандлага нь шүүхийн шийдвэрийг үл марган хэрэгжүүлэх үүргээ умартан магадлал зохион байгуулах ажиллагааг магадлал хийх ажил мэтээр шүүхийг төөрөгдүүлсэн тайлбар хийж төрийн чиг үүрэг шилжүүлсэн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор халхавчлан, Барилгын хөгжлийн төвийн магадлал хийж, хууль бус орлого олж ашиг сонирхлын болон гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлийг хаацайлсан, хууль бус ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг цаашид авахгүй нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн мэдэгдлийн агуулгаас тодорхой боллоо.

Энэ байдал нь Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх, шүүхийн шийдвэр төгс биелэгддэг байх үндсэн зарчим зөрчигдөж байна. Магадлалыг зохион байгуулах үүрэгтэй этгээд өөрөө магадлал хийж байгаа нь, улмаар түүнээсээ татгалзахгүй улайран зууралдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гаргаж байгааг Барилга хот байгуулалтын яам цаг алдахгүй зогсоох үүрэгтэй гэж үзэж байна. Энэ байдал нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, бүх шатны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх, шүүхийн шийдвэр төгс биелэгддэг байх үндсэн зарчим зөрчигдөж байна.

Харин ч магадлалыг зохион байгуулах чиг үүрэг шилжүүлсэн огт хамааралгүй Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг магадлал хийх эрх авсан мэтээр гуйвуулан тайлбарлаж, хууль бус үйлдлээ халхавчлах болов. Зохион байгуулах үүрэгтэй этгээд өөрөө магадлал хийж байгаа нь, улмаар түүнээсээ татгалзахгүй улайран зууралдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа явдал гэж үздэг. Улмаар магадлал хийх эрхгүй болсон Барилгын хөгжлийн төв нь манай компанийн талаар үндэслэлгүй сөрөг, мэдээлэл, мэдэглийг өөрийн сайтаар дамжуулан аймаг хотуудад хүргүүлж, манай компанийн эрх ашгийг хохироосон.

Түүгээр ч зогсохгүй магадлал хийх эрх олгосон шийдвэрийг нь хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш тус төв нь Зураг төслийн магадлалын хэлтэс шинээр байгуулан олон зуун барилгын магадлалыг хууль бусаар хийж, үлэмж их хөлс төлбөр хурааж, ашиг олсоор байна. Барилгын хөгжлийн төвийн хууль бус ажиллагаанаас үүдэн аймаг хотуудын барилга обьектуудын ажил зогсож, барилгачид компаниудын ажил зогсож, маргаан дагуулж байгаа юм.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-д магадлал хийх эрх олгосон Барилга хот байгуулалтын сайдын 37 дугаар тушаалыг 2016 онд хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн 264 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн тогтоол хэрэгжихгүй байгаа. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь “37 дугаар тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа. Бид 2018 оны 51 дүгээр тогтоолын дагуу магадлал хийх эрхийг зохион байгуулж байгаа” нэрийдлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг хийж байгаа юм. Шүүхийн шийдвэр нь нэг мөр биелэгдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл уг шийдвэр нь биелэгдэхгүй байсаар өнөөдрийг хүртэл барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн  нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэр дундаа нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа одоогийн байдлаар зогссон байдалтай байна. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь өөрсдөөс нь бусад газраар магадлал хийлгэсэн нь хууль бус, хүлээж авахгүй байх тухай бичгийг 21 аймаг, 9 дүүрэгт тарааж биднийг хохироосон. Барилгын тухай хуульд заасан барилгын зураг төсөлд магадлал хийх эрхийг хааж боогдуулсан гэж үзэж байна. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бус ажиллагаанаас болж нэхэмжлэгч компанийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. 

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бус ажиллагааны талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт хангалттай хавсаргасан. Үүнд: Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын магадлал хийсэн ерөнхий дүгнэлтүүд, магадлалын хөлс төлбөр авсан санхүүгийн болон харилцагч банкны баримтууд, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын шилэн дансны мэдээллүүд, магадлал хийж байгаагаа хүлээн зөвшөөрч өөрсдөө сонин хэвлэлд өгсөн ярилцлагууд, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хамаарна. Эдгээр нотлох баримтуудаар Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийх эрхгүй гэдэг нь хангалттай нотлогдож байна. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийхтэй холбоогүй талаар талууд маргаагүй. Нэхэмжлэлд огт хамааралгүй магадлалын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан чиг үүрэг шилжүүлэхийг сайдад зөвшөөрсөн Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг магадлал хийх эрх олгосон мэтээр тайлбарласаар өнөөдрийг хүрч байна. 2018 оны 51 дүгээр тогтоол нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй холбоотой зохицуулалт. Одоогийн байдлаар Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т зураг төсөлд магадлал хийх эрх олгосон ямар ч шийдвэр байхгүй. Чиг үүрэг шилжүүлсэн ямар ч гэрээ хийгдээгүй, магадлал хийх талаар Барилгын хөгжлийн төвийн дүрэмд тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл магадлал хийх эрх олгосон захиргааны акт одоогийн байдлаар байхгүй. Магадлалын хөлс нэрийдлээр мөнгө хураах шийдвэр гараагүй. Барилга хот байгуулалтын сайдын магадлалын чиг үүрэг шилжүүлсэн, магадлал хийх үүрэг оногдуулсан тушаал шийдвэр гараагүй байна. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ ч байхгүй.

Харин Барилга хот байгуулалтын сайд нь магадлал хийх этгээдийг сонгон шалгаруулах журмыг хоёр удаа баталсан байдаг ч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь энэ сонгон шалгаруулалтыг 4 жилийн хугацаанд зохион байгуулаагүй. Харин өөрсдөө магадлал хийж хууль бусаар ашиг олж байгаа үйлдэл байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Харин Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бус үйлдэл, хууль бус орлогын талаарх баримтууд хэрэгт хангалттай авагдсан байдаг.

Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.14 дэх заалтад “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээгээр зохион байгуулах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ” гэж заасан байхад экспертүүдийн өмнөөс магадлалын ерөнхий дүгнэлт гэх хаанаас баталсан нь мэдэгдэхгүй эрх зүйн акт гаргаад, тамга тэмдэг дараад экспертүүддээ ажлын хөлснөөс 70 хувийг олгож, өөрсдөө 30 хувийг авдаг. Энэ 30 хувийг авах ёстой гэдгийг баталсан шийдвэр байхгүй байхад 4 жилийн хугацаанд хууль бусаар орлого олсон байна. Мөн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эскпертэд тавигдах  шаардлагыг огт хэрэгжүүлээгүй. Экспертийн эрх бүхий хуулийн этгээд техникийн шийдлийн талаарх дүгнэлтийг гаргаж эксперт өөрөө хариуцлага хүлээдэг. Одоо гаргаж байгаа дүгнэлтийг харахад Барилгын хөгжлийн төв хариуцлага хүлээх юм шиг харагдаж байгаа. Зохион байгуулна гэдгийг нэхэмжлэгч тал өөрөөр ойлгож байгаа. Харин магадлал хийхэд тусдаа хэлтэс байгуулаад магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн мөнгө хурааж байгааг хууль бус буюу магадлал хийх эрхгүй гэж ойлгож байна. Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх олгох иргэн хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журмыг сайд өөрөө баталж, магадлагч нь гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг ганцаараа хүлээдэг. Энэ үйлдлийг хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч компанийг магадлал хийх бүртгэлтэй талаар, мөн эрх цуцалсан талаар шийдвэр гараагүй. Зөвлөх үйлчилгээний гэрчилгээ болон хуулийн этгээдийн гэрчилгээний дагуу олгогдсон магадлал хийх эрх байгаа. Энэ утгаараа манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь зураг төсөлд магадлал хийх эрхгүй. Зохион байгуулах нэрийдлээр магадлал хийж байгаа үйлдэл нь хууль бус болохыг, магадлал хийх эрхгүй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу тогтоож өгнө үү. Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа таслан зогсоохыг шаардаж хүсэлт гаргаж байсан ч шийдвэрлээгүй. Иймээс Барилга, хот байгуулалтын яам нь дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бус үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль эрх зүйн актад Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-д эрх олгосон ямар нэгэн зохицуулалт байхгүй. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд барилгын үйл ажиллагаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 15 чиг үүрэгтэй байх талаар зохицуулсан. Гэвч хуулиар тусгайлан чиг үүрэг олгосон байгууллага байхгүй байгаа. Монгол Улсын Их Хурлаас энэ чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг байгуулаагүй учраас энэ чиг үүргийг зөвшөөрөлгүйгээр хийдэг хувь хүн, хуулийн этгээд их гарч ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор байхгүй агентлагийн зарим чиг үүргийг сайдад зөвшөөрсөн заалт байдаг. Өөрөөр хэлбэл зөвшөөрсөн байгаа тохиолдолд сайд шийдвэр гаргаж энэ чиг үүргийг шилжүүлсэн байх ёстой. Мөн энэ чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан захиргааны гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл дээрх ажиллагаануудыг хийгээгүй байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн чиг үүргийг шилжүүлсэн  тохиолдолд тухайн агентлаг улсын төсвөөс санхүүжиж, үйлчлүүлэгчдээс хөлс төлбөр авахгүй байх талаар хуулийн заалтыг  ноцтой зөрчсөн. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг нууцаар гүйцэтгэж байгаа гэмт үйлдлийн шинжтэй үйлдэл харагдаж байна. Үүнийг анхааран үзэхийг хүсэж байна.

Захиргааны ерөнхий хуульд төрийн байгууллагуудад ямар байгууллагууд хамаарахыг тодорхой хуульчилсан. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь төрийн байгууллага атлаа ашиг сонирхлын зөрчил гаргаж байна. Энэ асуудлыг таслан зогсоох үүднээс манай талаас удаа дараа Барилга хот байгуулалтын яам, Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн байнгын хороонд хандсан. Барилга хот байгуулалтын сайдад хүргүүлсэн албан бичиг нь хавтаст хэрэгт авагдсан. Хууль зүйн яаманд хүргүүлсэн албан бичгийн хариу ирэхгүй их удсан болохоор бид өөрсдөө энэ талаар асууж тодруулахад Хууль зүйн сайд нь Барилга, хот байгуулалтын яаманд албан бичиг хүргүүлсэн байсан. “Барилгын тухай хуульд  “..... чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” гэж заасан байна. Уг заалтад хамаарах эрх бүхий байгууллага гэдэгт ямар байгууллага хамаарах, түүнчлэн төрийн бус мэргэжлийн байгууллагад Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь хамаарах эсэхийг нягталж үзээд 51 дүгээр тогтоолыг гарга” гэсэн хариу өгсөн нь манай байгууллагад ирэхгүй дарагдсан байхад нь бид өчигдөр олж авсан. Ингэж анхааруулсаар байтал 51 дүгээр тогтоол гарсан байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь магадлалыг өөрөө хийгээд өөрөө хариуцлага хүлээ гэсэн утгатай биш юм.

 Магадлалыг зохион байгуулах чиг үүрэг гэж байдаг. Уг чиг үүрэгт дараах чиг үүрэг хамаарна. Үүнд: магадлал хийгчдийн өргөдлийг хүлээн авна, тэдгээрийг дунд сонгон шалгаруулалт зохион байгуулаад, сонгогдсон этгээдэд эрх олгож, гэрээ байгуулна,  гүйцэтгэсэн ажлын тайланг авах, гүйцэтгэсэн ажилд нь хяналт тавина, эрхийг нь цуцална, эрхийг баталгаажуулна гэх мэт хамаарна. Эдгээр чиг үүргүүд нь төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг юм. Магадлал хийх гэдэг нь захиалагчийн хүсэлтийг хүлээн аваад зураг төслийн иж бүрдлийг хянаад экспертүүдийг томилж, ажлыг хуваарилж, инженер техникийн дагуу зураг төсөлд засвар оруулж, техникийн шийдэл зөв эсэхийг тогтоож, зураг төслийн дагуу барилга барих боломж байгаа эсэхийг судалж, экспертүүдийн хэсэгчилсэн болон ерөнхий дүгнэлтийг гаргаж баталгаажуулж, үүний дагуу мэргэжлийн хариуцлага хүлээхийг ойлгоно. Мөн эрх олгосон байгууллагадаа ажлын тайланг гаргаж өгөх, экспертүүдтэй дотооддоо гэрээ хийх ёстой. Үүний дагуу ажлын хөлс олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж улсын өмнө хариуцлага хүлээх ёстой. Гэтэл зохион байгуулах нэрийн дор энэ үүргийг далимдуулж мөнгө хурааж, гэрээ хийж байгааг экспертүүд эсэргүүцэж байгаа юм. Хуульд заасны дагуу авсан мөнгөнөөсөө ашиг олж болохгүй. Гэтэл 30 хувийг ашиг болгон авч байгаа нь хууль бус байна.

Зохион байгуулах эрх олгосонтой холбоотой асуудлыг өнөөдөр бид яриагүй. Хууль бусаар магадлал хийж байгаа асуудлын талаар ярьж байна. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийх эрхтэй талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Захиргааны гэрээ байгуулсан гэдгийг нотлох баримт байхгүй. Мөн өмнө нь эскперт хийж байсан иргэн аж ахуйн нэгжийг шахаж дарамталж, манайхаас өөр газар эксперт хийж болохгүй гэж байгаа юм. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болж байна. Манай компани 16 экспертүүдээс бүрдэж байна. Бүх экспертүүд 2019 онд ажилгүй байсан. Экспертүүдийн жагсаалтад манай компаниас А.Э, н.Д нар орсон байсан.

Магадлах хийх эрх гэдэг нь зөвлөх үйлчилгээний нэг төрөл гэдгийг Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу батлагдсан дүрэмд тодорхойлсон. Уг дүрмийн 4.2.8 дахь заалтад “барилгын зураг төсөлд магадлал хийх гэдэг нь зөвлөх үйлчилгээ” гэж тодорхойлсон байдаг. Манай компанийн эрхтэй эрхгүй эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцээгүй. Манай эрхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан тайлбарлах ёстой гэж бодож байна. Улсын бүртгэлд бүртгүүлснээр зөвлөх үйлчилгээний эрх үүснэ. Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр тогтоол гарснаас хойш манай байгууллага нь 9313 гэсэн кодоор гэрчилгээ авсан байгаа.

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын статус тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл барилгын чиглэлийн мэргэжлийн байгууллага эсхүл бизнесийн чиглэлийн байгууллага эсэх нь тодорхойгүй байна. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь өөрийгөө санхүүжүүлнэ гэсэн зохицуулалт байдаг болохоор барилгын салбарын мэргэжлийн үйл ажиллагааг манайх нэгтгэж авна гээд ямар ч эрх, зөвшөөрөлгүйгээр магадлал хийж барилгын салбарын хүмүүсийг бухимдуулаад байгаа үйл баримт харагдаж байна. Хэрэв хуулийн этгээдийг 2016 онд хууль батлагдсанаас хойш сонгон шалгаруулсан байсан бол Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь энэ үйл ажиллагаанд оролцохгүйгээр хуулийн этгээдүүд нь экспертүүдээ хийгээд явах боломжтой байсан. Хариуцагч нарт удаа дараа гомдол гаргаад байхад хариу өгдөггүй. Энэ үйл ажиллагаа нийгэмд их хортой байгаа. Захиалагч нар  нь манайхаар хийлгэсэн зураг төслөө авч очоод барилга эхлүүлэх зөвшөөрлөө авах гэхээр Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас явуулсан бичиг нь цаад хүн дээрээ очсон байдаг болохоор барилгын зөвшөөрөл олгогдоогүй, эсхүл барилгыг ашиглалтад оруулахгүй шахаж хавчих асуудал гарч байна. Энэ бол зөвхөн 2 газрын хоорондын маргаан биш. Нийгмийн асуудал болоод байгаа юм. Анхнаасаа Монгол Улсын Засгийн газраас Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг агентлаг болгосон байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тэгэхээр 51 дүгээр тогтоолын дагуу сайдад зөвшөөрөл олгоод, сайд тушаалаар Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т эрх шилжүүлсэн зүйл огт байхгүй. Мөн одоо хүртэл сонгон шалгаруулалтыг зарлахгүй байна. Шүүх бүрэлдэхүүнийг шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.” гэв.

 

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Засгийн газрын 2012 оны “Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах” тухай 47 дугаар тогтоол, 2014 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх” тухай 251 дүгээр тогтоол болон 2018 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” тухай 51 дүгээр тогтоолын дагуу барилга байгууламжийн зураг, төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т шилжүүлсэн.

Бидний зүгээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Засгийн газрын 51 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа тул тус яамтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд 3 баримтын талаар ярих шаардлагатай болдог. 1. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам. Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарт энэ талаар маргахгүй гэсэн тул энэ талаар тайлбар хэлэхгүй үлдээе. 2. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрэм байдаг. Энэ  дүрмээр зураг төсөлд магадлалыг хэрхэн явуулах, түүнийг хэрхэн зохион байгуулах зэрэг харилцааг зохицуулдаг. 3. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх журам”-аар магадлалын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар зохицуулсан. Энэ журмын 2.4 дэх хэсэгт “ажлын зургийг эх загвар зургийн дагуу боловсруулан хянаж, ажлын зурагт магадлал хийсэн мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг үндэслэн магадлалын ерөнхий дүгнэлтийг нэгжийн орон тооны мэргэжилтнүүд бичнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас үүнийг хуулийн дагуу эрх олгогдоогүй гэж тайлбарладаг. Энэ журам нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хууль зүйн яамны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3541 дугаарт бүртгэгдсэн. Гэтэл үүнийг  Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т эрх олгогдоогүй мэтээр ташаа ойлгож тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний мэдлэг дутуу, мөн судалгаа ажил хангалттай хийгээгүй гэж харагдаж байна.

Мөн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь захиргааны гэрээ байгуулаагүй гэсэн асуудал яригдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Барилгын хөгжлийн төвд зохион байгуулах чиг үүргийг шилжүүлсэн. Энэ чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захиралтай Барилга хот байгуулалтын сайд үр дүнгийн гэрээ байгуулан магадлал хийх чиг үүргийг зохион байгуулах талаар тодорхой тусгасан байдаг. Өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулах журмыг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 удаа баталсан байдаг юм. 2008 оны хуулийн дагуу экспертүүдийг сонгон шалгаруулж байсан. 2016 оны хууль хүчин төгөлдөр болсны дараа энэ журмыг 2018 онд шинэчилсэн. Сүүлд батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдаж байгаагүй.  Хуучин журмаараа явагдсан. Хуулийн этгээдэд огт экспертийн эрх олгож байгаагүй. Өмнө нь туршилтын журмаар 2 компанид олгож үзсэн асуудал байдаг. Тэгэхээр одоо зөвхөн иргэдээр гүйцэтгүүлж байгаа.

Маргаан үүсгэж байгаа нөхцөл байдлын хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудтай хамааралтай байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Бид энэ чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

 

Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэг.Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зураг төсөл төсөвт магадлал хийх ажлын эрх олгох” тухай 37 дугаар тушаалыг Улсын дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Энэхүү тушаалыг шүүх хүчингүй болгохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0418 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор “Э” ХХК-ийг магадлал хийх эрхгүй болохыг мөн тогтоосон.

Барилгын хөгжлийн төвд Барилга, хот байгуулалтын сайд эрх хэмжээнийхээ хүрээнд олгосон магадлалын ажлыг зохион байгуулах тушаалыг шүүхээс нэгэнт хүчингүй болгосон хэдий ч тухайн үед эрх олгосон Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх” тухай 251 дүгээр тогтоолд Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн тул энэхүү тогтоолын дагуу магадлалын ажлыг зохион байгуулж ажилласан.

Хоёр. Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” тухай 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 10 чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү чиг үүргүүдийн нэг болох 34.1.4 дүгээр зүйлд заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тус төв хэрэгжүүлэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Гурав. 2008 оны Барилгын тухай хууль, 2016 оны Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад аль алинд нь магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийх гэсэн 2 өөр ойлголт болохыг заасан байдаг. 2008 оны Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг энэхүү байгууллага гүйцэтгэхээр заасан байдаг. 2016 оны Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилсан бөгөөд үүнд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэг заагдсан байдаг.

Магадлал хийх ажлыг зохион байгуулах гэдэг нь магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулан ажиллуулах, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг хүлээн авч, магадлал хийх эрхтэй экспертүүдэд хуваарилан, холбогдох хэсгийн магадлалын дүгнэлтийг гаргуулан авч нэгтгэх үйл ажиллагааг багтаасан ойлголт юм. Магадлал хийх гэдэг нь Барилгын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтанд орж, холбогдох хэсгийн зурагт магадлал хийх эрх авсан иргэн /эксперт/, хуулийн этгээдийн мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагаа юм.

2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг”, 4.1.16 “барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтцийн бат бэхийн шийдэл, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон.

Иймд тус төв нь магадлал хийгч этгээд биш бөгөөд харин барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж магадлал хийх ажлыг зохион байгуулж буй төрийн байгууллага бөгөөд магадлал хийх ажлыг зохион байгуулахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам”, Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг тус тус баримтлан ажиллаж байгаа болно.” гэжээ.

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын өмгөөлөгч тайлбартаа:  “Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 44 дүгээр тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-г байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэсэн заалтыг үндэслэн байгуулагдсан. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын дүрмийн 8.1.2 дахь хэсэгт “үйлдвэрийн газрын орлогын эх үүсвэр нь ажил үйлчилгээний орлогоос бүрдэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг юм. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэсэн байдаг. Үүнийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аар гүйцэтгүүлэхийг даалгасан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг баталсан. Үүнийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний 108 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Энэ дүрмийн 6.1 дэх хэсэгт “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.2 дахь хэсэгт “захиалагч төсөлд магадлал хийх хүсэлтийг энэ дүрмийн 6.1 дэх хэсэгт заасан байгууллагад гаргана” гэж заасан. Үүний дагуу Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг магадлалыг гардан хийдэггүй. Өөрөөр хэлбэл дээрх дүрэмд заасны дагуу магадлал хийх ажлыг зохион байгуулж, сонгон шалгаруулалт зарлах, сонгох, томилох ажлуудыг хийх талаар дүрэмд зааж өгсөн. Энэ дүрмийн 8.3 дахь хэсэгт “захиалагчтай магадлал хийх ажлыг зохион байгуулах, зураг төсөлд магадлал хийх ажлын зардлыг тусгасан гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина” гэж заасан. Зураг төсөлд магадлал хийх эрхийг мэргэжлийн чиглэлийн дагуу цахим программаар сонгож томилно гэсэн.

Экспертүүдийг томилох асуудлыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/307 тоот тушаалын хавсралтаар ирсэн 184 экспертийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын программ дээр бүртгэж авсан. Эскпертээс ирсэн хүсэлтийг үндэслэн цахим программаар оноолтоор томилж байгаа. Томилогдсон эксперт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас магадлал хийх боломжгүй болсон бол дахин программд оруулж өөр эксперт томилж байгаа. Энэ дүрмийн 6.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага нь Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг хэлж байгаа юм. Манайх экспертүүдийн хүсэлтийг хүлээж авснаар экспертүүдийн дүгнэлтийг нэгтгээд Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрсөн эсхүл татгалзсан хэлбэрээр хариу өгнө. Үүний дагуу экспертүүдийн дүгнэлтийг нэг бүрчлэн хянаж алдааг нь залруулах, хууль болон дүрэмд заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Барилга хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаал гарсан. Уг тушаалд барилга байгууламжийн зураг төслийн төсөв, магадлалын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тухайн магадлалын ажлын 70 хувиар тооцож шийдвэрлэсэн байдаг. Түүнээс манай байгууллага нь дур мэдэн хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөл батлах, магадлал хийх дүрмийг баталж өгсөн. Уг дүрмийн 6.1 дэх хэсэгт “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зураг төсөл магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.2 дахь хэсэгт “Энэ дүрмийн 6.1 дэх хэсэгт заасан байгууллагын дарга эх загвар төслийн холбогдох магадлалын дүгнэлтийг нэгтгэн бүртгэж, дугаар олгож, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна” гэж заасан байдаг. Захиалагчийн хүсэлтийг хүлээж аваад санамсаргүй байдлаар экспертүүдийг томилоод гаргасан дүгнэлтүүдийг аваад нэгтгээд баталгаажуулдаг.

Улсын Дээд шүүх нь 2016 оны 264 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчээс гаргасан  магадлал хийх эрх, бүртгэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь өөрийгөө магадлал хийх эрхтэй гэсэн тайлбар хэлдэг. Гэвч компанийн гэрчилгээн дээр зөвлөх үйлчилгээний эрхтэй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл магадлал хийх эрхийг эрх бүхий байгууллагаас авах ёстой. 9313 гэсэн кодоор эрх авсан гэсэн тайлбар хэлж байна. Энэ бол хуулийн этгээдийн бүртгэлд үндсэн үйл ажиллагааны чиглэлийг дүрэмдээ тусгасан байдлаар дээрх кодыг гэрчилгээнд бичдэг. Тэгэхээр энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэсэн.

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийгээгүй, зөвхөн зохион байгуулах ажлыг хийдэг. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоол, 2014 оны 251 дүгээр тогтоол, 2018 оны 51 дүгээр тогтоол, 2019 оны 108 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 85 дугаар тогтоол, 2019 оны 267 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2015 оны 05 дугаар тушаалаар батлагдсан журам, 2014 оны 105 дугаар тушаалаар батлагдсан журам, 2014 оны 107 дугаар тушаалаар батлагдсан журам зэрэг эрх зүйн актууд болон холбогдох хууль дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Барилгын хөгжлийн төв нь Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн статустай байгууллага юм. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагад хамаарна. Манайх мэргэжлийн байгууллага гэдэгт хамаарна. Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолд “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ зохион байгуулж, үр дүнгийн гэрээ байгуулна” гэж заасан.” гэв.

 

Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М тайлбартаа: “Барилга хот, байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг Улсын дээд шүүх 2016 онд хүчингүй болгосон, энэ тогтоолд “... нэхэмжлэгчийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг тогтоолгох эрх зүйн харилцаа бол хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн байдаг. Уг 37 дугаар тушаалыг хүчингүй болгосон үндэслэл нь гэвэл захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага захиргааны акт гаргасан гэдэг. Гэтэл үүнийг нь ташаа ойлгож дээрх тушаал хүчингүй болсноор Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах эрхгүй мэтээр тайлбарлаж байна. Энэ хоёр нь өөр ойлголтууд юм. Хэдийгээр 37 дугаар тушаал хүчингүй болсон хэдий ч Засгийн газрын 2014 оны  251 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байдаг. Үүнээс хойш хуулийн шинэчлэлтэй холбогдуулан мөн 37 дугаар тогтоол хүчингүй болсноор 2018 онд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 51 дүгээр тогтоол гараад, уг  тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан тодорхой заалтуудыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аар гүйцэтгүүлэхийг зөвшөөрөөд, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийг манайд шилжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл хийх боловсруулах дүрэм байдаг. Уг дүрмийн 6.8 дахь хэсэгт “магадлал хийх ажлыг дараах байдлаар зохион байгуулна” гэж заасан байдаг. Үүнд: эх загвар зургийг хүлээн авч хянана, магадлал хийх ажлыг зохион байгуулж магадлал хийх ажлын зардлыг тусгасан гэрээг эскперттэй байгуулна, гүйцэтгэлд хяналт тавина, магадлал хийх ажлыг зохион байгуулж гэрээ байгуулна, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина, магадлал хийх экспертийг программаас сонгох, сонгогдсон эксперт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас боломжгүй болсон болон өөр эксперт томилох, магадлалын дүгнэлтийг нэгтгэж дугаар олгох, захиалагч ажлын 3 хоногийн дотор багтаан хүргүүлэх зэрэг ажиллагаанууд хамаарна. Дээрх зохион байгуулалтын ажлыг тус төвийн магадлалын хэлтэс хийдэг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 267 дугаар тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын бүтэц орон тоог 11 чиг үүргийн хүрээнд 11 хэлтэстэйгээр шинэчлэн баталсан. Нэхэмжлэгчийн зүгээс Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг өөрсдөө Магадлалын хэлтэс байгуулаад магадлал хийгээд байгаа мэтээр тайлбарлаж шүүхийг төөрөгдүүлж байна. Үнэхээр Магадлалын хэлтэс байгуулаад магадлал хийгээд байгаа юм бол хэлтсийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаад цалин олгох ямар ч шаардлага байхгүй. Батлагдсан дүрмийнхээ дагуу магадлалын хөлс олгоод явах байсан. Мөн магадлалын ерөнхий дүгнэлт гаргаад магадлал хийгээд байна гэсэн тайлбар хэлж байсан. Барилга байгууламжийн зураг төсөл нь магадлал хийсэн экспертийн дүгнэлтүүд байдаг. Тэр экспертийн дүгнэлтэд бичигдсэнээс өөр зүйл дүгнэсэн асуудал огт байхгүй. Экспертүүд нь хараат бусаар дүгнэлтээ гаргаад гарын үсгээ зурдаг. Магадлалын ерөнхий дүгнэлт нь Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас бичигдэж гарахгүй байгаа. Магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн ард талд магадлалын ажлыг зохион байгуулсан гэж байгаа. Түүнээс магадлал хийсэн гэж байхгүй. Өөрөөр хэлбэл магадлалын нэгтгэсэн дүгнэлт гэдэг нь экспертүүдийн дүгнэлт байхгүй бол хүчингүй байдаг.

2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо Улсын Дээд шүүх тогтоосон байгаа. Гэтэл Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийх ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг хийж байгаа. Харин нэхэмжлэгч нь магадлал хийх үйл ажиллагаа явуулж байгаа гэж ярьдаг. Экспертүүд нь өөрсдөө нийгмийн даатгалаа төлүүлэх хүсэлтэй байдаг. Гэрээ байгуулагдсан болохоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг.” гэв.

Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С тайлбартаа: “Нэхэмжлэгч сонгон шалгаруулах, магадлалын ажлыг зохион байгуулах гэдгийг 2 өөрөөр ойлгоод байна. Тэгэхээр магадлалыг зохион байгуулах ажлыг экспертүүд өөрсдөө хийгээд явах боломжгүй болохоор манай хэлтэс зохион байгуулан явуулдаг. Магадлалын нэгдсэн дүгнэлтэд экспертүүд норм дүрмийг хангасан, хангаагүй, эсхүл өөрчлөх хэрэгтэй зэрэг экспертүүдийн өөрсдийнх нь бичсэн бүх зүйлийг хавсаргаад нэгтгэсэн дүгнэлтийг гаргадаг. Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас барилгыг хэрхэн барих талаар ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Экспертүүд нь өөрсдөө хараат бусаар магадлалын дүгнэлтийг гаргаж, өөрсдөө хариуцлага хүлээх журмын дагуу явж байгаа. Магадлалын хөлстэй холбоотой асуудал 107 дугаар тушаалаар зохицуулагдаж байгаа. Үүний дагуу зохион байгуулагч нь 30 хувь, экспертүүд 70 хувийг авахаар зохицуулагдаж байдаг. Магадлалын хөлсийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ захиалагчаас бүгдийг нь аваад 70%, 30%-ийн харьцаатай хуваадаг. Тэгэхээр ямар нэгэн хууль бусаар хийсэн үйл ажиллагаа байхгүй.

Орон тооны бус экспертүүдийн жагсаалтад нэхэмжлэгч компанийн экспертүүд байгаа. Экспертүүдээс рэндомоор санамсаргүй байдлаар сонгодог. Оролцсон хүний тооноос хамаарч нэг бүтэн тойрсны дараа дахин сонгогдох боломжтой байдаг.  Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа хийх боломжгүй болсон бол программ дээрээс эрхийг нь хаагаад дараагийн хүнийг сонгодог. Хавсралт болон дүгнэлтэд экспертүүд өөрсдөө тамга дараад гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь зохион байгуулж байгаа учраас гарын үсэг зурдаг.” гэв. 

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь магадлал хийх эрхгүй гэдэгтэй талууд санал нэг байсан. Зөвхөн зохион байгуулах үйл ажиллагаа явуулсан байна. Нэхэмжлэгч талын тайлбараас үзэхэд зөвхөн өөрсдийгөө магадлал хийх эрхтэй гэж үзэж байгаа нь буруу байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдуулан “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж буй нь хууль бус болохыг тогтоолгох”, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээллэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх эрхгүй, уг ажлыг зохион байгулж буй нэрийн дор хууль тогтоомжоор эрх олгогдоогүй байхад хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийж ашиг олж, захиалагчдын болон экспертүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргажээ.

Нэг. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Энэ салбарын эрх зүйн зохицуулалтаас үзвэл 2008 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар “барилгын зураг төслийн магадлал” гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг ойлгох бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар барилгын зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг Засгийн газар баталж, 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгож, магадлал хийх ажлыг зохион байгуулахаар, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхээр өрсөлдөөний журмаар сонгогдсон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр, магадлал хийсэн этгээд нь барилгын зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээхээр, зураг төсөлд магадлал хийгдээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглохоор тус тус заажээ.

Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор[1] “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” баталсан, энэ дүрмийн 7.4-т зураг төсөлд магадлал хийх ажлыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар, зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээд, иргэнийг өрсөлдөөний журмаар шалгаруулж гэрээ байгуулж ажиллахаар заасан, мөн уг дүрмээр ямар зураг төсөлд магадлал хийх, магадлал хийхдээ хянах асуудал, магадлалын дүгнэлтэд тусгах агуулга зэргийг журамлажээ.

Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар тогтоолоор[2] “Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба” УҮГ-ыг Барилгын хөгжлийн төв ААТТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгасантай холбогдуулан барилгын чиг үүргийг гүйцэтгэж байсан тус газрын 42 ажилтныг Барилгын хөгжлийн төв ААТТӨҮГ-т, төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг хэрэгжүүлж байсан 10 ажилтныг Хот байгуулалт, барилгын зургийн институт ААТТӨҮГ-т шилжүүлж, үүний дараагаар Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар[3] Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар татан буугдаж барилгын чиг үүрэг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т шилжсэнтэй холбогдуулан барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т олгож, магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулах, магадлалын ажлын орлогыг хуваарилах асуудлыг журамлахаар заасан байдаг. Улмаар Барилга, хот байгуулалтын сайд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаалаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тухайн магадлалын ажлын 70 хувиар тооцохоор тогтоожээ[4].

Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх” тухай 251 дүгээр тогтоолоор[5] “барилга байгууламжийн зураг, төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг  өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга,  хот байгуулалтын сайдад зөвшөөрч, энэ тогтоолоор дээрх 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан дүрмийн 7.4 дэх “зураг төсөлд магадлал хийх ажлыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна. Зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээд, иргэнийг өрсөлдөөний журмаар шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана” гэсэн заалтыг хүчингүй болгожээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар[6] “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам” баталсан, уг журмын 2.1-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд хариуцна”, 2.2-т “боловсруулсан зураг төслийн магадлалыг эх загвар зураг, ажлын зурагт гэсэн 2 үе шаттайгаар гүйцэтгэнэ”, 2.3-т “чиглэлийн мэргэжлийн орон тооны бус экспертүүд, орон тооны бус мэргэжлийн зөвлөл барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг хийж гүйцэтгэнэ. Зураг төслийн магадлалын ажлыг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны нарийн бичгийн дарга нэгж /магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд/-ийн ажилтан байна”, 2.4-т “ажлын зургийг эх загвар зургийн дагуу боловсруулан хянаж, ажлын зурагт магадлал хийсэн мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг үндэслэн магадлалын ерөнхий дүгнэлтийг нэгж /магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд/-ийн орон тооны мэргэжилтнүүд бичнэ”, 2.8-д “магадлалыг ажлыг зохион байгуулж буй нэгж /магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд/ мэргэжлийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн хяналтын хуудсыг ерөнхий дүгнэлтэд хавсаргана”, 3.1-д “нэгдүгээр үе шатанд өргөтгөсөн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн эх загвар зургийн хуудас бүрт мэргэжлийн чиглэлийн экспертүүд, нүүр хуудсанд нэгж /магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд/-ийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. 2 дугаар үе шатанд магадлал хийгдсэн ажлын зургуудад магадлал хийсэн мэргэжлийн чиглэлийн экспертүүд гарын үсэг зурж, экспертийн хувийн дугаараа бичиж, магадлал хийсэн огноог тавина. Ажлын зургийн нүүр хуудас, ерөнхий дүгнэлтэд нэгж /магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд/- ийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна” гэж магадлалын дүгнэлт гаргах, баталгаажуулах ажиллагааг журамлаж байжээ.

Дээрхээс үзвэл барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтаар зохих мэргэжлийн чиглэлээр экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээд хийж дүгнэлт гаргахаар, барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг экспертүүдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж зохион байгуулахаар заасан бөгөөд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг 2012 онд Засгийн газрын 47 дугаар тогтоолоор татан буулгаж, энэ чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг сайдад зөвшөөрсөн, Барилга, хот байгуулалтын сайд энэ чиг үүргийг 2012 оны 37 дугаар тушаалаар Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т олгож, 2015 оны 126 дугаар тушаалаар магадлалын дүгнэлт гаргах, баталгаажуулах ажиллагааг ийнхүү журамлажээ.

Нэхэмжлэгч компани дээрх шийдвэрийг хуульд нийцээгүй хэмээн Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдуулан “Э” ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Барилга хот байгуулалтын яамны 2014 оны 6/713 тоот “тус компанийг барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх аваагүйг тодорхойлсон” албан бичгийг, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2015 оны 1/533 тоот “тус компанийг зөвлөх үйлчилгээний эрх авсан, зураг төсөлд магадлал хийх эрх аваагүйг” тодорхойлсон албан бичгийг, Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар “барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т олгосон” тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 321, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 418 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 264 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн дээрх шаардлагаас зарим хэсгийг хангаж, Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгож, бусад шаардлагаас албан бичгүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин “тус компанийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон[7] байдаг.

Барилгын тухай хуулийн зохицуулалт, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 264 дүгээр тогтоолд дурдсан агуулгаас үзвэл барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр, ийм төрийн захиргааны байгууллага байхгүй тохиолдолд энэ чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох байтал төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн нь үндэслэлгүйн дээр төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг шилжүүлэхдээ хууль, түүнд үндэслэж Засгийн газар шийдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын тогтоолгүйгээр мэргэжлийн хуулийн этгээдэд биш төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн нь үндэслэлгүй болохыг шүүх дүгнэж шийдвэрлэжээ.

Нөгөөтэйгүүр Барилгын тухай хуулиар барилга байгууламжийн зураг төсөлд  магадлал хийх дүрмийг Засгийн газар тогтоохоор эрх олгогдсон, Засгийн газрын  2009 оны 204 дүгээр тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийг баталсан, дүрмээр зураг төсөлд магадлал хийх ажлыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар, зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээд, иргэнийг өрсөлдөөний журмаар шалгаруулж гэрээ байгуулж ажиллахаар, ямар зураг төсөлд магадлал хийх, магадлал хийхдээ хянах асуудал, магадлалын дүгнэлтэд тусгах агуулга зэргийг тогтоосон байхад Барилга, хот байгуулалтын сайд 2015 оны 126 дугаар тушаалаар “магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд” магадлалын ерөнхий дүгнэлтийг бичихээр, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулахаар журамласан нь, мөн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тогтоосон нь буруу, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах нэрийн дор магадлалын дүгнэлт хийж баталгаажуулах, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын үнийг хурааж, хуваарилах хууль бус үйл ажиллагааны эх үндэс болжээ.   

 Барилгын тухай хууль 2016 онд шинэчилсэн найруулгаар батлагдаж, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 “барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг, 4.1.6 “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт” гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлсноос үзэхэд барилга байгууламжийн зураг төслийн магадлал нь дүгнэлт гаргах эрх олгогдсон этгээд хийх хараат бус, бие даасан, мэргэжлийн үйл ажиллагаа байхын зэрэгцээ хуулийн этгээд барилгын зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх экспертийн сонгон шалгаруулалтаар экспертийн эрх авч болохоор мөн л өмнөх хуультай адил тодорхойлжээ.

Энэ хуулийн 34 дүгээр зүйлд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргүүдийг зааж, эдгээрээс заримыг нь эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болохоор заасан, үүнд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах 34.1.4-т заасан, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертизийн эрх олгох 34.1.10-т заасан чиг үүргүүд багтсан, өөрөөр хэлбэл  барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийх экспертизийн сонгон шалгаруулах барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болохоор байна.

Мөн энэ талаар хуулийн иргэн, төрийн бус байгууллагын оролцоо гэсэн 36 дугаар зүйлийн 36.1-т “төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамнаас хуулийн 34.1.4-т заасны дагуу шилжүүлсэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болох”-оор заажээ.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлд барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтад орж экспертизийн эрх авсан иргэн, хуулийн этгээдээр, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр, экспертийн эрх бүхий иргэн нь магадлал хийх эрх бүхий хоёроос дээшгүй хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд ажиллаж болохоор, эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээхээр, экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээхээр тодорхой хуульчилжээ.

Өмнөх хуулийн зохицуулалтын адил Засгийн газар барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлахаар 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасны дагуу Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”[8] баталсан, энэ дүрмийн 5.3-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Барилгын тухай хуулийн 34.1.4-т заасны дагуу барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна”, 5.6-д “барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь захиалагчаас эх загвар зургийн иж бүрдлийг хүлээн авч, магадлал хийх эрх авсан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг захиалагчид өгч, магадлал хийх гэрээ байгуулж, захиалагчийн хүсэлтийг харгалзан экспертийг цахим программаар сонгохоор, эксперт барилгын зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргахаар заасан бөгөөд магадлалын дүгнэлттэй холбоотой маргааныг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг мөн барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар заасан байна.

Улмаар Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор[9] “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх  дүрэм” шинэчлэн баталсан, энэ дүрмийн зураг төсөлд магадлал хийх 6 дугаар зүйлд Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахаар, ингэхдээ Барилгын тухай хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгогдсон зураг төсөлд магадлал хийх эксперттэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавина, магадлал хийх ажлыг зохион байгуулна, захиалагчтай магадлалын ажлын зардлыг тусгасан гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина, магадлал хийх экспертийг мэргэжлийн чиглэлийн дагуу цахим програмаар сонгож, томилно, магадлалын дүгнэлтийг нэгтгэж дугаар олгож, захиалагчид хүргүүлнэ гэж журамлажээ.

Барилга, хот байгуулалтын сайд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дүгээр тушаалаар[10] “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж эрх олгох журам” баталсан, журмаар магадлал хийх эксперт иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тус бүрт нь тодорхойлж, тухайлбал магадлал хийх хуулийн этгээд нь экспертиз хийх төрөл мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй эксперттэй байх шаардлагыг тавьж, сонгон шалгаруулалтыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, экспертийн эрх олгохоор заасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барилга, хот байгуулалтын сайд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 213 дугаар тушаалаар[11] “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн баталсан, журмаар экспертийн сонгон шалгаруулалтад иргэнээс гадна хуулийн этгээд оролцож эрх авч болохоор, хуулийн этгээдийн хувьд барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх, зураг төсөлд магадлал хийх чиглэл тус бүрээр 2-оос доошгүй орон тоны эксперттэй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх, магадлал хийх ажлыг уялдуулан зохион байгуулах, удирдах туршлагатай орон тооны 2-оос доошгүй мэргэжлийн ажилтантай байх ... зэрэг мэргэжлийн болон техникийн зохион байгуулалтын шалгуурыг тавьсан, сонгон шалгаруулалтыг Барилгын тухай хуулийн 34.2, 36.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага буюу барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл түүний чиг үүргийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан төрийн бус, мэргэжлийн байгууллага зохион байгуулахаар, шалгаруулалтад тэнцсэн иргэнд холбогдох чиглэлээр, хуулийн этгээдэд иж бүрэн зураг төсөлд магадлал хийх эрх 3 жилээр олгож, эрх авсан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, жил бүр дүгнэхээр, гэрээний дагуу ажлаа хагас жил тутам тайлагнахаар, мөн эксперт иргэн, хуулийн этгээдийн магадлал хийх эрхийг цуцлах үндэслэлүүдийг журамлаж өгчээ.      

Барилгын тухай хуулийн 2016 оны шинэчилсэн найруулгын болон Засгийн газрын тогтоолоор баталсан барилгын зураг төсөлд магадлал хийх дүрмийн зохицуулалтаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг сонгон шалгаруулалтаар экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээд хийж, дүгнэлт гаргахаар, магадлалын дүгнэлтийн үндэслэлийг эксперт хариуцахаар хуульчилж зохицуулсны дээр экспертийг сонгон шалгаруулах, эрх олгох, магадлалын ажлыг зохион байгуулах чиг үүрэг мөн л барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл түүний чиг үүргийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан төрийн бус, мэргэжлийн байгууллагад хамаарахаар байна.    

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тушаалаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг  баталсан, тус газрын Барилгын техник, технологийн хөгжлийн хэлтэс нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах орон тооны бус зөвлөлийг ажиллуулах, холбогдох дүрэм журам, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллахаар[12] заасан.

Энэ чиг үүргийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 179 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу 2017 онд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн иргэдэд тус газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/307 дугаар тушаалаар экспертийн эрх олгож[13], тэдгээр экспертүүдтэй Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/861 тоотоор өгсөн чиглэлийн дагуу Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/295 дугаар тушаалаар зураг төсөлд магадлал хийх гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан[14] байна. Үүнээс хойш барилгын зураг төсөлд магадлал хийх экспертэд эрх олгох сонгон шалгаруулалт зарлаагүй, ялангуяа хуулийн этгээдийн сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, хуулийн этгээдэд эрх олгоогүй байна.     

Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” тухай 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 10 чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг сайдад зөвшөөрсөн байх бөгөөд энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг энэ хэрэгт дүгнэх шаардлагагүйн дээр боломжгүй, учир нь Ч.Д нарын 8 иргэний “Засгийн газрын энэ шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд, эдгээр хэргийг нэгтгэх эсэх, Ч.Д нарын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж  шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.    

Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1-д барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж эрх олгох барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэхээр заасан хэдий ч ийнхүү барилгын ажлын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэг хүлээлгэсэн гэрээ байгуулаагүй[15], харин төсвийн ерөнхийлөн захирагч Барилга хот байгуулалтын сайд, төсвийн шууд захирагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захиралтай байгуулсан 2018, 2019 оны үр дүнгийн гэрээг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн, үр дүнгийн гэрээнд “Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор шилжүүлэн авсан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах”-аар тусгасан[16] байна.

Мөн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, зураг төслийн төсөвт өртөг нь 10 тэрбум төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй ажлуудыг захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэх, барилга байгууламжийн зураг төслийг шалгах хуудсаар хүлээн авах, нэг цэгт хуваарийн дагуу тогтмол ажиллах орон тооны бус экспертүүдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, сонгогдсон орон тооны бус экспертүүдтэй гэрээ байгуулах”-аар, 2018, 2019 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж экспертийн эрх олгох, тэдгээртэй гэрээ байгуулахаар, орон тооны бус экспертүүдийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахаар[17] тусгасан байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар тогтоолоор[18] Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын дүрэм, бүтцийг баталсан, тус төвийн бүтцэд Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтэс байхаар тогтоож, дүрмийн 4.2.4, 4.2.10 дахь заалтаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, эрх олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг тусгасны дээр 4.4.4.4-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах”, 4.4.4.5-д “барилга байгууламжийн зураг төсөлд дүгнэлт гаргах” гэж чиг үүргийг тусгасан, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 267 дугаар тогтоолоор[19] Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, энэ бүтцэд мөн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтсийг хэлтсийн дарга, зураг төслийн магадлал хариуцсан ахлах болон мэргэжилтэн 12 орон тоотойгоор баталсан[20] байна.

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас ирүүлсэн барилга байгууламжийн зураг төсөлд 2018 онд хийгдэж байсан магадлалын ерөнхий дүгнэлт, 2019 онд хийгдэж буй магадлалын нэгтгэсэн дүгнэлтээс тус тус үзвэл[21] магадлалын дүгнэлтэд “магадлалыг зохион байгуулсан Барилгын хөгжлийн төвийн захирал, тус төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга, тус хэлтсийн мэргэжилтэн гарын үсэг зурж баталгаажуулж байгаагийн дээр Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь аймгуудын Засаг дарга нарт болон зарим барилгын салбарын хуулийн этгээдүүдэд “... барилга байгууламжийн зураг төсөл нь зөвхөн манай төвөөс гаргасан ерөнхий дүгнэлт, тамга тэмдгээр баталгаажих болно. Иймд барилгын зураг төслийг магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулна уу.” гэсэн агуулга бүхий албан бичгүүд хүргүүлснээс[22] үзэхэд тус төв барилгын зураг төслийн магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байна гэж ойлгохоор байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар магадлалын ажлын орлогыг хуваарилах асуудлыг журамлахаар тусгаж, 2014 оны 107 дугаар тушаалаар “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тухайн магадлалын ажлын 70 хувиар тооцох”-оор тогтоосноор захиалагчдаас магадлалын ажлын хөлсийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ хурааж, үүнээс 70 хувийг экспертэд хуваарилж, 30 хувийг өөрийн орлогод авдаг нь Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Голомт банк дахь дансны хуулгаас[23], орон тооны бус экспертүүдэд ажлын хөлс олгосон жагсаалтаас, Худалдаа хөгжлийн банкны дансаар орон тооны бус экспертүүдэд цалин олгосон жагсаалт, төлбөрийн даалгавар, цалингийн хүснэгтээс[24], орон тооны бус экспертүүдэд олгосон магадлалын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч болон ажил олгогчоос төлдөг болох нь орон тооны бус экспертийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас[25] тус тус тогтоогдож байх тул үүнийг магадлал хийх ажлыг зохион байгуулсны хөлс гэж үзэх боломжгүй байна. Нөгөө талаас Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлж болох төрийн бус, мэргэжлийн байгууллагад төрийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамаарахгүй юм. 

Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж эрх олгох барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлж болохоор байгаа ч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ энэ чиг үүргийг хэрэгжүүлж, ингэхдээ барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж буй нэрийдлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулан гаргаж, магадлалын хөлснөөс 30 хувийг өөрийн орлогод авч, үүнийгээ аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын орлого гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах эрхгүй болохыг,  барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Хоёр. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах шаардлагын тухайд:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж ойлгох бөгөөд 7 дугаар зүйлийн 3-т зааснаар захиргааны байгууллага нь өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй байна. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэж, ил тод нээлттэй байх зарчимтай. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага шийдвэрлэхгүй орхигдуулсныг захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж ойлгоно.

Нэхэмжлэгч компани болон түүний үүсгэн байгуулагч, төлөөлөгч нь Барилга, хот байгуулалтын сайдад болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргад 2015 оны 4 дүгээр сарын 02, 2015 оны 10 дугаар сарын 5, 2017 оны 12 дугаар сарын 27, 2018 оны 1 дүгээр сарын 29, 2018 оны 4 дүгээр сарын 24-нд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, дүгнэлт гаргаж буй асуудлаар  удаа дараа гомдол, хүсэлт гаргасан хэдий ч тус яамны зүгээс шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилгын зураг төсөлд магадлал хийж буй үйлдлийг таслан зогсоогоогүй бөгөөд ийнхүү өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хариу өгөөгүй Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэлээ.

Гурав. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: 

Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “барилгын зураг төслийн магадлал”, 3.1.9-д “зөвлөх үйлчилгээ” гэсэн нэр томъёог зааглаж тайлбарласны дээр 5 дугаар зүйлийн 5.1.5-д “барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг болон 5.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийг Засгийн газар батлахаар тусад нь заасан, өөрөөр хэлбэл “барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах” хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм буюу зөвлөх үйлчилгээний дүрэм, мөн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм тусдаа өөр өөрийн зохицуулалттай байхаар заасан тул Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор баталсан “барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм” нь хуулийн дээрх 5.1.5 дахь заалтаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм байна. Иймд энэ дүрмийн зөвлөх үйлчилгээний ажлын бүрдэлд хамаарах 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтын “архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоох, магадлал хийх” гэсэн нь зөвлөх үйлчилгээний хүрээнд ойлгогдож хэрэглэгдэнэ. Иймээс ч  Улсын дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр тогтоолд энэ талаар “... Захиргааны байгууллага хуулийн дээрх 5.1.5 дахь заалтаар барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрмийг батлахдаа зөвлөх үйлчилгээ болон магадлал хийх үйл ажиллагааны ангиллыг хольсон, зааг ялгааг ойлгомжтой зохицуулаагүй буруутай ч хуульд зөвлөх үйлчилгээ, магадлал хийх ажиллагааг ялгаатай зохицуулсан тул захиргааны алдаатай журамласан нь нэхэмжлэгчид давуу байдал үүсгэх,  магадлал хийх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй, хуульд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгохоор зохицуулсан, нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад ороогүй, магадлал хийх эрхтэй гэж үзэхгүй” гэж дүгнээд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хэдий шүүхийн энэ хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч  “Э” ХХК-ийг магадлал хийх эрх аваагүй, зөвлөх үйлчилгээний эрхтэй гэж шийдвэрлэсэн ч Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхээр өрсөлдөөний журмаар сонгогдсон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр зааснаас үзэхэд зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд барилгын зураг төсөлд магадлал хийх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл барилгын зураг төсөлд магадлал хийх эрхийг сонгон шалгаруулалтаар хуулийн этгээдэд олгоогүй байсан ч зөвлөх үйлчилгээний эрхтэй хуулийн этгээд барилгын зураг төсөлд магадлал хийхийг хуулиар зөвшөөрсөн байсан тул нэхэмжлэгч компани “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх эрхгүй, уг ажлыг зохион байгуулж буй нэрийн дор хууль тогтоомжоор эрх олгогдоогүй байхад хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийж ашиг олж, захиалагчдын болон экспертүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж маргах эрхтэй байна.

Нөгөөтэйгүүр барилгын зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээдэд эрх олгох сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан бол нэхэмжлэгч нь мэргэжлийн боловсон хүчин бүхий буюу магадлал хийх эрх авсан экспертүүдээс бүрдсэн хуулийн этгээдийн хувьд сонгон шалгаруулалтаар барилгын зураг төсөлд иж бүрэн магадлал хийх үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх авах боломж байсан, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласаар байгаа гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.   

Барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрмийн зорилго болон үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан “Э” ХХК-ийг үүсгэн байгуулагчид нь барилгын үйлдвэрлэл, зураг төсөл, архитектор, төсөв, барилгын материал технологи зэргээр мэргэшсэн, Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны зэрэг цолтой буюу барилгын салбарын мэргэшсэн инженерүүд[26] байх бөгөөд тэдгээрээс зарим нь Газрын харилцаа геодези зураг зүйн газраас зохион явуулсан барилгын зураг төсөлд магадлал хийх экспертийн  эрх авсан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 онд зураг төсөлд магадлал хийх иргэнийг сонгох шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн иргэдэд эрх олгосноос өөрөөр барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүргийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, хуулийн этгээдэд магадлал хийх эрх олгоогүй нь, түүнчлэн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь дээрх байдлаар аймгуудын Засаг дарга нарт болон зарим барилгын салбарын хуулийн этгээдүүдэд “... барилга байгууламжийн зураг төсөл нь зөвхөн манай төвөөс гаргасан ерөнхий дүгнэлт, тамга тэмдгээр баталгаажих болно.”, “Э” ХХК-иар магадлал хийлгэсэн нь барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд барилгын зураг төслийг магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулна уу. Цаашид зураг төслийг “Э” ХХК-иар магадлал хийлгэхгүй байхыг анхаарна уу” гэсэн агуулга бүхий албан бичгүүд хүргүүлсэн нь нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн хувьд зохих журмын дагуу барилгын зураг төсөлд магадлал хийх харилцаанд оролцох эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1, Барилгын тухай хууль /2016 оны шинэчилсэн найруулга/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 39.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгасугай.

2. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  48  дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нь  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

                                        ШҮҮГЧ                             Н.ДОЛГОРСҮРЭН

                                        ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хэргийн 2 дугаар хавтсын 29-34, 5 дугаар хавтсын 92-95 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 85 дугаар хуудас

[3] Хэргийн 5 дугаар хавтсын 96 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 144 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 86 дугаар хуудас

[6]  Хэргийн 5 дугаар хавтсын 97-99 дүгээр хуудас

[7]  Хэргийн 3 дугаар хавтсын 3-30 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 124-132 дугаар хуудас

[9] Хэргийн 5 дугаар хавтсын 100-104 дүгээр хуудас

[10] Хэргийн 5 дугаар хавтсын 26-29 дүгээр хуудас

[11] Хэргийн 5 дугаар хавтсын 105-112 дугаар хуудас

[12] Хэргийн 4 дүгээр хавтсын 233-250 дугаар хуудас, 5 дугаар хавтсын 1-5 дугаар хуудас

[13] Хэргийн 4 дүгээр хавтсын 228-232 дугаар хуудас

[14] Хэргийн 5 дугаар хавтсын 6-18 дугаар хуудас

[15] Хэргийн 3 дугаар хавтсын 227-229 дүгээр хуудас

[16] Хэргийн 3 дугаар хавтсын 231-234, 4 дүгээр хавтсын 48-51 дүгээр хуудас дугаар хуудас,

[17] Хэргийн 3 дугаар хавтсын 235-238, 4 дүгээр хавтсын 52-56, 112-113 дугаар хуудас

[18]  Хэргийн 2 дугаар хавтсын 66-79 дүгээр хуудас

[19]  Хэргийн 4 дүгээр хавтсын 19-23 дугаар хуудас

[20] Хэргийн 4 дүгээр хавтсын 19-23 дугаар хуудас

[21]  Хэргийн 2 дугаар хавтсын 232-246, 4 дүгээр хавтсын 212-216 дугаар хуудас

[22] Хэргийн 2 дугаар хавтсын 63, 65 дугаар хуудас

[23]  Хэргийн 2 дугаар хавтсын 162-231 дүгээр хуудас

[24]  Хэргийн 4 дүгээр хавтсын 145-211 дүгэр хуудас

[25] Хэргийн 4 дүгээр хавтсын 223-224 дүгээр хуудас

[26] Хэргийн 1 дүгээр хавтсын 130-140 дүгээр хуудас